Дүрэлзэх мэт улаан өнгө, эрч хүч, гал халуун тэмүүлэл бүхий фламенко хөгжим, бүжиг нь Испанийн Андалуз нутгийн нэрийн хуудас юм. 1400-гаад оны Загалмайтны дайнаас дайжин тус бүс нутагт толгой хоргодож байсан араб, еврей, цыган болон христүүдийн хөг, аялгууг шингээсэн шинэ, холимог урсгал бий болгосон нь фламенкогийн эх байсан гэж судлаачид үздэг. 1869 оноос 1930-аад оны Испанийн иргэний дайн хүртэлх хугацаанд фламенко уушийн газруудаар дамжин Испани даяар тархжээ. Фламенко хөгжим, дууг пало хэмээн нэрлэдэг бол бүжгийг нь данза хэмээн нэрлэдэг.
Испанид 50 төрлийн пало бий бөгөөд тус бүр хамтлагаар, гоцлол дуулах, гитартай, эсвэл дуучид бүжиглэх зэрэг тогтсон дэгтэй. Испанийн иргэний дайны үеэр буюу 1936-1939 онд фламенкогийн хөгжил түр зуур зогссон аж. Харин Засгийн эрхийг гартаа авсан Франсиско Франко уг хөгжмийг эв нэгдлийн бэлгэдэл, үндэсний урлаг хэмээн тунхагласан юм.
Сүүлийн жилүүдэд фламенко нь Испаниас халин гарч, дэлхий даяар тархжээ. Тэр дундаа япон маягийн фламенко мэргэжлийн талаас хамгийн сайн хөгжилтэйд тооцогддог. ЮНЕСКО 2010 онд Фламенког биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн юм.