Доктор, сэтгүүлч В.АЛЗАХГҮЙ
Л.ТҮДЭВИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛД
Дэлхийн уран зохиолд дээжлэгдсэн Лодонгийн Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” намтар тууж “Энэ түүх арван зургаадугаар жарны цагаагчин гахай жилийн Шинийн наймны үдэш эхэлжээ. Тэр үдэш, тэр эгшинд хорвоогийн ам бүл нэгээр нэмэгдэж, хоёр миллиард таван зуун гучин гурван сая дөрвөн зуун наян ес болжээ. Хорвоогийн эр хүний тоо мөн нэгээр өсөж, дахиад нэг хүлэг морин эмээл хазаартайгаа хэрэгтэй болжээ” гэж шүлэг шиг, дуу шиг, үлгэр домог шиг эхэлдэг.
Энэ цаг мөчөөс хойш 90 жил хангирсан одсон боловч Наран-Өндөр сумын уугуул Сандагийн Лодон хэмээх цөлх монгол эрийн хүлэг мориор, атан тэмээгээр түмэнтээ давж, нааш цааш зорчсон Хантайширын налгар нуруу намрын шар наран дор намбайж, намиатан байна. Намрын нарыг шар гэдэг. Харин энэ өдрийн наран алтан шаргал өнгөөр тунаран байв. Зохиолч, яруу найрагч хүн байгаль дэлхий, тэнгэр газарт ойр, бурханлаг, сүнслэг байдаг. Бурханы эх дүр нь хүн. Монголчуудын төрүүлсэн Өндөр гэгээн Занабазар, Дулдуйтын Данзанравжаа хутагт бурхан лугаа адил шүтээн болсон билээ. Бидний амьдарч буй энэ цаг үед ч ийм бурханд ойр хүн цөөн боловч төрсөн.
Лодонгийн Түдэвийн хорвоог таних аялал чулуунаас эхэлжээ. Төрсөн бууцанд нь очихыг зорьсон бидний аян зам тийм ч амар хялбар байсангүй. 40 гаруй жилийн өмнө Цагаанморьтын цухалхан хавцлыг уруудан “УАЗ-469” машинтай хэдхэн тонгочуулаад аманд нь байх энэ өвөлжөөнд очиж байсан маань эргэн санагдав. Тэр үед УАЗ-аас өөр суудлын машингүй, энэ нутагт өвөлжөө бүхэн айл, малтай байжээ. “Миний төрсөн Өвөр замын өтөг өвөлжөөний эргэн тойрон чулуутай. Арай том болоод хонь малын захаар явж эхэлсэн үеэс эрэл хайгуул эхэлсэн. Эхлээд би тэмээ олсон, тэмээ байгаа юм чинь үхэр байж л таарна гэж хайгаад удалгүй үхрээ ч олсон. Ингэж би ууланд байнга бэлчдэг таван хошуу малтай болсон. Миний эрсэн, хайсан бүхэн манай нутагт байсан. Ийм учраас намтар туужаа “Чулуутай танилцсан нь”-аас эхэлсэн гэж энгүүн сайхан хүүрнэж суусан нь саяхан мэт. Намтар туужийн зохиогч маань удахгүй инээмсэглэж, тэгээд уурлаж, тэгснээ мөлхөж, төдөлгүй явж улмаар ярьж сурсан бололтой. Тэгээд л зураг зурж сурсан юм байх. Анхны бүтээлүүдээ шороонд хоцроосон тул архивт үлдээгүй юм гэдэг” хэмээн бичсэн.
