Нийслэлийн иргэд шатахууны дарааллаас залгаад шахмал түлш авахаар дугаарлаад тун завгүй. Тэд ядарч туйлдан, хэзээ ирэх нь тодорхойгүй түлшээ хүлээгээд өдөржин, шөнөжин харуулдан зогсоно. Уг нь түлш борлуулах цэгүүдээр дамжуулан нэг өрхөд долоо хоногт долоон шуудай нүүрс олгох зохицуулалттай. Гэвч түлш хүрэлцээгүйн улмаас нэг өрхөд гурван шуудай л нүүрс өгч буй гэнэ. Үндсэндээ гэр хорооллынхонд дулаан өвөлжих баталгаа байхгүйг үүнээс харж болохоор. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар “Иргэдэд түлшний цэг олдохгүй байна гэдэг нь худал. Одоогоор 400 орчим цэг хэвийн ажиллаж байна. Өмнө нь бид 500 мянган тонн нүүрсээр өвөлждөг байсан. Харин өнөө жил 300 гаруй мянган тонн нүүрс түлнэ. Нүүрс бага хэрэглэх замаар агаарын бохирдлыг бууруулна” гэж “попрох”. Угтаа тэрбээр шинэхэн нүүрснийхээ рекламыг тултал хийж, айлуудын гал түлж, үүнээс сайн түлш үгүй мэтээр магтаж явсан нь саяхан. Нийлүүлэлт хангалттай, 400 цэгт өдөр бүр таван тонн нүүрс борлуулж буй гэх мэтээр албаныхан биеэ өмөөрсөөр байгаа ч өдгөө бодит байдалд айл, өрхүүд нүүрсгүйн улмаас гал алдахад хүрчхээд буй юм.
“ӨРХ БҮРД ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХИЙГ НЬ ЗӨВШӨӨР”
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Н “Би сүүлийн тав хоног хагас коксон шахмал түлш хайж, гудамж метрлэсээр байгаад таарсан. Сүүлдээ Гачуурт, Хужирбулан руу явж хамгийн сүүлийн хоёр шуудай нүүрсийг нь худалдан авлаа. Хотын дарга иргэдийг хөлдөж үх гэж байгаа юм уу. Өрх бүрд хүртээмжтэй хэмжээнд нийлүүлж чадахгүй юм бол түүхий нүүрс түлэхийг нь зөвшөөр. Ер нь хагас коксон түлшний үнэ чанартаа бус, сав, баглаа, боодолдоо шингэчихсэн юм биш үү. Өмнөхөөсөө бүр ч дордуулчихсан байх юм. Сайжруулсан шахмал түлш утаа, тортог ихтэй ч илч сайтай, бас хямд үнэтэй байсан. Агаарын бохирдлыг бууруулах нэрээр иргэдээ хөлдөөж алахыг хүссэн юм уу” гэлээ.
2800 өрхтэй нэгэн хороонд гэхэд л ердөө дөрөвхөн түлш борлуулах цэг байдаг аж. Эдгээрт өдөрт 200 шуудай түлш авчирдаг гэж бодвол нийт 800 буюу 10 тонн нүүрс болно. Тэгвэл 800 шуудай нүүрсийг хэдэн өрх хэд хоног хэрэглэх вэ. Нэг айл өдөрт дунджаар ганц шуудай нүүрс түлдэг гэвэл үлдсэн 2000 өрх юу хэрэглэж, яаж амьдрах юм бэ, хотын дарга аа. Үүнээс л түлш борлуулах цэгүүд хүрэлцээгүй байгааг өлхөн харж болно.
Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны иргэн Т.Мөнхсаруул “Шахмал түлш авч чадахгүй хэдэн шөнө ийш тийш гүйлээ. Заавал шөнө авчирч буулгадаг нь ямар учиртай юм бэ. Дамба болон Өвөр согоотын бүх цэгээр өдрийн цагаар очсон ч нүүрс олж чадаагүй. Зуслангийн бүс буюу Санзай, Шарга морьт руу салдаг хэсэгт байрладаг цэгт өчигдөр гурван удаа очиж, шөнийн 23.30 цагт л арай гэж нүүрс оллоо. Гэвч “Карт уншдаг төхөөрөмж байхгүй. Өглөө эрт ирээд аваарай” гээд өгөхгүй буцаасан. Ингээд 06.00 цагт очиж, хоёр цаг гаруй хүлээсээр арай хийн нэг юм шилэгдэж үлдсэн, уут нь цоорхой дөрвөн шуудай нүүрс авлаа. Гэтэл шинэ нүүрс ямар ч илчгүй юм билээ. Гэр, байшингүй хүмүүс хөлдөж үхэх нь холгүй амьдарч байна” хэмээв.
