ДЭМБ-ын тодорхойлсноор 10-19 насыг өсвөр үе гэж үздэг. Ийм үедээ жирэмсэн болсон охид насанд хүрээгүй ээж болох уу, эсвэл үр хөндүүлэх үү гэх хэцүүхэн сонголттой нүүр тулж байна. Манай улсад жилд дунджаар 3000-4000 орчим өсвөр насны охин төрж байна. Ялангуяа 15-19 насны охидын төрөлт 1000-д 20-30 орчим байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тоон мэдээллээс харж болно. Үүний нөгөө талд үр хөндөлтийн асуудал яригдаж байдаг. Өөрөөр хэлбэл, нийт үр хөндөлтийн тодорхой хувийг насанд хүрээгүй охид эзэлж байгаа нь нуугдмал эрсдэл дагуулах болсныг эмч нар хэллээ.
Өсвөр насныхны төрөлт сүүлийн 10 жилд төдийлөн буурахгүй, тогтвортой түвшинд байгаа нь эрүүл мэндийн салбарынхан төдийгүй улсын хэмжээнд анхаарах асуудал болоод байна.
Тухайлбал, 2014-2024 онд өсвөр насны 20 164 охин хүүхэд төрүүлжээ. Тэдний 61.1 хувь буюу 12 329 нь орон нутгийнх байна. Тухайлбал, энэ хугацаанд төрөлт хамгийн олон бүртгэгдсэн нь 2018 он бөгөөд тухайн жилд 3890 охин ээж болжээ. Тэдний 1510 нь нийслэл, 2380 нь орон нутагт харьяалалтай аж. Сүүлийн гурван жилд улсын хэмжээнд өсвөр насныхны төрөлт бага зэрэг буурсан ч орон нутагт байдал сайнгүй байгааг эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар ярьсаар байна.
НИЙСЛЭЛД ҮР ХӨНДӨЛТ, ОРОН НУТАГТ ТӨРӨЛТ ӨНДӨР
Орон нутагт өсвөр насны охидын төрөлт хотынхоос даруй 1.5-2 дахин өндөр байгааг АШУҮИС-ийн Эх барихын тэнхимийн багш, доктор Б.Жаргалсайхан хэлсэн юм. Өсвөр насны охидын төрөлт, үр хөндөлтийн талаарх түүний илтгэлд дурдсанаар Баян-Өлгий, Ховд болон зүүн бүсийн аймгуудад өсвөр насны охидын төрөлт улсын дунджаас өндөр байв. Улаанбаатар хотод төрөлтийн тоо их боловч 1000 охинд ногдох харьцангуй үзүүлэлт хөдөөг бодвол бага гарчээ. Гэхдээ хотын гэр хорооллын бүсэд эл үзүүлэлт орон сууцынхаас өндөр байгаа нь орлогын ялгаа үүнд нөлөөлж буйг онцолсон. Хот, хөдөөгийн ялгаатай байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг нэрлэхдээ, орон нутагт нөхөн үржихүйн боловсрол, зөвлөгөө өгөх “Өсвөр үеийн кабинет” цөөн, мэдээлэл дутмаг, сум, багийн эмнэлгийнхэн нууц хадгалахдаа тааруу, эрт гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх хандлагатай, жирэмсэн болсон тохиолдолд хичээл завсардах, мал маллах магадлал нэмэгддэг болохыг тэрбээр онцлов. Харин хотод мэдээлэл авах боломж их боловч цахим орчинд буруу, ташаа мэдээлэлд автах, эмэгтэйчүүдийн эмнэлэг хэдий олон ч эмч, ажилтнуудын хандлага нь ээлтэй бус, үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтад өртөх эрсдэл өндөртэй байгааг дурджээ.
