Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын болон бакалавр, магистр, докторын сургалтыг өнгөрсөн хичээлийн жилд 23 768 хүн төгссөн нь өмнөх оныхоос 13.7 хувиар буурсан дүн болохыг Боловсролын яамны статистикт мэдээлжээ. Тэр дундаа багш мэргэжлээр суралцагч цөөрч, багшлах боловсон хүчний дутагдалд улсаараа орчхоод байгаа юм. Багшлах боловсон хүчин хомсдолтой байгаа нь боловсролын салбар төдийгүй улс орны “толгойны өвчин” болсон.
Иймд Засгийн газраас 2024 онд 103 дугаар тогтоол гаргаж, “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх” журам баталсан билээ. Ингэснээр багш мэргэжлээр их, дээд сургуульд суралцагчийн төлбөрийг бүрэн чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл, багш мэргэжлийг үнэ төлбөргүй эзэмшиж буй. Гол шаардлага нь улирлын голч дүн нь 2.7-оос доошгүй байх ёстой. Хэрэв үүнийг хангахгүй бол сургалтын төлбөрийг төрөөс үргэлжлүүлэн олгохгүй, хувиасаа төлөх юм. Энэ шийдвэрийг иргэд багш мэргэжлийг үнэгүйдүүлсэн хэмээн ихэд шүүмжилсэн. Гэвч одоогийн хүүхэд, залуус багш мэргэжлийг сонирхохгүй, ялангуяа, цэцэрлэг, бага ангийн багшаар ажиллах хүсэлгүй болсон өнөө цагт ингэж л “гал алдахгүй” байхаас өөр аргагүй мэт.
МУБИС, МУИС гээд багш бэлддэг улсын сургуулийн элсэлт ч цөөрснийг албаныхан хэлдэг. Тэгвэл орон нутгийн сургуулиудад нөхцөл байдал ямар байна вэ. Орон нутгийн сургуулиуд МУИС, МУБИС-ийн харьяанд орж, ивээлд нь багтсанаар элсэгчид нэмэгдсэн үү.
ХӨДӨӨ СУРВАЛ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 50 ХУВИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ
Ховдын багшийн их сургууль 1979 онд үүдээ нээсэн түүхтэй. Өдгөө 47 жилийн хугацаанд баруун бүс төдийгүй улсын хэмжээнд олон зуун багш бэлдсэн тус сургууль 2020 онд МУИС-ийн Баруун бүсийн сургууль болж өргөжжээ. Гэвч үүнээс хойш сургуулийн удирдлага гурван ч удаа солигдож, энэ халаа сэлгээ нь санхүүгийн тогтворгүй байдалд хүргэсэн байна. Дулаан, цахилгааны болон бусад өр төлбөр нь 2.3 тэрбум төгрөгт хүрч, хүндхэн байдалд оржээ. Харин саяхнаас энэ өр төлбөрөө барагдуулж дууссанаа тус сургуулийн захирал Ц.Пүрэвсүрэн хэлсэн юм. Мөн элсэгчдийн тоо цөөрсөн нь оюутныхаа төлбөрөөр санхүүждэг сургуульд хүнд цохилт болжээ. Зарим жилд 800 орчим оюутантай байсан бол энэ хичээлийн жилд 1200 орчим хүүхэд сурч байгаа хэмээн тухайн сургуулиас мэдээлэв. Ахисан түвшин буюу магистр, докторын хөтөлбөрт 350 гаруй хүн суралцаж буй. Сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш, нийгэм, хими, биологи, математик, мэдээлэл зүй, дуу хөгжмийн багш зэрэг 12 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлдэж байна.
Энэ талаар тус сургуулийн захирал Ц.Пү рэвсүрэнгээс тодруулахад “Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр багш мэргэжлийн бүх хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн. Ингэснээр манай сургуульд багш мэргэжлээр сурч буй бүх хүүхэд үнэ төлбөргүй суралцах боломжтой болсон. Энэ нь элсэлтэд эергээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, багш мэргэжлийг магадлан итгэмжлүүлсэн их, дээд сургуульд энэ чиглэлээр 100 хувийн тэтгэлгээр сурах боломжтой. Бид үүнээс гадна эрх зүй, инженер, эдийн засаг гээд багшийн бус хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлддэг. Орон нутагт уул уурхай, инженер мэргэжилтэн эрэлттэй байгаа учраас энэ чиглэлээр боловсон хүчин бэлдэхэд анхаарч ажиллаж байна. Нийт 39 хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн 12 нь багш мэргэжлийнх. Дээд боловсролын тухай болон Боловсролын ерөнхий хуульд төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардлыг төрөөс хариуцна гэж заасан. Гэтэл сүүлийн хоёр жил манай сургуулийн тогтмол зардлыг бүрэн гүйцэд олгосонгүй. 2025 онд огт олгоогүй, 2024 онд 350 орчим сая төгрөг өгсөн. Манай сургуулийн цахилгаан, ус дулааны зардал нэг тэрбум төгрөгт хүрдэг. Хөдөөний сургуулиудад энэ мэт бэрхшээл цөөнгүй. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт орон нутгийн нэмэгдэл 20 хувийн урамшуулал олгодог. Гэтэл энэ нь их, дээд сургуулийн багш нарт хамааралгүй байгаа нь өрөөсгөл” гэв.
