-Олон жил ярьсан төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн хавар эхэлсэн ч Шинэчлэлийн Засгийн газар төслийг зогсоох шийдвэр гаргаад байгаа. Та энэ шийдвэрийг зөв, буруу аль талаас нь харж байгаа вэ?
-Монгол Улс ойрын жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний экспорт дагасан төмөр замын ачаа эргэлтийг жилд 30 сая тоннд хүргэнэ гэж байгаа. Энэ их хэмжээний бүтээгдэхүүнийг автомашинаар зөөгөөд бүтэхгүй гэдгийг өнөөгийн байдал харуулсан. Шинэ төмөр зам ачаа эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна экологийн хувьд ашигтай. Тиймээс төмөр зам байгуулах ажлаа яаралтай шийдээд, тээвэрлэлтээ тогтвортой явуулах ёстой. Гэтэл говьд барьж эхэлсэн төмөр замын бүтээн байгуулалтыг Засгийн газар өөрөө барина, чамаар хийлгэхгүй гэж хүчирхийлсээр байгаад хувийн хэвшлийнхнээс авчихлаа. Хувийнхан энэ бүтээн байгуулалтад оролцож, эрсдэлээ хариуцаж, улсын нуруунд ирэх ачааллыг нимгэлэх учиртай байсан. Барьж байгуулсныхаа дараа төр концессын гэрээ болон бусад хуулийн дагуу өөрийн мэдэлд 51 хувиа авах ёстой юм. Гэтэл төр буруу шийдвэр гаргачихлаа.
-Хувийн хэвшлийнхэн 2015 онд төмөр замаа ашиглалтад оруулна гэж байсан. Харин төслөө өөрөө гүйцэтгэхээ мэдэгдсэн төрийг хүлээвэл Монгол Улс төмөр замаа хэдийд ашиглаж эхлэх бол?
-Төрийг хүлээвэл төсөл хурдлахгүй нь ойлгомжтой. Угаасаа сүүлийн 2-3 жилийг алдчихсан шүү дээ. 2010 онд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг маргаж байж баталсан. Харин цаг хугацааны асуудлыг тов тодорхой оруулсан. Эхний ээлжинд энэ замыг ийм хугацаанд, дараа нь тэр чиглэлийг ийм хугацаанд гэх мэт. Гэсэн ч эхний объектууд цаг хугацаандаа баригдсангүй. Гэхдээ бид хугацаа нь өнгөрчихсөн гээд сууж болохгүй. Дараа нь барихаар төлөвлөсөн замаа тавиад явах ёстой юм. Яахав, сохорсон биш завшив гэгчээр хууль хэрэгжихгүй явсаар өдий хүрсний нэг давуу тал нь эхлээд урагшаа, дараа нь хойшоо, зүүн тийшээ ч юм уу тавина гэх маргааныг чухал биш болгосон. Энэ маргаан хоёр жилийн өмнө чухал байсан бол одоо техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаа нь хийгдсэн, санхүүгийн эх үүсвэр бүрдсэн төслүүд эхлээд урагшлах нь чухал болсон. Эрх зүйн орчин нь ч бүрдчихсэн. Бүтээн байгуулалтыг эхлүүлсэн хуулийн этгээд хугацаа алдвал “чамайг хүлээхгүй” гэдэг асуудлаа бодлогын бичиг баримтад маргаан үүсгэхгүйгээр хатуу заачихсан байгаа.
-Шинэчлэлийн Засгийн газар төслөө яг төдийд эхэлнэ, тийм бодлого барина гэж мэдээлэхгүй байна. Ийм тодорхойгүй нөхцөл сөрөг нөлөөлтэй биз дээ?
