Хараал урсгадаг, сахлаа ховор хусдаг, дүнсгэр, ээлжийн ажлаасаа дөнгөж буусан ачигч шиг уранхай өмд, элдэв бичигтэй цамц өмсчихдөг, “Sex Pistols” хамтлагийн дуунд дуртай, консерватив үзэлтнүүдийг, тэр дундаа Маргарет Тэтчерийг үзэн яддаг...
Тэр өөрийнхөө тоглосон кинонуудыг хэзээ ч үзэж байгаагүй. Бас 444 сая, эсвэл ердөө дөрвөн хүн түүнийг шүтэн биширдэг байна уу, түүнд падгүй. Холливудын найруулагчдаас хэдэн сая ам.доллар нэхэж зовоох атлаа арт хаус кинонд үнэ хөлсгүй тоглож явсан. Тэр саятан. Гэхдээ түүний хувьд энэ нэг их чухал биш. Тим Рот. Лондонд төрсөн, англи эр. Тэрбээр Америкт амьдраад 20 жил болжээ. Их Британийг, өөрөөр хэлбэл эх орноо үзэн ядах болсон шалтгаанаа Маргарет Тэтчертэй холбон тайлбарладаг. Уг нь Маргарет Тим хоёр багадаа зэргэлдээ дүүрэгт амьдардаг байжээ. Тэтчер Засгийн эрхэнд гарах үед Тим жүжигчин болж. Тайзны урлаг, кино, ер нь уран бүтээлчдийн хувьд “хар” жилүүд тохиосныг Тим хожмоо “Уран бүтээлчдийг ийм хүнд байдалд оруулж зүрхэлснийх нь төлөө эрх баригчдыг (мэдээж, Маргарет Тэтчерийг) шорон руу илгээх ч багадна” гэж тодорхойлсон.
Диана гүнжийн талаар ч тэр таатай үг хэлж байгаагүй. “Америкт анх ирэхэд надад сохор зоос ч байгаагүй, гэхдээ одоо бол хүссэнээрээ амьдарч байна. Цаашид ямар нэгэн муу юм тохиолдлоо гэхэд Британи руу буцаж очихгүй. Би англичууд, тэдний эрх баригчдыг үзэн яддаг” тэрбээр ярьжээ. Уг нь Тим үргэлж хараал тавьж, хэн нэгнийг үзэн ядахаар хүмүүжилтэй хүн биш аж. Тэр сэхээтний гэр бүлд төрсөн. Тимоти Саймон Смитийн ээж зураач, загвар зохион бүтээгч, аав нь нэртэй сэтгүүлч байв. Аав нь Британийн Коммунист намын гишүүн болж, улмаар Смит гэх овгоо герман, идиш хэлнээс “улаан” хэмээн орчуулагдах Рот болгон өөрчилсөн юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зориг, хэнээс ч хараат байж болохгүй гэсэн эрмэлзлийг Тим ааваасаа өвлөснөө дурсан ярьдаг. Удалгүй эцэг, эх нь салж, сургуулийн хатуу чанга дэглэм, хуучинсаг нийгэм, хэтэрхий баригдмал англичуудын амьдралаас залхсан тэрбээр нацистуудын эсрэг хөдөлгөөн байгуулжээ. “Хөл өвтгөсөн гутал өмсөөд, толгой өвтгөсөн лекцэнд суухаас өөр аргагүй үе надад олон байсан. Гэхдээ уран зураг, театр, кино, хөгжмийн тухай сунжруу, залхуутай лекцнээс өөрийнхөө төлөвшлийг олж явсан. Тэгээгүй бол хэзээ ч жүжигчин болохгүй байсан” гэж Тимоти хожим нь ярьсан юм.
Сайхан зурдаг, хөгжимд дуртай, хүмүүсийн яриа, үйл хөдөлгөөнийг гайхалтай адилхан дуурайдаг Тим дунд сургуулийн тайзан дээр Дракулагийн дүрийг бүтээж амжсан гэдэг. Тэрбээр сургуулиа төгссөний дараа Кэмберуэллийн урлагийн сургуулийн уран баримлын ангид элссэн аж. Жилийн дараа сургуулиасаа хөөгдөж, ажил хийж эхэллээ. “Эрүүл мэнд ба аюулгүй байдал” хэмээх сэтгүүлийн зар сурталчилгааны ажилтан гэгдэж, бас ч үгүй хоолныхоо мөнгийг олдог болсондоо баярласан Тим урлаг, кино, тайзыг хэсэгтээ л мартаж орхив. Сэтгүүлд зар тавиулах хүмүүстэй уулзахдаа тэрбээр унадаг дугуй “хөлөглөдөг” байжээ. Нэг удаа түүний “хөлгийн” дугуй хагарч, ойролцоох театр руу орж танилаасаа тусламж гуйсан аж. Халзан толгойтой, монхор хамартай, туранхай залууг олж харсан нэгэн найруулагч “Британид үйлдвэрлэв” кинонд арьс өнгөний үзэлтний дүрд тоглохыг санал болгожээ.
