Шинэчлэлийн Засгийн газрын хагас жил дамнасан халаа сэлгээ, шинэ томилгоо цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Энэ цаг үетэй давхцан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх бололтой. Энэ талаар болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн Су.Батболдтой уулзаж ярилцлаа.
-УИХ дахь АН-ын бүлэг төрийн албыг нийтийн алба болгоно гэсэн байр суурьтай байгаа. Төрийн албаны тухай Таны санаачилсан хуулийн төсөлд хоёр намын бүлгийн байр суурь нийлж байгаа юу?
-Монгол Улсад хэрэгжилт нь зогссон гэж хэлж болох нэг хууль бий. Энэ бол Төрийн албаны тухай хууль. Төрийн албыг нийтийн алба болгох талаар АН-ын бүлэг ярьж байгаа. Монголчууд эртнээс төрөө дээдэлж ирсэн ард түмэн. Төрийн түүхэнд түшмэд шийдвэр гаргах түвшинд өндөр үүрэгтэй оролцдог байсныг түүхийн сурвалжуудад дурдсан байдаг. Төр гэж байх ёстой гэж үздэг учраас зарим улстөрч шиг би энэ үгнээс айж жийрхэж, санаа зовдоггүй. Үүнтэй адил төрийн алба гэдэг үгнээс ч жийрхэх учиргүй. Хараад байхад улстөрчид өөрсдөө төрийн албыг сулруулах үйлдэл хийж байна. Энэ алба авлигад идэгдсэн, шунахай, мэдлэг чадваргүй хүмүүсийн цуглуулга гэж шүүмжилдэг. Энэ нь иргэдэд төрийн албыг бохир заваан, утгагүй гэсэн ойлголт төрүүлэх болсон. Нөгөө талаар төрийн албанд хүнд суртал гаргаж, авлига авдаг, Төрийн нэрийн өмнөөс иргэдийг айлган сүрдүүлж, дарамтлах үйл ажиллагаа явуулдаг бүлэг хүмүүс бий. Үүнээс болж төрийн алба суларч байгаа. Үнэндээ бол Засгийн эрх барьж буй улс төрийн нам төрийн албанд хууль бус томилгоо хийж, хуулийн хэрэгжилтийг зогсоож, төрийн албаны шинэчлэлийг устгах чиглэл рүү яваад эхэллээ. Энэ үйл ажиллагааг зогсоож, төрийн албаны шинэчлэлийг зайлшгүй хөндөх ёстой болсон учраас хуулийн төслийг санаачилсан.
-Нэг үеэ бодвол төрийн албан хаагчид намын харьяаллаас татгалзаж, улс төрөөс хол, сонгуульд өрсөлдөхгүй байх зэрэг зарчмыг барьж хэвшсэн ч сүүлийн хагас жилд тогтворгүй байдал үүсэх болсон. Байдал энэ хэвээр үргэлжилбэл хууль батлагдсан ч хэрэгжих эсэх нь эргэлзээтэй биш үү?
-Би төрийн албаны шинэчлэлийг эсэргүүцдэг хүн биш. Тэнд шударга бус зүйл, хээл хахууль авч, хүнд суртал гаргадаг түшмэл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ шинэчлэлийг ийм маягаар хийж болохгүй. Сүүлийн 20 жилд төрийн албанд зохих шаардлага хангасан хүмүүс томилоогүй, дандаа улс төрийн томилгоо явагдсан гэж үзвэл одоо байгаа бүх албан хаагчийг халаад, хараат бус комисс томилж, шинээр сонгон шалгаруулалт явуулж, өрсөлдөөний зарчмаар шинэ баг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал гадаадад сургууль төгссөн ч ажил олдохгүй, чадвараа үнэлүүлэх боломжгүй байна гэж үзэж байгаа хүмүүст боломж нээгдэнэ. Энэ өөрчлөлтийг өнөө, маргааш хийж чаддаггүй юм гэхэд хэзээ нэгэн цагт Монголын төр хийх учиртай. Тэгж байж бид төрийн албаа цэвэршүүлнэ. Түүнээс биш ямар ч сонгон шалгаруулалгүй, түр томилох нэрээр улс төрийн намын төлөөлөл шахаж, бужигнаан хийх нь төрийн албанд хортой.
-Жишээ нь, Засгийн газар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг хагас жилийн дараа зарлаж байна. Болзол нь зөвхөн өөрсдийн томилсон хүнд тохирсон байх жишээтэй. Ийм тохиолдолд хуулийн төсөл сөрөг хүчний дэмжлэгийг авах болов уу?
