Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржтой ярилцлаа. Энэ хүн УИХ-ын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдож, саяхан болтол УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг манай уншигчид андахгүй.
-Тантай олон зүйл яримаар байвч шүүхийг гадарладаг хүний чинь хувьд энэ удаад шударга шүүхийн тухай асуудлыг хөндье гэсэн юм. Асуулт ерөнхий байж магадгүй, ер нь шударга шүүх гэж чухам ямар шүүхийг хэлэх вэ. Хэрэг, маргааныг үнэн зөв шийдвэрлэсэнгүй, улс төрийн байр сууринаас, улстөрчдийн захиалгаар асуудалд хандлаа гэх гомдол их гарах боллоо?
-Монгол Улсын шинэ Үндсэн хуульд шүүх, шүүгчийн үйл ажиллагааны их чухал зарчмыг анх удаагаа “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гиш үүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнг өөс оролцож болохгүй” гэж заасан. Эдгээр зарчмыг үйл ажиллагаандаа ягштал мөрдөж ажилладаг шүүх, шүүгчийг л шударга гэнэ дээ. Ер нь хараат бус байх, хуульд захирагдах, хэний ч нөлөөнд автагдахг үй байх нь ганцхан шүүхийн дагаж мөрдөх зарчим биш юм шүү дээ. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтад ч энэ зарчим хамаатай. Хэргийг шалгаж, хянаж байгаа бүх байгууллага хууль ёсны үүднээс асуудалд хандвал хэргийг буруу, зөрүү шийдвэрлэх асуудал гарахгүй байх ёстой. Шүүх дандаа буруутан байна гэвэл эндүү ойлголт болно. Аливаа хэрэг, маргааныг шийдэх явцад шүүх хоёр үзэл бодол, санал гомдлын дунд байдаг. Тодруулбал, эрүүгийн хэрэгт шүүгдэгч, хохирогчийн тал, иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн талд хоёуланд нь нийцсэн шийдвэр гаргана гэдэг хэцүү. Ял хүндэдлээ, хөнгөдлөө, хохирол төлбөрийг буруу зөрүү шийдлээ гээд аль нэг тал нь заавал сэтгэл дундуур үлддэг. Тэгэхээр л хэрэг, маргааныг хэний ч нөлөөнд авталгүй, шударга шийдвэрлэх нь шүүгчийн мэдлэг чадвар, дотоод итгэл үнэмшлээс ихээхэн шалтгаалсан томоохон урлаг гэж хэлж болно. Шүүх, шүүх эрх мэдлийн байгуул лагууд улс төрийн захиал гаар ажил лаад эхэлбэл аюул тэр. Улс төрийн захиалгаар үйлчилсэнгүй, ажилласангүй гэж хэн ч шүүхийг буруутгах, яллах учиргүй. Хэрвээ улстөрчдийн гар хөл болж хуулийг завхруулагч шүүхэд байдаг бол тэр хүмүүсээсээ шүүх хурдан салах ёстой. Тэгж байж л шүүхийн нэр хүнд өндөр байна, хэнээс ч хараат бусаар ажиллаж чадна.
-Хэргийг их удаан шийдэж байна гэсэн гомдол их гардгийг юу гэж үзэх вэ? Удахаараа л хоорондуур нь “юм” орж, нөгөө шударга бус шийдвэр гаргахад хүргэдэг юм биш үү?
-Хэрэг, маргааныг хянаж шийдвэрлэх хугацааг хуульд хатуу заасан байдаг юм. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Манай хуулийн байгууллагынхан, ялангуяа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын байгууллагад нэг том дутагдал харагдаад байдаг нь аливаа асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шал гаад эхлэхээрээ түүнийг заавал хэрэг болгох гээд зүтгэчихдэг. Тэгээд хэргийг цагаатгах, хэрэгсэхгүй болгоход үндэслэл болгох хангалттай баримт, нотолгоо байсаар байтал харгалздаггүй явдал бий. Тэр нь даам жирвал хүнийг хохироож мэдэх. Энд л өнөө шүүгчийн хэний ч нө лөөнд автахгүйгээр хэргийг шударгаар хянан шийдвэрлэх урлаг, чад вар харагдана.
-Тэгвэл шүүгчийн хариуцлага гэж чухам юу вэ?
