Монгол цэргийн музейнхэн өчигдрөөс нэгэн шинэлэг үзэсгэлэнг дэлгэн, нийтийн хүртээл болгож байна. “Миний хообий” нэртэй энэ үзэсгэлэнд ЗХЖШ, БХЯ-ны генерал, хурандаа нарын хувийн цуглуулгын дээжээс тавьжээ. Хообий гэдэг бол хүний сонирхол төдийгүй бусдад өөрийгөө нээх боломжийг олгодог билээ. Энэ үзэсгэлэнд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайгийн олон хообийны нэг хэсэг болох медальоны цуглуулгыг дэлгэжээ. Тэрбээр энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байхдаа олон улсын цэргийн багийн офицеруудтай танилцаж, тухайн орных нь армийн бэлгэдэл болсон дурсгалын медальонуудыг цуглуулсаар өдгөө тоо нь 271-т хүрчээ. Тэрбээр багаасаа марк, ил захидал гээд их олон төрлийн зүйл цуглуулж байсан аж.
Энэ үзэсгэлэнд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазарын 60 гаруй төрлийн соронзон сувинер, 40 гаруй түлхүүрийн оосор, тус штабын хэлтсийн дарга, хурандаа Ж.Борын аяга, бусад цуглуулга, БХЯ-ны Хүний нөөцийн удирдлагын тасгийн дарга, хурандаа Ө.Батмөнхийн их бууны цуглуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга, хурандаа Ч.Гансүхийн урилганы цуглуулга, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Баатарын дэлхийн улс орнуудын хундаганууд гээд сонирхууштай ховор зүйлийг тэнд дэлгэсэн байв.
Тэдний дундаас Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнийн хутганы цуглуулга Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Батбаатарын шүхрийн 600 гаруй дурсгалын тэмдэг үзэгч, сонир хогчдын анхаарлыг татаж байлаа.
Г.ЦОЛМОН