-Хуулийн төслийг хэлэлцэж байна. ТББ-ын хорооны гишүүд нэлээд сайн дэмжсэн. Яахав, хууль батлагдахаас өмнө хийе гэсэн томилгоогоо дуусгая гэсэн бодол байхыг үгүйсгэхгүй. Хуулийг эсэргүүцвэл төрийн тогтвортой, мэргэшсэн байдлын эсрэг зогсож байгаатай ижил болно. Бүгдээрээ төрийн албаны шинэчлэлийн төлөө зүтгэж байгаа бол энэ хуулийг дэмжих учиртай, дэмжигдэх байх.
-Төрийн албанаас олон хүн халагдаад байгаа. УИХ дахь МАНын бүлэгт энэ чиглэлээр хийсэн судалгаа бий юү?
-Нарийн судалгаа алга байна. АН Засгийн эрх барьж эхлээд нэг ч хүнийг ажлаас халаагүй гэж мэдэгдээд байгаа ч олон хүн ажлаасаа халагдсан шүү дээ. Бүх байгууллагад халаа сэлгээ хийж, ялангуяа удирдах албан тушаалтнууд нийтээрээ халагдсан. Энэ нь төрийн албан хаагчдын итгэлийг алдуулсан. Хууль бусаар халагдсан энэ хүмүүс ямар нэг байдлаар гомдол гаргаж, асуудал үүсгэнэ байх. Яагаад гэвэл, хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 1995 оны хуулиар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг төрийн захиргааны, төрийн бодлогыг хамгийн сайн барьдаг, мэргэшсэн дээд зэрэглэлийн түшмэл байх ёстой гэж хуульчилсан. Дөрвөн жилийн хугацаатай, хугацаа нь дуусахаар сонгон шалгаруулалт явагдаж, дараагийн хүн нь томилогддог, тухайн яамны бодлогыг бариад, төрийн бодлого ийм байх ёстой, ингэж ажиллах зарчимтай гэж сайд, дэд сайд нарт зөвлөж, тусалдаг, улс төрийн нөлөөллөөс ангид байх ёстой албан тушаал. Анхны томилгоонууд чанартай хийгдсэн. Сүүлдээ дандаа улс төрийн шинжтэй томилгоо болж хувирсан. Ингэж улс төрийн нөлөө оруулж, хэнийг ч хамаагүй томилчихоод тэдэндээ тохирсон сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг. Эмгэнэлтэй л юм болж байна.
-Засаг дарга нарын томилгоо Ерөнхий сайдын чихийг халууцуулж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн орон нутагт засаглах эрх авсан МАН-ын нэр дэвшигчдийг батлалгүй хоёр сар гаруй болж байгаа байх аа?
-Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн байгууллага бол Үндсэн хуульд зааснаар өөрөө бие дааж үйл ажиллагаа явуулдаг. Засаг даргын нэрийг Ерөнхий сайд батламжилдаг зарчимтай. Засгийн газар олон аймгийн ИТХын шийдвэрийг хүндэтгэж үзсэнгүй. Хоёр гурван аймгийн Засаг даргыг түр томилсон. Энэ бол урьд өмнө гарч байгаагүй үзэгдэл. Орон нутгийн ИТХ-ын санаа бодол, шийдвэрийг сонсохгүй байна гэдэг нь өөрөө бүдүүлэг зүйл. Шинэчлэлийн Засгийн газар ардчиллын анхны зарчмыг үл баримталсан энэ мэт жишээ тун олныг гаргасан. Хэтэрхий бүдүүлэг, түрэмгий байна. Өөрчилнө, шинэчилнэ гэсэн нэрээр хуулийг үл тоох байдал газар авч байгаа шүү дээ. Одоо Ерөнхий сайдыг дуурайгаад аймаг, нийслэл, сумдын Засаг дарга нар ИТХ-аас нэр дэвшиж гарч ирсэн сум хорооны Засаг дарга нарыг томилохгүй хүлээлгэж байна. Манай тойрог болон бусад бүх аймагт энэ байдал давтагдаж байна. Шат шатандаа хуулийг үл биелүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг үл харгалзаж байна гэдэг ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл л дээ.
-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хууль зөрчих явдал хэрээс хэтэрлээ гэцгээдэг. Тэглээ гээд байдал өөрчлөгдөхгүй байгаа нь үнэн. Сөрөг хүчин өөрөө дэндүү сул байгаа юм биш үү?
-Сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авч, Парламентад 20 гаруй суудал авсан МАН-ын гишүүд хэлж, ярих асуудлаа хөндөж тавьж байгаа. Өнөөдөр манай гишүүдийг идэвхгүй байна гэх шүүмжилж буй хүмүүст цаг хугацаа байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. Засгийн газрын зүгээс явуулж буй увайгүй үйл ажиллагааг бид тэвчээртэй ажиглаж байна. Асуудалд яарч хандмааргүй байна. Юу хийж байгааг нь харах, санаачилга гаргаад ажиллах цаг хугацааг олгоё. Өнөөдрийг хүртэл бид хууль зөрчсөн бүх асуудалд анхааруулга өгчихөөд байгаа. Гэсэн ч энэ байдал даамжирч, “Намайг хэн хэлэх вэ” гэдэг шиг яваад байвал зохих арга хэмжээг авна. Болохгүйд хүрвэл Засгийн газрыг, сайд нарыг огцруулах хэмжээнд хүртэл улс төрийн арга хэмжээ авах хугацаа бий. Парламентад 25- 26 гишүүнтэй бүлэг асуудлыг хааш нь ч эргүүлж болно. Гэхдээ мэдээж хуулийн дагуу асуудлыг тавина.