Наран-Өндөр сум барилга байшинтай болж төвхнөөгүй, хоёр гурван гэрээр улирлын аяс даган нүүдэллэдэг байсан үед сумын төвд бас 4-5 гэр нэмэгдэн бага сургуультай болжээ. Хоёр гэрт нь хүүхдүүд хичээлээ хийж, нэг гэрт нь багш нар амьдарч, бас нэг гэр нь гал тогоо байж. Л.Түдэвтэй хамт суралцан бага сургууль төгссөн энэ сум, нутгийн уугуул Зундуйн Цэвээнжав эгч “Хол гэртэй хүүхдүүд хоёр гэртээ эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгаран унтдаг, өглөө босоод хувцас энэ тэрээ урдаа бөөрөнхийлж тавиад хичээлээ бичдэг байв. Гэр ойр хүүхдүүд холхных нь мориор, ойрхон бол гүйгээд ирдэг сэн. Түдэв тор хийж онгойдог хөөрхөн модон цүнхтэй, Лодон гуайнх сумын төв, сургуулийн хэдэн гэрийг даган нүүдэллэж, хүүхдүүдээ сургуульд сургадаг, бага сургууль төгссөний дараа аймгийн төвд аав нь ууган хүүтэйгээ очиж, артелийн мужаан хийж хүүгээ шинээр байгуулагдсан долоон жилийн дунд сургуульд суралцуулсан юм. Үр хүүхдээ эрдэм боловсролтой болгох ёстой гэж их эрт бат ойлгосон, бурхан ухаантай дархан, уран мужаан хүн байлаа. Түдэв сургуульд орохдоо л зураад сурчихсан, тааралдсан бүхэн дээр зурна. Хад чулуун дээр ч зурна, цасан дээр ч зурж л байна. Нас, биеэр хамгийн бага нь, бас хамгийн адтай нь байв. Хожим манайхан хотод нэг хашаанд амьдарч, Цаян жүүжээ миний гурван хүүхдийг өсгөлцөж өгсөн” гэж хуучилж билээ.
Соёлыг хүний хувьд байгалийн үзэгдэл гэж үздэг. Соёл бол шашинлаг, сүнслэг тул хүний дотор төрж, түүгээрээ хүний дайтай хүн болдог. Соёл бол хүний оюун санааны өөрийн зохион байгуулалт. Урлаг, хөгжим, дуулах, бүжиглэх, зурах, улмаар уран зохиол бичих бүхэн нь хүн өөрийгөө зохион байгуулж буй хэрэг. Хүн эхлээд зурж сурсан. Ихэнх хүүхэд бага насаа зурж эхэлдэг. Хүн төрөлхтөн ч хад чулуунд аж төрөл, ан амьтан, анхны уран зохиолоо дүрсээр үлдээжээ.
“Манай гол уснаас хамгийн эхлээд олон хүүхэдтэй Дэгээхүү гуайн ихэр хүү Адьяа, Сурьяа хоёр Арын хүрээнд байгуулагдсан бага сургуулийг, улмаар аймгийн төв Улиастайд байсан анхны долоон жилийн дунд сургуульд суралцан төгсөөд, хоёулаа Улаанбаатар хотод Багшийн сургууль төгсөн эрдэм номтой хүмүүс болж биднийг араасаа дагуулсан. Малчин монгол хүн нүдээрээ харж, гараараа барьж байж л итгэдэг. Хоёр ихрийн замаар биднээс арай эрт сургуульд явж багш болсон хүн бол миний багш, бас манай Адуун чулууны голын Сэрээнэнгийн Галсан. Иймийн учир миний үеийнхэн Сурьяа гуайгаа, Адьяа багшаа, Галсан багшаа хүндэтгэн дурсаж явдаг” гэж Түдэв гуай 2018 оны намар аймгийн номын санг Д.Сурьяа гуайн нэрэмжит болгосон тухай дуулгахад баярлан ярьж байв.
Алтай нутгийн ууган сэхээтнүүдийн олонх нь Тонхил сум, аймгийн төвийн дунд сургуулийг тойрсон нутаг усныхан байдаг нь сургууль гэдэг хэчнээн ач тустайгийн нэг баталгаа юм. Тонхилын дунд сургууль аймгийн төвийнхөөс ч өмнө байгуулагдсан. Аливаа уран зохиолд эх дүр гэж байдаг. Зохиолч Лодонгийн Түдэв баримт түшин бичдэг, аль ч уран бүтээлд нь бодит хүн өөрийн нэрээр эх дүр нь болсон байдаг. “Хорвоотой танилцсан түүх” намтар туужид охин дүү Лодонгийн Лхагваас эхлээд миний авга ах Дүнгэржавын Жүгдэрнамжил гээд зөвхөн миний таних хэд хэдэн хүн нэр, зүсээрээ бий. Уран зохиолын эх дүрийн зэрэгцээ эх нутаг гэж бас байна.

