Хүүхдийн эрхийг хөсөрдүүлсэн, амиар нь дэнчин тавьсан шийдвэрийг Засгийн газраас өчигдөр гаргалаа. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бүс, аймаг, орон нутгийн удирдлагуудад соёл, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулах эрх, үүргийг шилжүүлэхээр шийдвэрлэснээ Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн юм. Тэрбээр “Үндэсний спортын арга хэмжээг зохион байгуулахдаа салбар яамдын зөвлөмжийг үндэслэн стандарт, аюулгүй байдлыг хангана. Морин спортын хаврын уралдаан зохион байгуулах эрхийг тухайн орон нутгийн удирдлагад шилжүүлнэ” гэв. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “2019 оны Засгийн газрын 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулна. Хаврын уралдааныг гуравдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж болно. Гэхдээ хугацааг тодорхой тогтоохгүй, аймаг, орон нутгийн удирдлага хариуцаж шийднэ. Мөн 12-оос дээш насны хүүхдээр морь унуулах ёстой” гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн юм. Энэ нь өөх ч биш, булчирхай ч биш гэгч болов.
Засгийн газрын энэ мэдэгдлийг олон хүн эсэргүүцэж, хүний эрхийг уландаа гишгэсэн шийдвэр хэмээн үзэж байна. “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн эсрэг шийдвэр гаргаж, өөрөөсөө холдуулж, эс үйлдэхүйгээрээ багачуудыг хохироолоо. Түүний тэргүүлсэн Засгийн газар ямар балмад болохыг илчиллээ” хэмэн цахим орчинд олон нийт байр сууриа илэрхийлж байна.
Энэ бүхэн хэдхэн хоногийн өмнө төв талбайд болсон үндэсний өв соёлоо сэргээн хамгаалах, хадгалж үлдээх уриатай “Монголоороо байя” морьт жагсаалаас улбаатай. Үүний дараа нийгэм бүхэлдээ хоёр хэсэгт хуваагдан, цахим орчинд “дайтаж” эхэлсэн. Сүүлдээ “Чи морь унаж үзсэн үү” гэж бие бие рүүгээ давшилж, “үгүй” гэвэл монгол хүн биш гэх нь холгүй болов. Гэвч энэ нь ердөө хэлбэр төдий бөгөөд цаана нь хүүхдийн амь яригдаж буйг огт тоосонгүй. Нэг талд нь мөнгөтэй, эрх мэдэлтэй уяачид, нөгөө талд нь дуу хоолойгоо илэрхийлэх чадалгүй, балчир хүүхдүүд.
Хахир хүйтэн өвөл, хаврын цагт уралдаан зохион байгуулснаар олон хүүхэд мориноос унаж гэмтэж бэртэн, цаашлаад амиа алдсан тохиолдол цөөнгүй байгааг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос мэдээлснийг дахин сануулъя. Тус комиссын гишүүн Ж.Хунан “2022 онд улсын хэмжээнд 259 удаа хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас 16 хүүхэд хүнд гэмтэж, зургаан хүүхэд амиа алдсан. 2023 онд 71 хүүхэд мориноос унаж хөнгөн, 19 нь хүнд гэмтжээ. Өнгөрсөн онд үсэргээ, сунгааны үед дөрвөн хүүхэд эндсэн байна. Одоогоор бидэнд ирсэн албан мэдээллээр хаврын морин уралдааны үеэр 46 хүүхэд амиа алджээ. Өнгөрсөн оны судалгаагаар 11 716 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. Үүнээс өөрийн хүүхдээр морь унуулсан нь 1112. Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан хүүхдүүдээс 2002 нь цалин, урамшуулал авдаг, эсэх нь тодорхойгүй” гэж ярьсан.
Өвөл, хаврын морин уралдааныг сэргээхийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал энэ сарын 27-нд мэдэгдэл хийснийг бид өмнө нь мэдээлсэн билээ. “Уяачид улс төрд маш их нөлөөтэй, Засгийн газрын чухал бодлогуудтай ямар нэгэн аргаар холбогдож, хүүхдийн эрхийг зөрчихөөр улайрч байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн. Мөн Монголын хуульчдын холбооноос энэ уралдаан нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй учраас Засгийн газрын хориглосон тогтоолыг хэвээр үлдээхийг хүссэн мэдэгдэл гаргасан юм. Гэтэл хүүхдийн төлөө гэх тодотголтой төрийн болон төрийн бус байгууллагынхан нүдэн балай, чихэн дүлий суусаар.
