“Нэг сэдвээр” буланд энэ удаа гэр бүл салалтын асуудлыг хөндөн “Өнөөдөр” сонины Улс төр, шуурхай мэдээллийн албаны орлогч дарга Г.Оюунгэрэл, тус албаны сэтгүүлч Р.Оюунцэцэг нар ярилцлаа. Гэр бүлийн амар амгалангаас улс орны ирээдүй хамаардаг гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх байх. Тэгсэн атал энэ асуудал эзэнгүйдээд удлаа. Гэр бүлээ цуцлуулсан залуусын тоо өсөж, хамтран амьдрагч, нийлмэл гэр гэсэн шинэ нэр томъёо хүч түрэх болов. Энэ зөв хандлага мөн үү? Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Р.ОЮУНЦЭЦЭГ: СӨРӨГ МЭДЭЭЛЛЭЭС БОЛООД ЗАЛУУС ГЭР БҮЛ ЗОХИОХООС АЙДАГ БОЛСОН
-Гэр бүл салах нь ихсэж байна гэдэг. Сүүлийн үеийн тоо баримтаас яриагаа эхлэх үү?
Г.О: -Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад залуусын гэрлэх нас хожуу болсон байна. Эрэгтэйчүүд 26, эмэгтэйчүүд 24 настайдаа амьдрал зохиодог болж. Тодорхой хэмжээний боловсрол, мэдлэгтэй, ажлын байртай, санхүүгийн боломжтой болсон үедээ гэр бүл болохыг эрмэлздэгтэй энэ хандлага холбоотой байх. Түүнээс гадна нийлмэл болон холимог өрх, хамтран амьдрагч гэсэн нэр томъёо бий болж. Улсын хэмжээнд 700 мянган өрх байгаагийн 27 хувийг нийлмэл болон холимог гэр бүл эзэлж байна. 12.8 хувийг хамтран амьдрагчид эзэлдэг гэсэн статистик байх юм. Нийслэлд орон байрны асуудал бэрхшээлтэй байдгаас ихэнх залуу хос ах, эгчтэйгээ аавындаа амьдрах юм уу, нэг гэрт 2-3 гэр бүл нэг дор хамтдаа аж төрөх нь хэвийн үзэгдэл болсон. Сүүлийн хоёр жилд 45-54 насныхны гэр бүл салалт дөрөв дахин нэмэгдэж. Ерөнхийдөө 1000 гэр бүл тутмын 100 нь салж байгаа гэсэн тоо байдаг юм биш үү?
Р.О: -Гэр бүл салалтын асуудал ноцтой болоод буйг таны хэлсэн тоо баримтууд тодорхой харуулж байна. Яг шүүхээр шийдвэрлүүлээд салсан гэр бүлийн тоо баримтыг аваад үзэхээр 2012 онд өмнөх онуудтай харьцуулахад цөөрсөн байгаа юм. Тухайлбал, 2007 онд 2579, 2008 онд 2703, 2011 онд 3642 гэх мэтээр тогтмол өсөж байгаад 2012 оны эхний хагас жилд 1487 болж огцом буурч. Тэгсэн хэрнээ 30-аас доошхи насны залуусын гэр бүл салалтын тоо нэмэгдсэн байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас авсан мэдээллээр хамгийн залуу нь 21-тэй, хоёр настай хүүхэдтэй эмэгтэй нөхрөөсөө салжээ. Гэр бүл салалт ингэж залуужиж байгаа нь ноцтой биш үү?
-Яагаад гэр бүл салах болов. Тэр тусмаа залуус гэр бүлээ цуцлуулах үзэгдэл нэмэгдэж байгаа нь ямар шалтгаантай вэ?
