ДБЭТ-ын нэгэн уран бүтээлчид 1990-ээд онд тоглолтод оролцож байсан үеийн гэрэл зураг хэрэгтэй болж л дээ. Зургийн цомгоосоо хэрэгтэй зүйлээ олоогүй тул найз, нөхөд, ах дүү гээд асууж болох бүх хүнээс сурагласан ч “байхгүй” гэдэг хариу авчээ. Гэтэл санаандгүй байдлаар эртний танил гэрэл зурагчинтай таарч, учир байдлаа хэлтэл “Би “новшоо” ухаад үзье, байх л учиртай” гэжээ. 1990-ээд оны үед ДБЭТ-ын тоглолтуудын зургийг “талбайн” гэж тодотгодог байсан гэрэл зурагчид авдаг байсан юм билээ. Тэр хүн тэдний нэг байж. Тэгээд эрэл хайгуул болоод байсан зургийг нь олж ирээд нэлээд өндөр үнээр борлуулсан гэнэ.
Баяртай, гунигтай, уулга алдмаар, жихүүцмээр...олон мэдрэмж, олон агшныг буулгаж, тухайн цаг үеийн, түүхийн гэрч болсон гэрэл зургийн үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөх тусам өсдгийн жишээ энэ. “Mongolian photo news” сэтгүүл, Монголын өдөр тутмын фото портал “inet. mn” сайтаас санаачлан, зохион байгуулсан “Press photo -2011” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж, оны шилдэг зургийг шалгарууллаа. Уг арга хэмжээнд 80-аад гэрэл зурагчин 250 орчим бүтээлээ “сойжээ”.
Монгол Улсад өнгөрсөн онд болсон үйл явдлын өнгө төрхийг буулгасан эдгээр гэрэл зургийг байгаль орчин (Байгаль орчны сайд асан Ц.Адьяасүрэн “Газар усны төлөөх тэмцэл”), спорт (Эдийн засагч, бизнесмен Н.Төрбат “Алтан гоол”), нийгэм (“Өдрийн сонин” Мөнх-Эрдэнэ “Хүсэл хясал”), соёл урлаг (“Өнөөдөр сонин” Г.Эрдэнэтуяа “999 морин хуурын эгшиг”), улс төр, үйл явдал (“Өдрийн шуудан” Б.Ганбаяр “Б.Хурц эргэж ирсэн нь”) гэсэн таван номинацаар шалгаруулсан бөгөөд шилдгээр “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндоржийн “Тавантолгойн түйрэн” бүтээл тодров.
Түүнийг МSC компани 5000 ам.долларын үнэтэй “Canon EOS 5D mark- II” аппаратаар урамшуулсан бол төрөл тус бүрийн шилдэгт “Саммит” компани “ Samsung ES9” аппарат бэлэглэжээ. Манай сонины Гэрэл зургийн албаны дарга, фото сэтгүүлч Г.Эрдэнэтуяагийн “999 морин хуурын эгшиг” бүтээл соёл урлагийн төрөлд шилдэг болсонд баяр хүргэе.
Ж.ЦЭЦЭГ