-Яг одоо Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажил удааширлаа. Энэ талаар тодорхой алхмууд хийх болов уу гэж харж байна. Ялангуяа МТЗ-ын захирлаар М.Энхсайхан ажилласан нь нэлээд итгэл найдвар төрүүлж байлаа. Одоо бид зөвхөн урагшаа харж ажиллах ёстой. Тавьж эхэлсэн технологийн зам маань уул уурхай дагасан баялагийг эргэлтэд оруулахад чухал нөлөөтэй гэж үзээд энэ асуудлаа нэгдүгээрт тавих учиртай. Нарийн яривал хувийн хэвшлийнхний эхлүүлсэн энэ замаас анхны хуримтлал орж ирэх ёстой. Энэ хуримтлалаар төр эдийн засгийн бусад салбар, эсвэл, нэмж барих төмөр замын асуудлаа шийдээд явах ёстой байсан. Ер нь тухайн улс эдийн засгийн субъектуудыг хэр зэрэг түргэн хугацаанд үр ашигтай холбож чадаж байна гэдгээс улс орны эдийн засгийн хөгжил их хамаардаг. Өөрөөр хэлбэл, тээврийн асуудлаа цаг үед нь тохируулж, шуурхай шийдсэн улс орны эдийн засаг түргэн хөгждөг. Манай эдийн засагт ч ийм жишээ бий. Манай тээврийн зах зээлд 1960-аад оны дундуур “ЗИЛ- 130” гэдэг машин орж ирсэн. Үүнээс өмнө бид “ЗИС-5” машин ашиглаж байсан. Энэ хоёр машины хооронд хурдын зөрүү бараг 50 гаруй хувь байв. Энэ хурд нь зорчигч тээвэр, ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлсэн. Он цагаар нь аваад үзэхэд эдийн засгийн өсөлтүүд тээврийн хурдыг нэмэгдүүлсэн цаг үетэй давхцаж байдаг юм. Тийм учраас бид яаравчлах л хэрэгтэй.
М.ЭНХСАЙХАН: Үндэслэл нотолгоотой асуудлыг ойлгохгүй
хүмүүстэй юу ярих вэ
-МТЗ компанийн захирлаар ажилласан хүнээс төмөр замын талаарх байр суурийг тань сонсох хэрэгтэй
болов уу. Өнөөдөр төмөр замын салбарт юу болоод байна вэ?
-Монгол Улс уул уурхайгаас хамааралтай болсон гэдэг ч үнэн хэрэгтээ төмөр замаас хараат эдийн засагтай болчихлоо. УБТЗ-ын ачаалал дээд цэгтээ хүрчихэж. Улс орны эдийн засаг тэлж, төмөр замын тээвэр үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн цаг үед амьдарч буйгаа бид ерөөсөө ойлгоогүй явж. Тийм учраас төмөр замын асуудлыг арай өргөн хүрээнд харах хэрэгтэй гэж үзээд хамгийн эхэнд салбарын өнөөгийн байдал, ирээдүйд олон улсын аргачлалаар дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн. Энэ салбарын талаар баримталж ирсэн бодлогод “Шинэ төмөр замын төсөл” гэх сайхан мөрөөдөл бий.
Бид энэ мөрөөдлөө хэрэгжүүлнэ гээд одоо ашиглаж байгаа хуучин төмөр замыг хөгж үүлэх ажлаа хаясан нь асар том алдаа болж. Гэхдээ мөрөөдлийн төслүүдээс хамгийн ойр үр дүнгээ өгөх нь Тавантолгойгоос урд хилийг чиглэсэн төмөр замын бүтэц барих ажил байсан. Харин Тавантолгойгоос зүүн тийшээ явсан төслүүд нь асар их мөнгө шаардсан, судалгаа нь дутуу хийгдсэн байсныг ажлаа аваад мэдсэн. Энэ төслүүдийг манайхан гаднын компаниудаар хийлгэсэн ч түншүүд нь манайхнаас мөнгө авчихаад төслөө монгол хүний мөрөөдөлд тааруулаад бичээд өгчихсөн байгаа юм. Яахав, мөрөөдөлд автаж болох ч ялангуяа өрөнд оруулчихаж ч мэдэх бондын хөрөнгө ирчихсэн энэ үед бид бодолтой хандах ёстой болсон.
-Шинэчлэлийн Засгийн газар өмнийн говьд төмөр замын ажил гүйцэтгэж байсан компаниудын гэрээг цуцлаад өөрөө барих шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гармагц төмөр замын бүтээн байгуулалтыг сонирхогчид олширсон гэж ойлгож болох уу?
