“Бага зэрэг л жадайж байна, энэнээс том гэвэл нэлмийнэ. Бас энэ даашинзны өнгө өөрт чинь тун сайхан зохиж байна, хямдруулаад 230 000 төгрөгт ав. Төсвийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байгаагаас гоёлын олон даашинз, хувцас хий дэмий “дарагдчихлаа”. Энэ жил ер нь орлого тааруу, худалдан авагч цөөн байна” хэмээн чих дэлсэх нь бидний нэрлэж заншснаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд. Шинэ жилийн баярын уур амьсгал арванхоёроос нэгдүгээр сарыг хүртэл үргэлжилдэг манай орны хувьд энэ үеэр дэлгүүр, худалдааны төвийн лангуунд гоёлын даашинз, “үнсгэлжингийн шаахай”, ботинк, “шилэн” тирко зэрэг нь өвлийн гутал, зузаан хүрэмтэй өрсөлдөн, яг л зуныг санагдуулан солонгордог онцлогтой.
Зөвхөн Монголд төдийгүй олон улсад баярын үеэр, тэмдэглэлт өдрүүдээр бараа, бүтээгдэхүүний борлуулалт өсөж, үйлчилгээний салбарынхны ачаалал нэмэгдэн, мөнгөний эргэлт өсдөг. Үүнийг албаны болоод мэргэжлийн үгээр эдийн засагт мөнгө цусны эргэлт мэт гүйх чухал үе гэж тооцдог. Тэгвэл энэ үед манай цусны эргэлт ямар байгаа бол, бараа, үйлчилгээний үнэ болоод худалдан авах чадварыг зарим худалдааны төв, дэлгүүрээр орж, худалдан авагчдаас асууж сонирхлоо.
Цэцэрлэг, сургууль, төрийн байгууллагууд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гарсантай холбоотойгоор хүүхдийн хувцас, эмэгтэйчүүдийн гоёлын даашинз, шаахай зэргийн борлуулалт муу байгаа гэнэ. Энэ талаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн хүүхдийн хувцасны нэгэн борлуулагч “2-3 жилийн өмнө сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд шинэ жилийн баярыг “хөөрхөн” тэмдэглэж, олон арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. Ер нь хи чээл эхлэх есдүгээр сард, шинэ жилийн болон хүүхдийн баярын үеэр манайх хамгийн их дүнтэй борлуулалт хийдэг. Гэтэл энэ жил борлуулалт тааруу, худалдан авах чадвар муу байна. Энэ нь сургууль амарсан, цэцэрлэгүүд шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байгаатай холбоотой. Бас барааны үнэ ч өссөн. Цэцэрлэгийн насны хүүхдийн даашинзыг зардал, түрээс, ашгаа хасаж тооцоход багадаа л 70 000-80 000, улмаар 150 000-200 000 төгрөгөөр борлуулж байна. Тиймээс авах хүн цөөн юм” хэмээн ярив. “Макс молл”, “Гранд плаза” худалдааны төв, “Улаанбаатар” их дэлгүүрт хүүхдийн гоёлын даашинз болон хослол 100 000-300 000, эмэгтэй гоёлын даашинз дунджаар 300 000, гоёлын шаахай 300 000-500 000 төгрөгийн үнэтэй байна. “Гранд плаза” худалдааны төвийн худалдагч “Монголчууд жил ирэх бүр шинэ жилийн баярыг нүсэр тэмдэглэж, хэт гоёмсог хувцаслахаас татгалздаг болжээ. Ялангуяа бүсгүйчүүд ажил хэрэгч хослол, нимгэн ноолууран даашинзаар шинэ жилийн үдэшлэгт гоёх нь нэмэгдсэн. Манайд чанар сайтай хослол 300 000 төгрөгөөс дээш үнэтэй, Хятад, Италийн нимгэн ноолууран даашинз 300 000-500 000 төгрөгийн ханштай байна. Харин эрчүүдийн хослолыг 300 000-800 000 төгрөгөөр борлуулж буй” хэмээн ярив. Харин III, IV хороолол, Гандангийн дэнж хавийн дэлгүүрүүдэд гоёлын даашинз, эрэгтэй хослол, хүүхдийн хувцсыг 100 000 гаруй төгрөгөөр худалдан авч ч болохоор байна.