-Шүүгч хүн алдах эрхгүй. Шүүгчийн үзэгний үзүүрээр хүний хувь заяа шийдэгдэж байдаг гэж хэлж болно. Хэрэг, асуудалд холбогдсон ганц шүүгдэгч, хариуцагч биш, түүний цаана бүхэл бүтэн гэр бүл, хань ижил, төрөл төрөгсөд, үр хүүхдүүд нь шүүхийн шийдвэрийг харж байдаг. Шүүхийн сүр хүч нь төрийн хуулийг зөв хэрэглэх, шударга шийдвэр гаргахдаа л байдаг. Шүүх, хуулийн байгууллага хүн айлгадаг байгууллага, айдас хүйдсийн газар байж болохгүй. Харин иргэн хүн шударга үнэнийг эн дээс л олно, хуулийг зөв хэрэглэж , үнэн худлын дэнсийг шүүх харуулна гэсэн дүүрэн итгэлтэйгээр шүүх рүү очдог байх ёстой . Улсын Дээд Шүү хийн дарга агсан Р.Рэнчин гуай “Шүүх шударга үнэний хүрээлэн байх учиртай” гэж байнга хэлдэг байсныг манай зарим шүүгч санаж байгаа болов уу. Намайг оюутан байхад нэг орос багш маань “Шүүгч, хуульч хүн нэг нийгмийн урьд явж байж тухайн нийгэмд хууль ёс зөрчсөн асуудлыг зөв шийдвэрлэх эрхтэй болно” гэж хэлдэг байж билээ. Их чухал үг шүү.
-Шүүгдэгчид хүн гэдэг үүднээс хандаж, шударга энэрэнгүй байх нь шүүгч хүний эрхэм чанарын нэг байж таарна. Үүнийг та албан бус үгээр, болж өгвөл баримтаар тодруулахгүй юу?
-Би Дорнод аймгийн шүүхэд зургаан жил шүүгчээр ажилласан. Тэр үеийн баримтаас дурдья. Дорнод аймгийн шүүхэд Намсрай гэж үнэнхүү шударга, бас хүний мөс чанартай, мундаг шүүгч байсан тухай одоо ч олон хүн дурсан ярьдаг. Энэ хүний хүү нь нэлээд сахилгагүй нөхөр байгаад архи ууж, хүнд гар хүрсэн танхайн хэргээр шүүхэд шилжин ирэхэд би хэргийг нь шийдвэрлэх ёстой, яах нь вэ гэж олон хүн харж байгаа гэсээр өөрөө хүүдээ хорих ял өгч байсан гэдэг. Бас хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнийг Намсрай шүүгч Цагаан-Овоо суманд олны өмнө нээлттэй шүүх хурлаар шүүн тасалж, цаазаар авах ялаар шийтгэ сэн байна. Тэгээд шүүгдэгчийг шүүхэд хандаж хэлэх эцсийн үг байна уу гэхэд, тэрбээр, “Би ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Надад ногдуулсан ялыг ч зөвшөөрч байна. Цаазаар авах ялыг гүйцэтгэхийн өмнө хэдэн хүүхэдтэйгээ уулзаж болох болов уу гэхэд, Намсрай шүүгч гурав хоногийн чөлөө өгч, өртөөнөөс морь авч унуулаад явуулсан гэдэг. Нөгөө хэрэгтэн нь товлосон өдрөө аймгийн шүүх дээр хүрээд ирсэн юм гэсэн.
-Шүүгч хүн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хамгийн түрүүнд юуг анхаарч байх ёстой юм бол?