Их зохиолчийн өндөр ойд зориулсан уран бүтээлчдийн тойрон аяллын баг
Бидний энэ удаагийн аялал Арын хүрээний тууриас эхлэв. Зохиолчийн 21, 22 настайдаа эхэлж, 25 настайдаа хэвлүүлсэн “Уулын үер” романы үйл явдал чухам энэ хүрээ, Хантайширын нурууны ар, өврийг дамнан өрнөдөг. 1741 онд байгуулагдсан энэ хүрээнд Манжийн хаан “Дашпэлжээ” гэж нэр шагнасан түүхтэй. 1745 оноос хайлан хурж, 1805 оноос Цанидын сургуулийг үүсгэж, Гүнрэг, Дүйнхэр хуралтай, Жүд, Мамба дацан бүхий Засагтхан аймгийн Засагтхан хошуу төвлөрч байсан томоохон хүрээ, худалдааны төв байсан хэмээн судар номд тэмдэглэгдэн үлджээ. Энэ хүрээнд сүүлчийн Засагтхан Доржпаламын Цэрэнгомбожав завилан сууж байсан түүхтэй. Засагтхан Доржпалам их хатны хүүгээ лам болгож, шашны хэргийг хариуцуулах, бага хатны хүү Содномравданд ханы сэнтийг уламжлуулахаар багаас нь товлон бэлтгэсэн юм билээ. БНМАУ-ын үед Шаврын хүрээ л гэж ярьдаг байв. “Уулын үер” романд хувьсгалын эхэн үеэс дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл, 1950-иад он хүртэлх үйл явдал өрнөдөг. “Манайх хол, ойрын хоноцгүй байх нь их ховор: Зун, намрын дэлгэр цагт найрчид их ирнэ. Нэг удаа нэлээд халамцуу ах ирж, баахан үлгэр домог шиг юм ярьж сууснаа “Эрдэнэ бишрэлт” Засагтхан Доржпаламын Содномравдангийн цол гуншинг аялгуулан дуудаж билээ. Тавдугаар анги төгссөний зун юмдаг. Би тэр дор нь цээжилж, бичиж авсан маань анхны романаа бичихэд хэрэг болсон. Энэ романы ихэнх үйл явдлыг манай буурал ээж, аав, ээж болон энэ гол усны өвгөд хөгшид, ахан дүүс ярьж өгсөн юм” гэж дурссан байдаг. Энэ нь Лодон мужааны хүү үнэхээр онцгой ой тогтоолттой, сонин, содон хүүхэд байсны нэг нотолгоо мөн.
Манай аяллынхан Хантайширын нурууг Дөтийн даваагаар давж, Наран-Өндөр сумын төвд ирэв. Одоо бол аймгийн төв Есөнбулаг сумын Наран багийн төв. Нарангийн бага сургууль саяхан болтол ажиллаж байсан. Харин одоо үүд хаалгаа барьжээ. Сэрээнэнгийн Галсан, Мишигийн Цэдэндорж, Лодонгийн Түдэв нарын унаган сургууль гэж нааш цааш явах хүмүүс бууж саатдаг байв. Энэ сургуульд суралцаж төгссөн хүмүүсийн үр хүүхдүүд засаж тордон, үүдэнд нь дурсгалын самбар босгожээ. “Уулын үер”-ийн гол баатар Донхорын Ерөөлт аймгийн даргын албанаас халагдан хал үзэж, халуун чулуу долоож яваад нэлээд ядарчихсан Наран-Өндөр сумынхаа төвд ирдэг. Тухайн үед аймгийн даргын алба тун амаргүй байсан юм билээ. 1931 онд байгуулагдсан боловч 1934 онд татан буугдсан Алтай аймгийн анхны дарга Б.Ламжав гуайтай 1970-аад оны сүүлчээр Завхан голд хэд хэд уулзан хууч хөөрч байв.
