Л.Оюун-Эрдэнийн алдааг Н.Учрал засна гэв. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжүүлснээр парламент дахь нийгмийн бүлгүүдийн болон намуудын төлөөллийг нэмж чадна хэмээн хуулийг өөрчлөхдөө эрх баригчид сурталчилж байлаа. Үнэхээр ч УИХ-д анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр гишүүн ажиллаж буй. Мөн эмэгтэй гишүүдийн төлөөлөл нийт бүрэлдэхүүний 25 хувьд хүрч, Азийн дундаж түвшнээс давлаа. Гэвч уг тогтолцооны саар нь сайнаасаа илүү байгаа, хүсвэл яаж ч буруугаар ашиглаж болдгийг бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд хангалттай харав. Сонгогчдын шууд саналаар бус, намын даргынхаа үзэмжээр УИХ-ын гишүүн болсон хүмүүсийн олонход үнэт зүйл, үзэл баримтлал байсангүй.
Өөрийг нь парламентын босгоор алхуулсан “ачтан”-ыхаа төлөө Үндсэн хууль зөрчих, төрийн эрхийг булаахаас ч сийхгүй “улаан хамгаалагчид”-ыг л Л.Оюун-Эрдэнэ бэлтгэсэн байж. Тухайн салбартаа мэргэшсэн байж болох ч нам, улс төрийн талаар ойлголтгүй, эрүүл ухаангүй мэт хүмүүс улс оронд ямар их хор уршиг тарьж болдгийг бид харлаа. Монгол төрийн нэр хүндийг шавхайтай хутгаж буй ёс зүйгүй, ичих нүүргүй ийм гишүүдийг дахин “төрүүлэхгүйн” тулд намын жагсаалтад тавих эрэмбэ, шалгуурыг нэмэхээ Н.Учрал гишүүддээ амлажээ. Бусад намынхан ч саналын төлөө эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй хүмүүсийг “өргөмжлөх” нь ямар хор уршигтайг ойлгож эхэлсэн гэж найдна.
ТӨРӨӨР ТОГЛОСОН “УЛААН ХАМГААЛАГЧИД”
Парламентын 126 гишүүний 48 нь жагсаалтынх. МАН-аас 18, АН-аас 16, ИЗНН, Үндэсний эвслээс тус бүр дөрөв, ХҮН намаас зургаан хүн жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон юм. Өөрөөр хэлбэл, тэд олон нийтийн шууд саналаар гишүүн болоогүй. Тухайн улс төрийн намын дарга, удирдлагын үзэмжээрээ УИХ-д оруулж ирсэн “сонгогдоогүй гишүүн” гэсэн үг.
Тэгвэл МАН-ын дарга Н.Учрал зүүн аймгуудад ажиллах үеэрээ намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзахдаа жагсаалтад гаднаас, дугаар, эрэмбэгүйгээр “дайрч” оруулдаг байдлыг халахаа амласан аж. Жагсаалтаар сонгогдсон гишүүд нь МАН-ын нэр хүндийг унагаж буй учраас цаашид санаа тавина гэсэн байна. Л.ОюунЭрдэнийг огцруулах үеэс л түүний жагсаалтаар гишүүн болгосон “хамгаалагчид”-ын дүр төрх тодорсон билээ. Илтэд өмгөөлсөн, нялуун үгсийг чуулганы танхимаас “дарга”-даа хандан урсгаж буй улс төрчдийг харахад ч хэцүүхэн байсан. А.Ариунзаяа, Э.Болормаа, О.Батнайрамдал тэргүүтэн энэ үеэс илүү тодорсон. Гэхдээ энэ бол ердөө эхлэл байж. Үнэнд гүйцэгдэн огцорсон даргынхаа “өшөөг авах”-аар тэд ажиллаж, “Засгийн газарт хуучин сайд нарыг улирааж болохгүй, шинээр сонгогдсон гишүүдээсээ сайдаар томил” гэж шаардав. Тэр нь бүтсэнгүй. Тэгмэгц МАН-ын даргын сонгуулиар улбаалан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсэг цуглуулж, акц өрнүүлсэн. Үүнд МАНаас жагсаалтаар сонгогдсон 18 гишүүний олонх нь нэгдсэн билээ. Тэдний дотроос дээр дурдсан гурваас гадна Х.