-Ямар ч хэргийн талаар урьдчилсан санал бодолтой байж болохгүй. Хэн нэгний нөлөөнд автаж, захиалгад тааруулж тэдний үг, заавраар хэргийг сэтгэлийн хөөрлөөр ажиллаж, шийдэж болохгүй гэсэн үг. Үүдэн гарсан гэмт хэргийн шалтгаант холбоо, санаа зорилго, сэдэлт, хэргийн объектив, субъектив тал гээд мэргэжлийн талаас нь нэгбүрчлэн шалгаж, дүгнэлт хийж эцсийн шийдвэр гаргана. Гарцаагүй нотлох баримтад үн - дэслэж шүүх шийдвэрээ гаргаж байх ёстой юм. Одоо манай зарим хуульч шууд нотлох баримт байгаа эсэхэд ач холбогдол өгөхгүй, “логикоороо холбогдож байгаа” гээд хүнд ял өгөх гээд байх нь харагддаг. Ийм хүмүүс өөрсдөө гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэхээс аргагүй. Хэдий гэмт хэрэг, маргаан тодорхой мэт байвч шүүх хурлын шатанд цагаатгах болон яллах нотлох баримтыг адил тэгш судлан үзэж, цагаатгах баримт байх тохиолдолд ямагт холбогдогчийн талд ашигтайгаар шийдвэрлэж байх учиртай. Энэ бол төрийн хуулийн, энэ хуулийг хэрэгжүүлж байгаа шүүхийн үйл ажиллагааны энэрэнгүй зарчим юм. Тийм учраас шүүхийн шатнаас өмнө хэнийг ч буруутан мэт үзэж, хандаж болохгүй. Мөн шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох явдлыг шүүх таслан зогсоож чаддаг байх ёстой. Хуучин тогтолцооны үед нам, захиргааны зүгээс шүүхийг удирдаж, тодорхой хэргийг тэгж, ингэж шийдэх тухай хэлж ярьдаг тохиолдол байсан. Гэхдээ шүүх, шүүгч хэний ч нөлөөнд авталгүй хэрэг, маргааныг шийдвэрлэж чаддаг байсан нь бас үнэн. Намайг Дорнод аймагт шүүхийн даргаар ажиллаж байхад Цагаан-Овоо сумын нэг малчин хонио хариулж яваад гал алдсанаас болж зургаан сумын нутаг дэвсгэрийг хамарсан хээрийн том түймэр гарч, 30 гаруй хүн нас барж, тэр үеийн ханшаар 12 гаруй сая төгрөгийн хохирол учирсан юм. Аймгийн прокурорын газраас сум нэгдлийн дарга, нарийн бичгийн дарга, малчин гуравт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ял төлөвлөн шүүхэд ирүүллээ. Ноцтой хохиролтой, бас сум нэгдлийн удирдлага холбогдсон учраас шүүхийн даргын хувьд би өөрөө хянаж шийдвэрлэсэн. Сум, нэгдлийн сайн дарга байгаа юм гээд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах, бүр хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэж Аймгийн дарга маань ихээхэн хөөцөлдөж, бүр Ж.Батмөнх даргад хүртэл ярьж “намайг ховлосон” байдаг. Гэвч аймгийн шүүх хэний ч нөлөөнд авталгүй, хуулийн дагуу шийдвэрлэсэн. 1990-ээд оны эхэн үед Улсын прокурорын газар “Тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн, нам төрийн удирд лагад байсан Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, С.Жалан-Аажав нарын 10 гаруй хүнд ял төлөвлөж, шүүхээр шийтгүүлэхээр мөн ч их оролдсон. Гэвч Улсын Дээд шүүх энэ хэргийг тал бүрээс нь хянаж, хэргийн бүрдэл хангагдаагүй, хэрэгт холбогдогчдын гэм буруу тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байлаа. Энд нэг зүйлийг дахин тодруулж хэлэхэд, шүүх, шүүгч аливаа хуулийг хүнд ашигтайгаар тайлбарлаж хэрэглэдэг байх ёстой. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял төлөвлөдөг байгууллага хэдийгээр нийгмийн сэтгэл зүйд хэрэг үйлдэгдсэн гэж урьдчилсан мэдээллийг тараасан ч, улстөрчид шахаж шаардсан ч шүүх хууль ёсны үүднээс хандах ёстой. Энэ бол шүүх шударга шийдвэр гаргах, хүнийг хохироож хилс хэрэгт холбогдуулахгүй байх нэг чухал нөхцөл болно.
-Та 12 жил шүүгч хийсэн хүн. Шүүн таслах ажилд алдаж онох нь байдаг л байх. Та алдаж байв уу?
Эрүү, иргэний хэрэгт гаргасан тогтоол, шийдвэр өөрчлөгдөх, хүчингүй болох тохиолдол байсаан. Юуг нь нуухав, анх Сэлэнгэд очсоны дараа авто ослын гэмт хэрэг үйлдсэн хүнд ял хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь дээд шатны шүүхээр залруулагдсаныг санаж байна. Ял хүндрүүлж, эсвэл үндэслэлгүйгээр хүнд ял ногдуулснаас хөнгөрүүлсэн нь дээр ч ялын бодлого алдсан нь миний цаашдын шүүн таслах ажиллагаанд том сургамж болсон юм.
