Европын залуус байсхийгээд л гудамжинд гарч жагсах болсоор, одоо төр засаг нь ч, өөрсдөө ч залхах болжээ. Буурал тивийн 18-25 насны залуусынх нь 24.4 хувь нь ажилгүй байгаа бол Грект энэ үзүүлэлт бүр ч дор буюу дээрх насны хүн амынх нь 62.5 хувь ажилгүй байна. Дэлхийн банкны судалгаагаар залуу, ажилгүйчүүдийн тоо 262 саяд хүрч, удахгүй АНУ-ын нийт хүн амын тооноос ч давах нь. Харин монгол залуус ажилгүйдэл байна гээд эсэргүүцэл зарлах нь тун ховор бөгөөд хааяа нэг нам, төрийн бус байгууллагаас зарласан жагсаалд оролцохоос өөрөөр төв талбайг барагтай л бол эзэгнэдэггүй. Монголын залууст үнэхээр ажил амархан олдож, тэд ажилдаа сэтгэл хангалуун байдаг хэрэг үү?
Монголын бүртгэлтэй ажилг үйчүүдийн 71 хувь нь 18- 25 насныхан байдаг гэсэн аймаар судалгаа байдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь бүртгэлтэй ажилгүйчүүд болох 35200 хүний 25000 нь залуус байна гэсэн үг. Хөгжлийн гараанд ирж, жижиг дунд бизнесүүд борооны дараах мөөг шиг цэцэглэж, үүн дээр уул уурхайн их тэсрэлтийн үе таарсан учраас Монголд ажилгүй залуучууд тун ховор. Эдийн засаг нь шинэ тутам хөгжиж, эрчилж буйтайгаа ижлээр үйлдвэр аж ахуйн нэгжүүд ч олширч буй болохоор Монголын залуус нэг ажлаас гарсан ч нөгөө нь бэлэн байдаг болохоор бас аргагүй. Монголын ажиллах хүчний зах зээлд нүүрлэж буй хамгийн том гамшиг чухам энэ л болоод байна. “Mongolia Talent network”-оос шилдэг ажил олгогч байгууллага шалгаруулах санал асуулга явуулж дүгнэжээ. Энэ санал асуулгад 272 байгууллагын 1500 гаруй албан хаагч оролцсон аж. Гэтэл уг санал асуулгад оролцогчдын 37 хувь буюу дийлэнх нь хоёроос доош жил ажиллаж байгаа залуучууд байсан байна. Арав буюу түүнээс дээш жил ажиллаж буй хүмүүс ердөө 10 хувийг нь эзэлжээ. Хаа газар ялгаагүй ийм л байгаа. Дэлхийн жишгээр үзвэл залуу ажилчид хамгийн “эрсдэлтэй” бүлэгт багтдаг бөгөөд амархан уйддаг, үг даадаггүй, ажлаас гарах шийдвэрийг сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргах нь олон төдийгүй сонирхол нь байнга өөрчлөгдөж байдаг болохоор тэр. Өнөөгийн залууст хувийн орон сууц, машин, мөрөөдлийн ажил, өөрийн гэсэн бизнесээ эхлэх санаа маш эрт сууж, өдөр бүр бодолд нь хонх болон жингэнэдэг болсон. Тийм учраас тэд шинэ ажилд удаан тогтдоггүй. Эрт үүрлэсэн мөрөөдөл нэгээс нөгөө тийш зугтахад хүргэдгээс гадна нэгэн хэвийн хөшүүн байдал, удирдлагын шаардлага сэлтийг хүлээн зөвшөөрдөггүйгээсээ болж 30 хүрэхээсээ өмнө тав, зургаан ажил сольсон байх нь гайхах зүйл биш болжээ.