“Миний дараа аймгийн даргаар ажиллаж байсан Дунжаа Ядамжав бид хоёр ялгүй салсандаа л залбирч явдаг юм. Улс маань ч ядуухан байв. Бид хэдэн гэртэй Цагаан олом, Арын хүрээ бүр Халиуны хоолой хүртэл нүүдэллэж яваад татан буугдаж, манай 16 сумыг Завхан аймагт нийлүүлсэн. Засгийн газар “Алтай аймгийн байгуулалтыг устгах тухай” гэсэн их хатуу ширүүн үгтэй тушаал гаргасан юм шүү дээ” гэж билээ. 1940 онд шинээр байгуулагдсан Говь-Алтай аймгийн хоёр дахь даргаар ажиллаж байсан, Шарга сумын Сондуулт багийн уугуул Шархүүгийн Дориг гуай албан тушаалаасаа буугаад агент хийж, удалгүй малчин болж манайхан олон жил айл саахалт нутагласан. “Уулын үер”-ийг анх уншаад аймгийн дарга Ерөөлт ажилгүй болж, улмаар цэрэгт мордож Жанчхүүгийн даваанд тулалдан баатарлагаар амь үрэгдэж байгаад ихэд харамсан, бас аймгийн дарга байсан хүн арай ч ийм зам туулмааргүй юм гэж бодож байснаа мартдаггүй. Харин Дориг ням, Ламжав бандгай, дунжаа Ядамжав гуай нартай уулзаж хуучлаад тухайн үеийн аймгийн даргын ажил амьдрал үнэхээр эрсдэлтэй, амаргүй алба байсны нийтлэг дүр нь Ерөөлт хэмээн ухаарсан билээ. Энэ түүхэн романыг хорин нэг, хоёрхон настай, аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийн орос хэл-утга зохиолын багш хүү бичсэн юм шүү дээ гэж бодох бүрд бахархал, бишрэл төрдөг.
Зохиолчид Төрийн шагнал хүртээсэн хоёр дахь бүтээл нь “Нүүдэл” роман. Зохиолч “Нүүдэл” романаа өөрийн “Их нүүдэл” шүлгээр титэмлэсэн.
Түүх намтрын маань хуудас болгонд
Нүүх суухын түмэн мөр үлдсэн юм
Наран жинст хорвоод буман шав орхиж
Навчин залаат замлинг ханын шийрээр тамгалж
Хангал морьтой өвөг дээдэс маань
Хагас орчлонг тулгын чулуугаар тэмдэглэжээ...
гэж эхэлдэг энэ шүлэг 1970 онд ЗХУ-ын “Иностранная литература” сэтгүүлд анх орсоор гарч, мөн онд Зөвлөлтийн нэрт хөгжмийн зохиолч Флярковский ая зохиож, романс болон дуулагдсан.
Хөхморьтын хөндий уруудан Цагаанморьтын аманд гарч ирэхэд Халиуны хоолой намрын наран дор шаргалтан дуниартаж байв. Халиун нутагт уул, талгүй сайхан зун болжээ. Шаргал хөндийн дунд Ёлтонгийн хадлангийн талбай ногоорон их содон харагдав. “Нүүдэл” романд нэгдлийн шинэхэн гишүүд Уст Чацрангийн голоос суваг татан энэ говьд атар эзэмшсэн түүхийг халуун мөрөөр нь мөшгөн маш тодорхой бичсэн. Уст Чацрангийн суваг хагас өртөө орчим урт. Хүрз, жоотуугаар ухан анхны шан татсан нь уран зохиолын санд мөнхрөн үлдсэн. Шарга суманд байгуулагдан аймгийн баруун талын сумдад газар тариалангийн ажил эрхлэхэд нь тусалж байсан Мал аж ахуйн машинт станцын дарга “бүдүүн” хэмээх Дашзэвэг энэ романд Зэвэг нэрээр үлдсэн. Уст Чацрангийн тунгалаг ус сувгаар мяралзан урсаж, Хотгор, Гүдгэрийн талыг хэдхэн хоногт хагалан овьёос тэргүүт малын тэжээл тариалсан нь тухайн үед үнэхээр цочирдом үйл явдал болсон юм билээ.
Говь-Алтай аймгийн Баян, Наран сумын ихэнх нутгийг нэгтгэн шинэ сум байгуулж, “Коммунизмын төлөө” нэгдэл хэдхэн жилийн дотор улсын тэргүүний хамтын аж ахуй болж мандан бадарч байсныг бидний үеийнхэн маш сайн мэднэ. Бид энэ суманд гурван жил амьдарч, 1970 онд дунд сургууль төгссөн “Халиуны хүүхдүүд”. “Нүүдэл”, “Суудал”-ын баатруудтай бид гурван жил хамт амьдарсан. Нэгдлийн дарга Лодойхүү баатар бол Доохүү, Намын үүрийн нарийн бичгийн дарга Цээсүрэн гуай бол Сүрэн дарга, аймгийн ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Дүгэр гуайг Магнай, Үржил селекцийн улсын станцын дарга, зоотехникч Гомбын Базар ахыг Чавчиг гэж бид мэддэг байв. Бага сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Базаррагчаа, зохиолч Номинчимэдийн аав Баасан ах гээд олон хүн энэ хоймсон романд нэрээрээ, дүрээрээ гардаг.
