“Мөнгөний хомсдолыг арилгаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх”. Энэ бол ЭЗХЯ-ны гол зорилго. Төвбанкны бодлогын алдаа, валютын нөөцийн хомсдолоос үүдсэн дээрх дутагдлыг инфляц болон үнийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийг тогтворжуулах, зээлийн хүүг бууруулж, хугацааг нэмэх гурван чиглэлээр бодлого хэрэгжүүлж байж засах юм байна. Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн салбарт хийж буй, хийхээр төлөвлөсөн шинэчлэлийн тухай Н.Батбаяр сайдын танилцуулга яг үүнээс “салаалав”. Тэрбээр олон салбарт хийж буй шинэчлэлээсээ тоймлон танилцуулсан юм.
“Чингис” бонд: Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд 1.5 тэрбум долларын “Чингис” нэртэй бондыг олон улсын зах зээлд арилжсан. Үүний 500 сая доллар нь таван жилийн хугацаатай, 4.25 хувийн хүүтэй, үлдсэнийг 10 жилийн турш 5.25 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр арилжсан. Одоогийн байдлаар 1.5 тэрбум доллар Төвбанкинд байгаа аж.
Бондын ач холбогдлыг салбарын сайд нь “Валютын нөөцийг хоёр дахин нэмсэн. Төв банкны бодлогын хүүг бууруулж, төгрөгийн нийлүүлэлтийг нэмсэн. Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх боломж бүрд үүлсэн” гэх мэтээр дүгнэв. Гол нь 2008 онд үүссэн шиг эдийн засгийн хямрал болохоос “Чингис” бонд аварчээ. Зээлийн хүүд өдрийн хэдэн саяар нь доллар төлж байгаа тухай сөрөг хүчний шүүмжлэлд тэр “Монгол Улсын зээлийн дундаж хүү 20 хувь байгаа. Тэгвэл уг бондын хүү дунджаар 4.7 хувь. Мөнгийг гадаад, дотоодын арилжааны банкинд байршуулах замаар Засгийн газар, улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүйгээр Төвбанк менежмент хийж байна. Тиймээс бондын хүүнд нэг ч төгрөг төлөхгүй байгаа гэдгийг мэдэгдье” гэсэн хариу өгөв. Харин ч бонд гаргаснаар зээлийн хүүг бууруулах зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн гэнэ.
Бүтээн байгуулалтын ажил: Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 21 аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор тусгасан. Үүнээс энэ онд Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсг өл аймгийг холбохоор гэрээ хэлцлийн ажил нь эхэлжээ. Уг ажилд дотоодын замын компанийг оролцуулахаар ярилцаж, “Хэн хэдэн км зам тавих боломжтой тухай саналаа өг” гэжээ. Ажил дөрөвдүгээр сард эхэлнэ. Бусад аймгийг 2015 он гэхэд нийслэлтэй бүрэн холбох аж. Энэ ажилд “Чингис” бондоос 300 гаруй сая төгрөг зарцуулах юм байна. Мөн бүтээн байгуулалтаа нийслэл, орон нутаг хэмээн хувааж авч үзэх гэнэ. Нийслэлд “Гудамж”, орон нутагт “Сум” төсөл хэрэгжүүлэхээр болсноо дэлгэрэнгүй танилцуулсан. Нийслэлд 800х800 метрийн талбайд дөрөвхөн блок бүхий гудамж байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад есөн хувь болж байгаа юм. Гэтэл Вашингтонд ийм талбай дахь гудамжны хувь 29, Саппород 35 хувь байгаа учир шинээр 119 гудамж нэмж байгуулах гэнэ. Мөн хөрөөний ир мэт зохион байгуулалттай уулзваруудыг дөрвөн замын болгож түгжрэлийг багасгах юм байна. Гэр хорооллыг инженерийн шугамд холбох, хурдны зургаан чиглэлийн зам барих асуудал “Гудамж” төсөлд багтжээ.
Төмөр зам: Тавантолгой-Цагаансуварга- Сайншанд, Дорноговь-Хөөт-Нөмрөг, Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан гэх мэтээр төмөр зам тавих чиглэл хэдийнэ гарчихсан. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр хэмээх экспортын гол бүтээгдэхүүнээ гаргахын тулд төмөр зам гарцаагүй чухал. Түрүүчийн төмөр замын ажил энэ оноос эхлэх гэнэ. Уг ажлыг хийх эрхийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компанид олгосон. Тэд гадаад, дотоодын компаниудтай хамтрах ажлаа зохион байгуулна.