-Энгийн хүнд бол ойлгомжгүй мөртлөө байнга яригдаж байдаг мэргэжлийн хэд хэдэн асуудал дээр ойлголт авмаар байна. Шүүх хурлын мэтгэлцээн гэж юуг хэлээд байна вэ?
-Мэтгэлцээн бол шүүх хурлын хамгийн чухал хэсгийн нэг. Энд л прокурор яллах үндэслэл, нотолгоо байгаагаа, өмгөөлөгчид нь хэргийг хөнгөрүүлэх, хэрэгсэхгүй болгох, цагаатгах үндэслэлээ шүүхэд гаргаж тавьдаг. Энд шүүх маш их хүлээцтэй, тэвчээртэйгээр бүгдийг сонсох, тэдний ярьж буйг нотлох баримт бүртэй тулгаж авч үзэх ёстой. Шүүх аль нэг талд, хэн нэгэнд давуу байдал бий болгож болохгүй, бас аль нэг талын мэтгэлцэх бололцоог хааж боож болохгүй.
-Шүүх, шүүгчээс татгал захын агуулга, ач холбогдол юу вэ?
-Шүүгдэгч, хэрэгт холбогдогчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар олгогдсон нэг чухал эрх бол шүүгчээс татгалзах явдал. Монгол Улсын иргэн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх”, “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”, “нотлох баримтыг шалгуулах”, “шударга шүүхээр шүүлгэх” эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Тэгэхлээр шүүгч, шүүхээс татгалзах нь шүүгдэгч Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх тухай асуудал юм.
-Шүүхийн тухай олон хууль гарч, их арга хэмжээ авч байгаа ч, шүүхийн нэр хүнд улам бүр муудсаар байгаа нь нууц биш шүү дээ...
-Тийм яриа олны дунд нэлээд байгаад санаа зовж явдаг. Би 12 жил шүүхийн анхан, дунд, дээд шатанд шүүгч хийсэн. Шүүх намайг хоолонд хүргэсэн. Шүүхийн нэр хүндийг өргөж явахын төлөө шүүгч бүр хичээн ажиллах үүрэгтэй. Нэг шүүгч л ёс зүйгүй байх, алдаа гаргавал нийт шүүх, шүүгчдийн нэр хүндэд нө лөөлнө. Нөгөө нэг үхрийн эвэр цохиход мянган үхрийн эвэр дор гино гэдэг үг байдаг даа. Харамсалтай нь шүүх, шүүгчийн тухай олны дунд чих халууцуулсан яриа нэлээд байх юм. Шүүх хуулийг зөв хэрэглэж нийгэмд шударга ёсыг тогтоох үүрэгтэй. Хичнээн сайн хууль байгаад түү нийг шүүх зөв хэрэглэж, аливаа хэрэг маргааныг үнэн зөв шийдвэр лэж чадахгүй бол шүүх нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг. Шүүх өөрийнхөө нэр хүндийг ямагт өргөж байхын тулд гагцхүү шударга л ажиллахаас өөр арга замгүй.
-Шүүгчдийн мэдлэг чадвар муу байна гэж хэлбэл та юу гэж хариулах вэ?
-Хамгийн сайн хуульч л шүүхэд ажиллах ёстой гэвэл бусад салбарт ажиллаж байгаа хуульчид гомдохгүй байх. Янз бүрийн л учир шалтгаан байх шиг. Сайн хуульчид мөнгө рүү явчихдаг зовлон байдаг бололтой. “Хуульч мэргэжилтэй хүнийг бэлт гэж гаргахад асар их хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг юм. Гэтэл тэгж бэлтгэсэн хуульчийг маань улс төр, мөнгө хоёр худалдаж авчихаад байна” гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан харамсан ярьж байна билээ. Би ч санал нэг байна. Хуульчид улс төр, мөнгөнд худалдагдана гэдэг эмгэнэл. Зүгээр ч нэг эмгэнэл биш, энэ бол шударга ёсны сүйрэл. Худалдагдсан хуульчаас ирэх аюул бусдынхаас хэд дахин их байх нь ойлгомжтой. Тийм хуульчийн үйл ажиллагааг хараад шударга ёс, хууль ёс гэж байдаггүй юм байна гэсэн бодол ойлголт нийтэд бий болох, ингэснээр хууль ёсыг сахих итгэл үнэмшил, сахилга байхгүй болох аюултай.