Бөхийн төрлүүдийн спортод Батцэцэг нэртэй тамирчин олон бий. Энэ удаа Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Цог-Очирын Батцэцэгийг онцлов. Жүдо бөхийн улсын гурван удаагийн аварга, самбо бөхийн Азийн аварга, кураш, жиү жицүгийн цэнхэр бүсний ангиллын дэлхийн аварга, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин тэрбээр улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд цөөнгүй гаргасан. Түүн шиг бөхийн таван төрөлд тив, дэлхийн аварга болсон тамирчин одоогоор алга. Үүгээрээ жингийнхээ бөхчүүдийн хамгийн хүчтэй өрсөлдөгч. “Ханжоу-2022” Азийн наадмын кураш бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглож, эх орондоо хүрэл медальтай ирсэн тэрбээр “Жакарта-2018” Азийн наадмын самбо бөхийн барилдаанд мөн хүрэл медалийн төлөө хүч сорьж, шагналын тавцанд зогссон билээ. Азийн наадмын хошой хүрэл медальтнаас бөхийн олон төрлөөр хэрхэн хичээллэж, амжилт гаргасан түүхээ сонирхуулаач гэхэд “Бөхийн төрлүүдээр улсдаа барилдахад нэг их ялгаа байдаггүй юм. Харин гадаадын тэмцээнд шилдгүүдтэй хүч сорихдоо арга барилынх нь онцлог, техникийн ялгааг олж хардаг. Амархан бууж өгдөггүй дайчин, шийдэмгий зан минь намайг амжилтад хөтөлсөн гэж боддог. Тамирчин хүн өөртөө итгэлтэй, өөдрөг бодолтой, өндөр сэтгэл зүйтэй байж зорилгодоо хүрнэ. Ингэхийн тулд сахилга бат, ёс зүйтэй байж, бэлтгэлээ чанартай хийх ёстой. Олны итгэлийг алдахгүй дааж явах нэг талаар амаргүй хариуцлага даа” хэмээснээр бидний яриа өрнөсөн юм.
СПОРТЫН ГАРААГАА ЖИҮ ЖИЦҮГЭЭР ЭХЛҮҮЛСЭН НЬ
Спортын талбараас түүний хүртсэн медалийн олонх нь алт. Тамирчдад үнэ цэнтэй ирдэг шагналын нэг. Тэрбээр бөхийн спортод үеийнхнээсээ хожуу хөл тавьсан болохоор өрсөлдөгчдөөсөө эмээж, сандардаггүй нь тэмцээний үед анзаарагддаг. Өөртөө чадна гэж хэлээд дэвжээнд гардаг итгэл, найдвар нь аварга болох замд хөтөлсөн ч байж болох. Бэлтгэлээ сайтар базаасан тамирчинд ийм итгэл төрдгийг бөхийн төрлүүдийн тэмцээн сурвалжлахдаа олж харсан юм. Амжилт бүхэн түүнд амархан ирээгүй. Богино хугацаанд хэрхэн хөдөлмөрлөж, хичээснийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй биз ээ.
Спортын гараагаа жиү жицүгээр эхэлж, самбо, жүдогоор үргэлжлүүлэн хичээллэхдээ тэрбээр 28 настай байлаа. Тамирчдын зодог тайлдаг насанд спортод хөл тавьсан нь тухайн үед ойр дотнынхоо олон хүнийг гайхшируулсан гэдэг. Тэрбээр эцэг, эхээс долуулаа. Түүнийг спорт сонирхож эхлэх үед эгч нь чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин байв. Аав, ээж нь нэг өдөр “Эгч чинь одоо ид барилдаж байна. Чи давхар хичээллэх хэрэггүй. Тэгээд ч амьдралын боломж хүрэлцэхгүй. Нэг гэр бүлээс хоёр нь спортоор замнахад багагүй санхүү зарцуулна шүү дээ” гэснээр тэгсхийгээд орхижээ. Хүүхэд байхаасаа дуртай спортоо бодож олон жил явсан тэрбээр их сургуулиа төгсөж, ажил, амьдралын замд хөл тавив. Хожим охин, хүүтэй болж тэднийгээ бие даах хэмжээнд хүрэхэд ажлынхаа хажуугаар спортод зав гаргах болжээ.
