Дээр нь хөх тэнгэр л байдаг Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг өлгийдөн авсны 21 жилийн ой нөгөөдөр тохионо. Нийгмийн бүх л харилцааг зохицуулах үндсийн үндэс болдог гол хуулиа ийнхүү дээдэлдэг учраас цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх шаардлагад УИХ тэр бүр яаран хөдөлдөггүй. Өөрчлөх ёстой гэсэн санаа их байвч сачий нь хүрэхгүй явсаар хэдэн ч Парламентын бүрэн эрх улирав. Магтаал, шүүмжлэл дагуулж, ухаан шаардах Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн УИХ хийж амжих болов уу гэсэн хүлээлт нийгэмд байна. Яг бодит байдлаар харвал намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд лав ийм асуудал байхгүй. Гишүүд ам амандаа л шинэчлэлийн тухай ярьж буйгаас биш, нэгтгэж боловсруулаад, хэлэлцүүлээд өргөн барьчихсан төсөл алга.
АИХ-ын 430 гаруй депутат 70 гаруй хоног хэлэлцэж, УБХ-аар хоёр ч удаа шүүж байж баталсан энэ хуулийг “Цаг үеийн шалгуур давсан, сайн хууль” хэмээн “өлгийдөгчид” нь тодорхойлдог. Гэвч 1992 оны анхны хувилбарт нь 1996-2000 оны Парламент нэг удаа гар хүрэхдээ байдлыг дордуулчихсаныг одоо хаа сайгүй л шүүмжилж байна. Тэр долоон өөрчлөлтөөс төрийн тогтолцоог хамгийн их хямраасныг нь хүчингүй болгох ёстой хэмээн өмнөх УИХ-ын гишүүдээс хэд хэдэн ч төсөл өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг нь шийдэхтэй зэрэгцээд л бүрэн эрх нь дууссан. “Хуяг”-тай Үндсэн хуулийг өөрчлөх зориггүй хулчгар Парламентын тоо нэгээр нэмэгдсэн. Гэхдээ энэ УИХ ядаж л суурийг нь бэлтгэж чадсанаараа гавьяатай.
Сонгуулийн чимээнд бүдгэрсэн өөрчлөлт
Өнөөдөр баталсан хуульдаа маргааш нь засвар хийдэг “гаран гаран” зарчмаар УИХ ажиллах нь бий. Харин Үндсэн хуульд ингэж хандаж болохгүй. Үүнд өөрчлөлт оруулах бол заалт бүр нь нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй хувийн дэмжлэг авах учиртай. Д.Дэмбэрэл даргатай 2008-2012 оны УИХ уг хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Үүний дагуу “эцэг” хуульд нэг өөрчлөлт оруулсан бол дахин найман жил хөндөх ёсгүй. Мэдээж дөр өвний гурвын босгыг хадгалсан. Мөн үндсэн үзэл санаа, зарчмыг өөрчлөхийг хориглосон юм. Уг хуулийг баталсны дараа Д.Энхбат тэргүүтэй 25 гишүүн “дордохын долоон” өөрчлөлтөөс хямрал дагуулсан гурван гол заалтыг цуцлах, Д.Дамба-Очир нар Эрдэнэтийг хот болгох агуулга бүхий өөр нэг төсөл өргөн барьсан. Дараа нь С.Бямбацогт нараас Парламентын гишүүний тоог 99 хүргэж нэмэх бас нэг төсөл санаачилсан. Эдгээр гурван төслийг нэгтгэн боловсруулахын тулд УИХ-ын дарга 2011 оны арваннэгдүгээр сард Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулж, УИХ-ын гишүүд, нэртэй хуульчид, эрдэмтдийн төлөөлөл оролцуулсан том Ажлын хэсэг байгуулсан юм.
Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулахдаа иргэний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, амьд явах нөхцөлийг баталгаатай бүрдүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг өргөтгөх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг оновчтой болгох, Үндсэн хуулийн хамгаалалт, хяналтыг бэхжүүлэх, Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт зэрэг асуудлаар иргэд, төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, олон нийтийн зүгээс гарч байгаа саналыг судлах үүрэг хүлээсэн. Тэд 2012 оны тавдугаар сард УИХ-д төслөө танилцуулах үүрэгтэй байлаа. Гэвч амжаагүй юм. Сонгуулийн уур амьсгал орчихсон, УИХ дахь бүлгүүд Сонгуулийн болон Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэгнээ харилцан барьцаалсан нь энэ бүтэлгүйтэлд нөлөөлөв. Уг хоёр хуулиар ард нийтийн санал асуулга явуулах саналыг АН гаргаж, МАН зөрж, эсвэл дэмжиж мунгинах зуур УИХ-ын ээлжит сонгууль ойртож, Парламентын бүрэн эрх дуусах болсон. Нэг ёсондоо сонгуулийн тоосонд уг асуудал замхарчихав. Ингээд “Дараагийн УИХ-д” гэсэн хаяг зүүгээд үлдээв.
.jpg)
Ерөнхийлөгчийн засаглал уу, хоёр танхим уу
Үндсэн хуулийг нэгмөсөн бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй, болохгүй байгаа гол заалтыг нь л шинэчилье. Ийм хоёр төрлийн байр суурь гишүүдэд бий. Эдүгээ УИХ-д төлөөлөлтэй болсон МҮАН-ынхан хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчийн засаглалтай байх тухай үндэсний онцлогоо шингээсэн Үндсэн хуулийн төс өл боловсруулснаа танилцуулж байв. УИХ-д төл өөлөлтэй болж, Засгийн эрхийг барилцаж буй тус намын энэ байр суурь нэг их өөрчл өгдөөгүй байх. Дээрээс нь АН-ынхан дунд “УИХ-ыг хоёр танхимтай болгох нь зөв” гэсэн байр суурьтай хүн мэр сэр байгаа. Засаг бариад, “бялуу”-ны амтанд ороод ирэхээр улстөрчдийн сонирхол эргэдэг юм хойно. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүйг л УИХ дотроос томилж болно хэмээх өмнөх Парламентуудын үед ярьж байсан санааг цөөнх байхдаа тэд дэмждэг байлаа. Харин олонхийг бүрдүүлж, Засгийн газар байгуулахдаа тэр тухайгаа шууд л мартчихсан. Одоо эсрэгээр цөөнх болсон МАН-ын гишүүд тэр заалтыг уухайлан дэмжиж, алдаа оноог нь шүүж сууна. Үндсэн хууль батлалцсан гиш үүдийн нэг Д.Лүндээжанцан хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ыг хоёр танхимтай болгож, Ерөнхийл өгчийг Парламентаас сонгодог болох санаа хэлсэн байна лээ.
С.ТУУЛ