“Формула 1” уралдааны өнгөрсөн жилийн ДАШТ-д Германы залуу нисэгч Себастьян Феттель түрүүлснээр олон олон дээд амжилтад нэрээ бичүүлсэн. Гэхдээ энэ бүхнээс хамгийн нэр хүндтэй нь дэлхийн аварга цолыг гурав болон түүнээс олон удаа хүртсэн цөөн нисэгчдийн тоонд багтсан явдал юм. Ингээд “Их хурд”-ын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэдгээр аваргуудын талаар өгүүлье.
Хуан Мануэль Фанхио (Аргентин)
Дэлхийн аваргын титэм 5 (1951, 1954- 57) ДАШТ-ий эхний арван жилийн түүхэнд Фанхио үнэхээр хаанчилж байлаа. Түүний цөөнгүй дээд амжилтыг хожмын агуу нисэгчид эвдэж чадаагүй юм. Жишээ нь El Maestro уралдсан гарааныхаа 46.2 хувьд (!) түрүүлсэн байдаг.
Тухайлбал, 52 гараанд хурдлаад 24 түрүү авчээ. Түүн шиг өндөр хувьтай түрүүлсэн нисэгч хожим гарахгүй биз ээ. Түүнчлэн аргентин эр өөрийн таван түрүүгээ дөрвөн өөр багт уралдаж байхдаа хүртсэн юм.
Сэр Жон Артур Брэбхэм (Австрали)
Дэлхийн аваргын титэм 3 (1959, 1960, 1966) Нисэхийн механик мэргэжилтэй энэ залуу дэлхийн хоёрдугаар дайны дараа уралдааны замд хурд сорьж эхэлжээ. Түүнийг сайн уралдаанчаас гадна маш сайн инженер байсан гэдэг. Үүний нэгэн жишээ нь 1966 онд өөрийн зохион бүтээсэн “Брэбхэм” машинаараа дэлхийн аварга цол хүртсэн явдал юм. Урьд өмнө болон түүнээс хойш нэг ч нисэгч ийм амжилтад хүрч байсангүй. Брюс Макларен зохион бүтээсэн машинаа өөрийн нэрээр нэрлэж, уралдаанд оролцдог байсан ч дэлхийн аварга болж чадаагүй юм. Сонирхуулахад тэрбээр сүүлийн удаа дэлхийн аварга болохдоо 40 настай байжээ.
Сэр Жон Янг “Жекки” Стюарт (Шотланд)
Дэлхийн аваргын титэм 3 (1969, 1971, 1973) “Нисдэг Шотланд” хочтой Стюарт тамирчдын аюулгүй байдлыг хангах тал дээр ихийг санаачлан хэрэгжүүлсэн гэдгээрээ түүхэнд үлджээ. 1966 онд тэрбээр Спад 266 км хурдтай давхиж явахдаа тун аюултай осолд орсон юм. Үүнээс хойш Жекки нисэгчдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг эрэлхийлэх болов. Үүний үр дүнд тамирчид зориулалтын дуулгатай болсноос гадна бусад аюлгүй байдлаа ч хангуулж чаджээ. Тэрбээр их хурдад уралдсан сүүлийн жилээ буюу 1973 онд дэлхийн аварга цол хүртсэн байдаг.
Андреас Николаус “Ники” Лауда (Австри)
Дэлхийн аваргын титэм 3 (1975, 1977, 1984) Тэрбээр 1984 онд дэлхийн аварга болохдоо Ален Простоос хагас оноогоор илүүрхсэн нь дахин давтагдашгүй ховор тохиол юм. Тэр жил Монакогийн гранпригийн үеэр ширүүн бороо орж, гараанаас гарсан тамирчдын 75 хувь буюу 19 нь барианд орж чадаагүй тул шагналт байрт орсон тамирчдад онооны талыг өгсөн байдаг. Тэр гараанд түрүүлсэн Прост 4.5 оноо авсан нь хожим аваргын хувь заяанд нөлөөлжээ. 1976 оны Германы гранпри түүний карьерт бараанаар дурсагдан үлдсэн. Тэгэхэд Лаудагийн “Феррари” дөнгөж хоёр дахь тойрогт осолд оржээ. Хүчтэй галд түлэгдэж, угаарт цохиулсан тэрбээр комд орсон юм. Гэхдээ хоёрхон гараа өнжсөний эцэст буюу зургаан долоо хоногийн дараа уралдааны замдаа эргэн иржээ.
