Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр болсон АН-ын бүлгийн хурал дээр гэр хорооллыг дахин төлөвлөх “Гудамж” төслөө танилцуулав. Улаанбаатар хотын гэр хороололд өнөөдөр 182.400 өрхийн 586 мянган иргэн амьдарч буй. Эдгээр айл өрх нийслэлийн агаарын бохирдлын 60 хувийг үйлдвэрлэхийн зэрэгцээ хөрс, ундны усны эх үүсвэр бохирдоход хүргэж буй. Тиймээс гэр хорооллыг дахин төлөвлөх шаардлагатай хэмээн хотын дарга Э.Бат-Үүл танилцуулав. Түүний мэдээлснээр, нийслэлийн хүлээн зөвшөөрөгдсөн бүсэд суурьшиж буй гэр хорооллын айлуудын 94 хувь нь газраа хувьчлан авсан гэнэ. Харин 20 гаруй мянган иргэн үерийн ам, намагтай газар зэрэг хориотой бүсэд амьдарч байгаа аж. Хэрэв газраа өмчилсөн иргэдтэй тохиролцвол дахин төлөвлөлтийг хийж, дэд бүтэц байгуулах ажлыг эхлүүлэх боломжтой гэнэ.
Эхний ээлжинд нийслэлийн гэр хорооллын зургаан газарт хэсэгчилсэн төлөвлөгөө гаргаж, иргэдийн саналыг асуухад 90 гаруй хувь нь дэмжжээ. НИТХ уг газруудыг баталбал хөрөнгө оруулагчдыг шалгаруулах ажлыг эхлүүлэх юм байна. Түүнээс гадна Баянхошууны X хороо, Гандан, Яармаг, Чингэлтэй дүүргийн эцэс орчмын зарим иргэд дахин төлөвлөлт хийлгэх хүсэлт гаргасан тул мөн хэсэгчилсэн төл өвлөгөө гаргах гэж байгаа гэнэ. Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн яамнаас санал болгож буй Замын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дэд бүтцийн төлөвлөгөө гаргах юм байна. Ийнхүү хотын дарга төлөвлөгөөгөө танилцуулсны дараа бүлгийн гишүүд асуулт тавьж, зарим санал хэлсэн юм. Тухайлбал, хуучны нийтийн байруудад оршин суугчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, дагуул хотуудыг яаж төлөвлөх, хүн амын механик өсөлтийг ямар аргаар хязгаарлах, хуучирсан барилгуудыг яаж шийдэх зэрэгтэй холбоотой асуулт тавив. Ямартай ч цаашид Улаанбаатар хотыг 2030 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх зарчмыг баримтална гэнэ. Тэгэхээр газар эзэмшиж байгаа гээд юу дуртайгаа барьдаг цаг өнгөрөх нь.
Газаргүй иргэдэд шинэ суурьшлын бүсэд газар олгож, зуслангийнханд бохироо зайлуулах, усаа цэвэршүүлэх зэрэг өндөр стандарт тавьж, хуучны барилгуудыг бэхжүүлж, дулаалах төслийг үргэлжл үүлэх хүсэлтээ хотын дарга Германы мэргэжилтнүүдэд тавьжээ. Ингэж чадвал бүхэл бүтэн нэг станцын үйлдвэрлэх хэмжээний дулаан хэмнэх гэнэ. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд Улаанбаатар хотын дараагийн төлөвлөлтийг зоригтой хийж, дөрвөн уулын дундаас нь гаргах хэрэгтэй гэсэн санал тавив. “Нийслэлийн хүн ам газар нутгийнхаа наймхан хувьд нь төвл өрсөн. Одоогийн Улаанбаатар хотыг 2006 онд гамшгийн бүс болгон зарлах гэсэн боловч Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойтой давхцаад болоогүй. Хэрэв гамшгийн бүсээр зарлавал нэмж хүн шилжиж ирэх боломжгүй болно.
Улаанбаатарт өдгөөгийн төвлөрсөн цэгтээ дахин хөрөнгө мөнгө зарж, бүтээн байгуулалт хийсээр байвал нэг хүчтэй газар хөдлөхөд тэр чигтээ сүйрнэ. Түүний оронд үлдсэн 92 хувийн газар нутагт нь иргэдээ тараан суурьшуулахын тулд төлөвлөлт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг тийш нь татах хэрэгтэй. Ядаж Багануур дүүрэгт барих оюутны хотхоны барилгыг хавар эхлүүлээд, намар оюутнуудаа нүүлгэх хэрэгтэй. Тэгвэл айлын хашаанд бууж, нүүрс түлдэг хүмүүсийн тоо цөөрнө” хэмээн тэрбээр хэлэв. Түүний энэ саналыг хэд хэдэн гишүүн дэмжсэн юм. Гэвч бодит байдал дээр төрийн захиргааны бүхий л байгууллага, бизнес, ажлын байр нь дөрвөн уулын дунд байгаа учраас хүмүүс яалт ч үгүй төвлөрч байгааг хотын дарга тайлбарласан. “Төрийн захиргааны байгууллагууд үлгэр дуурайл болох хэрэгтэй. Ямар сайндаа бид нийслэлийн ЗДТГ-ыг Сонгинохайрхан дүүрэгт “Ханын материал” хувьцаат компанийн тийш нүүлгэхээр хэлэлцэж байна. Ингэснээр тэр зүгт хөрөнгө оруулалтыг татах боломж нээгдэнэ. Ер нь төрийн байгууллагууд, бизнесийнхнийг хотоос гаргавал иргэд аажмаар гарна” хэмээн Э.Бат- Үүл хэлэв.
Р.Оюун