“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудангийн хаяг үүсгэн хятадуудыг залилахыг завдсан Д.Олонбаярт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ял шийтгэлээ. Тэрбээр 2024 оны нэгдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд БНХАУын худалдан авагчдад “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө” гэж амлан 300 000-500 000 ам.доллар авахаар тохиролцсон байж. Нийслэлийн прокурорын газраас Д.Олонбаярт Эрүүгийн хуулийн 17.32.2 дахь хэсгийн “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад ноцтой хохирол учруулан залилан мэхэлсэн”, 26.1-1-ийн “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, сүлжээнд нэвтэрсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүх үүнийг хянан хэлэлцээд уг хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая төгрөгөөр торгох ял оноов. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХКиас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасны дагуу олборлосон нүүрсээ зөвхөн Монголын хөрөнгийн биржээр ил тод, нээлттэй арилжаалж байгаа бөгөөд ам нөхцөлтэй гэрээ хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд харилцагч, худалдан авагч та бүхэн компанийн нэрийг ашиглан нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэх залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, “Эрдэнэс Тавантолгой” компаниас албан ёсоор тодруулах шаардлагатайг анхааруулж байна” хэмээн сэрэмжлүүлэг гаргажээ.