Баян-Өлзий аймгийн Алтай сумын нутаг Ёлын сав газар
Наурызын буюу казах түмний Нарны баяр нөгөөдөр болно. Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсынхаа нэг эд эс болсон 140 мянга шахам казах түмэн маань уламжлалт Нарны баяраа ёс заншлынхаа дагуу, өргөн дэлгэр, аз жаргал дүүрэн тэмдэглэж, хүндэт аксакал нараа хоймортоо залж, элбэг дэлбэг байхын бэлгэдэл дастраханаа амтат идээ, будаагаараа дүүргэн, ахмад настнууддаа гараа дэлгэн золгох биз ээ. Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшилд казах түмний оруулсан хувь нэмэр асар их. Тэдний нэг Жилхибайн Камештай гуайн тухай дор өгүүлнэ.
Баян-Өлгий аймгийн Алтай сумд Ёлтын сав газар хэмээх байгалийн үзэсгэлэн цөм бүрдсэн нэгэн нутаг бий. Уул, нуруу нь ойгоор бүрхэгдэж, өвс ногоо нь дөрөө шүргэн ургаж, араатан, жигүүртэн айх аюулгүй хөлхсөн, амь тэтгэх рашаан ус хоржигнон урсаж, ховор эмийн ургамлаар нь мал, амьтан нь идээшлэн байдаг энэ нутаг бол газрын диваажин. Ёлт, Сонгинот гол нь Эрчис мөрний эх бөлгөө. Унаган төрхийг нь өнөө болтол хадгалан ирсэн энэ нутаг байгалийн аялал жуулчлалын нэг гол бүс болох нигууртай. Үзэсгэлэн төгс энэ нутаг хилийн цаана үлдэж “Өвөг дээдсийн минь газар шороо байсан юм” гээд санаа алдан, алсаас харан зогсож ч мэдэхээр байсан юм шүү.
Аймаг, хошуудын хилийн зааг, дөрвөн улиралд дураараа нүүж ирсэн нутаг ус, малын бэлчээрээ овоо, тэмдгээр тамгалж, Цагаан хэрэмнээс нааш бидний газар шороо хэмээн хэдэн мянган жил амьдарч ирсэн билээ, монголчууд. Гэсэн ч хаяа багтвал бууж, хамар багтвал иднэ гэх уужим сэтгэл, нүүдэлч ахуй, уламжлалаасаа ч болсон биз, цаг төрийн үймээн самуун, их гүрнүүдийн тулгалт, дээрэнгүй бодлогоос ч үүдсэн нь лавтай, газар нутаг маань хаана хаанаасаа хумигдсаар иржээ. Хөнжилдөө унтах завгүй хөөцөлдөн байлдсан дэлхийн дайн самуун намжиж, урд хөрштэй тогтоосон найрсаг харилцааны он жилүүдэд хил хязгаараа баталгаажуулан тогтоох гэсэн тухайн үеийн төр, засгийн удирдагчдын мэргэн бодлогын үр дүнд 1962 оны арванхоёрдугаар сарын 28-нд Бээжин хотод Ю.Цэдэнбал, Жоу Эньлай нар хоёр улсын хил тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Хил тогтоохоос өмнө манай эрх бүхий байгууллагынхан хөдөө орон нутгаар явж, нутгийн иргэдийг аль болох урагш, өвөг дээдэс, аав, ээжийнхээ нутагт нүүж очихыг даалгажээ. Гэсэн ч нүүснээсээ нүүлгээгүй нь олон байж. Тэр үед Чирууш багаат омгийн Жилхибайн Камештай гуайнх Алтай сумынхаа ойролцоо, энэ хавьдаа зусна гэсэн яриатай байсан гэдэг. Нэг өдөр сумын дарга нар айл айлаар бууж, “Удахгүй Монгол, Хятадын албаны хүмүүс улсын хил тогтоох ажлаар ирнэ. Танайх урагш нүүж, Ёлтод буу” хэмээжээ.
1905 онд Баян-Өлгий аймгийн Сагсай сумд төрсөн Ж.Камештай багадаа эцэг, эхээсээ өнчирч, нагац, хамаатан садангуудынхаараа дамжин амьдарсаар эр биед хүрсэн байна. Өрх толгойлох насанд хүрсэн түүнд нагац нь гэр барьж, цөөн мал таслан өгч, гэр бүлтэй болгожээ. Багаасаа адуу малд дуртай тэрбээр нагацынхаа адууг маллаж, сүүлдээ тууварчин болж, Орос руу 500 гаруй адуу хүргэж өгч байсан удаатай. Нэгдэлжих хөдөлгөөн орон даяар өрнөж, 1956 онд Буянт сумд байгуулсан “Жаргалын зам” нэгдлийн анхны гишүүн болсон аж. 1959 онд Буянтын газар нутгийг хувааж, Алтай сум байгуулжээ. Ж.Камештай тус сумын иргэн, “Ялалтын оргил” нэгдлийн анхны гишүүн болов. Тэрбээр үг дуу цөөнтэй, ажилд махруу, нутаг усныхандаа хүндлэгдсэн нэгэн байсан гэдэг.
