Шог зургийг С.Цогтбаяр
“Мега төсөл” гэх хоосон хийсвэр, уран зөгнөлт ертөнцийг эрх мэдэлтнүүд өөрсдөдөө зориулан бүтээж, ямар ч хамаагүй аргаар олон нийтийг түүндээ итгүүлэн үнэмшүүлэх гэж улайрсан төр засагтайгаа хамт монголчууд “Мета” компанийн бүрэн эрхшээлд орчихлоо. Ямар ард түмэн байна, тийм төр за саг бүрэлдэнэ гэдэгчлэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээг ашиглан улс төрчид, эрх мэ дэлтнүүд тархи угаах пропаганда хийдэг Зохио мол хүлээн зөвшөөрөгдөлтийн онол өнөөгийн манай улсад жинхэнэ утгаараа биеллээ олж байх шиг. “Datareportal”-аас гаргасан мэдээллээс үзэхэд 2025 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улс дахь сошиал медиа идэвхтэй хэрэглэгч (олонх нь фэйсбүүк)-ийн тоо 2.7 сая давж, гурван жилийн өмнөхөөс даруй 400 мянгаар нэмэгджээ.
Түүнчлэн улсынхаа нийт хүн амаас хол илүү буюу 5.1 сая хэрэглэгч үүрэн холбооны идэвхтэй гишүүн, интернэт ашигладаг 2.9 сая хүнтэй, онлайн хандалтын түвшнээр 83 хувьд хүрч, бусад улс орныг тоосоороо булсан дижитал Монгол болов. “Мета”-гийн өөрсдийнх нь гаргасан статистик мэдээллээс харахад Монгол Улс дахь фэйсбүүк сурталчилгааны боломжит хүртээмж 2024 оны эхнээс 2025 оны нэгдүгээр сарын хооронд 11 хувь буюу 280 мянгаар өссөн гэнэ.
Үндсэн хуульд зааснаар бол Монгол Улс парламентын засаглалтай, ардчилсан орон. Харин өнөөдөр хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх болон шүүх эрх мэдэл, Ерөнхийлөгчийн институцийг бүгдийг нь нийгмийн сүлжээ засаглаж байна гэхэд хилсдэхгүй. Төр засгаасаа эхлээд ард иргэд нь нам, үзэл бодол, шашин шүтлэг үл хамааран, нийгмийн сошиалд орсныг харахаар нөлөө нь бурхнаас ч хүчтэй мэт. Өдөр тутмын ажил, амьдралаас авхуулаад аливаа хэрэг явдал, өнө холын бодлого, зорилт, шийдвэр бүхнээ гагц “түүнээс” асууж, зүг мөрөө гаргадаг болсон нь төрт улсын эмгэнэл юм. Монгол Улсын иргэн эрх зүйт төрдөө, хууль ёс, шударга шүүхэд итгэхээс илүүтэй хоосон, хийсвэр сошиал орчноос аврал эрж, өөрийн нэр төр, хувь хүний эмзэг мэдээллээрээ дэнчин тавиад сүүлчийн горь найдвараа “нисгэн”, өндрийг авхуулж байж асуудлаа шийдүүлэх шаардлагатай болов.
ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ, ИНСТИТУЦИЙН ЗАДРАЛД ХӨТЛӨХ ВИЙ
Төрийн бодлого, шийдвэр, албан мэдэгдэл тавилттай шууд дамжуулалт (лайв)-аар олон нийтэд хүрч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, дарга нарын хариуцлага нийгмийн сүлжээн дэх эзэнгүй хоосон орон зайд шүүгдэж, ард иргэдийн оролцоог үл мэдэх тролл хаягуудын “эрхий гозойлгох” төдийхнөөр хэмждэг болсон нь өнөөгийн бодит дүр зураг. Төр засаг иргэддээ ойртож байна гэх нэрийн дор сошиал орчинд бууриа зассан нь шударга, нээлттэй, ардчилсан засаглал хийгээд бодит хариуцлагыг биднээс улам бүр бүдгэрүүлэн холдуулж, нийгмийг хиймэл оролцоонд дасгасан нь үнэн. Хамгийн сүүлийн жишээгээр, эрчим хүчний салбарын хүндрэлтэй нөхцөл байдлыг мэдсээр байж асуудлыг эртхэн хөндөж, шийдэл яриагүй Б.Чойжилсүрэн сайдад хариуцлага тооцох тухайд шийдвэр гаргавал зохих институц нь эргэж буцан дүлэгнэсээр эцэст нь сошиалынхны таалалд нийцүүлсхийгээд орхисон. Өдөр өдрийн трэнд сэдвийг хугацаа алдахгүй шуурхай шүү дэг нийгмийн сүлжээнийхэн тэртээ тэргүй шинэ дуулианаар өмнөх сэдвээ хэрэгсэхгүй болгон хаадаг учраас төр засаг бодит хяналт, үүрэг хариуцлагаас амархан мултардаг.
