-“Оюутолгой”-н асуудлаар Монголын төр, түмэн нэг ойлголттой, нэгдмэл байр суурьтай боллоо-
УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн үдээс хойших чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оюутолгой” төслийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, далд байсаар ирсэн зарим нэг ээдрээтэй асуудлыг анх удаа төрийн түвшинд задлан нээсэн нь яах аргагүй онцлог үйл явдал болов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан, өөрийн биеэр байлцсан энэ өдрийн хуралдаан Монгол үндэсний нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон хэмээн олон нийт таашааж байна. УИХ-ын танхимд байнга сүүдэр хүүшлүүлж байдаг АН, МАН, эвсэл, бие даагч гэх мэтийн талцал, улстөр жилт огт байсангүй.
Эх орон, ард түмний эрх ашгийг дээдэлж, эрдэнэт газар шороондоо эзэн байх, эцэг дээдсийн өвлүүл сэн их баялгаас иргэн бүхэн дээ тэгш хүртээх эрхэм зорилго энэ өдөр УИХ-ын танхимд байсан бүх хүний үг хэл, үзэл бодлоос нэвт ханхалж байсанд баярлууштай. Энэ сарын 6-нд “Оюутолгой”-н Хувь нийлүүлэгчдийн хурал болох юм байна. Үүнтэй холбогдуулан дээрх мэдээллийг сонссон бөгөөд өмнө нь нэг удаа УИХ-аар хаалттай хэлэлцсэн билээ.
Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, үйлдвэрлэл эхэлсэн хэдий ч эргэж харах, ярилцаж ойлголцох хэд хэдэн асуудал хуримтлагдаад байгаа тул эдгээрийг харилцан хэлэлцэхээр Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсгийг Засгийн газраас байгуулжээ. “Оюутолгой” төсөлд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж буй гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын холбогдох хууль, Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн байж болохуйц хэд хэдэн ноцтой асуудал үүсээд байгааг энэ үеэр хөндлөө. Зарим баримт сөхье.
Баримт 1. Хөрөнгө оруулалтын гэрээнд анхны бүтээгдэхүүн гарах хүртэлх хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллар байна гэж заасан. Гэтэл одоогоор 7.1 тэрбумд хүрч, хоёр тэрбум ам.доллар буюу 47 хувиар өсчихөөд байгаа аж. Ямар шалтгаанаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн тайлбараа төслийнхний зүгээс одоо болтол албан ёсоор хийгээгүй байна. Үүнтэй холбогдуулан Монголын тал “Оюутолгой” компанийн 2013 оны хөрөнгө орууллалтын төлөвлөгөөг батлалгүй, зөвхөн оны эхний хоёр сарынхыг баталж өгчээ.
Баримт 2. Гаднын хөрөнгө оруулагчийг төлөөлж буй “Рио Тинто” компани манай талтай зөвшилцөлгүйгээр гадаадын томоохон банк санхүүгийн байгууллагуудаас 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор хөөцөлдөж эхэлжээ. Түүнээс 4.4 тэрбумыг нь өнгөрсөн хугацаанд гаргасан хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн шалтгаанаар өөрсдөө авна гэж мэдэгдэж байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй цаашид дахин 5.1 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн мэдэгджээ.
Баримт 3. Далд уурхайн бүтээн байгуу лалтыг тооцоод нийт хөрөнгө оруулалт 14.6 тэрбум ам.доллар байна гэж анх ТЭЗҮ-д тусгасан. Гэтэл 24.4 тэрбум ам.доллар буюу 68 хувиар нэмэгдүүлэн төлөвлөчихөөд байгаа гэнэ. Ийнхүү Гэрээнд заасан, УИХ-аар баталсан хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь хууль, гэрээг шууд зөрчиж байгаа хэрэг төдийгүй баялгийн эзэн Монгол Улс, гэрээнд хамтран оролцогч Монгол Улсын Засгийн газрыг үл тоомсорлож, дураар авирлаж байгаа хэрэг мөн гэж Монголын төр үзэж байна. Учир нь хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхэд ТЭЗҮ өөрчлөгдөнө, улмаар Монголын талд ногдох ашиг багасаж, хувь хүртэх хугацаа уртасна. Монгол Улс ногдол ашиг хүртэх хугацааг 2019 он гэж тооцож байсан бол ийнхүү өөрчлөгдсөнөөр 14 жилээр хойшилж, 2033 он хүрэх тооцоо гарч байгаа юм.
