Английн өмнөд хэсэгт 15 мянга хүрэхгүй хүн амтай Тинмут хэмээх жижигхэн хот бий. Хүмүүс нь усан боомтоо түшиглэн аж төрдөг бяцхан хотын панкууд 1994 онд рок хамтлагуудын тулаан зохион байгуулжээ. Үнэн хэрэгтээ, үсээ ургуулж, уранхай хувцас өмсөж, нүүрээ будсан сахилгагүй жаалууд оролцсон хэрэг л дээ. Багын найз Мэтью Беллами, Крис Уолстенхолм, Доминик Ховард нар глам рок хамтлаг байгуулан оролцжээ. Нүүрээ бүхэлд нь будаж, хахир гот дуу тоглосныхоо дараа бүх гитараа эвдчихсэн тэд рок тулаанд түрүүлэв. Өнөөгийн рок хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөөтэй хамтлагийн нэг “Muse”-ын түүх эндээс эхэлсэн юм. Хотынхоо залуусын дунд нэр хүндтэй болсон тэд сургуулиа орхиж, Лондон руу нүүхээр шийдэх үедээ ердөө 16 настай байлаа.
“Тайзан дээр галзуу мэт орилж, хөгжмөө эвдэлж байх үедээ бид хөгжмийг сэтгэл хөдлөл гэж төсөөлдөг байсан. Өсвөр насны хүүхдүүд өөрсдийг нь бүх дэлхий харж буй мэт авирладгийг бид тойроогүй. Харин он цаг улирахын хэрээр ухаан сууж, зөв, бурууг ялгаж сурна. Хэдийгээр готик рокийг одоо орхиж, гитараа хэмх цохихоо больсон ч хөгжим бол сэтгэл хөдлөлийн дээд хэлбэр гэсэн үзэл маань огт өөрчлөгдөөгүй”.
“Muse” Лондон, Манчестер зэрэг хотод дөрвөн жилийн турш тоглосны эцэст томоохон студийн эзэн Деннис Смитийн хараанд өртөж, 1998 онд анхны миницомгоо гаргажээ. Гэсэн ч инди, рок хөгжмийн жагсаалтад дээгүүр байр суурьтай болсон залуу хамтлагийг англи менежер үүд тоосонгүй. Бүр “Columbia records”-ын дэд захирал Нэнси Волкер тэднийг Лос-Анжелест уриад байхад Их Британийн хөгжмийн компаниуд зүгээр л хараад сууж байв. Удалгүй “Muse” эрх чөлөөний орныг зорьж, “Warner Bros”-ын охин компани “Maverick records”-той гэрээ байгуулснаар тэсрэлт эхэлсэн юм. Хүнд рокын түрэмгий хэмнэлийг хөнгөн уйтгарт аязтай хослуулсан “Showbiz” олон хувь борлогдоогүй ч мэргэжлийн судлаачдаас өндөр үнэлгээ авч, “хоосон толгойтнууд” биш гэдгээ батлав.
2001 онд гаргасан “Origin of summetry” цомогтоо сүмийн орган хөгжмийг Жими Хендриксийн гитар тоглох арга барил, морин хийлтэй хослуулан технологийн хэт хөгжил хүмүүсийн харилцааг сүйтгэж буй тухай өгүүлдэг нь дэлхий нийтэд танигдсан юм. Үүний дараа сая сая хувь борлогдсон “Absolution”, “Black holes and revelations”, “The resistance”. Тэдний зургаа дахь цомог энэ оны аравдугаар сард гарахыг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж буй. Тэдний шагналаас дурдвал MTV-гийн Европын хөгжмийн шагнал гардуулах ёслолоос таван цом, хоёр удаагийн BRIT awards-ын эзэн, Америкийн шилдэг хөгжмийн шагнал, Грэммигийн шилдэг рок цомгийн шагнал...гээд уртаас урт жагсаалт гаргаж болно.
