Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг өмнөх Парламентаар баталсан. Гэвч одоогийн эрх баригч Засгийн газарт царигийн өргөн нарийнаас авахуулаад энэ сэдвээр зөрүүтэй байр суурь баримтлагч талууд гарч ирсэн. Энэ талаар улс төр, эдийн засгийн хүрээний зарим хүнээс байр суурийг нь сонирхлоо.
Д.БЯМБАСҮРЭН (Ерөнхий сайд асан): ҮАБЗ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ДАГАХ ХЭРЭГТЭЙ
-Төмөр замын талаар ҮАБЗаас гаргасан шийдвэрээ биелүүлэх хэрэгтэй. Үнэндээ төмөр зам барина гэдэг бол аж ахуйн ажил шүү дээ. Өргөн царигаар барина гэсэн шийдвэр гарчихсан.
Гэтэл царигийн хэмжээ тойрч маргалдсаар төмөр зам барих ажлаа орхигдуулж байна. Монголд нарийн царигтай төмөр зам байхгүй. Магадгүй энэ цариг ашигтай байж болно. Гэхдээ дотоодын дэд бүтцээ зөв шийдэх ёстой.
С.ГАНБААТАР (УИХ-ын гишүүн): БАЯЛГИЙГ ЗӨӨХ БАГАЛЗУУРЫГ ХЭН ЭЗЭМШИХ ВЭ ГЭДГЭЭС ЗӨРЧИЛ ҮҮСЭЭД
БАЙНА
-Төрийн аливаа бодлого, шийдвэр хэн нэг хувь улстөрчөөс хамаарч болохгүй. Энэ бол эхний хатуу алтан зарчим. Хоёрдугаарт, үндэсний эрх ашигтай холбоотой асуудлаар төр бодлого, шийдвэр гаргахаасаа өмнө тухайн асуудлаар мэргэшсэн, хөндлөнгийн, хараат бус шинжээч, судлаачдын дүгнэлтийг ул суурьтай судалдаг байх ёстой. Энэ бол хоёрдугаар алтан зарчим. Улстөрч хүн төмөр зам мэдэхгүй байж цээжээ дэлдэн, мэдэмхийрч болохгүй. Оюутолгой дээр ч бид ингэж алдсан. Бүгд геологич болцгоосон.
Уул уурхайн хөгжлийг дэлхийн олон орны туршлагаас харахад хэн ухаж гаргасан нь баяждаггүй. Хэн зөөсөн нь баяждаг. Бүтээгдэхүүн хийсэн нь биш, зарсан нь хөлждөг. Ийм механизм сүүлийн 50-60 жил дэлхийн улс орнуудад үйлчилж байна. Энэ бол зах зээл. Тиймээс бид нүүрстэй байж болно. Нүүрсээ эзэмшүүлж, ухуулж болно. Харин тэр баялгийг зөөх гол багалзуурыг хэн эзэмшиж байгаагаас бүх зүйл шалтгаалдаг. Үүн дээр л бүлэглэлүүдийн хооронд зөрчилдөөн үүсээд байна. Тиймээс ард түмэн үүнийг дуугүй сонсч, УИХ нь ч ангайж суухын оронд даруй хуралдаж, энэ асуудлаар хөндлөнгийн бие даасан дүгнэлт гаргуулах хэрэгтэй.
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдсан. Үүнийгээ эргэлзээтэй гэж үзэж байвал хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж эцэслэн шийдэх нь зүйтэй. Гэхдээ хөндлөнгийн шинжээчдийг эрдэмтэн мэргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл болон УИХ, Засгийн газрын хамтарсан багаас бүрдүүлэх хэрэгтэй.
Д.ЖАРГАЛСАЙХАН (Эдийн засагч): ХУВИЛБАР БҮР САЙН БА СУЛ ТАЛТАЙ
-Дэлхий дээр байгаа бүх төмөр замын 60 хувийнх нь цариг (gauge, хос шугамын хамгийн ойрхон зай) 1435 мм буюу стандартынх. 1820- иод онд Англид, дараа нь АНУ болон бусад оронд тархжээ. Энэ царигаар урд хөршид 1876 оноос төмөр зам тавьсан. Харин Хаант Орост 1840 оноос 1525 мм-ийнхийг хэрэглэж, Зөвлөлт Холбоот улс түүнийг 1960 оноос арай багасган, 1520 мм болгосон юм. …Оросын царигаар төмөр замаа цаашид үргэлжлүүлэн тавих энэ хувилбарын давуу тал нь гэвэл бид Сайншанд, Даланзадгадыг хурдан холбоно. Энэ нь олборлоод гаргах биш, боловсруулаад гаргах хувилбарыг эхлүүлж байна.