Г.О: -1990-ээд оноос өмнө төрөөс гэр бүлд ээлтэй бодлого явуулдаг байсан юм шиг санагддаг. Ядаж л ээж, аав гэр бүлдээ цаг зарцуулах завтай, амралт чөлөөт цагаа зөв өнгөрөөдөг, амар тайван ажлаа хийж, аз жаргалтай байх нөхцөлийг төр засгаас бүрдүүлдэг байсан юм болов уу. Одоо бол тийм биш. Орон байргүй залуус олон байна. Хажуу өрөө түрээсэлж, чемодантай хувцсаа бариад, хоёр хүүхдээ дагуулан байрнаас байр хэсээд явж байгаа гэр бүл олон. Өнөөгийн залуу гэр бүлд маш олон бэрхшээл тулгардаг. Ажилтай нэг нь ар гэрээ авч явахад хүрэлцэхүйц хэмжээний хангалттай цалин хөлс авахгүй байгаа. Ажилдаа амжилт гаргах гэж хэт их улайрахаар ар гэр нь орхигддог. Залуусын нуруун дээр хэтэрхий том ачаа байгаа нь салалтын бас нэг шалтгаан. Ерөнхийдөө салалтын шалтгааны 50 орчим хувь нь эхнэр, нөхрөө хуурсан, 40-өөд хувь нь санхүүгийн бэрхшээл, янз бүрийн зөрчлөөс болдог юм байна. Мөн 20-30-аад хувьд нь гэр бүлийн хүчирхийлэл, хамт амьдардаг ах дүүгийн дарамт нөлөөлдөг гэнэ. Салсан гэр бүлийн 70-80 хувь нь 0-15 насны хүүхэдтэй байдаг нь анхаарал татмаар үзүүлэлт.
Р.О: -Бас нэг шалтгаан нь дотоодын шилжилт хөдөлгөөн. Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээс хойш залуус олноороо хөдөө орон нутгийг зорьж, эхнэрүүд нь хотод үлдэж байна. Хөдөө ажиллахаар явсан залуус өндөр цалин аваад хотод ирэхээрээ шоудах, өөр хүнтэй танилцах, эсвэл хамтран амьдрагчтай болох гээд олон янзын харилцаа үүсдэг. Эндээс гэр бүлийн харилцаанд ан цав үүсэхэд хүрдэг юм байна. Өөр нэг томоохон шалтгаан бол гадаадад ажиллах хүч гаргадаг болсноос хойш гэр бүл салах үзэгдэл нэмэгдсэн. Оюутолгой руу эрчүүдийг л явуулж байна. “Эрдэнэт” үйлдвэрийг анх бүтээн босгоход залуусыг гэр бүлээр нь ажиллуулж, амьдрах нөхцөлөөр нь хангаж байсан. Тэр үед гэр бүлийн үнэт зүйл хүчтэй, гэр бүл болох уламжлал нь ч хүмүүсийн оюун санаа, ухамсарт гүн бат байж. Ядаж л нэг насныхаа ханийг сонгоход ээж, аав нь нөгөө талын удам угсааг харж, судалж байж хүүхдүүдээ нийлүүлдэг байсан гэж ярьдаг. Одоо бол хүүхдээ хянах завтай эцэг, эх ч ховор болсон.
Г.О: -Өмнөговь аймагт 100 эрэгтэйд 34 эмэгтэй ногдож байгаа гэсэн. Уул уурхайн салбарт эмэгтэйчүүд хийх ажил байхгүй бол төрөөс бодлогоор тухайн суманд соёлын төв, чөлөөт цаг өнгөрүүлэх төв, ясли, цэцэрлэг байгуулж, орон тоо бий болгож, хүйсийн тэнцвэртэй харьцааг зохицуулах ёстой байх. Эмэгтэйчүүдийн 50 орчим хувь нь өөрөөсөө боловсролын түвшин доогуур эртэй гэр бүл болдог нь салалтын нэг том шалтгаан болж байгаа талаар гэр бүл судлаачид хэлдэг юм билээ.