Засгийн газрын мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Саранчулуун, М.Нарантуяа-Нара, Г.Лувсанжамц нар мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Засгийн газрын энэ шийдвэр Монгол Улсад хууль дээдлэх ёс байна уу гэдэгт эргэлзэхэд хүргэв. Хууль, шүүхийн байгууллагынхан төдийгүй иргэд, олон улсын өмнө хууль дээдэлдэг, эсэхээ харуулах шийдвэр гаргалаа. Засгийн газар хууль дээдлэх ёсыг сахин биелүүлэхгүй гэдгээ зарлачихлаа. Гэхдээ хүний эрхийн төлөөх тэмцэл, үйл явц тасралтгүй үргэлжлэх ёстой. Хаврын уралдааныг зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар гарчихлаа гэж уяачид бодож, ажлаа төлөвлөж, магадгүй. Гэвч энэ асуудлыг дахиад шүүхийн өмнө аваачна. Үндсэн хуулийн цэцэд хандана. Засгийн газар Үндсэн хууль зөрчсөнөө Цэцийн өмнө тайлбарлах ёстой. Нөгөө талаас морин уралдаан зохион байгуулах эрх мэдлийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд зальжин үйлдэл боллоо. Засгийн газар яагаад энэ хариуцлагаас бултаж байгаа юм. Олон улсын гэрээгээр хүүхдийн эрхийн төлөөх бүх үүрэг, хариуцлагыг Засгийн газар хүлээдэг. Орон нутаг хариуцна гэсэн ганц ч үг, өгүүлбэр байхгүй. Засгийн газар хүүхдийнхээ ирээдүйг орон нутгийн удирдлагуудын гарт өгч байгаа бол төсвийг нь яагаад шилжүүлсэнгүй вэ. Энэ бол маш буруу жишиг тогтоож байна. Монгол Улс хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог 2016 оноос бэхжүүлж эхэлсэн. Гэвч орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоо байхгүй. 2020, 2021 онд НҮБ, ХЭҮК, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага зэрэг олон газраас анхдагч шатанд буюу орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоо хэрэгжихгүй байгааг судлан гаргаж ирсэн. Ийм газарт яагаад эрх олгосноо Засгийн газар хариуцлагатайгаар тайлбарлах ёстой. Хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг уландаа гишгэж, хүнд хөдөлмөр эрхлүүлэхийг эрс эсэргүүцэж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 57 дугаар тогтоол одоогоор хүчин төгөлдөр хэвээр байна. Гэтэл Засгийн газраас “Улсын дээд шүүхийн шийдвэрийг бид зөрчиж болохгүй, та нар зөрчиж болно” гэх хандлагаар орон нутаг руу эрх мэдлийг шилжүүлж, бурууг бухаж байна. Мөн 12-оос дээш насны хүүхдийг унуулж болно гэж юу гэсэн үг вэ. Ийм насны хүүхдийн эрхийг зөрчинө гэсэн үг үү. Яасан ичгүүргүй шийдвэр вэ. Бид морин уралдааныг үгүйсгээгүй, уяачдыг муухай харагдуулах гэсэнгүй. Гагцхүү Дээд шүүхийн шийдвэрийг хүн бүхэн биелүүлэх ёстой. Хүүхдийн амьд явах эрх хөндөгдөж байна. Хоёр сайдын мэдэгдэлд суурилж гарах шийдвэрийг цуцлаач гэдэг албан шаардлагад УИХ-ын гишүүд нэгдэж оролцоно” гэсэн юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн О.Саранчулуун байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Би 13 настай байхдаа морины уяаны газар хөлөө гэмтээсэн. Хээр оторлож явсан болохоор эмнэлгийн тусламж авч чадаагүй. Найман сарын дараа ясны хорт хавдар гэдэг оношоор хөлөө тайруулсан. Яагаад энэ тухай ярив гэхээр орон нутагт хаврын уралдаантай холбоотой гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болсон маш олон хүн бий. Үүнийг одоо ахуйн осол гэж бүртгэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн тутмын зургаа нь олдмол бэрхшээлтэй болсон байдаг. УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах ажлын хэсэг байгуулсан. Бид хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх тухай ярьж байхад нөгөө талд нь ийм эрсдэлийг бүрдүүлж буйд харамсаж байна. ГССҮТ болон орон нутгийн эмнэлгээр яваад үзээрэй. Хэд нь мориноос унаж гэмтсэн байна” гэв.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд Засгийн газраас 57 дугаар тогтоол баталсан. Гэтэл одоогийн Засгийн газар өөр нэгэнд боломжийг нээж өгөөд хариуцлагаас зайлсхийлээ. Монгол Улс “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатай байлаа. Хүүхэд угаартаж, хүчирхийлэлд өртөж үхэж байхад яагаад ганцхан энэ асуудалд анхаараад байна гэж зарим хүн асуудаг. Хүүхдийн эрхийг эрэмбэлж болохгүй. Урьдчилан сэргийлж болох эрсдэлээс бид хүүхдээ хамгаалах л ёстой” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хүүхдийн эрх нэгдүгээрт. Хүүхдийн амиар дэнчин тавьж хадгалдаг өв соёл гэж байх ёсгүй” хэмээн байр сууриа товч, тодорхой илэрхийлэв.