Баримт 4. “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтад Монголын аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулна гэж гэрээгээр тохирсон. Гэвч ханган нийлүүлэгчийг сонгох, шалгаруулах үйл ажиллагаа нээлттэй бус, хангалтгүй байна гэж манай тал үзэж байна.
Баримт 5. Оюутолгойн бүлэг ордын 30 хувийн лицензийг “Entree gold” компани эзэмшдэг юм байна. Энэ нь уурхайгаас олох ашгийн 30 хувиа алдах эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс уг лицензийг эргүүлэн авах шаардлага үүсчээ.
Баримт 6. Ашиг сонирхлын зөрчил ч илэрсэн байна. 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулахаар хэлэлцэж байх үед манай Засгийн газарт зөвлөгөө өгч байсан “Goldman Sachs” компани нь “Айвенхоу Майнз” компанийн тодорхой хувьцаа эзэмшдэг, охин компани нь болох нь тогтоогджээ.
Баримт 7. Менежментийн багийн зардал хэт өндөр буюу тодорхой шалтгаангүйгээр 95.5 хүртэл хувиар өсчээ. 2013 оны нэгдүгээр сарын 1 хүртэл менежментийн төлбөрт 153 сая ам.доллар төлөхөөр тохирсон бол одоо 321.4 сая ам.доллар төлчихөөд байна.
Баримт 8. Гэрээнд баяжуулах үйлдвэр ашиглалтад орсны дараа ажиллах хүчний 90 хувь нь монголчууд байна гэж тусгасан ч өнөөдрийн байдлаар дөнгөж 60 хувьтай байгаа аж. Мөн ижил төрлийн ажил хийж байгаа монгол болон гадаад ажилтны цалин хөлс адил байхаар тохирсон заалт хэрэгжихгүй байна. Монгол ажилчдын цалингийн сангаас гадаадынхных 1.8 дахин илүү гэсэн тооцоо байна. Энэ мэт олон ноцтой асуудал хуримтлагдаад байгаа тул 6-нд болох Хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээг мөрдөхийг шаардах, зарим асуудлаар тайлбар авахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэв. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөрөнгийн зарцуулалт, худалдан авалт, менежментийн төлбөр, татварын зэрэг чиглэлээр хуулийн хүрээнд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна. “Оюутолгой” төслийн талаар гишүүд асуулт асууж, олон чухал санал хэлэв. Тухайлбал, баялгаа үнэлж байж гэрээ байгуулах, “Оюутолгой” төслийнхний гадаадад хадгалуулдаг орлого, хөрөнгийг Монголд хадгалуулах, санхүүгийн үйл ажиллагааг Монголын банкуудаар дамжуулан хийлгэх, Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын төрийг төлөөлсөн хүмүүсийг оруулах, Гүйцэтгэх удирдлагад Монголын мэргэжилтнүүдийг ажиллуулах, гэрээтэй холбоотой бүх асуудлууд дээр өөрсдийн бие даасан шинжээчдийн баг гарган ажиллуулах гэх мэт.
Хуралдааны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ: -Монгол Улс “Оюутолгой”-д хууль ёсны байр сууриа эзлэх ёстой. Үүний тулд Гүйцэтгэх удирдлагын баг буюу санхүү, бараа худалдан авах, борлуулах зэрэг асуудал шийддэг, анхаарал татсан газрын удирдлагад монгол хүн орох хэрэгтэй. Оюутолгойн ТУЗ-д төрийг төлөөлсөн хүнээ оруулах талаар ярих цаг болсон гэдгийг дэмжиж байна. Санхүүгийн хяналт, оролцооны ил тод байдал огт алга. УИХ-ын гишүүд, Засгийн газар шаардаад байхад үл тоомсорлодог байдал хэвээр үргэлжилж хэрхэвч болохгүй.