ДОЛОО ХОНОГТ ГУРВАН ШУУДАЙ Л ТҮЛШ АВАХ БОЛОМЖТОЙ ГЭВ
Уг нь хагас коксон түлш уутандаа 25 кг байх ёстой. Гэвч жинлээд үзэхээр 3-4 килограммын зөрүүтэй байдаг аж. Тэгсэн хэрнээ сайжруулсан шахмал түлшнээс даруй 1250 төгрөгөөр үнэтэй юм байна. Энэ талаар “Тавантолгой түлш” компанийнхнаас лавла хад “Нүүрс савладаг машин тохируулах үед буюу энэ сарын 3-4-нд шилжих шөнө алдаа гарч, хагас коксон түлшийг илүү болон дутуу жинтэй савласан. Үүнийг шөнийн тээврийнхэн анзаараагүйгээс үүдэн жингийн зөрүүтэй нүүрс түгээсэн. Ойролцоогоор таван тонн орчим түлш харилцан адилгүй жинтэй савлагджээ. Эдгээр нь голчлон нэг цэгт төвлөрсөн байх магадлалтай. Хэрэв дутуу жинтэй түлш худалдан авсан бол манай байгууллагад хандаж, хохирлоо барагдуулах боломжтой. Харин хагас коксон түлшний нийлүүлэлт, нөөц бол хангалттай бий” гэсэн юм
Мөн хагас коксон түлшний нийлүүлэлт, нөөцийн талаар тус байгууллагынхан “Нүүрс олдохгүй байна гэдэг тээвэрлэлттэй холбоотой асуудал. Холоос тээвэрлэдэг учраас цаг хугацаа их шаардаж байгаа. БНХАУ-аас өнөөдрийн байдлаар нийт 12 цуваагаар 36 тонн орчим нүүрс татан авсан. Үүнээс 10 орчим тонныг нь борлуулалтад гаргаад байна. Зүүн үйлдвэр буюу Налайхаас 260 автомашинаар түлш тээвэрлэдэг бөгөөд авто замын түгжрэл зэргээс шалтгаалж хотын захад байрладаг борлуулалтын цэгт цагтаа очиж чадахгүй байгаа юм. Гэхдээ өнөөдрөөс (өчигдөр) 400 цэг тус бүрд нэмэлтээр таван тонн түлш хүргэхээр болсон. Өөрөөр хэлбэл, нэг цэгээр өдөрт нийт 10 тонн түлш худалдана гэсэн үг. Нэг айлд долоо хоногт долоон шуудай түлш худалдах ёстой. Гэхдээ түр хугацаанд гурван шуудай нүүрс олгох замаар хүртээмжийг нь нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна” гэх аж.
“ЦОГШИЛТ САЙТАЙ Ч ИЛЧ МУУТАЙ”
Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны иргэн Д.Нандиа “Манайх одоогоор сайжруулсан түлш ашиглаж байна. Харин ахынх маань хагас коксон түлш хэрэглэдэг. Бид нэг хашаанд амьдардаг. Хагас коксон түлш энэ сарын 17-ноос хойш эрээд ч олдохгүй ховрын бараа болсон. Манай ойр орчмын айлуудын ихэнх нь энэ түлшийг хэрэглэдэг. Гэхдээ бүгд л илч муутайг нь хэлж байна. Шинэ түлш камин зуух шиг цогшилт сайтай ч илч муутай юм билээ. Манай ахынх дөрвөн ханатай гэрт амьдардаг. Сайжруулсан шахмал түлшийг нэг шуудайг нь бараг л хоёр хоног хэрэглэдэг байв. Гэтэл өдгөө хоёр шуудай нүүрс хэрэглэж байж дөнгөж бүлээцэх юм. Өмнө нь ийм хэмжээний нүүрс хэрэглэхэд хаалга үүдээ онгойлгохоор хэмжээнд халдаг байсан. Харин манайх ханан пийшинтэй. Нэг шуудай сайжруулсан түлшийг өдрийн турш хэрэглэдэг. Дулаанаа хангалттай сайн барьдаг. Хэдийгээр би хагас коксон нүүрс түлж үзээгүй ч үүнийг хэрэглэхээс айж байна. Манайхыг тойроод нүүрс борлуулах гурван цэг бий. Өдөрт нэг машин нүүрс ирээд л нүд ирмэхийн зуурт дуусчихдаг” хэмээв.
У.Сүрэн
НЭГ ӨДӨРТ 12 ХҮН ЗАЛИЛУУЛЖЭЭ
Хамгийн хоржоонтой нь иргэд хагас коксон болон сайжруулсан түлшний аль ч үгүй хоцорчээ. Улмаар “Шахмал түлш авна, зарна” гэх фэйсбүүк группээр дамжуулан сайжруулсан шахмал түлш худалдан авахаар мөнгө шилжүүлээд залилуулсан тухай гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад уржигдар 12 удаа бүртгэгдсэн байх юм. Энэ байдлаараа нүүрс хүртэл “шагчид”-ын гарт орох нь.
Түүхий нүүрсээ БНХАУ руу хямд экспортолж, оронд нь өндөр үнээр хагас коксон түлш худалдаж авдаг улс манайхаас өөр байхгүй л болов уу. Гэтэл ингэн барин авчирсан хагас коксон түлш нь нийслэлийн иргэдийн хэрэглээг ч бүрэн хангаж чадахгүй байна. Улс даяар багш нар ажил хаяж, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд гэртээ буй энэ үед өндөр үнэтэй хэрнээ чанаргүй, илч муутай хагас коксон түлш худалдаж авахын тулд иргэд өдөр, шөнөгүй дугаарлан зогсох нь харамсалтай. Гэр хорооллынхон түлэх түлшгүй, орон сууцын өрхүүд халаалтгүй, нийслэл даяараа осгож үхэхдээ тулчхаад байхад харин хотын дарга агаарын бохирдлыг бууруулна гээд Чингэлтэй дүүрэгт айлын байшин дулаалаад хээвнэг зогсох аж.