Анхныхаа дүрийг бүтээсний дараа Тим Рот найруулагч Майк Лигийн “Цөвүүн цаг” киноны голд дүрд тоглосон юм. “Би
хулигаан, танхай этгээдийн дүрийг их сайн гаргадаг юм шиг байна билээ. Яагаад гэдгийг бүү мэд. Жүжигчин гэж ямар хүн байх ёстой талаар би юу ч мэдэхгүй” гэж Тим өдгөө гайхдаг. Эх орондоо тэрбээр 80-аад оны сүүлч хүртэл амьдарсан. Нийт есөн кинонд тоглож, олонд танигдаж эхлэх тэр үед нь Их Британийн кино урлаг мөхөж эхэлжээ. Найруулагчид кино хийх хүсэлтэй ч төсөвгүй, хүмүүс жүжиг үзэхийг хүссэн ч мөнгөгүй. Төр энэ талаар анхаарах сөхөөгүй. Найз бүсгүй Лори Бейкер, хүү Жекээ үлдээгээд тэрбээр эрх чөлөөний орныг зорив. “Би өөрийгөө худалдахыг хүсээгүй. Гэхдээ Америкт боломж бололцоо илүү байсан. Засгийн эрхэнд гарсан нэг маанаг хүүхэн англичуудын саарал амьдралд өнгө нэмж байсан урлаг, киног багалзуурдан дарсан юм” гэж Тимоти мөн л хатагтай Тэтчерийг зүхсэн билээ. Ганц кинонд тоглож, гайгүй мөнгө авчихаад л Америкаас явна гэж Тим төлөвлөжээ.
Нью-Йоркоос найруулагч Жефф Станцлер утасдаж, кинонд тоглуулах санал тавив. Гэсэн ч Америкт анхныхаа дүрийг бүтээсний дараа Тим Лондоныг бус Лос-Анжелесыг зорив. Тэндэхийн уушийн газруудаар эргэлдэж Шон Пеннийг даган хэсэг сэлгүүцсэнийхээ дараа нэгэн хүнтэй танилцжээ. Царай муутай, анх харахад мэдрэл муутай ч гэмээр, заримдаа галзуу юм шиг авирладаг тэр залуу хуурцаг борлуулдаг дэлгүүрт ажиллаж байхдаа Тим Ротын тоглосон кинонуудыг үзсэн байж. Жинхэнэ кино гэдэг ямар байдгийг Холливудынханд мэдрүүлнэ хэмээн өөртөө итгэлтэй нь аргагүй ярих тэр залууг Квентин Тарантино гэдэг. Харгислал, хэрцгий зан, хүчирхийллийг өөгшүүлсэн хэмээн шүүмжлэгдсэн “Галзуу ноход” кино бол Тарантиногийн анхны бүтээл байсан. Хямд өртгөөр бүтсэн энэ кино Тим Рот, Квентин Тарантино хоёрыг нэрд гаргана гэж тэр үед хэн ч бодоогүй гэдэг. Дараа нь мөн л шуугиан тарьсан, тэр хэмжээгээрээ орлого олсон “Гэмт хэргийн мөрдлөгө”, “Дөрвөн өрөө” кино дэлгэцэнд гарч, “Америкийн кино урлагт хамгийн өндрөөр үнэлэгдсэн англи жүжигчин” гэх алдрыг Тим хүртсэн юм.
Эрх чөлөөний төлөө тэмцэгч шотланд эрийн дүрээр (“Роб Рой” кино) тэрбээр “Оскар”-ын шагнал авлаа. Гэсэн ч энэ бүхэн түүний хувьд чухал биш аж. “Амьдралынхаа турш хайж явсан зүйлээ би Америкаас олсон. Эрх чөлөө, өөрийнхөөрөө байх, хүссэнээ хийгээд дээр нь мөнгө олох боломж энд бүгдийн өмнө нээлттэй” гэж Тим өгүүлсэн. Бас Америкийг үзэн ядах шалтгаан түүнд бий. “Шүдэндээ ломбо тавиулахаар эмчид очсон юм. Гэтэл тэр шүднийхээ хэл бэрийг өөрчилж, цайруулахгүй бол карьер чинь дуусаж, хэнд ч хэрэггүй амьтан болно гэх утгатай үг хэлсэн. Тэгэхээр нь би нэртэйгээр нь хамраа өөрчлүүлээд, үсээ будуулаад Том Круз шиг болчихдог ч юм бил үү гэж өмнөөс нь хэлсэн гэдэг. Америкчууд юу өмсөх, яаж харагдахдаа хэтэрхий санаа зовдог. Тэдний хувьд жаргалтай, бүх юманд сэтгэл хангалуун юм шиг харагдах нь яг үнэндээ тийм байхаас ч илүү чу хал мэт санагддаг” гэж Тим өгүүлжээ.
Х.ОД