Бид хуультай, ардчилсан төр засагтай улс. Хуулийн дагуу бид шаардах юмаа шаарддаг, тэд Монголын хуулийн дагуу шаардлагыг биелүүлдэг байх учиртай. Хууль хэрэгжих ёстой. Дотоодын олон мянган аж ахуйн нэгж Оюутолгойд бараа, үйлчилгээ нийлүүлж, хөл дээрээ босож ирэх ёстой гэж бид тооцсон. Тиймээс ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа ил тод, хуулийн дагуу явах нь зөв. Оюутолгойн ханган нийлүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжийн нэрийг, хэчнээн ам.долларын, ямар ажил авсныг хэвлэлээр шууд мэдээлж яагаад болохгүй гэж. Менежмент, нөөцийн төлбөрийг хөндөхөөс өөр аргагүй.
Оюутолгойд ажиллаж байгаа гадаадын дарга нар дэлхийн жишгээс 2.5 дахин өндөр цалин хөлс авч байна. Үйлдвэрийг удирдаж байгаа дарга нарт нийт хөрөнгийн зургаан хувийг зарцуулж байхад баялгийн эзэн Монгол Улс нөөцийн төлбөрийн таван хувийг аваад сууж байж болохгүй. Нэмэгдэж буй тэрбум тэрбум ам.долларын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярих хэрэгтэй. Төсийн санхүүжилттэй холбоотой олон асуудал байгааг бид өнөөдөр ярилаа. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 9.8 тэрбум ам.доллараар илүү гарч байгааг анхаарах ёстой. Хувь нийлүүлэгчид гэрээ байгуулахдаа баяжуулах үйлдвэр ажиллаж, бүтээгдэхүүн гаргаж эхэлснээс орж ирэх ашгаас цаашдын хөрөнгө оруулалтыг хийгээд явна гэж тохирсноос бус хаа нэгтээгээс их хэмжээний зээл авч, тэрнээсээ гаргасан зардлаа нөхнө гэж заагаагүй.
Манай улс “Рио Тинто” гэсэн ганц компанитай хөрөнгө оруулалтын асуудлаа ярьж байсан бол одоо дэлхийн банк, санхүүгийн олон байгууллагатай харилцах, хаанаас хэдэн доллар хэн өгсөн, ямар нь юуг авсныг мэдэж байх шаардлага гарах нь. Бид ийм байдлаар явна гэж тохироогүй. Оюутолгойн ордын алдагдсан лицензийн асуудлыг хуулийн хүрээнд нэн даруй шийдэх хэрэгтэй. Төслийн үйл ажиллагааны орлого, зарлага, мөнгөн гүйлгээг Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулан хийх хэрэгтэй. Гадаад, дотоодын бүх байгууллага, аж ахуйн нэгж ингэж болоод байхад “Рио Тинто” яагаад гадна нь үлдэнэ гэж. Ашиг олж байгаа бол Монголд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон. Гэтэл баяжмалаа зөөх төмөр зам, авто замын аль аль нь алга. Тиймээс замаа хурдан барья. Бүтээгдэхүүнээ авто замаар тээвэрлэнэ гэсэн шаардлагаа тавь. Эрчим хүчний хангамжийн асуудлаар бид нэг байр суурьтай байх ёстой. Цахилгаан станцаа Тавантолгойд барья. Тэндээсээ Оюутолгой болон бусад хэрэгцээгээ хангая. “Оюутолгой” компани цахилгаан станц байгуулахад оролцож болно. Гэхдээ оролцоо 51 хувиас дээш байх хэрэггүй. Гэрээнд зэсийн үйлдвэр барьж, зэсээ өөрсдөө боловсруулна гэж тохирсон. Энэ ажил хийгдэх байх. Гэхдээ төслийн талбай дээр манай мэдлийн лаборатори байхгүй бол болохгүй. Хэчнээн хэмжээтэй, юу гараад байгаа юм, хэдэн хувь нь зэс, алт, бусад зүйл байгаа юм гэдгийг хянахгүйгээр бүтэхгүй. Одоо бид зэс боловсруулах үйлдвэрийнхээ ТЭЗҮ-г ярих цаг болсон.