Манай улсад жилд дунджаар 3000 гаруй охин амаржиж буй бол 1200-1500 хүүхэд үр хөндүүлдэг байна. Үр хөндүүлэх тохиолдол Улаанбаатарт илүү өндөр буюу 60-70 хувийг эзэлж байгаа юм. Харин орон нутгийн охидын тухайд жирэмслэлт нь ихэнхдээ “төрөлт”-өөр төгсөж буйг эмч, мэргэжилтнүүд хэлсэн. Энэ нь орон нутагт охидод сонголт хийх боломж тааруу, хүн ам цөөтэй тул бусдаас ичих, үе тэнгийнхэн болон нутаг усныхан нь мэдэх вий гэхээс эмээж явсаар хүүхдээ төрүүлэхээс өөр сонголтгүй байдалд ордог аж. Эрт хүүхэд төрүүлэх нь бие махбод болон сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, өсвөр насны охидын аарцагны яс бүрэн хөгжөөгүй байдаг тул төрөлтийн хүндрэл гарах, цус багадалтад өртөх, хүүхэд дутуу төрөх зэрэг эрсдэлтэй. Хэрэв үр хөндүүлбэл үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг сөрөг нөлөө ихтэйг мэргэжилтнүүд хэлдэг. Мэдээж сургуулийн насны хүүхэд хичээлээсээ завсардахаас эхлээд ажил эрхлэх боломжгүй тул ядуурал руу хөтлөх сөрөг үр дагавартай.
Орон нутаг, тэр дундаа баруун болон зүүн аймгуудад жирэмслэлт улсын дунджаас өндөр байгааг дээр дурдсан. Иймд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нэгэн мэргэжилтнээс Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нь өсвөр насныханд зориулсан кабинет байдаг, эсэхийг лавласан юм. Тэрбээр “Манай эмнэлэг 2022 оны аравдугаар сард өсвөр насныхны кабинеттай болсон. Энэ чиглэлээр мэргэшсэн эмчтэй болсноор охид, залууст өгөх мэдээлэл, зөвлөгөө, тусламж, үйлчилгээ сайжирсан. Саяхан 15-аас дээш насны 1000 хүүхдийг хамруулан, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн талаарх мэдлэгийг нь “шалгаж” үзсэн юм. 60-аас дээш хувь нь жирэмслэлтийн талаарх ойлголт, мэдлэгтэй байсан. Багш болон найз нөхөд, сошиал орчноос мэдээллээ авдаг гэж хариулсан байна лээ. Манай аймагт өнгөрсөн онд 16-19 насны 37 охин амаржсан” гэв. Тус аймаг 91 гаруй мянган хүн амтай. Ерөнхий боловсролын долоон сургууль, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн нэг төв үйл ажиллагаа явуулдаг аж. Эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа жирэмслэлт, үр хөндөлт, гэр бүл төлөвлөлтийн талаар хүүхэд, залууст хандсан мэдээлэл, сургалтын үйл ажиллагаа дутмаг байдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн нуусангүй. Энэ нь охидын эрт жирэмслэлт, үр хөндөлт зэрэг сөрөг үр дагаварт хүргэж буйг ч үгүйсгээгүй. Тус эмнэлэгт жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн нөөц дутмаг аж. Орон нутаг төдийгүй нийслэлийн эрүүл мэндийн төвүүд бэлгэвч, ерөндөг, дааврын эм бэлдмэл зэрэг жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн гурван сарын нөөцтэй байх ёстой. Гэвч санхүүжилт хангалтгүйн улмаас нөөц нь байнга тасалддаг гэнэ. Монгол Улсыг эдийн засгийн хувьд хөгжиж буй гэж үзээд НҮБ-ын Хүн амын сангийнхан жирэмслэлтээс сэргийлэх эм бэлдмэл, хэрэгслийн санхүүжилтийг зогсоосон юм. Иймд манай улсын Засгийн газар зорилтот бүлгийн хүн амд олгох дээрх хэрэгслийн төсөв батлах шаардлагатай болсон. Гэвч энэ нь маш бага хэмжээний мөнгө буюу эрүүл мэндийн нийт зардлын ердөө 0.02-0.05 хувийг эзэлдэг гэх мэдээлэл бий. Бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх эм, тариа, хэрэгсэл өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд ийнхүү дутагдах болжээ.
