Жааз, соул, фламенко, румба, болеро, электро хөгжмийн хольц бүхий, ганцаардал хийгээд эрх чөлөө, мартагдсан мөрөөдөл, бүтээгүй хайрын тухай дуунууд. Испанийн Майоркт америк саятан, герман, англи жуулчид, ядуу цыгануудын дунд өсөхдөө тэрбээр эрх чөлөө гэж юу болохыг мэдэрсэн гэдэг. “Хүмүүс хэрэгцээ, хайр, мөнгө, амар амгалангийн тухай ярьцгаадаг. Гэвч олон янзаар, ямар ч байдлаар дүрсэлж, улиглан ярьж болох энэ бүхэн эрх чөлөө, сэтгэлгээний эрх чөлөөний тухай байдаг юм шиг санагддаг” хэмээн Конча Буйка ярьжээ. Испанийн хөгжмийн ертөнцөд өөр өнгө төрхийг бий болгосон дуучин Конча сүмийн дуучин байж, Лас-Вегасын мөрийтэй тоглоомын газруудад Тина Тернерийг дуурайн дуулж, Латин Грэмми хэмээгддэг хөгжмийн наадамд шилдэг цомгийн төлөө нэр дэвшиж, П.Альмодоварын киноны дууг амилуулж чадсан билээ.
Хөгжмийн олон урсгал чиглэлийг хольж, тэр дундаас өөрийн гэсэн стилийг бий болгож чадсан Конча Буйка Экваторын Гвинейгээс дүрвэж ирсэн хар арьстнуудын удам. Түүнийг төрөхөөс өмнө эцэг эх нь дарангуйллаас зугтан Испанид дүрвэн ирсэн гэдэг. “Би Майоркийн кинотеатр, номын сан, сургууль, уушийн газарт хүмүүстэй хамт байхдаа ч ганцаарддаг байсан. Учир нь би тэдний дунд ганцаараа хар арьстан байсан юм” гэж Конча хожим нь дурсан ярьсан. Түүний ээж жаазыг шүтэн биширдэг байв. Бие дааж төгөлдөр хуур, морин хийл, гитар дарж сурсан бяцхан охин сүмд дуулна.
Өвөрмөц, чадалтай хоолойтой, авьяаслаг, гэхдээ ганцаардмал Буйка алдартай дуучин болохыг бус их мөнгөтэй болохыг хүссэн гэдэг. Тийм ч учраас жуулчид голдуу ордог уушийн газар, казинод дуулах нь сүмд дуулснаас хамаагүй ашигтай байжээ. Лас-Вегаст ч тэрбээр мөнгө олох л зорилготой ирсэн. “Өндөр өсгийт, богино банзал өмссөн бүсгүйчүүдтэй зэрэгцэн зогсоод дуулахдаа би дэргэдээ байгаа бүхнийг мартсан. Нүдээ аниад, ганцхан өөрийгөө мэдрэх тэр үед би жаргалтай байсан юм” хэмээн Конча ярьсан. Англиар муухан ойлгодог ч ярьж чаддаггүй, хайш яйш хувцасласан түүнийг Лас-Вегасын казиногийн зохион байгуулагч “Тэр жинхэнэ эрх чөлөөт эмэгтэй. Юунаас ч айдаггүй мэт харцтай тэр Тина Тернерийг санагдуулж байсан учраас би ажилд авсан юм” гэж дурссан гэдэг. Тэр эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь хайрладаг гэдгээ тунхагласан. “Хязгаар гэж юу юм бэ? Хүмүүс ямар нэгэн хязгаарыг өөрсдөө л бүтээдэг. Тэгээд түүнээсээ болж өөрсдөө шаналдаг.
Дуучин, уран бүтээлч хүний хувьд надад хязгаар байдаггүй. Хайр дурлал, сексийн хувьд ч тэр. Би хүүгийнхээ эцэгт хайртай байсан. Тэгсэн ч гэсэн эмэгтэйчүүдэд ч дурладаг” гэж тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө зарласан. Испаничууд, түүний найзууд, уран бүтээлчид ийм зоригтой үг хэлснийх нь төлөө Кончад баяр хүргэж ч байв. “Би Африкт төрсөн бол эрх чөлөөний тухай л дуулах байсан. Гэхдээ эрх чөлөөт хүний хувьд биш түүнийг хүсэж мөрөөдсөн, гэхдээ хэзээ ч эрх чөлөөг эдэлж чадахгүй хүний хувьд” гэж Конча ярьдаг. Түүний “Mi Nina Lola” цомог гарсан даруйдаа 100 мянган хувь борлогдож байв. Анхны цомгоороо Фламенкогийн шинэ үеийг бий болгосон хэмээгдсэн Кончагийн хувьд энэ бага зүйл биш байсан. Өдгөө Америкт аялан тоглож, Нелли Фуртадо, Сил нартай хамтран дуулж, Барселоны театрын “Ombra” жүжигт тоглосон Кончаг Испанийн хөгжмийн ертөнцийн “хар сувд” хэмээн нэрийддэг.
Х.ОД