-Хамтран амьдрагч байх ёстой юу. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
Г.О: -Хамтран амьдрагч болох үзэгдэл сүүлийн үед залуусын дунд хавтгайрч байгаа. Үүнд олон шалтгаан бий. Залуус гэр бүл зохиохоос, хариуцлага үүрэхээс зугтдаг болж. Үр хүүхэд гаргахгүй, хэн хэнийхээ амьдралд оролцохгүй, зарим нь хайрлаж халамжлах ч албагүй гэж байгаа шүү, бүр. Нийгэмд ийм хандлага хүрээгээ тэлж байгаа нь буруу гэж боддог. Зөвхөн биологийн хэрэгцээгээ хангахын тулд л нэг дээвэр дор амьдарна гэдэг бол эрүүл биш харилцаа. Хэзээ нэг цагт тэр хүн гэр бүлтэй болно. Өөр хүнтэй өмнө нь хамт амьдарч байсан, хариуцлага хүлээхгүй амьдраад сурчихсан хүн хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулж чадах уу. Эхнэрээ, нөхрөө халамжилж хайрлах уу, сурсан зангаараа хөндий хүйтэн байгаад байх уу. Хамтран амьдрагчдын нас эмэгтэйчүүдийн хувьд 24-28, эрэгтэйчүүдийнх 24-29 гэсэн статистик байсан. Улс орны хөгжил гэр бүлийн бат бөх байдлаас шалтгаалдаг гэж боддог. Гэр бүл тогтвортой байж ажилдаа амжилт гаргана, тэр хэрээр улс орон хөгжиж дэвжинэ. Залуус өөх ч биш, булчирхай ч биш ингэж амьдарч байгааг төр засаг дэмжих нь утгагүй шүү дээ. Энэ хандлагыг би зөв гэж бодохгүй байна.
Р.О: -Нэг талаар хамтран амьдрагч байх нь буруу биш. Гэр бүл салалтын талаарх сөрөг мэдээллүүдээс болоод залуус гэр бүл зохиохоос айдаг болсон. Монголын өнөөгийн гэр бүлд ээж, аав нь биш юм гэхэд ах, эгч нь, эсвэл хамаатных нь хэн нэгэн салсан тохиолдол түгээмэл шүү дээ. Тиймээс гэр бүл болно гэдэг ирээдүйд салалт авчирдаг гэсэн ойлголт төлөвшсөн гэж болно. Тиймээс салахгүйн тулд гэр бүлгүй, хамтран амьдрагчтай байж, чөлөөтэй амьдрахыг илүүд үзэх залуус олон болсон. Нөгөө талаар энэ нь хариуцлагаас зугтаж буй нэг хэлбэр. Цаг зав хомс, хийх ажил ихтэй болсон өнөө цагт заавал уламжлалын дагуу гэр бүл болох ёстой гэвэл бас явцуу болно. Хувь хүний л сонголт.
-Гэр бүл салахад хэн хохирдог вэ?
Р.О: -Хамгийн том золиос нь хүүхэд болдгийг ээж, аав нь төдийлэн ойшоож, хариуцлагаа ухамсарладаггүй юм шиг санагддаг. Аав, ээж нь сална гэдэг хүүхдийн хувьд тогоо хөмөрсөнтэй л адил. Хүүхэд энэ шийдвэрийг маш эмзэг тусган авч, улмаар зан төлөвт нь сөргөөр нөлөөлж, цаашилбал гудамжинд гарах, гэмт хэрэгт холбогдоход хүргэдэг. Ингэснээр ирээдүйдээ итгэлгүй, аймхай дорой нэгэн болдог байна. Зарим ээж хүүхдийн тэтгэмжийн мөнгөөр шоудаж, архи уудаг гэсэн. Энэ мэтээр хүүхдэд эд мөнгөөр үнэлэгдэхээргүй том хохирол учирч, сэтгэл нь гүн шархалдаг. Гэр бүлд зөвлөгөө өгөх төв цөөхөн ч гэсэн байдаг болсон нь давуу тал. Харамсалтай нь залуу гэр бүлүүд очихыг хүсдэггүй учраас асуудал шийдэгддэггүй, салах дээрээ тулдаг.