Баярын өдрүүдээр айлууд зоогийн ширээ засах, хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авахад багагүй зардал гаргадаг. Ялангуяа “нийслэл” салат, бууз, бялуу, жимс, шарсан тахиа зэргийг бид сонгож, зооглох нь түгээмэл. Тэгвэл энэ жил хиам 500 граммтай нь дунджаар 15 000, майонез 500 грамм нь 10 000, шилтэй өргөст хэмх 6000-10 000, төмс, сонгино кг нь 2500-3500, лууван болон байцай 3000-4000, өндөг 500-680 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийн энэ үеийнхээс хүнсний ногооны ханш бараг хоёр дахин, бусад бүтээгдэхүүнийх 30-50 хувиар өссөн дүн юм. Мөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар хөлдөөсөн бууз 0.9-1 кг-тай нь 15 000-25 000, үхрийн ястай мах 22 000-23 000, ясгүй нь дунджаар 25 000, хонины мах 14 000-16 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс бэлэн бууз болон махны үнэ 20-30 хувиар өссөн дүн гэдгийг нийслэлийн Статистикийн газрынхан мэдээлжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнийн талаар Чингэлтэй дүүргийн иргэн Б.Уранцэцэг “Хүнсний үнэ тогтмол өсдөг шүү дээ. Ялангуяа арваннэгдүгээр сараас “Цагаан сар”-ыг дуустал худалдаачин бүр өөр, өөрийн ханш тогтоож бүтээгдэхүүнээ зардаг нь нууц биш. Мах, махан бүтээгдэхүүний үнэ их өсжээ. 2-3 жилийн өмнө 500 граммын савлагаатай хиам 10 000 төгрөг л байсан санагдана. Одоо дунджаар 15 000, том үйлдвэрийнх бол 20 000 төгрөгөөс давжээ. Бас жимс өдийд үнэ нь өсдөг. Алим, бэрсүүт жүрж кг нь 10 000, усан үзэм 18 000 орчим төгрөгийн үнэтэй байна лээ. Өргөст хэмх, улаан лоолийг кг-ыг нь 10 000 төгрөгөөр зарж байна. Энэ бол бас л өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн л дүн. Манайх дөрвөн ам бүлтэй. Энэ жил шинэ хүнээ өлгийдөн авсан учраас шинэ гацуур авахаас эхлүүлэн тун их ач холбогдол өгч байгаа. Гацуурын үнэ харилцан адилгүй боловч хоёр жилийн өмнө гадна талбайд борлуулдаг гацуур дунджаар 50 000 төгрөг байсан бол өдгөө 100 000, томоохон худалдааны төвд 400 000-1 000 000 төгрөгийн үнэтэй байна” хэмээн ярив.
Шинэ жилийн баярын үеийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн бол бялуу. Бялуу, нарийн боов хийдэг томоохон үйлдвэр гэлтгүй жижиг цех, “гар урчууд”-ын бялууны захиалга өдийд дуусан, зөвхөн шинэ жилийн баярын холбогдолтой үг бичиж, чимэглэсэн, “масс” үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн борлуулж эхэлдэг. Бялууны үнэ нь хэмжээ, орц, үзэмж, хаана үйлдвэрлэсэн зэргээсээ шалтгаалж өөр өөр байгаа юм. Тухайлбал, “Жүр үр” компанийнх 35 000-80 000, “Tous les jours”-ийнх хэмжээ нь жижиг ч, багадаа 60 000 төгрөгийн үнэтэй байна. Ер нь бялууны дундаж үнэ 45 000 төгрөг гэж ойлгож болох бөгөөд энэ нь 2024 оны арванхоёрдугаар сарынхаас 5000-10 000-аар өссөн дүн. Үүнээс гадна оргилуун дарс хямдыг нь 12 000-15 000, үнэтэйг нь дунджаар 30 000, түүнээс дээш төгрөгөөр борлуулж буй нь жилийн өмнөхтэй харьцуулахад мөн л нэмэгдсэн дүн болжээ. Ингээд дөрвөн ам бүлтэй нэг айл шинэ жилийн баярын ширээгээ засахад хэдэн төгрөг болохыг барагцаалан гаргая.
Магадгүй идээний дээж болгож нэг шил дотоодын архи, эсвэл импортын дарсыг 30 000 төгрөгөөр худалдан авна гэж тооцлоо. Ингээд 4-8 хүнд зориулсан ширээ засаж, бууз, салат хийхэд нийт 370 000-400 000 төгрөгийн зардал гаргах нь. Тэгвэл 2020 онд нэг айл дээрх бүтээгдэхүүнүүдийг (архи, дарснаас бусад) худалдан авахад дунджаар 100 000, 2020 онд 135 000 төгрөг зарцуулсныг ҮСХ-ны тайланд дурджээ. Харин өнгөрсөн жил ойролцоогоор 200 000-250 000 төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл байна. Эндээс бид шинэ жилийн баярын хүнсний бүтээгдэхүүний зардалд таван жилийн өмнөхөөс дөрөв, жилийн хугацаанд бараг хоёр дахин өндөр үнэ төлж байгаа хэрэг.
Хэдийгээр хүнсний бүтээгдэхүүний ханш ялангуяа мах, хиам, нарийн болон хүнсний ногооны үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн ч иргэд, хамт олон, ах дүүсээрээ шинэ жилийн баярыг агаарт гарах, эсвэл үзвэр үзэх зэргээр аль болох санхүүгийн болон бусад дарамт багатай тэмдэглэн өнгөрүүлэхийг хичээж буй нь анзаарагдлаа. Ялангуяа бүсгүйчүүд өндөр үнэтэй, хэт чамин даашинз сонгохоос илүүтэй ажил хэрэгч хослол, зул сарын өнгө аяс бүхий ноосон цамц зэргээр гоёх болжээ. Өөрөөр хэлбэл, дараа нь өмсөж эдэлж болох хувцас сонгож байгаа аж. Мөн хүнс, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөнөөс олуулаа ресторанд захиалга өгч, хооллохоос татгалзаж буйг Баянгол дүүргийн “Азуми” рестораны эзэн хэлсэн. Тэрбээр “Манайх хоёр танхимдаа нийт 300 хүн хүлээн авч, үйлчилдэг. Энэ жилийн хувьд нэг хүний 200 000-400 000 төгрөгийн сонголттой меню гаргасан. Цөөнгүй захиалга авсан ч хоёр жилийн өмнөх, бүр цар тахлын өмнөх үеийнхээс шинэ жилийн баярын захиалга харьцангуй цөөрсөн. Компани, байгууллагууд Монголд нэг орой хооллоход нэг хүний багадаа 200 000 төлснөөс Хөх хот, Манжуур аялан, тав тухтай зочид буудалд 2-3 хонохыг илүүд үздэг болжээ” хэмээв.
С.Дулам