Бид өмнөх дугаартаа МИАТ компанийг хувьчлахыг санаархдаг улс төр, бизнесийн бүлэглэлүүд ганц биш гэдгийг мэдээлсэн. Тус компанийн хувь заяанд сэтгэлээ чилээж явдаг хүмүүсийн нэгд УИХ-ын гишүүн Г.Батхүү зүй ёсоор багтдаг. Тэрбээр Зам, тээврийн яаманд нисэхийн салбар хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, хожим салбарын сайдын тамгыг атгаж явсан. Тиймээс Нисэхийн цагаан хаалганы цаадах амьдралыг сайтар судалсан төдийгүй 2004-2006 онд Дэд бүтцийн сайдаар томилогдон ажиллах даа МИАТ компанид шатахуун нийлүүлэх эрхийг өөрийн гэр бүлийн “Шунхлай” группт сонгон шалгаруулалтгүй өгсөн удаатай. Сайд ахын нөлөөгөөр тус групп МИАТ компанийн шатахууны 70 хувийг нийлүүлдэг болсноос гадна шатахуунаа зах зээлийн ханшаас 23-40 хувь нэмэгдүүлсэн үнээр шахаж байв. Тус групп зөвхөн 2005 онд 5.4 тэрбум төгрөгийн ТС-1 онгоцны шатахуун, 30.3 сая төгрөгийн А-80 бензин, 29.1 сая төгрөгийн АИ-92 бензин, 323.8 сая төгрөгийн дизелийн түлш нийлүүлсэн байдаг. МИАТ компани энэ хэмжээний шатахууныг тухайн үеийн зах зээлийн ханшаар авсан бол 400 сая төгрөг хэмнэх байв. Г.Батхүүг сайдын тамга атгаж байх үед буюу 2006 онд МИАТ компани Италийн “Блю панорама эйрланз” авиакомпанитай нойтон түрээсээр онгоц авч ашиглах гэрээ байгуулж, ДБЯ, ТӨХ, тус компанийн ТУЗ-ийн дэмжлэгийг авч чадсан билээ. Энэ үеэр нойтон түрээсийн гэрээ МИАТ компанид ашигтай эсэх шүүмжлэл дэгдэж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тус компанийн санхүүд шалгалт оруулсан байдаг. Шалгалтын ажлын хэсэг түрээсийн гэрээ үндэсний агаарын тээвэрлэгчид 2.8 тэрбум төгрөгийн алдагдал авчирна гэж үзсэн юм.
Төд удалгүй МИАТ-ын удирдлага солигдож, гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнэбилэг томилогдож ирэв. Санхүүгийн зөрчлийг арилгаж, сахилга хариуцлагыг нэмэгдүүл гэх ёс төдий захиас авсан шинэ захирал тамга атгаад нойтон түрээсийн гэрээний дагуу үйлдэгдэж байсан нислэгийг хэд хэдэн удаа цуцалж, оноо авсан. Гэвч удалгүй нислэг хэвийн үргэлжилж, компани гурван тэрбум орчим төгрөгийн алдагдлаа үүрсээр гарсан юм. Энэ мэт мөнгө угааж, тус компанийг тогтворгүй байлгах сонирхолтой “саальчид” улс төрийн хүрээнд байдаг нь үнэн. Тэд нарийн мэргэжил, мэдрэмж, анхаарал шаарддаг энэ компанийн удирдлагаар гарын дорх хүнээ томилдог болсон.
Сүүлийн арав гаруй жилд МИАТ олон захирлын нүүр үзсэн. Энэ хэрээр шийдвэр гаргагчид МИАТыг өөр өөрийн хувинд саадаг төдийгүй удирдлага өөрчлөгдөх тоолонд компанийн хэтийн хөгжил, хөрөнгө оруулалт, тогтвортой бодлого алдагдаж, авиа компани буланд шахуулж, саальчдын бүлэглэлүүдийн аманд хүлхүүлдэг байв. Юутай ч хууль хяналтынхан энэ мэт бүлэглэлүүдийн захаас шалгаж эхэлсэн нь сайн хэрэг ч тэдний санаархлыг нэг мөр зогсоож чадах, эсэх нь эргэлзээтэй. Шалгагдаж буй албан тушаалтнуудаас хамгийн их анхаарал татаж буй нь Ч.Хоролсүрэн. “Монголиан эйр транс” нэртэй ачаа борлуулагч агент компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан энэ хүний МИАТын босго давах замыг мөн л улс төр, бизнесийн бүлэглэлүүд тавьсан байдаг.
Ч.Хоролсүрэн “Монголиан эйр транс”-ын захирлаар ажиллаж байхдаа МИАТ компанитай агентын гэрээ байгуулж, их хэмжээний ашиг олж байсан баримт бий. Олон улсын агаарын тээврийн холбоо нь агаарын тээврийн гэрээт агентуудад үйлчилгээний орлогоос тооцож олгох хувь 1-9 байх, хөлсийг агентуудын гүйцэтгэсэн ажлын хэмжээнд тулгуурлаж олгох зарчим баримталдаг. Ч.Хоролсүрэн энэ хувийг МИАТ-аас хамгийн өндрөөр тогтоолгож байсан гэдэг. Амташсан Ч.Хоролсүрэн Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ирмэгцээ 44 аж ахуйн нэгжтэй шууд худалдан авалтын гэрээ байгуулж, их хэмжээний шаардлага хангахгүй барааг зах зээлийн үнээс өндрөөр худалдан авч МИАТ-д нийлүүлж, хөрөнгөжих замаа зассан түүхтэй.
Ц.Орхон МИАТын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Монголиан Эйрлайнс” групптэй “Gode share”-ийн гэрээ хийхийг санаархаж байсан гэж эх сурвалжууд нотолдог юм. Хэрвээ энэ гэрээг МИАТ компани байгуулсан бол хувь, хувьсгалын хоёр компани нэг данстай, нэг нэгнийхээ өмнөөс нислэг үйлдэх боломж нээгдэх байв. МИАТ компанийн санхүүг доройтуулж, төрийн өмчийг хувийн юм шиг ашиглаж явсан түүх үүгээр дуусахгүй. Жишээ нь 2002 онд компанийн дэд захирлаар ажиллаж байсан Ц.Баатарсайханы Японы “Глобал” компанитай байгуулсан гэрээг дурдаж болно. Үнэ тарифыг дур мэдэн өөрчилж, МИАТ компанид олон сая төгрөгийн хохирол учруулсан, улмаар олон улсын нислэгийн суудал захиалгын тийз борлуулалтыг хариуцаж байсан дотоодын хэд хэдэн агенттай холбоотой үүссэн тэрбум гаруй төгрөгийн асуудал ноён Ц.Баатарсайхантай холбоотой нь үнэн билээ.
Д.ОТГОНЖАРГАЛ