“Таныг бөхийн спорт юугаараа соронз шиг татчихав аа” гэхэд “Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор долоо хоногт гурван удаа МУБИС-ийн зааланд жиү жицүгийн бэлтгэл хийдэг болсон. АНУ-д 2014 онд болсон жиү, жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор явахдаа амжилт гаргахаас илүү тус улсыг үзэх зорилготой байв. Анхны тэмцээн тул туршлага дутаж, хүрэл медалиас мултарлаа. Надад тэр үед “Энэ спортоор тууштай хичээллэвэл дэлхийн аварга болж болох юм байна” гэдэг итгэл төрж билээ. Гадаадын шилдгүүдийн барилдаанаас олон зүйлийг ойлгож, цаашид амжилт гаргах боломж байгааг олж харсан. Завтай үедээ бэлтгэл хийдэг надад ажлаасаа гарчхаж болдоггүй тийм л амаргүй үе байлаа. Тэр үед хүүхдүүдийг минь хэн тэжээх билээ гэж бодоод эхэндээ сонирхлоороо барилддаг байв. 2017 оноос ажлаасаа гарч, өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг болсноор ур чадвараа ахиулсан юм. Тамирчин хүнийг амжилтад хүрэхэд өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна дасгалжуулагч багшийн ухаан, бэлтгэл хамт хийдэг нөхдийн хүрээлэл чухал. Тэдэнгүйгээр амжилтад хүрэх амаргүй шүү дээ” гэв.
“ЖАКАРТА-2018” АЗИЙН НААДМААС ЭХ ОРОНДОО ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ ИРЭВ
Бүсгүйчүүд бөхийн төрлүүдээр сонирхож хичээллэдэг ч тамирчны амьдралаар тууштай замнах нь цөөн. Тэвчээр гаргасан нь амжилтад хүрдгийг тэрбээр бэлтгэл хийсэн эхний өдрөөсөө ойлгосон гэдэг. Түүний аав, ээж Увс аймгийн Тэс сумын уугуул. Хоёулаа бөхийн удамтай. Ах, дүүс нь нутагтаа бяр, чадлаараа гайхагддаг. Тэднээс барилдсан болгон нь аймгийн цол хүртдэг байна. Түүнийг дэвжээнд зодоглохоос өмнө ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, аав нь яг барилдаж эхэлсэн тэр жил нь хүндээр өвдсөн аж. 2015 онд эмэгтэй дүүтэйгээ аавыгаа асран, эмнэлэгт ээлжилж сахих өдрүүдэд жүдо, жиү, жицүгийн УАШТ болж таарав. Охиноо хоёр ч тэмцээнд түрүүлж, улсын аваргаар шалгарахад аав нь ихэд баярлаж, алтан медалийг нь зүүгээд зургаа даруулсан нь мартагдахааргүй дурсамж үлдээжээ. Аавдаа сэтгэл зовнисон хүнд үедээ хи чээж оролцоод хүртсэн хоёр медальдаа их хайртай. Үүнээс хойш аавынхаа нэрийг дуудуулж, дэлхийн болон олон улсын тэмцээнд түрүүлсэн бахархам мөч түүнд олон бий.
Жүдогийн шигшээ багт нэг хэсэг барилдсан тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д 2015 онд анх түрүүлж, 2016, 2017 онд хориотой мэх хийж торгуулан тэмцээнээ өндөрлүүлэхдээ бусдаас илүү хөдөлмөрлөж байж, дахин түрүүлэхийг сайтар ойлгов. Бэлтгэлийн цагаа сунгаж, өдөрт гурван удаа сургуулилалт хийдэг болсноор 2018, 2019 онд УАШТ-д түрүүлжээ. Үндэсний шигшээ багт багтана гэдэг 30 насны босго давсан түүний хувьд ховорхон тохиох боломж байв. 2019 оноос хойш Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) бөхийн өөр төрлөөр барилдсан тамирчдын эрхийг нь хасаж эхлэхэд тэрбээр самбо бөхийн ДАШТ-д хүч сорихоор шигшээ багаас гарсан аж.
Түүний хувьд 2018 он шагналын хуртай онцгой жил байв. Тэр жил амжилт нь эрс сайжран, хилийн дээс алхаж, гадаадын тэмцээний ихэнхээс нь медаль гардав. Дотооддоо бөхийн таван төрөлд түрүүлж, самбо бөхийн “Дэлхийн цом”ын хоёр ч тэмцээнд аваргаар тодорч, шилдэг техниктэй тамирчнаар шалгарсан. Монголд болсон Азийн АШТ-д тэргүүлэн “Жакарта-2018” Азийн наадамд оролцож, хүрэл медаль хүртэв. Тухайн жил түүний гаргасан амжилтыг үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнажээ.
