Тагтыг хэрэггүй эд хогшил хураадаг агуулах, өвлийн идшээ хадгалдаг амбаар болгож ашигладаг үе ард хоцорчээ. Сүүлийн үед тагтыг өрөөтэйгөө нэгтгэн засаж, тохижуулах нь хамгийн энгийн төдийгүй хямдаар байраа томсгох арга болсон. Ингээд тагтаа тав тухтай амьдралынхаа нэгэн хэсэг болгон засахаар төлөвлөж буй хүмүүст анхаарах зүйлс болон санаа авч хэрэгжүүлж болохуйц дизайнерийн шийдлүүдийг хүргэж байна.
Тагтыг өрөө болгоход анхаарах зүйлс
Тагтыг өрөөний нэгэн хэсэг болгох нь энгийн, хялбар санагдаж болох боловч үнэн хэрэгтээ нэлээн хүнд ажил юм. Тиймээс та тагтаа өрөөтэйгөө нэгтгэхээр шийдсэн бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Тагтыг өрөө болгон засахдаа даацын ханыг нураах болбол тулгуур багана заавал хийхээ мартав.
Өмнө нь завсраар нь салхи сийгэж, цас шуурч байсан ч анзаардаггүй байсан тагтны хаалт одоо таны гэрийн нэг хана болно. Манайх шиг хүйтэн өвөлтэй оронд ханаа маш сайн дулаалахгүй бол өвлийн улиралд чичирч суух болно гэдгийг юу эс андах вэ. Гэхдээ аль болох хөнгөн материалыг сонгох хэрэгтэй. Мөн тагт руу халаалтын хоолой татаж, нэмэлт радиатор тавих шаардлагатай болно. Үүнээс болж дулааны шугамд асуудал гарч болзошгүй. Энэ талаар СӨХ мэдвэл засварын ажлын төлбөр таны халааснаас гарах болно гэдгийг сайтар бодолцох хэрэгтэй. Эцэст нь, тагтаа өрөө болгон зассан бол тэнд хүнд тавилга байрлуулахаас аль болох татгалзаарай.
Ажлын өрөө
Тусдаа ажлын өрөө байхгүйгээс хүссэн ч, хүсээгүй ч зочны өрөөнийхөө нэг буланд, эсвэл унтлагын өрөөндөө ажлын ширээ, компьютерээ байрлуулах хэрэг гардаг. Тэгвэл тагтыг тав тухтай, тансаг ажлын өрөө болгох нь хамгийн тохиромжтой шийдэл биш гэж үү.
Гал тогооны өрөө
Тагт тань ажлын өрөө, эсвэл унтлагын өрөө болгож янзлах боломжгүй жижигхэн байна уу. Тэгвэл гал тогооны өрөө болгож болно шүү дээ. Шарах шүүгээ, хоолны ширээгээ тэнд байрлуулчихвал гал тогооны өрөөнд тань зочдод зориулах илүү том зай гарна.
Унтлагын өрөө
Бүл нэмэх тусам унтлагын өрөө асуудал болдог. Байраа томсгож амжихгүй, хүүхдүүдтэйгээ нэг өрөөнд унтаж байна уу. Тэгвэл хэрэгтэй, хэрэггүй новш хурааж байдаг урт, уужим тагтаа романтик унтлагын өрөө болгож яагаад болохгүй гэж. Ялангуяа хуучны байруудад иймэрхүү унтлагын өрөө болчихоор тагт элбэг байдаг.
Амралтын өрөө
Тагтыг амралтын өрөө болгоход хамгийн тохиромжтой. Цэцэг навч алагласан ногоон орчин, эсвэл авсаархан тектэй мини баар, зуны улиралд наран шарлагын талбай ч болгож болно. Энд таны уран сэтгэмж л бүхнийг шийднэ.
Х.Уянга