"МИАТ” компанийн 49 хувийг хувьчлах эсэхийг УИХ хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн агаарын тээврийн зах зээлд асар хурдтай байр суурь эзэлсэн “Монголиан эйрлайнз” группийн үйл ажиллагаа олон нийтэд ил болов. Харин хууль хяналтынхны анхаарлыг татаж, улс төрийн хүрээнд хэрүүлийн алим тарьж буй тус группийн гол санхүүжүүлэгч болох бизнесмэн улстөрчид “Монголиан эйрлайнз” групптэй ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэв.
Мөн МИАТ-ын хувьчлалд оролцохгүй хэ мээн группийн зүгээс мэдэгдэж байна. Тэгвэл энэхүү мэдэгдэл үнэн эсэхийг www.mongolianairlines. com/ сайтаас мэдэх боломжтойг дуулгая. Тус группийн энэхүү албан ёсны вэб сайтад “...АН-2 маягийн агаарын хөлгүүдээр хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан “Моннис Эйр Сервис” ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, Монголын агаарын тээврийн салбарт шинэлэг, олон улсын аюулгүй ажиллагааны стандарт хангасан, дэлхийн жишигт нийцсэн суудал захиалгын “Amadues” систем нэвтрүүлэхээр “Монголиан Аэрлайнес Групп” ХХК болгон шинэчлэн зохион байгуулахад хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллагууд болох МАК болон Бодь групп компаниудын үүсгэн байгуулагч нар хөрөнгө оруулалт хийсэн...” хэмээн дурджээ.
МИАТ компанитай ихэрлэж төрсөн тус групп одоогоор 120 хүний суудалтай “Аэробус 319-100”, Голландад үйлдвэрлэсэн 50 хүний суудалтай “Фоккер-50” гээд нийт агаарын дөрвөн хөлгөөр дотоодод Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Өмнөговийн Оюутолгой, Тавантолгой, Овоотын чиглэлд нислэг үйлдэж байгаа бол өнгөрсөн зунаас эхлэн олон улсын чиглэлд “Аэробус 319-100” агаарын хөлгөөр Хонконг руу долоо хоногт хоёр удаа, энэ оны эхний сараас Шанхай руу шууд нислэг хийж байна. ҮХАА-н сайд тус компанид давуу эрх олгосон шалтгаанаа “Орон нутгийн нислэгийн тийзний үнэ асар өндөр, “Аэромонголиа”, “Изинис” компаниуд хуйвалддаг, үнээ буулгадаггүй. Ховд, Увс руу Бээжин орох үнээр нисдэг учраас нислэгийн тарифыг бууруулах арга зам хайсантай холбоотой хэмээн тайлбарласан. Тэгвэл “Монголиан эйрлайнз”-ийн нислэгийн тариф бусад авиакомпаниас нэг их зөрүүтэй биш гэдгийг нислэгийн тийз борлуулагч агентуудын мэдээллээс харж болно.
Агаарын тээврийн зах зээлд хүч түрэмгийлэн орж ирсэн тус компанийн вэб сайтад “Моннис Эйр Сервис” компанийн үйл ажиллагааг өргөтгөж, хөдөө аж ахуйн хортон шавьж устгах зориулалтаар ашигладаг АН-2 загварын онгоцыг ашиглаж байгаа тухай дурдсаныг дээр өгүүлсэн. Тэгвэл “Моннис Эйр Сервис” болон “Аэромонголиа” ХХК-иуд нь “Моннис” группийн охин компани бөгөөд АН-2 загварын таван онгоцыг “Монголиан эйрлайнз” группийн далд эзэд бараг “дээрэмдэж” авсан талаар учир мэдэх хүм үүс ярилцдаг. Түүгээр ч зогсохгүй тус групп байгуулагдахаасаа хоёр сарын өмнө эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэйгээр хөдөө аж ахуйн хортон шавьж устгах хоёр тэрбум төгрөгийн тендерийг авсан сураг дуулддаг. Угтаа бол байгуулагдаагүй компани тендерт ялна гэдэг байж боломгүй зүйл билээ. Сүүлдэж мэндэлсэн ч эвэр нь гайхмаар хурдан ургасан компанийн хэт даварсан үйл ажиллагааг энэ бүгдээс харж болно.
