- Хамгийн олон сурагчтай сургуульд 205.4 сая төгрөгийн санхүүжилт олгожээ -
Боловсролын ерөнхий хуулийг баталснаар улсын сургууль, цэ цэрлэг анх удаа хүүхдийн эрх, хамгааллын үйл ажиллагаанд зориулсан тусгай төсөвтэй болсон юм. Тус хуулийг 2023 онд шинэчлэн найруулж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ. Боловсролын ерөнхий хуулийн 38.1.2-т “Хүүхдийн тоо, бүлэг, дүүргэлт, хүчин чадлын ашиглалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын цахим хэрэглээ, сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, боловсролын стандарт, багш, ажилтны дундаж цалин хөлснөөс хамаарсан сургалтын үйл ажиллагааны хувьсах зард лыг улсын болон орон нутгийн төсвөөс гаргана” гэж заажээ. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлд боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын талаар тусгайлан зааж, бүх шатны сургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байхаар хууль чилсан.
Ингэснээр боловсролын байгууллагын ор чинд хүүхдийн эрх, хамгаалал зөрчигдвөл тухайн сургуулийн хүүхэд хамгааллын багийнхан хэн нэгнийг царайчлахгүйгээр зарцуулах төсөвтэй болсон гэсэн үг. Гэвч тухайн төсвийг үр дүнтэй зарцуулж буй, эсэх нь тодорхойгүй, хяналт сул байна.
Энэ хичээлийн жилд боловсролын 2437 байгууллагад 1.2 сая суралцагч суралцаж байна. Үүнээс ерөнхий боловсролын 900 сургуульд 819 мянга гаруй хүүхэд суралцаж буй. Тэдний 46.2 хувь нь бага, 35.4 хувь нь дунд, 18.4 хувь нь ахлах ангид суралцдаг аж. Харин 1399 цэцэрлэгт 258 мянга гаруй хүүхэд хамрагдаж байна. Улсын төсвөөс боловсролын салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээнд өнгөрсөн онд 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ онд 8.2 тэрбум болгож нэмжээ. Энэ талаар Боловсролын дэд сайд Д.Гантулга гуравдугаар сарын 17-нд Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн боловсролын салбар дахь хэрэгжилтийн талаар мэдээлэхдээ онцолсон юм. Тэрбээр “2025 онд хүүхэд хамгааллын зардалд зарцуулсан төсвөөс дурдвал хамгийн цөөн хүүхэдтэйд 2 000 000, хамгийн олон хүүхэдтэй цэцэрлэгт 71.8 сая төгрөг олгосон бол хамгийн цөөн сурагчтай сургуульд 3.7, хамгийн олон сурагчтайд нь 205.4 сая төгрөг хуваарилсан байна. Үүнийг аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, төлөвлөх, багш, ажилтны чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэхэд зарцуулахаар олгосон. Тухайлбал, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн 698 мянган суралцагч, 3000 гаруй багш, эцэг, эхийг урьдчилан сэргийлэх сургалтад хамруулсан” гэв.
БҮХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГ АЖИЛЛАХ ЁСТОЙ
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооноос хамаарч, хувьсах зардлын хэмжээ харилцан адилгүй. Мэдээж олон сурагчтай бол тэр хэрээр хувьсах зардлын хэмжээ өснө. Боловсролын дэд сайдын хэлснээр хамгийн ихдээ нэг сургууль жилд 205 орчим сая төгрөг хүүхэд хамгааллын зардалд авсан байна. Үүнийг зөв хуваарилж, ухаалгаар зарцуулж чадвал бага мөнгө биш. Гэвч сүүлийн үед сургуулийн хүүхдүүдийн хү мүүжил, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал хурцаар яригдах болсон. Энэ нь эцэг, эх, гэр бү лийн хүмүүжлээс гадна боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, чанар, багш нарын харилцаа, хандлагыг эргэн харах цаг болсны баталгаа юм. Хүүхдийн эрх, хамгаалал сургуулийн орчинд зөрчигдөж байхад боловсролын байгууллагын хүүхэд хамгааллын багийнхан юу хийж байв.