-Хилийн зурвастай ойр төмөр замд төр өөрийн хяналттай байхыг би дэмждэг. Гэхдээ хувийнхантайгаа хамтрахгүйгээр, тэднийгээ өшиглөж болохгүй. Салбарын яам нь төмөр зам барих ажлыг чухалд үзэхээсээ илүү өнөө мөрөөдлийн олон төслөө хэрэгжүүлж, энд тэрийг, тэнд үүнийг барина гэж зүтгэсэн. Миний хувьд 2015 он гэхэд төмөр замаа барьчихаад Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх ажлаа эхлүүлье гэсэн байр суурьт хатуу зогссон болохоос газар сэглэж, шороо овоолохыг дэмжээгүй. Арга технологийн хувьд ч энэ бол байж болохгүй зүйл. Жишээ нь, төмөр замын далан барих ажлыг автозамын далан барих гэж байгаа юм шигээр ойлгож байна. Автозамын муу даланг машин тойроод гарч болно. Төмөр замын далан инженерийн нарийн байгууламж учраас муу далангийн тухай ойлголт огт байж болохгүй.
Энд далан барьж, төмөр зам тавина гэж шийдсэн бол ачаатай галт тэрэг өнгөрүүлж, ачаалал авсан далангийн өөрчлөлтийг ажиллагааны явцад тэгшлүүлж, дараа нь бүр олон мянган тонн ачаа тээвэрлэж, үзүүлж байж Улсын комисст хүлээлгэж өгдөг. Гэтэл ийм нарийн хяналтгүйгээр энэ тэнд далан барьж, ажил хийсэн нэрээр мөнгө дэмий үрж, шоудвал өнөө далангууд нар, салхи, бороонд элэгдээд огт хэрэгцээгүй болно шүү дээ. Дээр нь ажлын зураг энэ тэр юу ч байхгүй байхад ингэж манаргаж болохгүй. Энэ бол асар их мөнгийг үрэн таран хийх гэсэн оролдого. Жишээ татахад, 2008-2009 онд төмөр замын асуудал ид хөндөгдөж байхад хуучин ЗТБХБ-ын яам “Шинэ төмөр зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) дэлхийд зөвлөх үйлчилгээгээр тэргүүлдэг гэж байгаад гаднын “Мак Кинсей энд Компани”-аар хийлгүүлж асар их мөнгө үрж, өрөнд орж байсан.
Яг одоо энэ төслийг хэрэгжүүлэхэд гаднын олон компанийг хөлсөлж, хуулийн, техникийн, санхүүгийн зөвлөхөөр ажиллуулах нэрийн дор олон сая төгрөг төлөвлөж, их хэмжээний мөнгийг үрэн таран хийхээр зэхэж байгаа юм л даа. Энэ бүгдийг би байж болохгүй асуудал гэж эсэргүүцсэн.
-Таныг ажлаас чөлөөлөх шалтгаан төмөр замын бүтээн байгуулалтыг сонирхсон, ийш нь харц унагаж байгаа нөх өдтэй санал нийлээгүйгээс үүссэн байх нь ээ?
-Тийм, гэхдээ би үүнийг Засгийн газрын авсан арга хэмжээ гэж үзэхгүй байгаа. Цөөн хүн, Х.Баттулга, А.Гансүх нарын хүрээнд ярьсан асуудал гэж ойлгосон. Энэ бүхэн хэнд ч ойлгомжтой байгаа байх. Ямартай ч би шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай зүйл ярьсан. Өөрөө зохиочихоог үй, үндэслэл нотолгоотой асуудлыг ойлгохгүй байгаа хүмүүстэй би юу ярих вэ.
-Ажлаа өгөөд цөөнгүй хонолоо. Ойрмогхон өөрийн байр сууриа илэрхийлнэ гэсэн бодол бий юү?
-Нийгэмд, улстөрчдийн дунд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ төмөр замын асуудал хэрхэн шийдэгдэхээс Монгол Улсын цаашдын хувь заяа хамаарах учиртай.
-Шуудхан хэлэхэд Таны байр суурь, нүүдлээс Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяа ихээхэн хамааралтай болчихоод байна. М.Энхсайхан Засгийг задлах ямар нэгэн алхам хийх гэж байгаа гэж хардах хүн цөөнгүй гарч байна?