Уул уурхай: Тавантолгойн ордын тухайд “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко”-той хийсэн гэрээг цуцлахаа Засгийн газар мэдэгдчихсэн. “Манай улсаас урт хугацаагаар нүүрс авах сонирхлоо Япон, Герман, БНСУ зэрэг улс илэрхийлсэн. Бид 2-3 оронтой хэлэлцээ хийж эхэлсэн. 15-20 жилээр гэрээ хийж, үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тогтоох, урьдчилгаа төлбөрт нэг тэрбум доллар авах гэх мэт нөхцөлөөр хэлэлцэж байгаа. Мэдээж боловсруулах үйлдвэрүүдээ барина” хэмээн Н.Батбаяр сайд ярив. Оюутолгойн гэрээний тухайд өөрчлөлт оруулах шаардлагатай, монголчууд мөнгө босгож чаддаг болсон учир хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр ч өөрөөр өрнөнө хэмээн тэр мэдэгдэв. Мөн 600 мВт-ын хүчин чадалтай хоёр ч станцыг V цахилгаан станцтай зэрэгцүүлэн барьснаар эрчим хүчний дутагдлыг шийдэх гэнэ. Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажил өрнөж байгаа, Японтой хамтарна, тэд санхүүжүүлнэ гэдгийг ч хэлэв. Орон сууцны үнэ тэнгэрт хадаж байгаагийн шалтгааныг сайд барилгын материалаа гаднаас авдагтай холбов. Тиймээс цемент, арматурыг эх орондоо үйлдвэрлэхээр болж буй аж. Долдугаар сард Хөтөлд нэг сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэрийг Хөгжлийн банк болон хувийн салбарын санхүүжилтээр ашиглалтад оруулах нь. 2014 онд ийм хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөжээ. Мөн мал аж ахуйн салбарт олон шинэчлэл хийхээр зорьсон гэнэ. Дараа нь сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Төмөр зам барихад бондын хөрөнгөөс яг хэдий хэмжээний мөнгө зарцуулах вэ. МИАТ компанид бондын мөнгөөр онгоц авах яриа байсан.
-ҮАБЗ-өөс аливаа бүтээн байгуулалтын ажилд зарцуулах мөнгөний гуравны нэгээс илүүгүйг бондоос гаргах чиглэл өгсөн. Үүнийг баримтална. Төмөр замд дээд тал нь 400 сая доллар гаргана. МИАТ-ын тухайд 100 гаруй сая доллараар гурван онгоц авах яриа Бодлогын зөвлөл дээр гарсан. УИХ шийднэ.
-“Эрдэнэс Тавантолгой” компани бондоос зээлэх хүсэлт тавьсан. Үүнийг шийдэх үү?
-“Чалко”-той хийсэн гэрээний дүнд уг компани бараг 500 сая долларын өртэй болсон. Төрийн өмчит компани учир өрийг дарна, ашиггүй гэрээг цуцална. Гэхдээ өрийг шууд бондоос гаргах тухай яриагүй. Өөр эх үүсвэрээр зохицуулна.
-Дэд бүтцийн салбарт бондыг зориулаад үр ашиг нь муу, хугацаанд нь эргэн төлөх боломжгүй гэсэн шүүмжлэл бий…
-Эдийн засгийн суурь нь дэд бүтцийн салбар учраас үүнд зарцуулах нь хамгийн зөв. Нэг тэрбум төгрөгийн бонд нь 10 жилийн хугацаатай байгаа. Энэ хооронд байгуулсан дэд бүтэц өгөөжөө өгнө. ДНБ-ий хэмжээ нэмэгдэж, эдийн засаг сайжирна. Эхний 500 сая долларын бондыг 2015 оны нэгдүгээр сард эргүүлэн төлөх юм. Энэ онд төсвийн хөрөнгө оруулалт гаднын зээлтэй нийлээд хоёр их наяд төгрөг байна. 2018 онд энэ хэмжээ 10 их наяд болж өсөх тооцоо бий. Тиймээс эхний бондыг төлөхөд төсөвт дарамт учрахгүй. Гагцхүү зөв зүйлд зарцуулах нь чухал.
С.ТУУЛ