Баасанжаргал, М.Мандхай, О.Саранчулуун нар гол дүрээр тодорсон юм. Тойргоос сонгогдсон ч “хамгаалагч” болсон П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяа нар бас бий. Улмаар Ерөнхий сайдыг огцруулах бүх л арга, хуулийн цоорхойг тэд ашигласан. Огцруулах саналд 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан ч чуулганаар хэлэлцэн огцруулахад 64-өөс дээш дэмжлэг хэрэгтэй байв. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гарын үсэг зурсан гишүүд нь Ерөнхий сайдыг “огцруулахгүй” гэж санал өгсөн. Улмаар “Байнгын хорооны огцруулахгүй гэсэн саналыг дэмжих томьёоллоор санал хураана” хэмээн хурал даргалагч Х.Булгантуяа зүтгэв. Үндсэн хуулийн бус томьёоллоо зүтгүүлэхдээ тэд ирц бүрдээгүй чуулганыг цаг сунгаж, маргааш нь бүртгэлээ шинэчлэлгүйгээр үргэлжлүүлсэн юм даг. Татгалзсан санал өгсөн хүмүүс Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн гэсэн үг. Мөн ирцэд бүртгүүлсэн ч өөрөө эзгүй хүмүүсийг эсрэг санал өгсөнд тооцдог. Ийм 19 хүний саналыг ашигласан нь хожим тодорхой болсон билээ. Ингээд санасандаа хүрлээ гэж бодсон ч Монгол бас ч гэж хуультай, Үндсэн хуулиа хамгаалдаг цэцтэй улс гэдгийг тэдэнд сануулсан юм. Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөнийг Цэцийн Их суудлын хуралдаанаар тогтоосны дараа тэрбээр УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорсон. Одоо ч түүнийг болон төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагаанд гол дүр бүтээсэн эрхмүүдийг хуулийн байгууллагаас шалгасаар байна.
Энэ үйл явц буюу МАН доторх талцал нь жагсаалтаар сонгох гишүүнд өндөр шалгуур тавих ёстойг эрх баригчдад ойлгуулсан биз. “Сонгоогүй гишүүд”-ийн солиотой үйлдлээс эрүүл ухаантай үлдсэн хэсэг нь жаахан ч гэсэн ухаарал авсан байх. Тиймээс ч шинэ дарга нь намынхаа анхан, дунд шатанд гурваас доошгүй жил ажилласан хүнийг л дараагийн сонгуулиар жагсаалтад багтаана гэдгийг гишүүддээ сануулсан аж.
АН, ИЗНН-ЫНХНЫ “ШҮДНИЙ ӨВЧИН”
АН-ын жагсаалтын 16 дугаарт эрэмбэлэгдэн гишүүн болсон, багш мэргэжилтэй гэх Ц.Мөнхтуяа гэдэг эмэгтэй бий. Ёс зүйгүй авир, хандлагаараа тэр энэ намын ч, жагсаалтын гишүүдийн ч нэр хүндийг унагахад хувь нэмрээ оруулж яваа хүн. АН-ын гишүүн байгаагүй, анхан, дунд шатнаас нь ажиллаагүй атлаа сонгуулийн өмнө л хэн нэгний татаасаар тус намын жагсаалтын нэлээд дээгүүрт нэрээ бичүүлэн гишүүн болсон байна. Тэрбээр өнчин хүүхдүүдэд байр авч өгөхөөр хандив цуглуулж, тэгснээ тэр мөнгөнөөс нь өөрөө “идэж”, өнөөх байрыг нь эзэмшиж байсан нь ч ил болсон. Тэгмэгц цахим хуудсандаа бусдын амь насанд заналхийлсэн пост бичиж, ямархан боловсролтой гэдгээ харуулав. АН-ын дарга байсан Л.Гантөмөр энэ эмэгтэйгээ өмөөрөөд сүйд байсан. Үе үе энэ мэтээр тэр АН-ынхны чихийг халууцуулдаг нэгэн. Харин АН-ын одоогийн дарга О.Цогтгэрэл нэг юм бодож буй биз ээ.