Улсын болон орон нутгийн өмчит сургууль, цэцэрлэгийнхэн Боловсролын сайдын 2025 онд баталсан “Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний нийтлэг шаардлага”-ыг мөрдөх үүрэгтэй. Үүнд цэцэрлэг, сургууль бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх багтай байх бөгөөд захирал, эрхлэгч нь ахлах юм. Мөн багийн бүрэлдэхүүн нь нийгмийн ажилтан, сургалтын менежер, анги удирдсан багш, эмч, сэтгэл зүйч, дотуур байрны багш, хоол зүйчээс бүрдэх аж. Гэхдээ зарим сургууль, цэцэрлэг яг ингэж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чаддаггүй. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтны орон тоо дутуу сургууль, цэцэрлэг цөөнгүй. 100 гаруй сургууль сэтгэл зүйчгүй байгаа юм. Үүний нэг нь Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургууль. Тус сургуульд сэтгэл зүйчийн орон тоо байхгүй бөгөөд нийгмийн ажилтан нь давхар хариуцаж ажилладаг байна. Захирал нь хүүхэд хамгааллын ажилд зарцуулах төсөвтэй болсондоо олзуурхаж буйгаа хэлсэн. Тэрбээр “Манай сургууль 830 сурагчтай. Нийслэлийн захын дүүрэг учраас амьдралын боломж адилгүй хүмүүс амьдардаг. Эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй хүүхдүүдээ олж тогтоох, ар гэрийнхэнтэй нь уулзаж, судлах зэргээр нийгмийн ажилтны үүрэг, оролцоо их. Хүүхэд хамгааллын баг ажлын төлөвлөгөө гаргаж, ямар зардал хаана хэрэгтэйг тодорхой болгосны үндсэнд сургуулийн санхүүгээс зардлаа гаргуулж авдаг. Он гарснаас хойш л эл төсөв тогтвортой орж ирж байна. Цаашид хувьсах зардлын хувь хэмжээг нэмэх хэрэгтэй. Сургуульд бүрд үе тэнгийн дээрэлхэлт ямар нэгэн байдлаар гардаг. Бага, дунд, их эрсдэлтэй, эсэхийг тодруулсны дараа хүүхэд, багш, эцэг, эх хамтран ажилладаг” гэв.
1000 СУРАГЧТАЙ СУРГУУЛЬ ЗУРГААН САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ АВДАГ
Сургуулийн хүүхэд хамгааллын зардлын нийт хэмжээг Засгийн газрын 2024 оны 53 дугаар тогтоолоор баталсан хувь хэмжээгээр тооцдог юм байна. Нэг суралцагчид ногдох хүү хэд хамгааллын зардал дунджаар 3045-4632 төгрөг гэх тооцоолол бий. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын баг дээрэлхэлтэд өртсөн болон үйлдсэн хүүхдүүдийн судалгааг гаргадаг. Эрсдэлд өртсөн хүүхдүүдэд тусалж, хариу арга хэмжээ авч байгаа. Бусдын биед санаатай хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан бол хууль хяналтын байгууллагынхан шалгана. Гэмтэж бэртээгүй бол хүүхэд хамгааллын багийнхан хуралдаж, шийдээд эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Хүүхэд хамгааллын зардлыг тодорхой дүнгээр хэлэх боломжгүй. Нийт хувьсах зардлын 0.3-0.4 хувийг зарцуулах ёстой. Ойролцоогоор 1000 хүүхэдтэй сургууль зургаан сая төгрөгийг хүүхэд хамгааллын ажилд зарцуулж байгаа” гэв. Гэвч түүний хэлсэн шиг сургууль бүр хүүхдийн эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл, сургалтыг тогтмол явуулдаг байсан бол үе тэнгийн дээрэлхэлт өдгөө ингэж дэлгэрэх байв уу.
Энэ сарын эхээр л гэхэд ахлах ангийн сураг чид нэг охиныг дээрэлхэж, зодсон бичлэг цахим орчинд түгсэн. Үүнд ерөнхий боловсролын 130, 21 дүгээр сургуулийн 11, 12 дугаар ангийнхан холбогдсон юм. Энэ нь ердөө мөсөн уулын орой байв. Үүний цаана маш олон хүүхэд сургуульдаа дээрэлхэлтэд өртдөг болохоо ярьж, эцэг, эх чүүд ч дуугарч эхэлсэн. Нэгнээ царай төрх, өмссөн хувцас, барьсан утас цаашлаад аав, ээжийнх нь ажил мэргэжил, амьдарч буй газар, цалин орлогоор хүртэл харьцуулан шоглох, цахим орчинд гадуурхах явдал энгийн үзэгдэл мэт болсон нь харамсалтай. Хэрэг гарахаар л шуугиад өнгөрөх биш, сургуулийн орчинд ийм бусармаг явдал гаргуулахгүй байх, хүүхдийн хүмүүжил, ёс зүйн асуудалд анхаарахгүй бол хожимдож мэдэхийг энэ мэт жишээ харуулж байна.