“Амжилтын амтыг өмнө нь хичнээн сайхнаар төсөөлд өг байлаа. Гэвч хүссэн бүхэн хүзүүгээр татахад хүлээж байсан шиг санагддаггүй. Хамгийн сайхан зүйлсийн нэг амжилт ч сөрөг талтай байх юм. Тэр дундаа хувийн амьдрал руу эрээ цээргүй халддаг зүйл бол энэ. Бидний хувьд “Muse”- ийн нэг байна гэдэг хувийн амьдралаас тусдаа ойлголт. Гэхдээ “Muse” бол ямар нэгэн дарамт шахалт, хүлээс биш. Энэ бол эрх чөлөө”.
Их Британийн “Independent” сонин тэднийг панкийн ёс горимыг уландаа гишгэсэн хэмээн бичжээ. Уг нь панкад тогтсон дүрэм байхгүй л дээ. Тэгээд ч ихэнх хүн панк рок хөгжимчдийг утгагүйтэл, замбараагүйтэл, үймээн таригчдаар л төс өөлдөг. “Muse” панк урсгалд хамрагдах эсэх нь эргэлзээтэй ч тэд рокыг шинэ шатанд аваачсан гэдэг нь нотлох шаардлагагүй үнэн. Мэтью Бэлламигийн фальцет хоолой, романтизмын үеийн хөгжмийн зохиолчид болох Сергей Рахманинов, Людвиг Ван Бетховен, Франц Лист, Фредерик Шопен нарын нөлөө илт туссан рокоор тэд хөгжмийн түүхэнд хэдийнэ тамгалагдсан. Нууцлаг түүхийг шивнэх мэт тэдний цөөнгүй дуу “Twilight” киногоор дамжин дэлгэцнээ үлдсэн билээ. “Independent”-д гоцлол дуучин Мэтью Белламиг хянуур, бодлогоширсон, аргил гитарчин Крис Уолстенхолмыг дэндүү чимээгүй, бөмбөрчин Доминик Ховардыг өсвөр насны хүүхэд шиг сахилгаг үй, инээмтгий хэмээн тодорхойлсон юм.
“ Muse”-ын Музанууд:
Хамтлагийн ахлагч Мэтью Белламиг ахлах сургуульд байхад багш нь урлагийн охин тэнгэр Музагийн тухай ярьсан нь гүн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Тийм ч учраас тэд хамтлагаа ийн нэрлэж. Дэлхий даяар хэдэн мянган хүний Муза болсон тэд өөрсдийн Музаг нэрлэж байна.
Фредерик Шопен-“Muse”-чүүд сонгодог хөгжимд дуртай төдийгүй шинэ бүтээлийн санааг симфони, дуурь сонсох үедээ олдог тохиолдол цөөнгүй. Хамтлагийн олон бүтээл төгөлдөр хуур, хийлийн гоцлолтой сүлэлдсэн байдаг. Тэдний хамгийн дуртай хөгжмийн зохиолч нь Польшийн суу билэгт Фредерик Шопен гэнэ.
Жорж Оруэлл-Хамтлагийн сүүлийн үеийн бүтээлд улс төрийн сэдэв шинээр туссан. Тэд хайр сэтгэл болон улс төрийн хоорондох харилцааг харуулахыг эрмэлзэж буй тухайгаа “Spin” сэтгүүлд ярьсан юм. Улс төрийн дарамт шахалт, авлигад идэгдсэн нийгмийг ёгтлосон “Амьтны ферм”, “1984” номын зохиолч Жорж Оруэллыг “Muse” дахин дахин уншдаг.
Antipop Consortium -Алдартай рок хамтлагийнхний хамгийн хайртай уран бүтээлч нь Америкийн альтернатив-хип хоп хамтлаг “Antipop Consortium” гэдгийг сонсоод гайхах хүн олон. Энэ хамтлагийн бөмбөрийн хэмнэл, хүчтэй үзэл санаа, шүлэг нь тэдэнд таалагддаг аж.
Б.ЭГШИГЛЭН