-Өнөөдөр МТЗ төрийн өмчийн компанийг М.Энхсайхан ч юм уу,өөр хэн нэгэн хүн удирдах эсэх нь надад сонин биш. Гэхдээ Засгийн газар асуудалд яаж хандахаас хамаарна. Мөн бондын мөнгийг дээр дурдсан аргаар үрэн таран хийх үү, болих уу, төмөр замын асуудлаа зөв шийдэж чадах уу, үгүй юү гэх мэт нэлээд чухал асуудлыг Шинэчлэлийн Засгийн газар хэрхэн шийдэхээс цаашдын улс төр хамаарна.
-Хувийн хэвшлүүдээс төмөр зам барих эрхээ буцааж авсан төрд шинэ төмөр замаа энэ чиглэлд ингэж, тэгж хэрэгжүүлнэ гэсэн бэлэн төсөл бий юу. Энэ талаар Танд ямар мэдээлэл байна вэ?
-Олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилтээ босгож чадах төсөл Монголд хуруу дарам байдаг юм. Бондын мөнгөнөөс нэг төслийн 30 хувийг санхүүжүүлнэ гэж ярьж байгаа. Үлдсэн 70 хувьд мөнгө босгож чадах тийм төсөл байхгүй. Хэрэгжихэд ойр, ажиллаад эхэлчихсэн төслийн нэг нь Тавантолгойгоос урагшаа явуулж байгаа төмөр замын ажил. Энэ төслийг хурдан ашиглалтад оруулах ёстой. Төсвийн хөрөнгө оруулалтыг авчихаад үрэн таран хийдэг хуучин аргаар бондын мөнгөнд хандаж болохгүй гэсэн хатуу байр суурь маань бусдад таалагдаагүй байх.
-Тантай холбоотой тушаал гарахаас нэг өдрийн өмнө Та уул уурхайн бүс нутагт нарийн царигийн зам тавих ёстой гэж мэдээлсэн гэх юм. Энэ үнэн үү?
-Манайханд вагоны дугуйг сольж болно гэсэн нэг буруу ойлголт байдаг. Жишээ нь, Эрээнд зөвхөн зорчигч тээврийн дугуйг сольдог. Бага зэргийн ачаатай чингэлэг тээврийн вагоны дугуйг сольж болно. Гэтэл нүүрс, төмрийн хүдэр ч юм уу, их хэмжээний ачаатай вагоны дугуйг солих ойлголт байхгүй. Манай уул уурхайн бүсээс тээвэрлэх ачааг нэг бүр 90 тонн ачаатай 108 ширхэг галт тэргээр зөөнө гэж тооцож байгаа. Тэр хүнд ачааг өргөдөг дэлхийн практик байхгүй. Нэгэнт дугуй сольж болохгүй, тэгээд өргөн царигаар тавих бол ачиж, буулгах асуудал үүсэх нь тодорхой. Нийт 20 сая тонн нүүрс буулгаж, ачихад ойролцоогоор 500 мянган тонн нүүрсийг тоос болгож хаядаг. Энэ бол хүн, амьтны эрүүл мэнд, экологид гамшиг дагуулах сөрөг талтай.
Нүүрс ачиж буулгах явцад шатдаг, өвөлдөө барьцалдаад хөлдчихдөг гэх зэрэг технологийн олон хүндрэл гардаг. Яахав, нарийн зам барина гэвэл бага мөнгө, өргөн зам тавих бол том хөрөнгө гарах биз. Хамгийн гол нь бид өөрсдийгөө боомилох гээгүй бол энэ хүндрэлүүдийг тооцох нь зөв байх. Би төмөр замын цариг ийм саадтай тулж байна гэдгийг илтгэсэн. Яг одоо заавал өргөн, нарийн царигаар барь гэсэн төрийн шийдвэр байхгүй. Энэ сонголтыг УИХ, Засгийн газар өөрөө шийддэг учиртай. Тэгэхээр миний байр суурьт төр, засгийн бодлоготой тэрсэлдсэн зүйл байгаагүй. Би саналаа хэлсэн. Миний санал дэндүү үндэслэлтэй учраас эсэргүүцэх чадвар султай хүмүүс ийм арга хэмжээ авчихаад байгаа нь энэ.
Д.ОТГОНЖАРГАЛ