“Алгадуулах аавтай ч болоосой”. Энэ үг хэчнээн утга төгөлдөр болохыг мэдэхгүй хүн үгүй. Хамгийн эрхэм, нандин эрдэнэ болсон аавын эзгүйд гэр эзгүйрч, сэтгэл хоосордог. Зураач Д.Батнасангийн эдгээр бүтээлийг харсан хэний ч сэтгэлд аавынх нь дүр буух нь лавтай.
Аавын хайрыг мэдрүүлж, ухаарал өгөх олон сайхан бүтээлтэй “Аавын хайр” нэртэй үзэсгэлэн ирэх сарын 1-нд “Цагаан дариум” арт галерейд нээгдэх гэж байна. Д.Батнасан “Аавын сүрлэг сайхныг, ээжийн уяхан сэтгэлийг магтан дуулах сайхан. Тэднийхээ гэгээн дүр, сайн сайхан зан чанар бүрийг өөртөө шингээн, үр хойчдоо өвлүүлэн үлдээхсэн. Гэвч сүүлийн үед ханагар аавын хайр, халуун сэтгэл жаахан дундраад байна уу гэлтэй.
Аавын хайр гэж чухам юусан билээ” хэмээсэн. Тэрбээр “Аавын хайр”- аараа энэ бүхнийг ухааруулахыг зорьжээ. Ирэх сарын 22 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнг үр хүүхэд, аав ээж, ах дүү нартайгаа заавал ирж үзээрэй. Сэтгэлд тань нэгийг шивнэх буй заа.
Ж.ЭРДЭНЭ