УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Шинэ оны босгон дээр чуулганаар УИХ-ын болон Дэгийн тухай хуулийг баталж, МАН-ын бүлгийг баталгаажуулсан. Хүчтэй сөрөг хүчин байхын тулд одоо ямар зарчмаар ажиллах вэ?
-Бүлгээ албан ёсных болсны дараа бид хуралдаж, хэрхэн ажиллахаа ярилцсан. Чуулганаар хэлэлцэж буй асуудлыг олон талаас нь ярилцаж, нягтлах, гарсан шийдвэр ард түмний амьдралд өгөөжтэй байхад анхаарч ажиллана гэж тохирсон. Сөрөг хүчин гээд л бүх зүйлийг эсэргүүцэх ёсгүй. Гарцаагүй болж бүтэхгүй зүйл дээр байр сууриа илэрхийлж, дэмжих зүйлээ дэмжиж, төрийн ажлыг шуурхай явуулах байдлаар ажиллах ёстой гэж үзсэн. Бид хамтраад ч, дангаараа ч ажилласан. Өнгөрсөн 22 жилийн түүхэнд АН, МАН хоёр өгөө, аваатай байсан.
-Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэх үүнийг өөрчлөөгүй байгаа. МАН-ын гишүүд хэзээ Байнгын хороонд харьяалалтай болох вэ?
-Ихэнх Байнгын хороонд нэг л хүний “орон тоо” бий гэсэн байна лээ. Би гайхаж байна. УИХ-ын дэгийн тухай хуулиар гишүүн гурав хүртэлх Байн гын хороонд харьяалагдаж болно. Гэтэл бид хоёр Байнгын хороонд оръё гэхэд “Зай байхгүй” гэх юм. Нэгэнт 25 гишүүнтэй том Бүлэг ажиллаж байхад Байнгын хороодын бүрэлдэхүүний асуудлыг яаралтай хэлэлцэж, зохицуулалт хийсэн нь шударга ёсонд нийцэх байх аа.
-Уг нь анх гишүүдээс санаачилсан УИХын болон дэгийн тухай хуулийн төсөлд Байнгын хороодын бүрэлдэхүүний тоог буцаагаад хуучнаар нь болгох заалт байсан. Гэвч олонхийн дэмжлэг авч чадаагүй шүү дээ.
-Уг нь нэг гишүүн хоёр хүртэлх, Засгийн газрын гишүүн нэг Байнгын хороонд харьяалагдаад явчихад асуудал гардаггүй байсан. Гэтэл айсан хүн адуу манаж, ичсэн хүн хүн ална гэдгийн үлгэрээр хандаж байна. “Нэг гишүүн гурав хүртэлх Байнгын хороонд харьяалагдаж болно” гэж өөрсдөдөө тохируулж, хүмүүсээ оруулсан. Хэдийгээр бүх л Байнгын хороо чухал ч Эдийн засаг, Төсөв гэх мэт мөнгө санхүүтэй холбоотой асуудал хэлэлцдэг рүү нь хошуурчихдаг, гарахыг хүсдэггүй. Үүнд зохицуулалт хийчихэд л болох юм шүү дээ.
-Бүлэг албан ёсных болоогүй байхад МАН-ынхан “Төр барих эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна” гэж байсан. Одоо Бүлэг албан ёсных болсон ч Байнгын хорооны бүрэлдэхүүний асуудлыг ший дээгүй болохоор тэр бүрэн эрх нь бүтэн болоогүй гэсэн үг үү?
-Ганц ганц Байнгын хороонд ороод л дуусах бололтой. Өргөдөл, гомдлын байнгын хороонд л МАН-ынхныг оруулах юм байлгүй. Бусдад нь хүмүүс чигжчихсэн, тэдгээр Байнгын хорооноос гол шийдвэр гардаг учраас МАН-аас олон хүн оруулахгүй гээд байна уу даа гэсэн бодол төрж байна.
-МАН-ын Засаг дарга нарыг батламжлахгүй ялгалаа гэх мэтээр асуудал гарч байна. МАН олонхтойгоо хэр нийцтэй ажил лах сөрөг хүчин байх бол?
-Олонх нь цөөнхөө хүндэтгэдэг байж ажил ураг шилна. Түүнээс цөөнх олонхоо дэмжинэ гэж худлаа толгой тохиод, бусад нь хүч түрээд байвал ажил явахгүй. Зөв зүйлдээ санаа нийлдэг, бурууг нь шүүмжилдэг, хянадаг байх ёстой.