1961 онд тэднийхийг өвөлжөөндөө байх үед сумаас нь хүмүүс ирж, ахлагч байсан түүнийг сууриа нүүлгэн, Ёлтод зусахыг даалгажээ. Тэр нутгийг мэдэх ч өмнө нь зусаж байгаагүй тул эхлээд эргэлзэж. Гэтэл эхнэр нь “Сумын дарга нар даалгавар өгсөн тул ямартай ч нүүе” гэж хэлсэн гэнэ. Ингээд гэрийн гадна байсан ганц ат, амьтан ах дүүгээсээ тэмээгээ авч ачаалан нүүжээ. Энэ тухай Ж.Камештай гуайн бага хүү, Баян-Өлгий аймгийн Цэргийн хэлтсийн даргаар 20 гаруй, аймгийн Ахмадын хорооны даргаар олон жил ажилласан, хурандаа, Үйлчилгээний гавьяат ажилтан К.Сүйениш ийн хуучлав.
-Би дөрвөн хүү, дөрвөн охинтой айлын хамгийн бага нь. Тэр үед долоодугаар ангийн сурагч, сургууль амарч таараад гэртээ байв. Аавын нэг дүү эхнэр, нялх хоёр хүүхэдтэйгээ манайд ирсэн байсан. Сумаас өгсөн үүргийн дагуу туслах малчныхтайгаа хамт Ёлт руу нүүсэн юм даг. Туслах малчных маань ам бүл тавуул, бага насны гурван хүүхэдтэй. Би малаа явган тууж, томхон шиг хүүхдүүд тэмээнд ачаалсан авдарт сууж, багачуудыг аав, ээж мориор авч явсан. Бид 100 шахам км-т байх тэр газар луу дөрөв хоног явж, Ёлтын даваагаар даван хавцлын цаад үзүүрт хүрч буулаа. Манайхны буусан газарт монголчууд нутаглаж байсныг гэрчлэх, том мод ухаж хийсэн, мал усалдаг нэг онгоц байсан. Холгүйхэн Хятадын хилийн суман харагддаг. 1950-иад оноос хойш энд малчид нутаглаагүй юм гэнэ лээ. Хятадын хилтэй ойрхон, могой ихтэй газар байж л дээ. Бас баавгайтай, дээр үед тэнд нутаглаж байсан айлын хот руу баавгай орж, баахан малыг нь барьсан гэж ярьдаг байсан.
Малчдад хэлсэн л байлгүй, гэхдээ манайхнаас өөр айл очсонгүй. Харин давааны эхэнд 10 шахам айл буусан байсан гэсэн. Буугаад хоёр хонож байтал уулын хавцал өгсөөд нэг онгоц нисэж өнгөрлөө. Онгоц гэж мэдэх ч тийм чанга дуутай, том гэдгийг нь хараагүй тул бүгд л “Юу болох нь вэ” гээд их айсан. Энэ явдлаас хэд хоногийн дараа Хятадын хилийн сумангийн болон манай Даяангийн заставын офицер, цэргүүд манайхаар буулаа. Ээж гарч, тэднийг “Гэрт орж цай, хоол ид” гэсэнд хятадууд орсонгүй, манай хилийнхэн бууж цайлсан. Дарга нь хил тогтоож яваа тухайгаа ярилаа. Ингээд манайхан тэнд зусаад, буцаж нүүсэн. Сүүлд нь сонсох нь ээ, манай дээгүүр нисэж өнгөрсөн онгоцонд хил тогтоох комиссынхон сууж явсан юм билээ. Тэгээд Ёлтод Алтай сумын малчид зусаж байна, энэ бол яах аргагүй Монголын нутаг гэжээ. Ингэж тэр сайхан нутаг харийн болчихолгүй үлдсэн юм билээ. Ёлтын өвс ногоо гэж хачин сайхан, өндөр ургана гэж жигтэйхэн. Өвсөн дотроос нь хонь, ямаа харагдахгүй шүү дээ. Морьтой хүний өвдгөөр татдаг байсан юм даг. Энэ явдлаас хойш Ёлтод хэдэн жил айл буугаагүй гэсэн. Сүүлдээ давааны өврөөс хадлан хаддаг, Ёлтоос мод бэлтгэдэг болсон. Алтай сумын 60 жилийн ойгоор 2019 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарч, аавын минь дурсгалд зориулж, Ёлтын сав газарт хүндэтгэлийн самбар босгосон юм.
Нэг харамсалтай юм болсон нь манай Алтай сумын Даваатын гуравдугаар бригадын урианхай, казах айлуудыг бас нүү гэсэн юм билээ. Гэтэл тэр бригадынхнаас нэг ч айл яваагүй юм байж. Тэгээд тэдний очиж буух ёстой байсан Хурамтын давааны сав газар уул ус, мод, бэлчээртэйгээ харийн нутагт харьяалагдах болсон юм даа. Ташрамд дурдахад, К.Сүйениш гуай Улаанбаатар хотод цэргийн сургуулийг Сүхбаатарын нэрэмжит цалинтай, онц төгсөж Хужирбуланд байрлах танкийн баталионы улс төрийн орлогчоор томилогдон ажиллажээ. Хоёр жил ажиллаж байсан түүнийг 1969 оны намар Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсийн даргаар шилжүүлсэн аж. Дэслэгч цолтойдоо Цэргийн хэлтсийн дарга болсон тэрбээр хурандаа цол хүртэтлээ 20 жил дээрх албыг хашсан юм. Цэргийн тэтгэвэрт гарч, хоршоо байгуулан, явган хүний болон авто зам тавин ажиллаж байсан түүнийг 1992 оны наймдугаар сараас тус аймгийн Засаг дарга санал тавьж, Ахмадын хорооны даргаар ажиллуулжээ. К.Сүйениш гуай Ахмадын хорооны даргаар 21 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан байна. Тэрбээр одоо 10 хүүхэд, ач, зээтэйгээ энх тунх аж төрж сууна.
Д.Заяабат