“15-ААС ДООШ НАСНЫ ЖИРЭМСЛЭЛТ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ БАЙДАГ”
Насанд хүрээгүй охидын цөөнгүй нь бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас хүсээгүй хүүхдээ төрүүлдэг, үүнээс улбаатай сэтгэл зүй, бие махбодоороо хохирсон жишээ олон. Гэмт этгээдүүдэд ял шийтгэл оногдуулдаг ч хохирогчийн сэтгэл зүйн хохирлыг ихэнхдээ барагдуулж чаддаггүй. Манай улсад хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг жилд дунджаар 500-600 бүртгэгддэг. Үүний дотор 15- аас доош насны төрөлт жилд дунджаар 15-25 бүртгэгддэг бөгөөд энэ нь бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл болдог. Өөрөөр хэлбэл, 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орохыг хуулиар гэмт хэрэг гэж үздэг. Хохирогч хүүхдүүдийн 82 хувь нь гэр бүл, төрөл садан, хөршийнхөө буюу ойр тойрныхоо хүмүүсийн хүчирхийлэлд өртсөн байдгийг цагдаагийн байгууллагынхан хэлдэг. Насанд хүрээгүй охид төрсөн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагынхан цагдаагийн газарт мэдэгдэх үүрэгтэй. Цагдаагийн байгууллага ч энэ талаарх мэдээллийг байнга авдаг. Насанд хүрээгүй охид хүчирхийлэлд өртөж, жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн тохиолдол цөөнгүй тул ийн цагдаагийн байгууллагынхантай хамтарч ажилладаг юм.
Өсвөр насныхныг жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх аргын талаар Б.Жаргалсайхан эмчээс асуухад “Аймаг, сумын бүх эмнэлгийг “Өсвөр үеийн кабинет”-тай болгох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах хэрэгтэй. Хотод үр хөндөлт их байгаа тул жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг зөв ойлгуулах, үр хөндүүлж байгаа охидыг дахин жирэмслэхээс сэргийлэх нь чухал юм. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим зөвлөгөөг идэвхжүүлэх, 15-аас доош насны жирэмслэлт бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй байдаг тул гэмт хэрэг гэж үзэж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах нэгдсэн систем (referral system) хэрэгтэй. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан хамгийн сүүлийн мэдээлэл буюу 2024 оны статистикаар 15-19 насны 2750 охин амаржсаны 1700 нь орон нутгийнх байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй ээжүүдийн 61.8 хувь нь хөдөө амьдарч буй юм. Иймд орон нутгийн охидыг эрт жирэмслэхээс хамгаалах ажлыг бодлогын хэмжээнд өрнүүлэх шаардлагатай” гэв.
Өсвөр үеийн жирэмслэлтийг бууруулахын тулд улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон арга хэмжээ авч, бодлого боловсруулдаг. Тухайлбал, Нидерланд өсвөр үеийн жирэмслэлтийн түвшнээр дэлхийд хамгийн багад ордог байна. Тус улс бэлгийн боловсролын талаарх мэдлэгийг хүүхдүүдэд бүр цэцэрлэгт байхаас нь ойлгуулж, насанд нь тохирсон хэлбэрээр мэдээлэл өгдөг нь эерэг үр дүнд хүргэжээ. Жишээлбэл, бие махбодын хил хязгаар, харилцаа, хүндэтгэлийн талаар ойлгуулж, бэлгийн харилцааг нууцлахаас илүү амьдралын нэгээхэн хэсэг гэж тайлбарлан, эцэг, эхчүүд нь хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаг аж. Өсвөр насныхан нь шаардлагатай үедээ жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, зөвлөгөөг хэн нэгнээс айж эмээхгүйгээр авч чаддаг байна. Европын зөвлөлөөс гаргасан “Дотуур хувцасны дүрэм” хөтөлбөрийг цэцэрлэгүүдэд өргөнөөр ашигладаг аж. Өөрөөр хэлбэл, дотуур хувцсаар далдалсан хэсэгт хэн ч хүрэх эрхгүй, мөн бусдын тэр хэсэгт хүрч болохгүй гэдгийг багаасаа ойлгочихсон, хэн нэгэн өөрт нь таагүй мэдрэмж төрүүлбэл эсэргүүцэх, “үгүй” гэж хэлж сурсан байдаг нь ирээдүйн олон эрсдэлээс хамгаалдаг гэнэ.