Мөн тэрбээр “Манай сургуулийн төгсөгчид зөвхөн баруун бүс гэхгүй, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Улаанбаатар гээд Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж байна. Багш нарынхаа цалинг дунджаар 15 хувь нэмсэн. Засгийн газрын бодлого шийдвэр, бүс нутгийг хөгжүүлэх ажлын хүрээнд орон нутагт суралцаж буй оюутны төлбөрийн 50 хувийг улсаас гаргана гэсэн боловч энэ шийдвэр бүрэн хэрэгжихгүй байгаа. Яагаад гэхээр амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур гэж заасан нь Засгийн газрын тогтоолтой зөрчилдөж байна. Үүнийг эргэн хараасай” хэмээсэн. Тус сургуулийн хэлтсийн дарга Б.Батмөнх мөн орон нутгийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж, бүс нутаг руу бодлогоо чиглүүлбэл түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулна гэдгийг дурдсан. Тэрбээр “Залуу чууд орон нутгаас Улаанбаатарт л очиж байвал аав, ээжийгээ эдийн засгийн ямар дарамтад оруулж буй, эсэхээ тооцоолдоггүй. Хотод л сайхан амьдрал байгаа мэтээр хэт өрөөсгөл ойлгодог. “Хүүхдээ орон нутагт нь сургах гээд хүч хүрсэнгүй гэж ярих эцэг, эх цөөнгүй таарч байсан” гэв.
Баруун бүсийн сургууль нь хичээлийн хоёр байртай. Багш нарынх нь 42.3 хувь нь доктор, түүнээс дээш эрдмийн зэрэг, цол хамгаалсан аж. Нийслэл болон бусад аймгаас шилжин ирж, ажиллаж буй багш нар түрээсний байрт амьдардаг байна. Гэхдээ түрээсний төлбөр хямд бөгөөд гурван өрөө байранд сард 150 мянган төгрөг төлдөг гэнэ. Харин сум болон бусад газраас ирсэн оюутнууд дотуур байранд амьдардаг. Оюутны дотуур байрыг орон нутгийн хөгжлийн сангаас 1.2 тэрбум төгрөгөөр иж бүрэн засаж буй. Мөн улсын төсвөөс 12.6 тэрбум төгрөгөөр 300 оюутны байр барьж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад оруулах юм байна. Сургалтын төлбөрийн тухайд нэг, хоёрдугаар дамжааны оюутных төв сургуулийнхтай ижил буюу 4.8 сая төгрөг аж.
Улсын хэмжээнд хими, биологи, математик, газар зүйн багшаар суралцагчийн тоо өсөхгүй, харин бага анги, цэцэрлэгийн багш, нийгмийн ухааны чиглэлээр элсэгчдийн тоо нэмэгдэж буй. Энэ дүр зураг Ховдын сургуульд ч ялгаагүй байгааг захирал нь учирласан. Олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн, багш, ажилтнууд нь тогтвор суурьшилтай ажилладаг ч багшийн орон тоо дутагдах үе бишгүй гэнэ. Ялангуяа, хими, математикийн багш тухайн сургуульд дутагдалтай.
“ОРХИГДСОН” БАГШ НАР
Тэртээ 1951 оноос Архангай аймагт багш мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Өдгөө МУБИС -ийн Архангай аймаг дахь багшийн сургууль гэж нэрлэгдэх болсон энэ сургуулийн элсэг чид мөн л цөөрчээ. “Багш мэргэжлээр суралцаж буй бакалавр болон магистрын хөтөлбөрт улсаас тэтгэлэг олгож байгаа учраас энэ жилийн хувьд элсэлт нэмэгдсэн” хэмээн тус сургуулийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн С.Алтантунгалаг хэлэв. Багшийн хомсдолыг бууруулахын тулд улсаас ийм арга хэмжээ аваагүй бол орон нутгийн сургуулиуд үүдээ барьж ч мэдэх байсныг нуугаагүй. Тэрбээр “Засгийн газрын тогтоолын дагуу шаардлага хангасан буюу элсэлтийн шалгалтад 430-аас дээш оноотой суралцагчдад Төрийн сангаас 100 хувь тэтгэлэг олгож байна. Мөн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зэрэг эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр сурч буй хүүхдүүд тэтгэлэгт хамрагдаж байгаа. Түүнчлэн тодорхой шалгуурт нийцсэн оюутнууд орон нутгийн сургуульд суралцбал суурь төлбөрийн 50 хувийн тэтгэлэг олгодог. Энэ мэт сургалтын төлбөрөөс чөлөөлсөн, хөнгөлөлт урамшуулал нь элсэгчдийн тоог нэмэхэд нөлөөлж буй. Сүүлийн хоёр жил эдгээр тэтгэлгийг олгож байгаа бөгөөд эндхийн хүүхдүүдээс гадна Улаанбаатар хотоос ирж сурч байна. Адилхан багш мэргэжлийн дипломыг МУБИС-ийн хөтөлбөрийн дагуу олгож буй учраас орон нутагтаа сурах хүсэлтэй хүүхдүүд цөөнгүй. Энэ хичээлийн жилд бакалаврын сургалтад 488 хүүхэд сурч байна. 197 хүн магистрт суралцаж байгаа. Өнгөрсөн онд 360-370 хүүхэд бакалаварт суралцсан.
