Азийн улс орнууд сар шинийн баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Хүүхдийн найрал дууны чуулга АНУ-д айлчлан тоглож, авьяас чадвараа гайхуулж байна. 10-14 насны 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй эл чуулга Хөлөнбуйр аймагт дөрвөн жилийн өмнө байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд бүх Хятад даяар алдаршиж, төрийн томоохон арга хэмжээ, тоглолтод байнга уригдах болсон аж. Нэг онцлог нь чуулгынхан зөвхөн монгол хэлээр, монгол ардын дууг дуулдаг гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт эл чуулга НҮБ-ын төв байранд тоглолтоо хийсэн нь том дуулиан болсон төдийгүй дэлхийн дуу хөгжмийн хөгжилд дэвшил гаргасан уран бүтээл туурвилаа гэж үнэлэгдэн “ЮНЕСКО”-гоос шагнал хүртэж, НҮБ-ын “Хүмүүнлэгийн элч” чуулгаар өргөмжлөгджээ. Мөн Линкольны нэрэмжит танхимд Нью-Йорк хотын филармонитой хамтарсан тоглолт хийсэн байна. Эл чуулгынхан ирэх хавар Монгол Улсад айлчлан тоглох сурагтай байгаа билээ.
Ш.АЛТАЙ