Дэлхий нийтээрээ энэ хосыг мэддэг. Амьдрал нь алган дээр тавьсан мэт бусдад ил байж, цаг үргэлж хов жив, худал, үнэн ярианы бай болох тийм ч таатай биш. Бекхэм, Виктория хоёр хамтдаа амьдраад 13 жил болжээ. Дөрвөн хүүхэдтэй энэ хосын бат бөх харилцааг дундаршгүй хайр дурлал нь тэтгэж байдаг гэлцдэг. АНУ-ын долоо хоног тутмын “Beat” сэтгүүлд өгсөн тэдний ярилцлагыг орчуулан хүргэе.
-Та хоёр гэрлээд 13 жил болж байна. Харилцаагаа бат бөх хэвээр нь хадгалж байгаагийн нууц юу вэ?
-В.Б: Шинэ өдөр эхлээд дуусан дуустал би Дэвидийг хайрладаг. Тэр зүрх сэтгэлийн минь тэргүүнд байдаг. Сэтгэл татам, гайхалтай эр нөхөр, бас сайн аав. Ухаантай, сайхан сэтгэлтэй. Түүнд би 14 жилийн өмнө дурлаж байлаа. Одоо ч түүнийг хайрласан хэвээрээ.
-Бие биенээ ганцхан үгээр дүрсэлж хэлнэ үү?
Виктория: Нэг үгээр бол WOW!
Д.Б: Гайхалтай ээж.
Хоёр үг болчихлоо?
В.Б: (Дэвид рүү инээмсэглэн хараад) Баярлалаа, ингэж хэлсэнд. Би ч гэсэн түүнийг маш сайн аав гэж боддог. Хүмүүс түүнийг царайлаг залуу гэдэг. Мэдээж тийм. Гэхдээ дотоод сэтгэл нь ч бас сайхан хүн шүү дээ. Тэр надтай, бас хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа шигээ бусад хүмүүст ч чин сэтгэлээсээ эелдэг ханддаг.
-Виктория, хамтдаа авахуулсан энэ зураг дээр чи яг л үнээ шиг марзан харагдаж байна шүү?
В.Б: Би бусдаас жаахан өвөрмөц байхыг хүссэн юм. Ер нь би хөгжилтэй байх дуртай шүү дээ. Зарим үед энэ нь миний тухай буруу төсөөллийг өгдөг байж магадгүй. Би өөрийгөө хошин шогийн мэдрэмжтэй, их нээлттэй хүн гэж боддог. Өдөржин инээд наргиан дунд байдаг. Гэр бүлийнхэнтэйгээ байхдаа, ажлаа хийж явахдаа, хүмүүстэй харилцаж байхдаа ч хөгжилтэй. Дэвид ч бас ялгаагүй. Хувь хүнийхээ хувьд тэр хөгжилтэй.
-Та хоёр бие биенээ яаж инээлгэдэг вэ. Бэкхэмийн гэрт үргэлж л инээд наргиан өрнөж байдаг гэж ойлгож болох нь ээ?
В.Б: -Миний байгаа байдал Дэвидийн инээдийг хүргэчихдэг юм. Тэр над руу хараад шоолж, инээж байгаа нь сайхан санагддаг. Би нэг талаар хүмүүсийг хөгжөөж л байна шүү дээ.
Д.Б: -Магадгүй миний хэлсэн зарим тэнэг үг түүнийг инээлгэдэг байх. Гэхдээ биднээс илүү хүүхдүүд маань үргэлж инээд бэлэглэдэг. Жишээ нь, өчигдөр орой Крузийг унтуулах гэж байтал тэр “Аав аа, та хэтэрхий англи аялгаар яриад байна шүү дээ” гэдэг байгаа. Манай хүүхдүүд бүгдээрээ америк аялгаар яриад сурчихсан. Заримдаа “Өө, бурхан минь, та хоёрын наад англи аялга чинь” гэж уулга алддаг.
-Та хоёр маш завгүй байдаг. Өөрсдөдөө зориулж цаг гаргах хэцүү юү?
