МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдон хоригдсон захирлуудын дуулиан сүүлийн үед олны харцыг Буянт-Ухаа тийш бэлчээж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ-аар Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэхэд МИАТ-ын хувьчлалын чимээ дайгдаж, парламентын гишүүдийг салбарын хөгжлөөр биш компанийн хувьчлалаар халуурахад хүргэв.
Хэрэг явдал захирлуудын баривчилгаа, МИАТ-ын хувьчлал хоёр далд сэжмээр холбоотой байсныг нотолж, Монголын агаарын тээврийн зах зээлийг сонирхдог улстөрчдийн хөзөр ил гарч эхэллээ. Тус компанийг хувьчилж авах сонирхолтой улстөрчдийн нэрсийг ҮХАА-н сайд тэргүүлж буй.
Өмнөх Засгийн газарт ЗТБХБ-ын сайдаар ажиллах үеэсээ өнөөг хүртэл төмөр замын салбарын хувь заяаг санаснаараа эргүүлэхээр зүтгэж яваа Х.Баттулга сайдын агаарын тээврийн салбарт зарласан “хайр” тийм ч ойрынх биш гэдэг. Тэрбээр 2008 онд Зам, тээврийн салбарын тамгыг атгамагцаа агаарын тээвэрлэгчдийн стратеги, бизнес төлөвлөгөө, зах зээлийг судлах ажлаа эхлүүлсэн байдаг.
Сайдын эхний довтолгоонд “Аэромонголиа” компани өртөж, 2009 оны эхээр агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах эрхээ түр хугацаагаар хаалгаж байв. Тус компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний эх хувь иргэн П.Баатарсүрэнд байсан. П.Баатарс үрэн тухайн үед бүх хувьцаагаа зарсан ч “Аэромонголиа” компанид гэрчилгээг нь өгөөгүй. Х.Баттулгын хувийн “Женко” групп болон “Аэромонголиа” компанийн шинэ, хуучин эзэмшигчдийн дунд үүссэн санхүүгийн маргаан даамжирсаар тус компанийн агаарын хөлгийн нисэх эрх цуцлагдсан бол энэ нь сайдын хувьд агаарын тээврийн салбарыг судлах эхний туршилт болжээ. Түүний хоёр дахь довтолгоо МИАТ компанид хэрэгжиж, 2010 он гэхэд салбарын яам, ТӨХ хоёр МИАТ-ын салбар нэгжүүдийг бага багаар аж ахуйн тооцоонд оруулах ажлыг цаасан дээр төлөвлөсөн бол оны төгсг өлд агаарын тээврийн зах зээлд “МИАТ“ компанитай ихэрлэж “Монголиан Эйрлайнз” групп мэндэлсэн юм.
Төрийн мэдлийн агаарын тээвэрлэгчтэй нэр, цаашилбал данс андуурагдах тус компанийн ирээдүйд Х.Баттулга сайд байнга анхаарч, МИАТ компанийн захиалгаар АНУ-д суралцаж байсан залуу нисгэгчдээр агаарын хөлгийн экипаж бэлдэх ажилд ил далд нөлөөлж, 2010 оны хавар Баянхонгор аймаг руу эхлүүлсэн анхны орон нутгийн нислэгээр зорчсон баримт гэрэл зурагт үлдсэн байдаг. Ийн хүү төрийн өмчийн авиакомпа нитай ихэрлэж төрсөн “Монголиан Эйрлайнз”-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд Х.Баттулга олон жил иргэний агаарын тээврийн үйлчилгээ явуулж буй “Изинис эйрвэйз” компанийн үйл ажиллагааг тасалдуулах бодлого хэрэгжүүлэх болов. Тухайлбал “Изинис эйрвэйз” компани өнгөрсөн зун “Боинг 737”, “КЮ 400” агаарын хөлөг авч агаарын тээврийн зах зээлээ тэлэх ажлыг эхлүүлж, Бээжин-Улаанбаатарын хооронд тогтмол нислэг үйлдэх саналаа холбогдох газар, Зам тээврийн яаманд хүргүүлсэн боловч сайд А.Гансүх “судалж үзнэ” гэсэн шалтгаанаар нислэгийн томилгоо олгоогүй юм.