Жишээ нь, Монголын аялал жуулчлалын болон уул уурхайн салбарт энэ үзэгдэл хэдийнэ газар авч эхэлсэн байна. Уул уурхайн их тэсрэлт болохоос өмнө буюу 2000-аад оны эхээр гадаад хэлтэй залуусын ихэнх нь аялал жуулчлалын тур операторуудад ажилд орж байж. Гэтэл 2008 оноос тэдгээр залуу боловсон хүчин цөм уул уурхайн компаниуд руу явж, өдгөө тур операторууд мэргэшсэн хөтөч олох гэж толгой гашилгах болсон байна. Харин эсрэгээр уул уурхайн компаниудад ажилд орж байсан өнөөх залуус одоо өөрсдийн гэсэн бизнесийг эхл үүлэхээр ажлаасаа олноор гарч байгаа гэж учир мэдэх хүмүүс ярих болов. Залуу ажилчид нэг ажлын байрнаас нөгөө рүү амархан шилжих болсонд цаг үе болоод нийгэм нь их нөлөөлж байгаа. “Time” сэтгүүлийн саяхны дугаарт “Me Generation” нэртэй нийтлэл гарсан бөгөөд шинэ эриний залуусын талаар ганц сайн дуугарсан байж билээ. Шинэ компани байгуулж, бүхнийг өөрийнхөөрөө эхлүүлэх гэсэн мөрөөдөл өнөө цагийнханд аль эртнээс суудаг болж, үүний нөлөөгөөр залуу саятан, тэрбумтнуудын тоо урьд байгаагүйгээр олширч байна.
.jpg)
Жишээ нь, Марк Зукерберг 30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн тэрбум гаруй хүнийг нэгтгэсэн цахим хуудас бүтээж, тэрбумтан болсон бол 27 настай Лэди Гага дэлхий даяар 31 сая хувь цомог борлуулж, 17 настай Ник Д’Алоисиогийн зохиосон “Summly” хэмээх программыг “Yahoo” 30 сая ам.доллараар худалдаж авсан байна. 1980-аад онд дэлхий нийтээр нийгэм цаг үеийн байдал эрс өөрчл өгдөж, эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь чигл үүлж, ирээдүйд нь анхаарах нь ихэссэн. Ямар хүн болохыг нь заадаггүй юмаа гэхэд ядаж л төгөлдөр хуур, балет, бие хамгаалах урлагийн дамжаанд явуулж, багаас нь илэрсэн сонирхлыг нь улам гүнзгийрүүлэхэд санаа тавих болсон. “Юу ч болоогүй, хэн ч уриалаагүй байхад л эцэг эхчүүд нэг л өдөр өрсөлдөөнд орж эхэлсэн. Хүүхэд хар зөнгөөрөө, нийгмийн ая тухд тааруулаад зохицож амьдрах хөг өнгөрсөн гэдгийг мэдмэгцээ л ингэх болсон байдаг. Магадгүй тэр үеийн эцэг эхчүүд маш сайн футуристууд байсан байх” гэж “Dreamworks” кино компанийн хүний нөөц хариуцсан захирал Дэн Саттервэйт ярьжээ (Энэ компанид 30-аас доош насны 2200 ажилтан байдаг). Дан ганц нэг чиглэл хөөх нь эрсдэлтэй гэж эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч маш сайн ухамсарлах болсон. Тиймээс тэд чадахаасаа чадахгүй хүртэл бүхий л зүйлд өөрсдийгөө сориход бэлэн. Шинэ юм гэдэг бол тэдний хувьд ус, агаараас ч үнэ цэнэтэй зүйл бөгөөд түүнийг танин мэдэж, өөрийн болгох нь хообий болсон гэлтэй.
Ийм учраас нэг ажилд удаан тогтдоггүй, муугаар хэлбэл нохой бөөс шиг, сайнаар хэлбэл бүхнийг эрт эхэлдэг залуу үе нэгэнт бий болжээ. Саяхан “The Economist” сэтгүүлд “Ажилгүйдлийн эрин” нэртэй нийтлэл гарсан нь нэгдүгээрт, Европт ажилгүй залуус олширч байгаа тухай, хоёрдугаарт, буюу хамгийн чухал нь ажиллах хүчний зах зээлийг самрах болсон тогтвор суурьшил муутай залуу албан хаагчдын тухай байв. Өнөөдөр тэднийг сайн цалин, ажлын сайн нөхцөл ч торгоож хүчрэхээ больсон бөгөөд өөрсдийн гэсэн юм эхлүүлэх хүртлээ тэдний нүүдэл зогсохгүй гэсэн байв.
Т.Жигүүр