В.Б: -Бие биедээ хангалттай цаг гаргадаг гэж боддог. (Дэвид толгой дохив) Бид одоо ч үе үе болздог. Хүүхдүүд маань үүнд дуртай. Лхагва гариг бүр аав, ээж хоёр нь болзохоор явдгийг тэд мэднэ. Ер нь манай гэр бүл их хөгжилтэй шүү.
-Хуучны зургуудыг чинь харахад хувцасны сонголт нь cонирхолтой санагдлаа. Одоо энэ зургаа харахаар ичмээр санагддаг уу?
Д.Б: -Би одоо савхин өмд өмсдөггүй. Энэ бол 10 жилийн өмнөх зураг шүү дээ.
В.Б: -Одоо тэгээд ч түүнд зохихгүй л дээ. Гэхдээ тэр юу ч өмссөн надад сайхан харагддаг. Үүнийг муухай харагдаж байна гэж бодохгүй байна. Тэр үедээ бол сайхан л байсан шүү дээ,
-Та хоёр гоо сайхны мэс засал хийхийн эсрэг байдаг байх аа?
Д.Б: -Би хэзээ ч нүүрэндээ мэс хүргэхгүй. (Виктория руу эргэж хараад) Чамайг ч бас гоо сайхны мэс засал хийлгэхгүй гэдгийг мэдэж байна.
В.Б: -Миний нүүрэнд лав асуудал байхгүй. Би өөрийгөө үүнээс өөр төрхтэйгээр харж чадахгүй. Ер нь хөгширнө гэдэг тэмцээд байх зүйл биш. Хүссэн хүсээгүй бүгд энэ асуудалтай нүүр тулна. 10 жилийн дараа намайг ямар болсон байхыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Хамтдаа байгаа хос юу хийдэг бол, та хоёрын хувьд?
-Ихэнх хос өөрсдөдөө зориуд цаг гаргах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ бидний хувьд хангалттай цаг гаргадаг, тийм биз дээ, Дэвид. (Дэвид толгой дохив)
-Виктория, чамайг фитнессээр хичээллэдгийг мэднэ. Гэхдээ хөлрөөд, хацар чинь байдгаараа улайчихсан байгаагаар төсөөлж чадахгүй юм. Чамд ийм зураг байгаа юм биш биз?
В.Б: -(Инээмсэглэв) Би фитнесс клуб рүү явахдаа газар доорх гараашид машинаа тавьдаг. Таван милл гүйснийхээ дараа халууцаж, хөлөрсөн байдалтайгаар олны нүдэнд харагдахыг хүсэхгүй учраас тэр л дээ.
-Лос-Анжелест амьдрах ямар санагддаг вэ?
В.Б: -Эрүүл байхыг хүссэн хүн Лос-Анжелест амьдардаг байх гэж санагддаг. Наран шарлагын газар, хүүхдүүдтэйгээ хөлбөмбөг үзэхээр явах, далайд сэлэх гээд л...
-Сэлэх ээ?
(Дэвид инээв)
В.Б: -Би чадахгүй л дээ. Гэхдээ сайн үзэгч шүү. Би далай руу явахдаа тийм ч дуртай биш. Тэнд очихоороо үзэгч болчихдог юм.
-Та хоёр жингээ сайн барих юм аа?
Д.Б: -Би азтай хүн шүү. Юу хүссэнээ хангалттай идсэнийхээ дараа би ажилдаа явдаг.
-Виктория, чиний хувьд?
-Би эрүүл хоолонд дуртай. Бид завгүй ажиллаад л ажиллаад л байдаг. Гэхдээ амьдрал хэтэрхий богинохон. Хэдэн хундага дарс уумаар санагдсан үедээ уучихна шүү.
-Сонсоход таатай байна?
(Виктория инээмсэглэв).
-Гэхдээ би цаг үргэлж л болгоомжтой байхыг хичээдэг. Тэгэхгүй бол папарацийн дуранд өртчихнө.
Г.ОЮУН