Салбарын сайдаасаа сайн мэдээ хүлээгээд нэмэргүйг ойлгосон тус компани олон улсын нислэгт ашиглахаар оруулж ирсэн онгоцуудаа буцааснаар энэ салбарт ноёрхол тогтоохыг санаархаж буй сайд нарын сэтгэлийг амраажээ. Х.Баттулгын эхлүүлсэн ажлыг Шинэчлэлийн Засгийн газарт Зам, тээврийн сайд А.Гансүх үргэлжлүүлж, сайд нарын МИАТ-ыг сонирхсон ашиг сонирхол олонд улам тод харагдах болов. Монголын махны зах зээлийн 17 хувийг дангаараа эзэгнэж, “Баянгол” зочид буудал, “Мах импэкс” ХК, “Талх чихэр” компанийг өмч хувьчлалын буянаар төвөггүй авсан ҮХАА-н сайд төрийн өмчийн аж ахуйн нэгжийг хувьчилж авах арвин туршлагаа агаарын тээврийн компанид хэрэгжүүлэхээр яарч буй нь ойлгомжтой болж эхлэв. Дээрх компаниуд Х.Баттулга сайдын мэдэлд очихдоо тийм ч шударга биш замыг туулсан тухай учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Тухайлбал “Мах импэкс” компанийн хувьчлал чамгүй шуугиан тарьсан байдаг.
УИХ 1999 оны долдугаар сард хувьчилж үл болох байгууллага, хөрөнгийн жагсаалт гаргасан ба үүнд “Мах импекс” ХХК орсон байв. Гэсэн ч ердөө сарын дараа тус компанийн төрийн өмчид ногдох хувь Х.Баттулгад очжээ. Ийнхүү хувьчилж авахдаа хууль зөрчин, “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой гурван сая ам.доллараар авсан гэсэн баримт үлджээ. Тухайн үед УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг “Мах импэкс”-ийн хувьчлалыг хууль бус гэж тогтоосон ч УИХ хэлэлцээгүй байдаг. Түүнчлэн олон жил монголчуудаас өр нэхсэн БНСУ-ын “Номаранг” корпорацийн мөнгөнөөс хамгийн их хувь хүртсэн зэрэг нэлээдгүй дуулиантай Х.Баттулгын нэр холбогдсон. МИАТ компанийн захирлуудын дуулианы араас хувьчлалын чимээ дуулдаж эхэлснийг өмч хувьчлалын хамгийн том тоглогч агаарын тээврийн салбарт эзэн суухаар яарч байгаатай холбон тайлбарлах хүн олон байна.
Юутай ч УИХ-ын гишүүд “Өмнөх хувьчлалууд бүгд үр дүнгүй болж, төр хувьчилсан аж ахуйн нэгжүүдээ буцааж авах талаар ярьж байна. МИАТ-д “Чингис бонд”- ын мөнгөөр дөрвөн онгоц авч өгнө. Эхний онгоц тавдугаар сард ирнэ. Ийм үед компанийг хувьчлах хэрэггүй” зэрэг тайлбар хийж МИАТ эрх мэдэлтн үүдийн савраас түр мултрав. Гэсэн ч компанийн хувьчлалыг УИХын байнгын хороо, нэгдсэн чуулганаар дахин хэлэлцэх тул Х.Баттулгын санаархал үүгээр зогсохгүй нь тодорхой биз ээ. Дэлхийн жишгээс харахад, улс орнууд агаарын тээврийн зах зээлээ яаравчлан нээхээс болгоомжилдог. Стратегийн чухал салбартаа нээлттэй өрсөлдөөний гарц тавьбал улс орны үндэсний аюулгүй байдалд харшилж, тээвэрлэгчдийн эрх ашиг хөндөгдөн, тэгш бус өрсөлдөөн үүсэж, цаашлаад улс орны эдийн засагт нөлөөлнө гэж хаширладаг энэ нь холбоотой.
Ардчиллын түүхээ 200 гаруй жилийн тэртээ тэрлэсэн АНУ, Европын холбооны улс орнууд сүүлийн 30 орчим жил төрийн оролцоотой, нарийн зохицуулалт хийсэн бөгөөд 2008 оноос олон улсын агаарын тээврийн зах зээлээ нээж эхэлснийг салбар хариуцсан сайд нар дуулж сонссон байлгүй. Түүнчлэн Азийн агаарын тээврийн зах зээлд ноёрхлоо тогтоосон Япон, БНСУ орон нутаг болон олон улсад ердөө ганц, ганц тээвэрлэгч “бойжуулж”, саяхнаас зөвхөн орон нутгийн агаарын тээврийн зах зээлээ нээж эхэлснийг дуулгахад илүүдэхгүй байх. Хөгжилтэй орнууд энэ салбараа төрийн бодлогоор зохи цуулж байхад түрээсийн хэдэн онгоцтой монголчууд МИАТ компаниа хувьчлаад юутай үлдэх нь сонин.
Д.ОТГОНЖАРГАЛ