АЛДАРТ БӨХ МАРИНА МОХНАТКИНАГ ЯЛЖ, БАГТАА ХОЖИЛ АВЧИРЧЭЭ
Самбо бөх ОХУ-ын үндэсний спорт. Анатолий Харлампиев самбо бөхийг үндэслэгч. Хойд хөршийнхөн түүний нэрэмжит тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Москвад 2019 онд болсон Анатолий Харлампиевийн нэрэмжит “Дэлхийн цом”-ын тэмцээнд Казахстаны тамирч ныг хожиж түрүүлэв. Өмнөх жил нь Оросын бөхийг ялж, алтан медаль хүртсэн юм. Тэрбээр дасгалжуулагч Д.Энхболдын шавь нарынх нь нэг. Өндөр шаардлагатай, зарчимч зантай түүний удирдлагад бэлтгэл хийхээр 2016 оны өвөл жүдогийн УАШТ-ий өмнөхөн очжээ. Тэр үед “Увс нуур“ дэвжээнийхэн МУБИС-ийн зааланд бэлтгэл хийдэг байв. Сүүлд нэрээ “Хурд” бөхийн дэвжээ болгон өөрчилснөөр өөрийн гэсэн бэлтгэлийн танхимтай болсон. Бөхийн спортод тууштай, бас тэвчээртэй урагшилсан нь амжилтад хүрдэг. Гэхдээ цалин, мөнгөгүй бэлтгэл хийх нь тамирчдад хэцүү. Барилдахаа болиод ажил хийе гээд бодож байхад нь багш нь “Спортоос болих амархан. Жаахан тэсчих” гэж зөвлөсний үр дүнд өнөөгийн амжилтуудыг гаргасан байна.
Шил дарсан олон тэмцээнд тамирчдаас гэмтээгүй үлдсэн нь ховор л байдаг. Бэртэл авч, болих талаар бодож байсан уу гэхэд “Миний хувьд хэзээ ч шантарч байгаагүй. Харин бэлтгэлээ хурдан хийх сэн гэж яардаг. Би тамир чин болсноо хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэж боддог. Алдаа, оноотой ч гэсэн миний амьдралдаа хийсэн зөв сонголт бол бөхийн спорт. Тамирчин хүн байнга суралцаж байж өрсөлдөгчөө ялна. Гадаадын тэмцээнд оролцох бүрдээ шинээр нэг зүйл мэдэж авдаг. Харснаа эх орондоо хэрэгжүүлэх эрмэлзэлтэй ирэх сайхан. Ялсан ч, ялагдсан ч өрсөлдөгчөөсөө алдаа, оноог нь харж, туршлага хуримтлуулахыг хичээдэг. Өрсөлдөгчөө дутуу үнэлж, хожигдсон тохиолдол надад бий. 2017 онд жүдогийн УАШТ-д эхний тойрогт шинэ охинтой таарав. Дэвжээнд гараад шууд тонгорч, базари үнэлгээ авлаа. Эхний барилдаан юм чинь жаахан барилдаан хийж, халах юм бодоод худлаа даралтаа алдаж, босгоод дахин тонгорох гэтэл толгойгоороо газар унаж хожигдсоноо мартдаггүй. Өрсөлдөгчийнхөө нэр алдартай нь бус, өөртэй нь барилдах чухал гэдгийг сануулсан барилдаан ч бас байдаг. Монголд 2018 онд болсон ”Мазаалай” “Дэлхийн цом”-ын багийн АШТ-д байлдааны самбогоос гадна спорт самбо бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр гурван жинд манай тамирчид оролцсон. ОХУ-ын багийнхантай манайхан хоёр удаа барилдах боломж гарч, би самбо бөхийн дэлхийн долоон удаагийн аварга Марина Мохнаткинатай барилдсан. Тэр тэмцээнд түүнийг хоёр удаа хожих сайхан байлаа. Манайхан багаараа мөнгөн медальтай гардсан. Бөхчүүд өрсөлдөгчийнхөө онцлогт тааруулж, тактик боловсруулдаг. Миний дархан мэх тонгорох, этэх. Сүүлийн үед сууж үүрэх болсон. Тухайн бөхийн барилдах онцлогийг харж, алийг нь хийхээ шийддэг. БНСУ-ын Чонжү хотод 2019 онд болсон ДАШТ-д ОХУ-ын бөхөд шүүгчийн буруу шүүлтээс ялагдаж, хүрэл медаль хүртсэн. 2020 онд цар тахал олон улсад дэгдсэн тул манайхан ямар ч тэмцээнд оролцоогүй. 2021 онд болсон ДАШТ-д жин өгсөж барилдаад мөн хүрэл медаль зүүсэн дээ” хэмээн өгүүлсэн.