-УИХ-д Увсын тойргоос сонгогдсон хоёр гишүүний эрхийг хасах асуудал хөндөгдсөн байгаа. Өвөрхангайн тойрогтой холбоотой маргаан дуусаагүй байна. Танай намын бүлэг үүнд ямар байр суурьтай байна?
-Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн С.Чинзориг удахгүй тангараг өргөх байх. Увсын тойргийн маргаанд улс төрийн нөлөө орчихсон гэж үзэж байгаа. Ямар ч байсан шүүхийн шийдвэрийг авна. Тэгээд дараагийн шатны шүүхэд хандана. Ер нь цаашдаа бид сонгуулийн санал хураалтын дараа зарга үүсгэдэг байдлыг зогсоож, сонгууль дуусмагц сонголтын асуудал дуусах эрх зүйн орчинтой болохгүй бол шүүхийн хэдэн шат дамжуулан хэлэлцэж, сонгогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүртэл ужгирах болж байна. Энэ бол сонгогчдын эрхэд халдаж байгаа хэрэг.
-МАН-ын УИХ дахь гишүүд парламентад бүлэгтэй болсныхоо дараа үйл ажиллагаагаа нэлээд идэвхижүүлээд эхэллээ. Намын зүгээс идэвхтэй байх даалгавар ирсэн үү, эсвэл өөр зорилго бий юү?
-УИХ-д наймаас дээш суудалтай улс төрийн нам парламентад бүлэг байгуулах эрхтэй. Энэ бол Үндсэн хуульд заасан заяагдмал эрх шүү. Яахав, улс төрийн зорилгоор биднийг хагас жил шахам бүлэггүй байлгаж, парламентын гишүүний үг хэлэх, байнгын хорооны гишүүн болох эрхийг бүдүүлгээр хааж боосон. Энэ бүх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд бид хандсан байгаа. Ийм бүдүүлэг, ардчилсан бус зарчмаар асуудлыг шийдэх явдал цаашид парламентын түүхэнд гарахгүй байх гэж бодож байна. Бүлэгтэй болсноор УИХын гишүүний эрхээ хэрэгжүүлэх механизмтай болсон нь үнэн. Парламент өөрөө сайнтай муутай ч 20 жил тогтож, өөрийн гэсэн зарчимтай болсон. Ер нь шинээр сонгогдсон гишүүд асуудалд хууль, эрх зүйн дагуу биш сэтгэлийн хөөрлөөр хандаж байгаа нь анзаарагддаг юм. Би тэднийг эрх биш нэг жилийн дараа, хоёр парламентын хуралдааны дараа асуудалд арай өөрөөр хандах болов уу гэж бодож байна. Парламент ийм байх ёсгүй гэх аясаар эвсэл асуудлыг хэтэрхий хялбар шийдэх гэж, парламентын гишүүний сонгогдсон бүрэн эрх рүү халдах гэх мэт ийм байдал зөндөө гарч байна. Хууль тогтоогчид өөрсдөө хуулиа зөрчөөд байна шүү дээ.
-Нарийн яривал УИХ-ын дарга хүртэл хууль зөрчиж томилогдсон. Гэсэн ч өнөөдөр энэ сэдэв хэнд ч сонин биш болсон. Тухайлбал танай намын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандаж болоогүй юм уу. Хууль зөрчлөө гэж ярьж сууснаас гарц хайсан нь дээр биш үү?
-УИХ-ын даргын томилгоотой холбоотой асуудлыг МАН Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Хэлэлцэхгүй байгаа. Гэхдээ саяхан УИХ-ын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын даргын томилгооны асуудлыг шийдвэрлэчих шив дээ. УИХ-ын даргыг томилох хуралдааныг хамгийн ахмад гишүүн нь биш, тухайн бүлгийн ч юм уу, тухайн хуралдаанд сууж байгаа ахмад гишүүн даргална гэж тусгаад явуулчихлаа. Ингээд асуудлыг шийдчихэж байгаа учраас хэлэлцэхгүй байх. Тухайн үедээ бол хууль зөрчиж томилогдсон нь үнэн.