Аваргын төлөөх өрсөлдөөн ширүүн байсан болохоор тэвчээр заан уралдаж эхэлсэн хэрэг. Улмаар Монцад дөрөвдүгээр байр эзэлсний дараа түүний хамгаалалтын дуулга тэр чигтээ цус болсон байв. Харамсалтай нь улирлын сүүлийн гараа-Японы гранприд борооны улмаас замаа дуусгаж чадсангүй. Ингээд тэр жил тэргүүлэгчээс ганцхан оноо хоцрон хоёрдугаар байр эзэлжээ. 1979 онд зодог тайлсан боловч гурван жилийн дараа их спортдоо эргэн ирэв. Түүний үүсгэн байгуулсан агаарын тээврийн Lauda Air компани санхүүгийн хямралд өртөөд байсан нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Улмаар 1984 онд А.Просттой эцсээ хүртэл ширүүн тэмцээд дэлхийн аварга цолыг гурав дахь удаагаа хүртсэн түүхтэй.
Нельсон Пике Соуто Майор (Бразил)
Дэлхийн аваргын титэм 3 (1981, 1983, 1987) Бразилийн нэртэй улс төрчийн хүү түүнийг уралдаанч болно гэж төсөөлсөн хүн ховор байх. Эцэг нь хүүгээ өөрийн замаар замнуулахыг хүссэн ч Нельсон дуртай спортдоо эргэлт буцалтгүй татагдсан байлаа. Уг нь Пике дэлхийн аварга цолыг гурваас олон удаа хүртчих боломжтой байсан. Гэвч 1980 онд нийлбэр дүнгээр тэргүүлж яваад сүүлийн хоёр гараанд уралдаанаа дуусгаж чадсангүй. Энэ завсар гол өрсөлдөгч А.Жонс хоёр дараалан түрүүлж, түүний өмнө гишгэж дөнгөжээ. Харин 1986 онд аваргалсан А.Простоос гурван оноо хоцорчээ. Харин сүүлийн буюу 1987 оны түрүү нь түүнд ширүүн өрсөлдөөн дунд ирсэн. Тэгэхэд бразил нисэгч нэг багийн анд Найжел Мэнселлтэй үзэлцсэн юм. Үнэнийг хэлэхэд дэлхийн хошой аварга Пике түрүүлэх магадлалтай гол хүнээр нэрлэгдэж байсан.
Харин “Формула 1”-д таван жил уралдахдаа ганцхан гараанд түрүүлсэн Мэнселл тооцоонд ороогүй байлаа. Гэтэл Мэнселл тэр жил зургаан ч гараанд өнгөлж, дэлхийн аваргад том сюрприз барьсан юм. Гэхдээ төдий тооны гараанд техникийн шалтгааны улмаас барианд орж чадаагүй нь аваргын титмийг Пикед алдах үндэс болжээ. Пикегийн хувьд үүнээс хойш багаа сольсноор аваргын төлөө өрсөлдөх хэмжээнд хүрч чадаагүй. Гэхдээ 1991 онд өөрийн халаагаа ирээдүйн супер аварга М.Шумахерт шилжүүлэн өгсөн нь сонин тохиолдол байлаа.
Ален Мари Паскаль Прост (Франц)
Дэлхийн аваргын титэм 4 (1985, 1986, 1989, 1993) Авто спортын хүрээнийхэн түүнийг профессор гэж нэрлэдэг байв. Франц залуу аливаа зүйлд задлан шинжилгээ хийж, асуудлын гарцыг түргэн олдог чадвараараа энэ нэрийг авчээ. Тухайлбал, нэг замыг ганц хараад л сул, давуу талыг оновчтой тодорхойлдог байжээ. Британийн сэтгүүлчид түүнийг дэлхийн аварга цолыг дөрөв биш, долоон удаа хүртсэн хэмээн бичсэн нь тохиодлын хэрэг биш. Учир нь тэрбээр дөрөв түрүүлснээс гадна төдий тооны үзүүрлэсэн бөгөөд багахан аз дайрсан бол тухай бүрт нь түрүүлэх боломж байжээ. Ер нь Прост-Сеннагийн хооронд 10 жилийн турш өрнөсөн өрсөлдөөн дэлхий дахинд алдаршиж, “Формула 1” сонирхогчдын хүрээг тэлсэн гэж үздэг. Ер бусын авьяаслаг, ухаалаг энэ нисэгч зодог тайлсныхаа дараа өөрийн хувийн “Прост” багийг сойж байв.