НЭР НЭГТНҮҮД НЭГНИЙХЭЭ АМЖИЛТЫГ СУДАЛДАГ
“Тантай ярилцаад байвал сонин зүйл их сонсох бололтой юм. Дахиад ч спортын өөр төрлөөр хичээллэдэг гэж ярих юм биш байгаа” хэмээхэд “Усан спортоор хичээллэх дуртай ч зав гардаггүй болохоор сэлж амждаггүй. Сүү лийн үед сагсан бөмбөгөөр хичээллэх хүсэлтэй болоод байгаа. Надад амралтын өдөр гэж байдаггүй. Хагас, бүтэн сайнд ч бэлтгэлээ хийдэг. Хааяа нэг амарсан үедээ гэртээ хоол хийж, хүүхдүүдийнхээ хувцсыг угааж байтал өдөр өнгөрдөг. Охин минь волейбол, хүү сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт багтсан. Ээжийн хувьд хүүхдүүдийнхээ сонирхлыг дэмжиж, өөрийн чадах зүйлээр тусалдаг. Энэ ташрамд, залуу тамирчдад “Спортоор тууштай хичээллэж, ирээдүйгээ бүтээгээрэй. Залуу нас дахиад олдохгүй тул хүсэн мөрөөдөж буй зүйлдээ цаг, зав гаргах хэрэгтэй. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандана гэдэг амжилт гаргах эхлэл байдаг юм шүү” гэж зөвлөсөн.
Нэр нэгтэй тамирчидтай ярилцах надад сонирхолтой санагддаг. Тэд таны адил бөхийн спортод амжилт гаргаж, алдарт хэдийн хүр чээ. Амжилтад хэрхэн хүрснийг нь та ч гэсэн сонирхож судалдаг уу гэхэд “Өнөө цагт тамирчдын ур чадвар өндөр болсон тул нэр нэгтнүүдийнхээ амжилтаас судлалгүй яах вэ. Бөхийн спортод Батцэцэг нэртэй олон тамирчин бий. Хүмүүс хааяа андуурах гээд байхаар нь би жүдо, самбо бөхөөр хичээллэдэг Батцэцэг нь шүү” гэдэг. Ямар ч тэмцээнд зодоглосон өрсөлдөгчид нь чанга учраа байдаг. Бүгд улсаа төлөөлж оролцдог тул шилдэг нь байх гэж тэмүүлнэ. “Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадам сонирхолтой, өрсөлдөөнтэй болсныг монголчууд зурагтаар үзэн, тамирчдаа хэрхэн амжилт гаргахыг харж, хэдэн өдөр огшсон нь саяхан мэт санагдана. Түүний хувьд тэмцээн эхлэхээс өмнө жин их хассан. Кураш бөхийн төрөлд оролцсон багийнхнаас хэн нь ч медаль хүртээгүй тул түүнд өрсөлдөгчдөө заавал ялах хүндхэн хариуцлага ирсэн юм. Тухайн үед Монголын кураш бөхийн дэлхийн хошой аварга медалиас атгах, эсвэл гар хоосон нутаг буцах, эсэх нь үзэгчдэд тун сонирхолтой байсан болов уу. Шөвгийн дөрөвт үлдэж медаль шүүрдэг болохоор хожигдох эрхгүй. Хэсгийн аваргын төлөө барилдах түүнд амаргүй байсан ч хүрэл медальтай эх орондоо очихоор хичээснээ тэнд харуулсан. Түүний жинд 13 тамирчин өрсөлдөв. Барилдаан эхлэхэд БНСУ-ын Ан Ес Үлийг тонгорох мэхээр цэвэр ялж, Тайваны Ли Ван Тинтэй цаг дуустал барилдав. Эхэлж торгуулаад цаг дуусахад нэг минут дутуу байхад этэх мэхээр үнэлгээ авсан. Түүнд дахиж торгуулах эрх байхгүй тул өөрт байгаа бүхнээ шавхан гаргасан даа. Ан Ес Үл жиндээ маш хүчтэй өрсөлдөгч. Сайн ч барилддаг. Тэрбээр Ц.Батцэцэгт хожигд чихоод уйлж байлаа. Ли Ван Тин хурдтай, их хөдөлгөөнтэй. Түүнийг сууж үүрэх мэхээр буулгаж авснаар Азийн наадмын хошой хүрэл медалийн эзэн болсон билээ.
Тамирчид нэгнээсээ суралцдаг давуу талтай. Тивийн шилдгүүдээс хэнийх нь зан чанар, сэтгэл зүй, ур чадвар сэтгэлд тань мартагдахааргүй хоногшиж үлдэв гэхэд “Ямар ч тамирчин ялахын төлөө дэвжээнд гардаг. Хэрвээ түрүүлсэн тамирчинтай дахин таарвал заавал ялахыг хичээнэ. Надтай таарсан тамирчид гэхээсээ илүү Францын тамирчин, жүдо бөхийн ДАШТ, Токиогийн олимпын аварга Клариссе Агбененугийн зан чанар, сэтгэл зүй гайхалтай санагддаг. Тэрбээр 2016 онд Рио-де-Жанейро хотод болсон олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байв. Мөн Японы жүдо бөхийн тамир чин, Токиогийн олимпын алтан медальт ах, дүү болох Абэ Хифүми, Абэ Үта нарын ур чадвар, амжилтаар бахархах дуртай. Ханжоу хот миний амьдрал бас нэгэн сайхан дурсамж үлдээсэн шүү” хэмээн дурссан юм.