Халиуны нэгдэл тэр үед мал аж ахуй, газар тариалан, жимс жимсгэний үйлдвэрлэл эрхэлдэг, тахиа, гахай өсгөдөг, нэгдлийн өөрийн хөрөнгөөр маш сайхан клуб барьсан, их тохитой сайхан буудал, зоогийн газартай, буудлын ор, тавилгыг нэгдлийн мужаан нар хийж, уран Дэмбэрэл гуай зүмбэрлэн цоохорлосон гээд үнэхээр нүд булааж, сэтгэл сэргээсэн зүйл олонтой байв. Хол ойрын зочид тасрахгүй. Би багын сониуч зандаа хөтлөгдөн, “Нүүдэл”, “Суудал”-ын баатруудыг хэн нь бодит хүмүүс, харин хэн хэн нь уран зохиолын дүр болохыг судалж, зураг хөргийг нь авч Л.Түдэв гуайд захиа бичиж илгээдэг байв. “Намайг Халиуны хөндийд ирж суурьшсан шинэчүүлийнхэн Хөдөлмөрийн баатар болгосон юм. Тэд 10 гаруй жил Өвөрмонгол нутагт амьдарч маш олон зүйлийг сурч ирсэн юм. Төрөл бүрийн хүнсний ногоо тариалж амьдрал ахуйдаа хэрэглэж сурсан байв. Тэд урдаас байцаа, манжин, лууван, тарвасны их сайн үр авчирсан. Халиуны хөрсөнд ч сайн нутагшсан. Манай хэдэн ногоочдын дайтай агротехникч байтугай агрономич ч ирж байгаагүй гэж Лодой Айна ярьдаг байв. Бас Л.Түдэв гуайг байнга ярина. Зохиол бүтээлийг нь унш гэж шахна. “Нэгдэл анх байгуулагдсан цагаас Түдэв биднийг их дэмжсэн. Нэгдлийн энэ бичгийн машиныг бас номын шүүгээгээ бэлэглэсэн юм. Манай нэгдэл, ард түмний түүх болсон зохиолд нь бидний хийсэн ажил, бас хийх ёстой олон зүйлийн тухай бичсэн. Миний хэнд ч хэлээгүй, дотроо бодож явсан зүйлийн тухай хүртэл биччихсэн байгаа юм даа. Түдэв онцгой хүүхэд. Аавынхаа ажилсагийг, ээжийнхээ цэцэн цэлмэг, саруул ухааныг өвлөж төрсөн хүн. Та нар Түдэв шиг эрдэм номтой хүн бол. Манай энэ зүүн уул юм бүхэнтэй сайхан нутаг, сайхан нутагт сайн хүн төрдөг юм” гээд дуугаа чангаруулдаг сан.
Ёлтонд услалтын систем байгуулж, Нүдэнгийн Амарбаатар ахын механикжсан салаа олон жил сайн ургац авч байсан. Зах зээлийн шуурганд ширвүүлсэн энэ системийг дахин сэргээж ногоон тэжээл тарьсан нь сайхан ургажээ. Нүүдэл, суудлын нутагт урьдын адил их амьдрал өрнөж байна. Их зохиолчийн 90 насны ойн жил энэ тариалан сэргэсэн нь ойд барьсан хамгийн том бэлэг мэт санагдав. Бас “Ентүмэн” ХХК-ийнхан Лодой баатрын үүсгэн байгуулсан жимс жимсгэний цэцэрлэгийн дэргэд тохилог сайхан буудал барьсан нь Т.Гантөмөр баатрын зангаргийг харуулна. Залуучуудын тосгон нэртэй байсан сумын төвийн ихэнх барилга байшин шинэчлэгджээ. Саруул, цэлгэр соёлын төвд “Дурсамж уулзалт” болов. Халиуны сургуулийн авьяаслаг багачууд “Зэрэг нэмэхийн өмнө” киноны хэсгээс тоглож, нутгийнхаа сор зохиолчийн шүлэг яруу найраг, богино өгүүллэгийг уран тод уншиж, зохиолч уран бүтээлчид дуу хуур, шүлэг найргаа дээжлэн барив. Сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрынхан санаачлагатай, сайхан залуучууд байна. Засаг дарга Б.Өнөржаргал сумынхаа иргэдтэй зөвлөж ярилцах зарим санаагаа хэлж, зөвлөлдөв. МУИС-ийн Бизнесийн сургууль төгссөн, нутаг амьтай залуу юм.