Орон нутгийн иргэд, ажиллах хүчин, байгаль орчинтой холбоотой багц асуудал бий. Ханбогд сумыг түшиглээд цэцэрлэг, сургууль, эмнэлэг, үйлчилгээний бусад байгууллагыг байгуулах хэрэгтэй. Ингэснээр тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эхнэр, нөхөр очиж ажиллах боломжтой болно. Оюутолгойг дагаж томоохон суурин босох ёстой биз дээ. Усны хангамж бол онцгой анхаарах ёстой асуудал. Ер нь гүний биш, гадаргын ус ашиглах хэрэгтэй. Үйлдвэрийн хог хаягдал, тоосжилт, усны нөөц, эрсдэл, авах арга хэмжээг одооноос ярихгүй бол болохгүй. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас монгол иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгааг бодох хэрэгтэй. Малчид, бэлчээр, мал, амьтан гээд олон асуудал бий шүү. Нөгөө талаар яг нэг төрлийн ажил хийж байгаа бол адилхан цалин л авах учиртай. Энэ талаар гэрээнд туссан. Гэрээгээ хэрэгжүүлэхийг шаард. Ашигт малтмал, Оюутолгойгоос үнэтэй зүйл Монголд бий. Монгол Улс хууль, журамтай. Баялгийг нь аваад зугтана гэж бодсон бол эндүүрэл. Хууль, төртэй улсад хөрөнгө оруулж байгаагаа тэд ойлгох ёстой.
“Рио Тинто” компанид “Оюутолгой” төсөл чухал юм бол Монголыг хариуцсан албан тушаалтнууд нь Монголд ирж уулзаж, ярилцаг. Тэднийг Монголд урья. Бид гуравдагч орны хөрөнгө оруулалт байлгахыг хүсдэг. Харин бидний энэ хүслийг буруугаар ойлгох хэрэггүй. Оюутолгойгоос бид тодорхой сургамж авч байна. Тиймээс одоо өөрчлөх гэж буй Ашигт малтмалын тухай хуульдаа энэ бүх сургамжаа тусгах ёстой. Монголын нэрийг барьж гадаадын орнууд руу худал мэдээлэл цацах хэрэггүй гэдгийг “Рио Тинто”-гийнхонд сануулъя. Монголын төр, засгийг хооронд нь хагаралдуулж, бусдын идэш болгоно гэж санасны ч хэрэггүй. Манай улс олон улсын санхүү, эрх зүйн хүчирхэг, мэргэжлийн сайн багтай болох хэрэгтэй юм байна. Үүнд мөнгө гаргах хэрэгтэй. Анхаарал ч тавих ёстой гэж тэмдэглэв. Ийнхүү хаалттай байсан мэдээлэл нээлттэй болов. Талцаж, хэлцэж, маргаж, мэтгэлцдэг байсан асуудлын талаар анх удаа нэгдсэн, нэг мөр ойлголттой болов. Монгол Улс бол дуртай нь хүлхдэг чихэр биш гэдгийг харуулав. Дураар дургиж, Монголын хуулийг гишгэж, санаснаараа мөнгө босгодог эзэнгүй эрдэнэсийн уурхай биш гэдгийг сануулав. Монгол Улс төртэй, төр нь нэгдсэн бодлоготой, үндэсний язгуур эрх ашгийнхаа дор бүтнээрээ нэгдэж чаддаг түмэн гэдгийг нотлов. Одоо “Оюутолгой”-д юу нь болж, юу нь болохгүй байгааг Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэнээ хүртэл бүгдээрээ мэддэг болов. Энэ бол олз, бас сургамж бөлгөө.