Монголд өнөөдөр зөвхөн хууль тогтоогчид, гүйцэтгэх засаглалынхан ч биш, шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хүртэл сошиал орчныг даган намирдаг болсон нь гутамшигтай. Аливаа нэг гэмт хэргийн мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж, түрүүлж чанга дуугаар хашхирсан нь хууль хяналтынхны анхааралд илүү өртөж, шүүхийн шийдвэрээс өмнө олон нийтийн бухимдал, хандлага альхан талдаа давамгай байгаагаар хэрхэх нь тогтдог болов. Гэтэл шүүх засаглалын үндсэн зарчим бол бие даасан, хараат бус байдал, нууцлал, нотлох баримтад тулгуурлах явдал. Сошиал орчинд зоргоороо бусдыг шүүдэг олон нийтийн сэтгэл хөдлөл, анхаарал татах гэсэн арга тактикаас шал өмнөө асуудал. Томчуудын эрх ашигт халтай нэг асуудал сөхөгдвөл өөр дуулианаар дарахын тулд зарим ноцтой хэргийг хэрэгтэй цагт нь “хар хайрцаг”-наасаа гаргаж ирдэг муу аргад цагдаагийнхан илт гаршаад буй.
Төрийн хуулийг сахиулан мөрдүүлэх үүрэгтэй цагдаагийнхан Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлийн төсөв мөнгийг нэн хэрэгцээтэй ажил, арга хэмжээнд зарцуулахаас илүүтэй хэлбэр хөөсөн, гоё сайхан царайтай залуусаар ямар ч агуулгагүй богино видео хийлгэж, байгууллагынхаа сошиал хаягийн хандалтыг өсгөхөд зориулдаг болсон нь нууц биш. Тэд хэрэгтэй гэж үзсэн мэдээллээ олон нийтийн сүлжээнд нийтэлж, иргэдийг бухимдуулан талцуулж, сошиалаар ял оноолгуулснаар шүүх олон нийтийн сэтгэл зүйд баригдах эрсдэл үүсэхээс гадна шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх, гэм буруугүй байх зарчим алдагдахад хүрдэг. Нийгмийн сүлжээ буюу олон нийтийн сэтгэл хөдлөлд захирагдсан ийм засаглал нь эрх зүйт төрийн уналт, хууль ёсны гажуудал, институцийн задралын шинж гэдэг юм билээ.
ОРОЛЦОО, ХАРИУЦЛАГААС ЗУГТАГСДЫН “ДИВААЖИН”
Төлөөллийн ардчилал, иргэний оролцоо гэдгийг өнөө хэр манайхан бүрэн дүүрэн ойлгоогүй гэлтэй. Нийгмийн сүлжээнд түгсэн өдөр өдрийн сенсаацыг манайхан цаг алдахгүй олоод үзчихдэг, шүүдэг хэрнээ өөрсдийнхөө ажил, амьдралд хэрэгтэй зүйлд бодит оролцоогоо огт хангадаггүй гэмтэй. Улс төрчид, эрх мэдэлтнүүдийн шударга бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл доор ганц нэг сэтгэгдэл бичиж, бухимдлаа илэрхийлснээр оролцоотой иргэн болчихно гэвэл том эндүүрэл. Ядаж улиралдаа ганц болдог Иргэдийн нийтийн хуралдаа сууж, нийслэл, дүүрэг, хорооноос нь тухайн жилд ямар ажил, арга хэмжээ төлөвлөснийг анхаарч хардаг байх учиртай юм. Төсвийн хөрөнгө оруулалт буюу та бидний төлсөн татварын мөнгөөр хаана, юу хийх гэж буйг асуудаг, хянадаг, шалгадаг, шаардлагатай бол шат шатанд нь эсэргүүцлээ илэрхийлдэг байхаас иргэний оролцоо эхэлнэ.
Нийгмийн сүлжээ хэмээх хиймэл ертөнцөд та хэчнээн оролцоотой байгаад ч аквариумны загас гэсэн үг. Эзнийхээ өгсөн “хоолоор” голоо зогоож, зааж өгсөн “нутаг дэвсгэрт” нь хал балгүйхэн, таг дуугүй аж төрөх ёстой. Эрх баригчид “Эдийн засаг сэргэсэн” гэж чанга дуугаар хашхирвал цуурайг нь даган аялгуулж, түмэнд түгээх журамт үүрэгтэй нийгмийн сүлжээний бүхэл бүтэн арми Монголд бий. Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатарын утаа буурсан” гэж гоцлон дуулбал түүнийг нь нэгэн зэрэг түрэн дагах ёстой “улс төрийн их найрал” Улаанбаатарт бүрэлдэн хөгжөөд удав. Монголчууд сошиалд өдөрт дунджаар 6-8 цаг зарцуулж байгаа хэрнээ ямар ч үүрэг хариуцлага, үр дагавар яригдахгүй, бодит оролцоогүй тул тэсрэлт, өөрчлөлт ч гарахгүй байна. Гашуун үнэн, бодит амьдрал, гарцаагүй нөхцөл байдалтай нүүр тулахаас зугтагсдын уур бухимдлыг сатааруулагч аквариум нь нийгмийн сүлжээ учраас урагшгүй улсын унхиагүй иргэн байснаас “сошиалын харьяат” болж тоглох нь сэтгэл ханамж өгдөг байж ч болох. Тэнд алдаа гаргавал сошиал хаягаа блоклох, эсвэл хакердуулсан байна гээд л гүйцээ. Харин бодит амьдралд алдаа гаргавал зайлшгүй засах ёстой болно, хариуцлагаас зугтахад төвөгтэй.