Г.О: -Саяхан нэг хуульчийн ярихыг сонслоо. Гэр бүл салахад хөрөнгө хуваах том асуудал гардаг юм байна. Үл хөдлөх хөрөнгө, машин гээд байгаа бүх өмчөө хуваахын тулд бөөн хэрүүл болж, нэг нэгнээ дахин харахгүй болтлоо аймшигтай муухай үгээр доромжилдог гэнэ. Шүүхийн шийдвэрээр асуудал шийдэгдэж, тодорхой хугацааны дараа хүүхэд аавтайгаа уулзах гэхээр ээж нь уулзуулдаггүй байх жишээтэй. Ер нь гэр бүл салах дээрээ тултал нэлээд юм болдог. Шүүх хүртэл эвлэрлийн гурван сарын хугацаа өгдөг шүү дээ. Гэтэл манай нгэр бүлийн таагүй уур амьсгалаа хэрхэн сэргээх талаар хэнээс зөвлөгөө авч, хаана хандахаа иргэд мэддэггүй. Монголчууд нэрэлхүү учраас үйлчлүүлж сураагүй. Манайхан сайндаа л найздаа ярьдаг, хамт архи уудаг. Нөгөөх нь “Миний найз ингэж зовж байхаар сал” гэдэг. Бидний амьдрал маш завгүй өрнөж байна, өглөө гараад орой гэртээ ирдэг. Бие биедээ, үр хүүхдэдээ анхаарал хандуулах цаг завгүй. Амралтын өдөр ч биедээ аятайхан үг хэлж цагийг өнгөрөөж чаддаггүй. Гэр бүлийн харилцаа эрүүл байх гэдэг бол хоёулангийнх нь сэтгэл, зүтгэл. Эхнэр, нөхрөө байгаагаар нь хүлээн авч, алдаатай нь хамт хайрладаг байх хэрэгтэй юм шиг санагддаг. Биенээ хүлээн зөвшөөрч, гэр бүлээ зөв авч явахыг хичээх ёстой.
-Гэр бүл салалтыг хазаарлах ямар гарц байна вэ?
Г.О: -Залуус энэ асуудалд нухацтай хандаж, ханиа зөв сонгох хэрэгтэй. Хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлээд шат шатанд нь гэр бүл төлөвлөлтийн талаар системтэй мэдлэг, мэдээлэл өгөх хэрэгтэй юм уу гэж боддог. Түүнээс гадна гэр бүлүүдэд зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх хэд хэдэн төв байгуулаасай гэж боддог. Гэр бүлийн асуудал төрийн анхаарлын төвд байх ёстой. Залуу гэр бүлийг дэмжих ёстой. Хоёр, гурван нялх хүүхэдтэй, авсан цалин нь амьдралд нь хүрдэггүй, олонх нь зээл төлдөг, өрнөөс өрний хооронд амьдарч байгаагаас бухимддаг, эхнэр нөхөртэйгөө муудалцдаг. Энэ олон ачааных нь нэг хоёрыг ч болтугай төр хөнгөлөөд өгчихвөл гэр бүл салахгүй байх нөхцөл бүрдэнэ.
Р.О: -Түүнээс гадна хүүхэд харах хүнгүй байх нь маш том асуудал. Хүүхдээсээ болоод нэг нь гэртээ сууна. Нэг хүний цалин айлын амьдралд хүрэлцэхгүй. Үүнээс болж асуудал үүсдэг. Тиймээс ядаж дүүрэг болгонд нэгээс хоёр ясли ажиллуулмаар санагддаг. Гэр бүлээрээ цагийг өнгөрөөх төв байгуулна гэдэг сайхан санаа байна. Зөвхөн төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшлийнхэн ч гэсэн санаачилга гаргаж, дэргэдээ багахан цэцэрлэг ажиллуулж яагаад болохгүй гэж. Харин ийм санаачилга гаргасан хувийн хэвшлийн байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлж, төр дэмжих ёстой.