Лодонгийн Түдэвийн “Оройгүй сүм” романы эх нутаг Буянзалбирахын хийдэд очих зам амаргүй. Гүү бариач багийн төвөөр дайран Нурамтын хөндийг өгсөн энэ хийдийн туурьт очив. Эх уулын бэлийг дэрлэсэн нарлаг дэнж, Сүмийн дөрөлж нэртэй нутаг. 1980 оны эхээр очиход зарим сүм, дуганы хана хагас дутуу ч байсан билээ. Хөх тоосгоор өрж, засмал боржин чулуугаар довжоо, талбайг нь хийсэн, 1918 оны үед 1000 гаруй ламтай, томоохон хийд байсны ул мөр тод. 1990 оноос хойш хана туургыг бүрэн нурааж ухаж сэндийчсэн бололтой. Тойроод айлууд өвөлждөг, ямар ч үед өнтэй сайхан байдаг ээлтэй нутаг гэлцдэг.
Энэ хийдээс холгүй боловч нарийн цавчим хавцлыг өгсөж уруудан чамгүй цаг хугацааг авч байж их зохиолчийн төрсөн тоонот “Өвөр замын өтөг” хэмээх өвөлжөөнд очлоо. Зам гудаст таарах өндөр уул үнэхээр сүрдэм, уран байгалийн үзэсгэлэн бүрдсэн ер бусын нутаг. Зохиолч, яруу найрагчид их зохиолчийн ойн жил олонд алдартай дөрвөн бүтээлийн нь эх нутгаар тойрон аялал хийж, аймаг аялал жуулчлалын шинэ маршрут тогтоохоор төлөвлөн зохион байгуулсан нь оносон шийдвэр байв.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар, Дамбийн Дашдондов, Хайдавын Чилаажав, зохиолч Магваны Эрдэнэбат, энэ гол усны унаган хүү Баасангийн Номинчимэд, зээ охин Рэнцэндоржийн Эмүжин, олон ангит киногоор мэргэшсэн, Олонбулагийн зээ хүү Алтангэрэлийн Амарсайхан, залуу яруу найрагч Т.Сайханаа, Я.Одгэрэл, Халиун сумын түүхийн “явдаг архив” Б.Заяабаатар нарын уран бүтээлчид тэвэр дүүрэн, түүвэр болохуйц уран бүтээлийн авшиг хишиг хүртсэн буй заа. Сутай зүгийн яруу найрагч Г.Чардаг шавь нарынхаа хамт аялалд оролцлоо. Нэгэн сайхан дуу төрөх буй заа. Булган нутгийн хүү, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, дуутай шуутай Норовын Гантулга Халиун нутагт дөрөө мулталсан цагаас нэг л намуухан болчихсон нь гүн бодролд автсаных байх. Л.Түдэв, Н.Цагаач нарын ууган охин Т.Шүрбум ханийнхаа хамт өвөг дээдсийн нутагт очив. С.Лодонгийн төрсөн дүү Дампил гуай, ах дүүсийн нь үр хүүхдүүд аймгийн төв, нутаг усандаа амьдарч байна. Түдэв гуай авга ах, эгч нарынхаа тухай ярьж, үеэл дүү, малын эмч Д.Үржээлийг хааяа асууж сурагладаг байсныг эргэн санав.
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, их сэтгэгч, гүн ухаантан, гүнзгий бодолтон, зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэвийн өндөр ойн жил энэ эрхэм хүнийхээ алдрыг мөнхжүүлэх, Түдэв судлалыг эхлүүлэх, хөгжүүлэх талаар төрсөн нутгийнхан нь түүчээлэн ихийг хийж бүтээхэд энэ тойрон аялал санаж, сэрж мэдрэхийн их түрэлтийг өглөө. Үнэхээр сайхан нутагт сайн хүн төрдөг саруулхан чиг хорвоо юм даа.