БЛИЦ:
Төрсөн он, сар, өдөр: 1985-IV-29
Төрсөн газар: Улаанбаатар хот
Уран бүтээл: ОХУ, Хятад, Туркт тоглолт хийж байсан. Монголын уран сайхны “Би чамд хайртай-2” киноны хөгжим, “Улаанбаатарын үдэш” гэх мэт дэлхийн болон Монголын 400 гаруй бүтээлийг хийлийн чавхдасаар амилуулсан.
Хийлч О.Байгаль анхны тоглолтоо хийх гэж буй талаараа соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарт дуулгаж, нэр сонгож өгөхийг хүсчээ. Монголоороо гоёдог яруу найрагч “Үзэгчдэд мэдрүүлэхийг хүссэн зүйл чинь сонгодог урлаг. И.С.Бах, П.И.Чайковский, А.Глазунов, Н.Жанцанноров, Ж.Чулуун Ф.Шопен, С.Рахманинов нарын суут хөгжмийн зохиолчийн агуу бүтээлүүдийг тоглох болсон нь ч жинхэнэ сонгодог сонголт. Тиймээс “Сонгодог үдэш” гэсэн нэр яг тохирно” гэж. Энэ сарын 27-нд ДБЭТ-т болох хийлийн гоцлол концертод дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын 13 бүтээлийг чавхдаст хөгжмийн уянгалаг хөг аялгуугаар сонордуулах гэж буй О.Байгалийг зургаан настай байхад нь аав, ээж нь Хөгжим бүжгийн коллежид шалгуулж, тэнцсэн гэнэ.
Хийл хөгжимчин болох сонголтыг өөрөө хийгээгүй ч аав, ээжийнх нь “уруу татсан” зам зөв байсныг одоо илүү ихээр мэдэрч байгаа тэрбээр “Хийлийн гайхамшгийг мэдрэх бүртээ аав, ээждээ талархдаг” хэмээсэн. Энэхүү тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, “Сонгодог үдэш”-ийн бас нэгэн сонгодог бэлэг барихаараа онцлог гэж хийлч бүсгүй ярилаа. Мөн СУИС-ийн багш, дэд профессор Д.Эрдэнэчимэг, төгөлдөр хуурч Ц.Энхтөр, соёлын тэргүүний ажилтан Н.Гэрэлчулуун, хийлч Б.Амарсанаа, ДБЭТын симфони оркестр энэ үдэш үзэгчдийн сонорыг мялаах бөгөөд урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах юм байна.
Концертын ерөнхий найруулагчаар СУИСийн багш, дэд профессор Л.Алтанчимэг ажиллаж байна. “Өөрийгөө хийл хөгжимтэй зүйрлэнэ” хэмээсэн О.Байгалийн “Сонгодог үдэш”-ээр И.С.Бахын нэгдүгээр сонат, П.И.Чайковскийн “Бодрол”, Ж.Чулууны ардын хоёр дууны найруулга, Н.Жанцанноровын “Аяз”, И.Брамсын хийл, найрал хөгжимд зориулсан концертын хоёр, гуравдугаар анги, Ф.Шопений “Этюд” зэрэг гайхалтай бүтээл эгшиглэнэ.
Ж.ЭРДЭНЭ