-Сөрөг хүчин Засгийн газрын зээл “Чингис бонд”, улс орны хөгжлийг ахиулах бусад том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудалд анхаарлаа нэлээд сайн хандуулж байгаа. Бонд, төсөл хөтөлбөрийн ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Бидэнд тулгамдсан том асуудлаа шийдэх шаардлага бий юү гэвэл тийм. Монгол Улсын дэд бүтэц нийтдээ муудсан. Энэ нь эдийн засгийн хөгжлөө боомилж байна. Төмөр замын гарцыг Замын-Үүд дээр багалзуурдчих жишээтэй. Цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэр, шинэ цахилгаан станц тулгамдсан асуудал боллоо. Улаанбаатарын дэд бүтэц, Дархан, Эрдэнэтийг эс тооцвол хот гэхэд хэцүү, хөдөө гэхэд хэцүү, аймгуудаа бүгдийг нь авто замаар нийслэлтэйгээ холбож чадаагүй явна. Ийм өрөвдөлтэй байдалд хүрчихээд, зайлшгүй шийдэх ёстой болоод байна. Гэтэл бидэнд мөнгө хэрэгтэй. МАНыг Засгийн эрх барьж байхад ч мөнгө дутагдаж байсан. Мөнгийг босгож болно. Гэхдээ гол нь өнөөдөр мөнгө авсан бол маргааш нь аймгуудын дулааны станц, нийслэлийн эрчим хүчнийг сайжруулах ажлыг эхлүүлж, эргээд зарцуулсан хөрөнгөө нөхөх хэмжээнд боловсруулсан сайн төсөл хэрэгтэй. Төслүүдийн зарим нь иргэдийн амьдралд шууд эерэг шууд нөлөөлөх, нөгөө нь нийтийн эдийн засгийн эргэлтийг хангах төсөл байх ёстой. Харамсалтай нь, Засгийн газарт бэлэн төсөлгүй хэрнээ бонд гаргаж, түүндээ хүү төлөөд явж байна. Энэ их мөнгийг зүгээр элсэнд уусгаж байгаад санаа зовдог. Энэ мөнгөөр юм хийж чадахгүй бол Монголын ард түмний нуруунд өр болж үлдэнэ. Бид өнгөрсөн 90 жил 11 тэрбум долларын өр тавьсан байдаг. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар дөрөвхөн жилийн дотор 5-6 тэрбум долларын өр тавьж байна. Энэ аюултай. Одоо бол төслүүдээ маш хурдан эхлүүл гэж хэлмээр байна.
-Бондын хөрөнгийг төмөр замын салбарт мөн нийслэлийн эрчим хүчний хэрэглээг зохицуулах дэд станц худалдаж авах зэрэгт зарцуулна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байдаг. Тухайлбал, төмөр замын талаар Та ямар бодолтой байгаа вэ?
-Төмөр зам сүүлийн үед нэлээд яригдаж, нарийн цариг уу, өргөн цариг уу гэж маргаж байна. Манайд аль, аль царигийн төмөр зам байх учиртай. Эхлээд бид нүүрсээ зах зээлд борлуулж байж мөнгөтэй болно шүү дээ. Ойрын зах зээлээр дамжуулж, хэрэгцээтэй газруудад нүүрсээ нийлүүлж байж олсон мөнгөөрөө дараагийн ажлуудаа хийх ёстой. Ямар ч мөнгөгүй байж, хэдэн зуун км зайд, хэзээ, хэн явах нь тодорхойгүй газраар төмөр зам тавьчихаад нүүрсээ борлуулна гэдэг ч юм уу, эсвэл хэн нэг нь эзэлж авчих гээд байгаа шиг асуудалд хандаж, геополитик яриад байж болохгүй л дээ. Бас ямар ч зураг төсөлгүй юманд мөнгө зарж болохгүй байх. Сонин хэвлэлээс харж байхад түрүүчийн сайд нар зураг төсөлгүйгээр хөдөө хээр далан босгож байна гэж олон тэрбум төгрөг үргүй цацсан байна лээ. Үр дүнтэй болсон бол түүнийгээ үзүүлэх ёстой. Бондын мөнгийг ийм байдлаар битгий үрчихээсэй. Энэ мөнгө хэдэн улстөрчдийн тоглоом болж, салхинд хийсчихгүй байгаасай гэж бодож байгаа.
-М.Энхсайхан даргын мэдээлж байснаар 50 тэрбум төгрөг төмөр замын төсөлд үргүй зардал болж шингэсэн гэсэн мэдээ бий. Энэ талаар салбарын сайдад асуулга тавих эрх танай намын бүлэгт байгаа байх?
-Том төслүүд болон бондод анхааралтай хандах ёстой, хүү өсөж, нэг хүний нуруунд ирж буй ачаалал ихэслээ, зарцуулах төслөө танилцуулна уу гэх мэт анхаарал хандуулсан бүх сэдэвт хариулт авахаар асуулга тавьчихсан байгаа.