-Та бүхэн Өвөрхангайгаас сонгогдсон Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргөхийг эсэргүүцэж, чуулганы үүдийг таглан суулт хийсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа АН, МАН хоёр нэг нэг суудлаар нь тохиролцож, АН-аас Г.Батхүү, МАН-аас С.Чинзориг орохоор болчихсон. Ингээд тохиролцоод шийдчих юм бол сонгууль явуулахын хэрэг байна уу гэж цөөнгүй хүн бухимдсан л даа.
-Ийм шүүмжлэл бодитой байна. Би бол хоёр нам тохиролцсон гэж сонсоогүй ч олон нийтэд тэгж харагдсан. Сонгогчидтой би санал нэг байгаа. Ер нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зүйл байна, гишүүдтэйгээ санал солилцоод үүн дээр ажиллах бодол бий. Бүх сонгуулийн дараа цагдаа, шүүх, прокурор, АТГынхныг сонгуулийн хэргээр дардаг боллоо. Үүнээс ангижирч, Ерөнхийлөгчийн хэлснээр “Ард түмний сонголт бол хаан сонголт. Түүнийг юу ч өөрчилж чадахгүй” гэсэн зарчмыг л баримтлах ёстой. Гэтэл одоо болтол зарим аймгийн Засаг даргыг батламжлаагүй байна шүү дээ. “Аймгийн Засаг даргын орлогчийг манай намаас томил” гээд асуудлыг гацаагаад байгаа нь нууц биш. Орлогчийн албан тушаалд аль намын хүн байхаас үл хамаараад ажил явдаг. Бүх зүйлийг ийм байдлаар хүч түрж шийдэж болохгүй.
-Шинэчлэлийн гаргаж байгааг шүүм жлэх хүмүүс байна. Танай Бүлэг хяналтын Ажлын хэсэг байгуулсан байна лээ. Сангийн сайд байсан хүний байр суурь бас сонин байх?
-Олон улсад Монголын нэр хүнд өслөө, эсвэл цаг хугацааны хувьд болоогүй байсан гэх мэтээр улстөрчид янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Одоо бонд гаргах нь зөв, буруу гэж ярих хэрэггүй. Өнгөрсөн зүйлээ ярих биш, урагшаа харж ажиллах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Энэ асуудлыг гуйвуулж мушгихаас илүү яавал хамгийн богино хугацаанд үүнийг үр ашигтай зарцуулах вэ, эдийн засагтаа яаж шингээх вэ гэдгээ бодох ёстой. 1.5 тэрбум долларыг Монголын эдийн засаг шингээгээд хэвийн явах уу, эдийн засгийн олон салаа мөчир хэрхэн хөндөгдөх вэ гэдгийг тооцоод, эрх баригчиддаа дэм болж ажиллана. Ерөнхий сайд энэ тухай мэдээллийг иргэддээ өгөх хэрэгтэй гэж үзсэн учраас ирэх долоо хоногийн Бүлгийн хуралдаа оролцуулахаар саналаа тавьсан.
-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын төслийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг уг төсөлд хөндсөн. Гишүүдийн санал зөрөлдөөнтэй байна лээ. Та ямар байр суурьтай байна вэ?
-Хоёр тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүү- лэн татахаар төсөлд тусгасан байна лээ. Эхнийх нь гэмт хэрэг хийж байгаад газар дээрээ баригдвал, мөн мөрдөн байцаагчийн саналаар гэсэн байна лээ. Эхнийх нь мэдээж зөв. Үйлдэл дээрээ баригдсан бол УИХ-ын гишүүн байх эсэх хамаарахгүй. Харин хоёр дахь заалтыг иргэд ойлгоход их хэцүү. Хэрэв бид энэ заалтыг дэмжихгүй бол иргэд “Гишүүд өөрсдийгөө хамгаалж байна” гэнэ. Дэмжлээ гэхэд улс төрд хэлмэгдүүлэлт бий болох боломж бүрдэнэ. Нэг мөрдөн байцаагч л “Буруутай” гээд хэлчихээд бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг нь УИХ-ын гишүүний дархлааг сулруулж байгаа юм. Хэн нэг хүн мөрдөн байцаагчтай тохиролцчих боломж манай нөхцөлд байгаа шүү дээ. Энэ талаас нь бодож, зөв шийдэл гаргах хэрэгтэй.
С.ТУУЛ