Сүүлийн таван жилд элсэлт эрс цөөрсөн. 20122013 онд манай сургууль 1700 оюутантай байв. 2015 онд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо цөөрсөнтэй холбоотойгоор бараг элсэгчгүй болсон. Ердөө 70 хүүхэд сурч байсан шүү дээ. Зарим жилд 200-300 орчим оюутантай. Энэ жил өнгөрсөн оныхоос 100 оюутнаар нэмэгдсэн” хэмээн ярьсан. Гэвч нь тус сургуулийн хичээллэвэл зохих оюутны ердөө тал хувь нь.
Архангайн Багшийн сургууль бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсрол, уран зохиол, түүх нийгмийн ухааны хөтөлбөрөөр багш мэргэжилтэн бэлдэж буй юм. Мөн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнаар сурдаг оюутнууд бий. Өдгөө тус сургууль 48 багш, ажилтантай ч түүх, нийгмийн ухааны багш дутагдалтай хэвээр. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн цалин тэд нарынхаас илүү учир их, дээд сургуульд багшлах сонирхолгүй байдаг гэнэ. Хэдийгээр улсаас оюутны сургалтын төлбөрийг хөнгөлж байгаа ч багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг орхигдуулсныг тус сургуулийнхан хэлсэн. Тухайлбал, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн багш нарын хүүхдийг их, дээд сургуульд үнэгүй сургах, мөн таван жилийн болон тэтгэвэрт гарахад нь 36 сарын нэмэгдэл олгох зэргээр урамшуулдаг бол их, дээд сургуулийн багш нарт энэ хүртээлгүй байдгийг шүүмжилсэн. “Их, дээд сургууль суралцагчдын төлбөрөөр санхүүждэг тул багш нар нь өндөр цалинтай гэж нийтээрээ ойлгодог юм шиг байна лээ. Бидний цалин нийгмийн даатгалын шимтгэл төлөөд анх ажилд орж байгаа, ерөнхий боловсролын сургуулийн багш нараас 500-600 мянган төгрөгөөр бага байдаг” хэмээн С.Алтантунгалаг ярьсан.
ЭЛСЭГЧГҮЙН УЛМААС ЗАРИМ ХӨТӨЛБӨРӨӨ ЗОГСООЖЭЭ
Монгол орны зүүн хязгаар нутаг буюу Дорнод аймагт багшийн сургууль бий. Ардыг гэгээрүүлэх яамнаас 1953 онд тус аймагт “Багшийн сургууль” байгуулах шийдвэр гаргаснаар эдүгээгийн МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн суурь тавигджээ. Цагтаа зүүн бүс нутгаа багш, боловсон хүчнээр хангадаг байсан эрдмийн их өргөөнд дээрх сургуулиудын “зовлон” адил нүүрлэжээ. Энэ талаар Сургалт, оюутны хэлтсийн дарга Н.Баярмаа “10 жилийн өмнөхтэй харьцуулахад манай сургуулийн элсэлт цөөрсөн. Сүүлийн гурван жилд дунджаар 200 орчим элсэгчтэй байлаа. Магистрын хөтөлбөрт нэг улиралд 100-120 оюутан элсэж байна. Сургалтыг танхим, цахимаар зохион байгуулдаг. Газрын тосны инженерчлэл, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, нийгмийн ажилтан, бага ангийн болон сургуулийн өмнөх боловсролын багш, биеийн тамир, хятад хэлний орчуулагчийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бакалавр, магистрын хөтөлбөрт сурч байгаа элсэгчид төлбөрийн хөнгөлөлтөд хамрагддаг. Энэ нь хэдийгээр багш болон эрэлттэй мэргэжлээр сурч буй хүүхдүүдэд санхүүгийн дарамтгүй, ихээхэн дэм болж буй ч зарим нэг хөтөлбөрөө элсэгчгүйн улмаас зогсоосон. Тухайлбал, урлагийн боловсрол, аялал жуулчлал, монгол хэл, уран зохиол, гадаад хэл, англи хэл, хөгжим, зураг зүй, дизайн, мэдээлэл зүй, математикийн багшийн хөтөлбөр маань элсэгчгүй байна” гэв.
Хэдийгээр тухайн сургуулийг 2023 онд МУИСийн Зүүн бүсийн сургууль болгон, цар хүрээг нь тэлсэн ч суралцах хүүхэд жилээс жилд буурсаар байна. Мөн дадлагажигч багшийн цалин 1.3 сая төгрөгөөс эхэлдэг тул ийм бага цалингаар орон нутагт ажиллах хүн олдоггүй байгаа аж.
Энэ мэтээр орон нутагт багш бэлдэж буй сургуулиуд тэтгэлгээр л “амь зогоож” буйг салбарын яам, төр засаг анхааралдаа авна уу