Сошиалыг дагаж намирсан “сохор номингууд” ямар нэг сенсаац, аллага, хүчирхийлэл, хулгай луйвар, гэмт хэргийн мэдээлэлд машид хөхин баясдаг, уралдаж түгээдэг хэрнээ өөрсдөдөө тустай зүйлд болохоор цаг зав гаргана аа гонж. Фэйсбүүк дээр хөврөх элдэв мэдээллийг түрүүлж олж уншсанаараа тухайн хүний мэдлэг тэлж, тэр өдрийн ажил үйлс нь бүтдэг бол өөр хэрэг. Эзэн холбогдогчгүй хоосон орон зайд уур бухимдлаа гаргаснаар амьдрал ахуй нь дээшилдэг сэн бол манай нийгэм өдийд хөгжил цэнгэлийн манлайд хүрэхээр л хугацаа өнгөрсөн.
ИНДОНЕЗ ЖОЛООЧИЙН ЖИШЭЭ
Хүн амынхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог Индонез улсын Бали арал нь ердөө 5780 ам км талбайг эзлэх нутаг дэвсгэр дээрээ 4.5 сая оршин суугчаа багтааж шингээхийн зэрэгцээ өдөр тутам хэдэн арван мянган жуулчин хү лээж авдаг их хөлийн газар. Индонезийн 280 сая хүний дотроос “шигшигдэн”, аялал жуулчлалаараа дэлхийд тэргүүлдэг Бали аралд төвхнөж, амьдрал ахуйгаа залгуулна гэдэг асар өндөр шалгуурын ард л олддог ховор боломж учраас тэндхийн оршин суугчид туйлын хариуцлагатай, найрсаг гэж жигтэйхэн. Зөвхөн өнгөрсөн Шинэ жилийн баярын өдрүүдэд гэхэд л Бали арал тив тивийн хоёр сая гаруй жуулчин хүлээж авсан гэнэ.
Эдийн засгийнх нь 80 орчим хувийг аялал жуулчлал дангаараа бүрдүүлдэг учраас үйлчилгээний газруудын угтагч, зөөгч, тогооч, үйлч лэгч, худалдагч, түгээгч, жолоочоос авхуулаад нутгийн иргэд нь ч жуулчдаас хэрхэн мөнгө салгахаа мэднэ. Хамгийн онцлууштай нь, тэнд хүн бүр хийж байгаа ажилдаа бүрэн төвлөрч, чин сэтгэлээсээ хандана. Хувийн унаагаараа жуулчдад үзэсгэлэнт арлаа танилцуулж яваа жолооч гэхэд л хөтөч, зурагчин, зохион байгуулагчийн үүргийг өдөржин давхар гүйцэтгэхдээ ер түүртэхгүй, инээгээд л, алга хавсран залбираад л байх. “Дөрвөн хүүхдээ, гэр бүлээ авч явахын тулд хойш суух эрхгүй. Ажил олдож л байвал сайн” гээд өдөр бүр 10 цагийн аялалд гарахдаа шинэ эрч хүчээр ажлаа эхлүүлдэг гэсэн.
Дэлхийд зартай контент болох “Physical Asia” шоунд аман хүзүүдсэн гэдгээрээ Бали аралд очсон монголчууд индонез хүмүүстэй яриа өдөх оролдлого хийгээд хэдэнтээ бүтэлгүйтсэн тухайгаа өөр зуураа ярьцгаасан билээ. Манай аяллын жолооч Кушак ч бас тэр шоунд өөрийнх нь орны тамирчид оролцсоныг ч мэдээгүй байсан бөгөөд интернэт, датаг ажлынхаа хэрэгсэл төдийгөөр л ашиглахаас биш, монголчууд бидэн шиг хоногийн 24 цагт дэлгэц ширтээд, утасны цаанаас улсаа хөгжүүлэхээр тэмцээд байдаггүй бололтой. Завгүй ажилтай учраас илүү цагаа сошиалд зарцуулахын оронд гэр бүлдээ, найзууддаа, байгальд бясалгал, мөргөл хийхэд зориулдаг юм билээ. Тэндхийнхний жишгээр жолооч нар нь хүртэл бали, индонез, англи гурван хэлээр ярина. Ингэхэд 4700 ам км нутаг дэвсгэртэй, 1.6 сая хүн аж төрдөг, жилд хоёр сая жуулчин хүлээж авах “мега мөрөөдөлтэй” манай Улаанбаатар хотод албан болон албан бусаар такси үйлчилгээнд явдаг жолооч нарын маань хэч нээн хувь нь англиар ярьдаг билээ.
Л.Аргамжин