Оросын хөгжмийн зохиолч А.И.Хачатурянаар овоглодог “Аз жаргал”, “Гаянэ”, “Спартак” гэсэн гурван балет бий. Үүнээс “Спартак”-ийг түүний нэрийн хуудас хэмээдэг. ЗХУ-ын Их театрын захиалгаар 1941 онд буюу дэлхийн II дайны үед туурвиж эхэлсэн уг бүтээлээ А.И.Хачатурян 1954 онд бүрэн дуусгасан гэдэг.
Дөрвөн бүлэг, есөн үзэгдэлтэй уг бүжгэн жүжгийн цомнолыг Н.Д.Волков, И.А.Моисеев нар бичсэн бөгөөд Ленинградын Кировын нэрэмжит дуурь, бүжгийн театр (одоогийн “Мариинский” театр)-т 1956 онд анх тавьжээ. Ард түмнийг гэрэл гэгээ рүү хөтөлж байгаа баатар эрийн тухай өгүүлдэг энэхүү балетийг ДБЭТын тайзнаа ирэх хоёрдугаар сарын 18, 19- нд тоглох юм.
“Спартак”-ийг Монголын тайзнаа 1984 онд анх тавьсан түүхтэй. Тэр үед Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, балетмейстер Б.Жамъяндагва найруулан тавьсан бол ерөнхий зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж, Төрийн шагналт удирдаач Ж.Чулуун агсан удирдан тоглуулжээ. Ирэх сард тоглох “Спартак”-т О.Ганцоож, М.Од, Х.Мөнгөнхөлөг нар бүжиглэх юм байна.
Ж.ЭРДЭНЭ