Тэгвэл ИЗНН-ынхны хувьд жинхэнэ “шүдний өвчин” нь М.Нарантуяа-Нара. Хэл амтай, хэрүүлч, заргач энэ эмэгтэйг дийлэх хүн ИЗНН-д алга. Намын дарга Б.Батбаатар нь даруухан нэгэн. Улс төрийн намд ажиллаж үзээгүй, бүтэц, бүрэлдэхүүнийх нь талаар ч ойлголтгүй явсан тэрбээр сонгуулийн өмнө гэнэт ИЗНН-д элсэж, тэгснээ дэд дарга нь болсон юм. Сонгуулийн үеэр хэн хэндээ хэрэгтэй, харилцан ашигтай ажиллаж, ИЗНН дахин парламентад төлөөлөлтэй болж, Нара УИХ-ын босгыг давсан. 2000 онд байгуулагдсан цагаасаа тасралтгүй дөрвөн парламентад төлөөлөлтэй байж төрийн эрх ч барилцаж явсан энэ намын нэр хүнд түүний УИХ-ын гишүүн болох мөрөөдлийг биелүүлэхэд тусалсан. Гэвч дараа нь тэрбээр “Би л энэ намыг парламентад суудалтай болгосон” хэмээн ярьж, дур зоргоороо аашилж эхлэв. Л.Оюун-Эрдэнийн “хөлсний цэрэг” болсноо тэрбээр 2025 оны улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэс илчилсэн юм. Өсвөр насны хүүхдүүдэд үзвэр үзүүлэх эрхийн бичиг өгөхөд 18.3 тэрбум төгрөг төсөвлөх нь зөв хэмээн өмөөрч эхэлсэн. Дараа нь Г.Занданшатарыг огцруулах ажиллагаанд гардан оролцов. Түүнийг тэрбум төгрөгөөр саналаа зарсан гэсэн мэдээлэл ч гарч буй. Санал хураахаас 2-3-хан хоногийн өмнө амаржсан хэдий ч аравдугаар сарын 16-ны пүрэв гаргийн үдээс өмнө ажилдаа ирж, ирцээ бүртгүүлчхээд явсан нь мөнгө ямар хүчтэйг харуулна. Ирцээ бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй бол эсрэг өгсөнд тооцогддог. Чухам тэр эсрэг санал нь 1980-аад оныхны бүлэглэлд хэрэгтэй байлаа. Одоо Нара тэрбум төгрөгөө үрээд, амаржсаны амралтаа эдэлж буй.
ХҮН нам, Үндэсний эвслийн тухайд хаа очиж харьцангуй эрүүл, тулхтай хүмүүстэй. Эрх баригч, том хүчин болсон гэж мөрөөддөг Т.Доржханд дарга нь л ХҮН намын нэр хүндийг унагаж яваа “сонгоогүй гишүүн” юм. Эрх мэдэл, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ тэр нотолсон. Шадар сайд болсон тэрбээр эрчим хүчний реформ хийнэ хэмээсэн ч үнэ нэмснээс өөр зүйл амжуулсангүй. Тэгсэн атлаа “Би улс төрөөс явчихвал хэн ажил хийх юм” хэмээн мэдэгдэж, олон нийтийг бүр л эгдүүцүүлээд буй. Өөрийгөө магтдаг, өөд нь шиддэг нарциссист шинж түүнд байдаг аж. Энэ сайдыг огцруулах санаачилгыг сөрөг хүчнийхэн гаргаад буй.
“УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээх Үндсэн хуулийн заалтыг үнэгүйдүүлж, нам доторх бүлэглэлийн эрх ашиг, мөнгөний төлөө сүнсээ ч худалдахаас сийхгүй хүмүүсийг жагсаалтад багтаасан гунигт жишээ энэ парламентаар дуусаг. Намын дарга нар эдгээр явдлаас сургамж авч, дараагийн удаа жагсаалтад эрэмбэлэх хүмүүст улс төрийн туршлага, мэдлэгээс гадна ёс зүй, сэтгэцийн эрүүл мэндийн хатуухан шалгуур тавьдаг болох хэрэгтэй. Учир нь жагсаалтаар хэнийг сонгохыг иргэд хянаж чадахгүй. Тухайн намын дарга, удирдлага л эл шалгуурыг өсгөх эрхтэй юм.