Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог “Морин хуур -2011” наадам, “Морин хуур 25 жил” хүндэтгэлийн ёслол ирэх сарын 15-нд болно. Энэ талаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Чулуунаас тодрууллаа.
-“Морин хуур” наадмын бүртгэл өчигдөр дууссан. Хэдэн уран бүтээлчийн хэчнээн бүтээл энэ удаагийн “Морин хуур”-ын тайзнаа өрсөлдөх вэ?
-60 гаруй уран бүтээлчийн 80 гаруй бүтээл ирсэн. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт 28-29-нд, хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын 12-нд болно. “Морин хуур-2011” наадмын шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулах “Морин хуур 25 жил” хүндэтгэлийн ёслолын ажиллагаа ирэх сарын 15-нд болно.
-Нийт хэдэн номинациар шилдгийг тодруулах вэ?
-Мэргэжлийн болон нийтийн дуу, хип хоп, поп, рок зэрэг есөн төрөлд шилдэг дуу шалгаруулна. Мөн шилдгийн шилдэг буюу Гран при шагналын эзнийг Ерөнхийлөгчийн цом, БСШУ-ны сайдын нэрэмжит цом, мөнгөн шагнал хүлээж буй.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн байгаа вэ?
-Жил жилийн “Морин хуур” наадмын шүүгчдийг нууцалдаг. Шүүгчдийн нэрийг эрт зарлачихаар янз бүрийн асуудал гардаг юм.
-“Морин хуур 25 жил” хүндэтгэлийн ёслолын талаар тодруулаач?
-“Морин хуур” наадам маань 25 дахь жилдээ шилдгээ тодруулж байна. Тийм болохоор “Морин хуур 25 жил” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Жил жилийн шилдэг дуу болох 25 бүтээлийг багтаасан нэгдсэн тоглолт болно. Мөн өмнөх 24 жилийн шилдэг дуугаар цомог гаргаж байгаа.
А.Амина