Энэ тохиолдолд харин Тавантолгойн төсөл хойшлогдоно. Эхний ээлжинд нүүрсээ шууд гаргаж байж орлоготой болоод түүгээрээ боловсруулах үйлдвэр, цахилгаан станц барих дараалал өөрчлөгдөж, эхний хөрөнгө оруулалт асар их байхыг шаардана. Сул тал нь гэвэл ахиад л Орос, Монголын Засгийн газрын менежментээс бүх амьдрал хамаарна. Дэлхий дээр ямар ч Засгийн газар, ялангуяа энэ хоёр хэзээ ч хамгийн сайн менежер байгаагүй. Монголын бизнесийн хувьд тээврийн зардал өндөр хэвээрээ үлдэнэ. Хятадтай Замын- Үүдээс өөр газраар холбогдохгүй гэсэн үг. Хятадын төмөр замтай холбох буюу Эрээнд өөр дугуйн дээр шилжүүлэх ажлын бүтээмжээс нийт өрсөлдөх чадвар хамаарна гэсэн үг. 1435 мм царигаар төмөр зам барих тусгай зөвшөөрлийг Монголын “Энержи Ресурс” компани Засгийн газраас аваад, зураг төслөө хийлгэж, бариад эхэлчихсэн.
Хятадын хилээс нааш тавих 260 км энэ зам дуусмагц одоо ачааны тэргээр зөөж байгаа түүхий нүүрсийг илүү бүтээмжтэй тээх болно. Замдаа Оюутолгой болон бусад ордоор дайран гарч, Хятад руу эхний ээлжинд нүүрсээ түүхийгээр нь зөөнө. Энэ замыг тавьчихсан тохиолдолд нүүрс болон бусад ашигт малтмалыг Сайншанд руу зөөгөөд, дараа нь боловсруулах сонирхол бага болно. Энэ хувилбар бол олборлоод гаргах, дараа нь боловсруулах хувилбар. Орос, Хятадын төмөр замыг хоёуланг нь авах хувилбар. Даланзадгад болон Сайншандын замыг эсвэл стандартын, эсвэл хосолсон буюу дөрвөн шугамтай (Финланд-Шведийг холбосон зам) хийвэл хоёр хөрштэйгээ өөр өөрийнх нь төмөр замаар шууд холбогдоно. Тэр хоёрыг холбох буюу дамжуулан шилжүүлэх байгууламжийг Сайншандад байгуулахад үнэ цэнэ Монголын талд бий болно. Үйлчилгээний хөлсийг авна. Сайншандаас энэ царигийн төмөр замыг яваандаа урагшаа тавих боломжтой, шаардлагатай. Мөн дугуй солихгүй далайд хүрэх, Казахстан руу гарах гэсэн хоёр сонголт Монголд бий болно. Манай улсын хойд талын Төмөр зам орос царигтай, урд тал нь Хятад царигтай болж, дараачийн холбогч цэгийг хэзээ нэгэн цагт баруун талдаа барина гэсэн үг. Харин дээр хэлсэн гэрээний дагуу Сайншанд, Чойрыг Оросын царигаар, эсвэл хосолсон царигаар холбоно.
“Өнөөдөр” сонин “Наян тав” нийтлэлээс 2009.12.09
Р.РАШ (УИХ-ын гишүүн асан): АЛЬ АЛЬ СОНИРХЛЫГ ХАРГАЛЗАХ НЬ ЗҮЙТЭЙ
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хоёр жилийн өмнө УИХ-аас баталсан. Энэ баримт бичигт хоёр гол шигтгээ бий. Нэгдүгээрт, цариг ямар байх вэ гэдгийг тодорхойлсон байгаа. Хоёрдугаарт, төмөр зам тавих дэс дарааллыг заасан. Царигийн хувьд 1520 мм байна гэдгийг баталсан шүү дээ. Дэс дарааллын хувьд уул уурхайгаа дагаад өмнийн говиосоо эхэлж тавих нь зүй. Уул уурхайн олборлолт, гол бүтээн байгуулалт говьд эхэлж байгаа тул тэр нь зөв байх. Энд нэг зүйлийг сануулахад Тавантолгойгоос урагш төмөр зам тавих бол цариг ямар байхыг тухайн үед Засгийн газар авч үзээд УИХ-д танилцуулж шийдвэрлэнэ гэж заасан.
Төмөр замын цариг, тавих чиглэлийн асуудлаар янз бүрийн санал, үзэл бодол бий. Монголд тавих төмөр зам бүхэлдээ 1520 мм байх нь зөв гэж нэг хэсэг нь үздэг байхад, нарийн төмөр зам тавихыг дэмждэг хүмүүс бас байна. Шинээр тавих төмөр замыг үндэсний төмөр зам байх нь зөв гэж ярьж байгаа. Төмөр замын асуудлаар энэ мэт олон сонирхол огтлолцоод байна. Тиймээс энэ сонирхлуудыг зөөллөх, аль алиныг нь харгалзан үзэх ёстой.
Өнөөдөр манайд Монгол, Оросын хамтарсан нийгэмлэгийн “Улаанбаатар төмөр зам” үйл ажиллагаагаа явуулж байна. Хамтарсан нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг өргөжүүлээд явбал ямар байсан юм бэ гэж би боддог. Царигийн хувьд өмнөд нутгийн уул уурхайн бүсээс цааш бол нарийн байх нь зөв. Наад зах нь их хэмжээний зардал хэмнэнэ шүү дээ.