МИАТ-аас мөнгө угаасан хэргээр шалгуулж буй тус группийн захирал Ч.Хоролсүрэн нэг бүр нь 70 гаруй сая ам. долларын үнэтэй хоёр “Аэробус А319” загварын агаарын хөлөгтэй, дээр нь нэмээд 176-205 сая ам.долларын үнэтэй “Аэробус 330” онгоц оруулж ирэх гэж буйгаа 2012 онд мэдэгдэж байв. Шинэ компани энэ их мөнгийг хаанаас босгосон нь сонирхох ёстой л сэдэв. Оноосон нэр, иргэний агаарын тээврийн зах зээлд богино хугацаанд олсон байр суурь, далд эздийн ил үгүйсгэл зэргээс болж олны анхаарлыг гойд татаж эхэлсэн тус групп өнгөрсөн оны эцсээр дотроо гурван охин компанид хуваагдаж, олон улс болон орон нутгийн зах зээлийг эзлээд зогсохгүй, төр засгийн хэмжээний нислэгийг дагнаж хийх төл өвлөгөө боловсруулан, эрхээ авахаар хөөцөлдөж байж. Хувийн хэвшлийн аль ч агаарын тээвэрлэгч эдэлж байгаагүй, МИАТ-аас давсан монополь эрхийг “Монголиан эйрлайнз”- д олгохыг Зам, тээврийн сайд А.Гансүх холбогдох хүмүүсээс удаа дараа шаардан, нэг компанид гурвын гурван гэрчилгээ, нислэгийн зөвш өөрөл олгох боломжгүйг мэдэх мэргэжлийнхнийг шоконд оруулах шахсан сурагтай. Гэвч сайдын шахалттай зэрэгцэн удирдлагын халаа сэлгээ явагдаж “Монголиан эйрлайнз”-д олгох дархан эрх царцаж, группийн ил далд эзэд өдгөө МИАТ-ыг тойрсон халуурал буурах цагийг хүлээхээс өөр аргагүйд хүрчихээд байгаа аж.
МИАТ-аас мөнгө угаасан хэрэг сөхөгдөн, ихэрлэж төрсөн “Монголиан эйрланз” групптэй хамт Ч.Хоролс үрэнгийн нэр ил гарснаар МИАТ-ыг шохоорхогчид болон “Монголиан эйрланз” группийн хөр өнгө оруулагчид далдын хар малгай дор хоргодох боломж хайхаас өөр сонголтгүйд хүрч байна. Ч.Хоролсүрэн нам намын угшилтай, өөр зуураа өрсөлддөг, Монголдоо толгой цохих баячуудыг нэгтгэн “Монголиан эйрланз” группт хөрөнгө оруулалт хийлгэж, жил хагасын дотор агаарын тээврийн зах зээлд нөлөөгөө тогтоож чадсан. Түүгээр ч зогсохгүй салбарын сайдаар шахуулж, нэг компанид нислэгийн гурван зөвшөөрөл авахыг завдсан тэрбээр МИАТ-аас гарсан даруйдаа “Томас эйр” нэртэй бас нэг компани байгуулж, АНУ-д 2010 онд үйлдвэрлэсэн “Эйртрактор” АТ-602, Швейцарь улсын “Пилатус” онгоцны үйлдвэрт 2011 оны зургадугаар сард үйлдвэрлэсэн, дээд тал нь долоон зорчигч тээвэрлэх чадвартай “Пилатус ПС-6”, АНУ-д 2012 оны хоёрдугаар сард үйлдвэрлэсэн, дөрвөн хүний суудалтай “Mоли M-7” загварын онгоц оруулж ирсэн байдаг. Тус компанийн онгоцууд голдуу сайд, дарга нарт үйлчилж, тэднийг зугаацуулж, аялуулах ажил хийдэг байсан гэхэд хилсдэхгүй.
Монгол Улсад нислэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд аж ахуйн нэгж заавал олон улсын стандартад нийцсэн агаарын хөлгийн ангар, өөрийн гэсэн агаарын хөлөгтэй, бэлтгэгдсэн нисгэгч, нислэгийн сургалтын төл өвл өгөө, нислэг үйлдвэрлэлийн заавартай байх ёстой. Гэвч “Томас эйр” компани нислэг үйлдвэрлэлийн заавар, сургалтын төл өвл өгөөгүйгээр эрхээ авчээ. Ц.Орхон МИАТ-ын захирлын ажлаа өгөөд энэ компанийн захирлаар ирж ажилласан байдаг юм. Энэ бүгдээс харахад АН, МАН-гүй нөлөөлж, сөрөг намынхныг эвтэй дөрвөн амьтан шиг хэлхэж, том хөрөнгө босгож, олгодоггүй зөвшөөрлийг ядах юмгүй авч чадсан Ч.Хоролсүрэн нэлээд ид шидтэй хүн төдийгүй агаарын тээврийн салбарт тайлахад ээдрээтэй аалзны тор нэхсэн нь илэрхий. Энэ торны үзүүрээс хөөвөл АН, МАН-ын улс төр бизнесийн томчууд, шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын нэрс дуулдана. Үүнээс үүдэн хэр баргийн хүн тайлахад бэрх энэ торыг хэн задлах бол. Энэ Засгийн газар чадах уу? Албан тушаалтнууд улс төрийн бамбайны араас цухуйх уу гээд олон асуулт урган гарч байна. Торыг хөвж задлахгүйгээр МИАТ-ыг хувьчлах нь ердөө л мөрөө баллах гэсэн үйлдэл болох нь тодорхой.