ҮДБЭЧ-ын дэргэдэх Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын 50 жилийн ой энэ онд тохиож байна. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид энэ ойд зориулсан цуврал арга хэмжээг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Монголын бүх үндэстэн, ястны дуу хуураас дээжилсэн “Нүүдэлчдийн аялгуу” тоглолтыг энэ сарын 20-ноос тоглож, залгуулаад сонгодог урлаг, рок поп, нийтийн дуу болон ардын урлагтай үндэсний хөгжмийн их найрал хэрхэн хоршдогийг харуулах цуврал тоглолт хийх юм байна. Мөн ирэх намар Хүннү, Сүннүгийн үеэс өнөө хүртэлх монголчуудын дуу, хуурын хөгжил хувьслыг харуулсан “Салхины дууль” тоглолт тавина.
ҮДБЭЧ-ын дарга А.ЦэдэнИш “Энэ тоглолтыг тавихын тулд эрдэмтэн, судлаачидтай хамтарч, ул суурьтай судлагаа хийж байгаа” гэв. ҮДБЭЧ-ынхан үзэгч, сонсогчдод уран бүтээлийн бэлэг барихаас гадна Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын түүхийг харуулсан ном, баримтат кино бүтээх юм байна. Найман зууны тэртээ Чингис хааны байгуулсан Их Монгол Улс төрт ёсны нарийн дэг жаяг, хүндэтгэлийн ёслолтой болж Төрийн их хуурч Аргасун зэрэг хөгжимчин, дуучныг төрийн ёслолд оролцуулдаг болсноор Төрийн их найрлын үндэс суурь тавигдсан гэх нь бий.
Харин орчин үеийн Үндэсний хөгжмийн их найрлын түүхийг үндэсний найрал хөгжмийн анхны бүрэн хэмжээний тоглолт тавьсан 1962 оноос тоолдог.
Х.Уянга