Айртон Сенна Да Сильва (Бразил)
Дэлхийн аваргын титэм 3 (1988, 1990, 1991) Айртон байгалиас заяасан төрөлхийн авьяастай нэгэн байжээ. Мөн хэцүү замд ч салхи татуулан хурдлах дуртай, эрсдлээс айдаггүй нисэгч байв. Харамсалтай нь энэ зоримог зан чанарынхаа балгаар 34-хөн насандаа уралдааны замд амиа алдсан юм. Тэр 1984 оноос “Толеман”, “Лотус” багуудад уралдаж байгаад 1988 онд “Макларен”-д иржээ. Үүнээс хойшхи дөрвөн жилд Сенна гурав түрүүлж, нэг үзүүрлэсэн юм.
Харамсалтай нь 1994 оны Сан-Мариногийн гранпри түүний сүүлчийн уралдаан байжээ. Тэр жил Сенна эхний хоёр гараанд барианд орж чадсангүй. Харин Сан-Мариногийн гараанд оноо авахыг зорьж байлаа. Долдугаар тойрогт 200 км/ цаг хурдтай давхиж явсан түүний машин огцом эргэлт дээр замаас гаран хашлага мөргөв. Улмаар хүчиндээ буцаж шидэгдэн зам дээр гарчээ. Зохион байгуулагчид тэр дор нь уралдааныг зогсоож, нисдэг тэргээр түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй юм. Иймэрхүү осол одоо ч гарч байдаг боловч амиа алдах нь байтугай хүндхэн гэмтэл авалгүй өнгөрөх нь бий.
Харин тухайн үед нисэгчдийн хамгаалалт шаардлагатай хэмжээнд байж чадаагүй нь түүнийг үхэлд хүргэсэн юм. Энэ явдлаас хойш аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж, дэвшилд хүрсэн байдаг. Сеннагийн үхлээс хойш “Формула 1”-ийн зам дээр амиа алдсан нисэгч гараагүй билээ.
Михаэль Шумахер (Герман)
Дэлхийн аваргын титэм 7 (1994, 1995, 2000-2004) “Формула 1”-ийн амьд домог Михаэль Шумахер тус спортын олон чухал дээд амжилтыг эзэмшдэг. Немц эр авьяас, хөдөлмөрийг гайхалтай хослуулж чадсан нь дэлхийн долоон удаагийн аварга гэсэн өндөрлөгт хүргэсэн. Мөн тэрбээр авто уралдааныг бизнестэй хослуулж чадсан гэдгээрээ гавьяатай юм.
Себастьян Феттель Дэлхийн аваргын титэм 3 (2010-2012) Одоо залуухан немц нисэгчийн шинэ эрин эхэлж байна. Тэр нас залуу, авьяастай, зоримог, баг нь түүнд хангалттай тус болдог, машин нь найдвартай, хурдан. Энэ бүхнээс харахад Феттелийн гол амжилт өмнө нь байгаа болов уу. Л.Хэмилтон 12 жилийн турш “Макларен”-ий хөтөлбөрт хамрагдсаны эцэст “Их хурд”-д хөл тавьж, улмаар 2008 онд дэлхийн аварга болсон. Тэгвэл Феттель түүний нэгэн адилаар “Ред булл”-д өсч өндийн өнөөгийн өндөрлөгт хүрсэн юм. 25-хан насандаа дэлхийн гурван удаагийн аварга болоод буй түүнийг Шумахерийн амжилтыг эвдэх магадлалтай хэмээн үнэлдэг.
Г.БАЯРСАЙХАН