МЭДЭЭЛЭЛ ДУТМАГ БАЙГАА НЬ ТӨСВИЙГ ХЯНАХ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАДАГ
НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын дэмжлэгээр салбар яамдууд болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгааг 2023 онд хийжээ. Судалгаагаар гурван суралцагч тутмын нэг нь сургууль дээрээ дээрэлхэлтэд өртдөгийг тогтоосон. Түүнчлэн таван эмэгтэй суралцагч тутмын нэг, эрэгтэй долоон хүүхдийн нэг нь цахим дээрэлхэлтэд өртдөг гэх дүгнэлт гарсан байна. Анхаарал татсан өөр нэг асуудал нь хоёр сурагчийн нэг нь эцэг, эх, асран хамгаалагчид нь огт ойлгодоггүй гэсэн бол гурван хүүхдийн нэг нь эцэг, эх, асран хамгаалагчид нь сүүлийн нэг сар чөлөөт цагаараа юу хийж байгааг нь огт мэдээгүй гэж хариулжээ. Энэ бүхнээс үзэхэд сургуулийн орчинд хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн төлөвлөж, далайцтай, үр дүнтэй хэрэгжүү лэх хэрэгцээ, шаардлага бийг харуулж байна хэмээн судалгааны дүгнэлтэд дурджээ. Мөн хүүхэд хамгааллын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх болон гүйцэтгэлийг үнэлж дүгнэхэд олон нийт буюу эцэг, эх, асран хамгаалагчдыг оролцуулахад анхаарахыг зөвлөсөн юм. Сургуулийн зүгээс энэ талаарх мэдээллийг эцэг, эхчүүдэд өгдөггүй. Хүүхдийнх нь сургуульд тэднийг хамгаалах баг ажилладаг, улсаас тодорхой төсөв олгодог гэдгийг ч аав, ээжүүдийн олонх нь мэдэхгүй яваа. Мэдээлэл ийм дутмаг байгаа нь төсвийг зориулалтын дагуу ашиглаж буй, эсэхийг хянах боломжийг хязгаарлаж байна. Захирлын эрх мэдлийн хүрээнд зарцуулж буй эл төсвийг илүү нээлттэй, ид тод болгох шаардлага үүсжээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Боловсролын яамныхан сургуулийн орчинд хүүхдийн эрх, ашгийг хамгаалахад дорвитой ажил хийхгүй байгааг шүүмжилсэн. Тэрбээр “2016-2020 онд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн дөрвөн том салбарын нийт төсөв 1.8 их наяд төгрөг байсан. Харин одоо Боловсролын яам дангаараа 4.8 их наяд төгрөгийн төсөвтэй байна. Энэ мөнгөнөөс боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын зардлыг нэмэх хэрэгтэй” гэж ярив. Харин Боловсролын яам сургуулийн орчны дээрэлхэлтийг бууруулахын тулд “Аюулгүйн сулжээ” гэх үндэсний загвар хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ талаар Боловсролын сайдын зөвлөх Ц.Алтансор “Хүүхдийн дуу хоолойг сонсох, айдасгүй орчин бүрдүүлэх, багш, эцэг, эх, хамт олны оролцоог нэгтгэх зорилготой бөгөөд дээрэлхэлтийг шийтгэлээр бус, ойлголтыг өөрчлөх замаар шийдвэрлэнэ. Үүнийг сургууль, хүүхэд, эцэг, эх, үндэсний түвшинд авч хэрэгжүүлнэ” гэв. Сүржин нэртэй эл хөтөлбөр үр дүнгээ өгөх, эсэх нь эргэлзээтэй. Яам, тамгын газраас олон гоё нэртэй хөтөлбөр, төсөл хэрэгжүүлдэг ч мөнгө үрэхээс цаашгүй, хүүхдийн хүмүүжил, эрх, ашгийг хамгаалахад хувь нэмэр багатайг бэлхнээ харж байна. Хүүхэд хамгааллын санхүүжилтийг суралцагч дыг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, хорт зуршил, согтуурах, мансуурах, донтох эмгэг болон цахим орчны аливаа эрсдэлд өртөхөөс сэргийлэх зорилгоор олгож буйг дахин сануулахад илүүдэхгүй.