МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Мөнх-Очирын “Б.Бат-Эрдэнийг яаж манай лидерүүдтэй жиших юм бэ” гарчигтай ярилцлага монгол бөхийн ёс жудаг, цэвэр ариун сэтгэлийн тухай ярьж яваа аваргын талаарх олны бодлыг эргэлзээнд хөтлөв. Байр сууриа бөөрөнхийлж, хэн нэгэн лидерийн халхавчин дор бэмбэлзэж явдаггүй, шударга шулуун араншинтай, хэний ч нөлөөнд ордоггүй болохоороо Удирдах зөвлөл дотроо хамгийн “эсэргүү” гишүүн нэртэй Э.Мөнх-Очирын ярилцлагыг товчлон хүргэе.
-Улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгууль ид өрнөж байна. МАН гэдэг энэ том институци нэр дэвшигчээ тодруулахдаа улс төрийн ажиглагчдын нүдийг жинхэнэ орой дээр нь гаргасан хачирхалтай шийдвэр гаргалаа. Лидерийн хомсдолд орсноо хүлээн зөвшөөрч, арга буюу ийм борог гэмээр шийдвэр гаргав уу даа?
-Манай хуучцуул нэр хугарахаар яс хугар гэж хэлдэг. Монголчууд нэр төрөө эрхэмлэдэг. Энэ үүднээсээ ард түмний өмнө анх гарч ирэхдээ л хүн маш сайн бодсон байх ёстой. Тийм учраас нэр дэвшээд явж байгаа зарим нэг хүнийг хараад хуучнаа яагаад орхиод, огт өөр, цоо шинэ хүн болох гээд байдаг юм бол гэж бодох юм. Манай нэр дэвшигчийн талаар нийгэмд олон асуулт гарч ирсэн. МАН гэдэг энэ том улс төрийн хүчин яагаад ийм сонголт хийв ээ гэж. Удирдах зөвлөл болон бусад эрх бүхий бүтэц дотор ч ярьсан. Би тэр шийдвэрийг гаргасан Бага хуралд оролцоогүй. Яагаад гэвэл хүсэж байсан хүн нэр дэвшээгүй. Тэгээд ч Бага хурлын өмнө ямар бодлого баримтлах нь тодорхой болчихсон байсан. Бага хурлын өмнө хүмүүсийг хөдөө илгээгээд л Б.Бат-Эрдэнэ аваргыг ингэнэ шүү, тэгнэ шүү гээд эхлэхээр нь миний дургүй хүрсэн. Би хайрцагласан, зохион байгуулсан юмыг сөрж тэмцэж ирсэн. Одоо бол дуугарахаас аргагүй болоод ирлээ. Яагаад гэвэл энэ чинь намын асуудал болчихоод байна. Ерөнхийлөгч гэдэг хүн гарч ирснийхээ дараа улс төрийн намаасаа түдгэлзээд, улс орныхоо төлөө ажилладаг байх ёстой. Тэгэхээр улс оронд, ард түмэнд маань ямар хүн очих ёстой вэ гэдэг дээр нам өөрөө асар хариуцлагатай шийдвэр гаргаж байх ёстой юм. Хэрэв улс төрийн байгууллага мөн л юм бол шүү дээ. Өнөөдөр гэнэтхэн өөр хүн болж, өөрөөсөө огт өөр шинэ хүний дүрд тоглож байгаад Ерөнхийлөгч болох гээд байгаа ч юм шиг тийм хүмүүс улс орны шаардлагыг хангах юм уу?
-Таны аав Л.Энэбиш энэ намын том лидер байсан. Та ч хар багаасаа энэ намын амьдралд орсон хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд тэр л дэвшээсэй гэж хүсэж байсан хүн бий юү?
-Нам дотроо ярилцаж, тунгааж, шүүлтүүрээр оруулж шийдвэрээ гаргадаг тэр чадамжаа алдчихсанд л хамаг учир байна. Хэн бидний итгэлийг дааж чадах юм. Хэнийгээ энэ ард түмний төлөө зүтгүүлэхээр илгээх юм. Бид энэ сэдвээр ерөөсөө ярилцаж чадаагүй. Худлаа л ард түмнээсээ асууж байна гээд яваад байсан. Манай намд улс орондоо танигдсан олон лидер байна. Тэгж яривал өнөөдөр ард түмэн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гуай нарыг аргагүй л төрийн зүтгэлтнүүд юм даа гэж ярьж байгаа болохоос биш, Б.Бат-Эрдэнэ гуай гэж хэн ч ярихгүй байна. Би намынхаа даргыг л нэр дэвших ёстой гэж үзэж байсан. Энэ бол тогтсон ёс горим.
-Би танд нэг асуулт тавих гэсэн юм. Энэ асуултаараа би нэг намын хоёр гишүүнийг хагаралдуулах санаа өвөрлөөгүй гэдгийг та ойлгоорой. Аав тань Б.Бат-Эрдэнэ аваргатай холбоотой олон түүх дурсамж ярьдаг байсан санагдах юм?
-Зөндөө бий.
-Сурталчилгааныхаа сонин дээр аймгуудтай яаж холбогдсон түүхээ бичиж л дээ. Гэтэл Булган нутагтай зөвхөн олимпийн аваргыг хүүхэд байхад нь ивээлдээ авснаар холбогдсон гэжээ. Энэ жаахан хачин санагдаад болдоггүй?
-Лхамсүрэнгийн Энэбиш гэдэг хүнийг мартаж гэхэд самбо бөхийн спортоо яах юм бол. Өнөөдөр наадмын тэдэн удаагийн түрүү л гэж яриад яваа болохоос олон улсын дэвжээ гээд ярих юм бол самбо бөхийн спортыг л яримаар юм. Гэтэл яагаад энэ тухай ярихгүй байгаа нь сонин байна. Самбогийнхон Бат-Эрдэнэ аваргыгаа дэмжих ёстой байлгүй яахав гээд хоёр ч удаа тэр хүнд хандлаа. Хариу байдаггүй. Энэ спортоор яваагүй юм шиг, энэ спортын төлөө зүтгэж явсан хүмүүстэй холбоогүй юм шиг яваад байгаа хүнд бид энэ спортыг буцааж аваачиж наах гээд ч яах юм билээ.
-Л.Энэбиш дарга маань залуу хүүтэй хэрхэн таарч, тэмцээнд авч явж тусалж дэмжиж явснаа их ярьдаг сан?
-Аавд минь Монголынхоо хэдэн сайхан залууг дэмжиж явах нь сайхан байсан юм шиг байгаа юм. Тэр хүмүүс өөр шиг нь чин сэтгэлээр биш, өөр зорилгоор наалдаж явсан юм болов уу даа. Тийм ч болоод тэр түүхээ дурсамж болгож ч ярихгүй, нууж хааж яваа юм болов уу. Хүн чанарын л асуудал. 1997 оны оны Цагаан сараар байх аа. Нам нь ялагдчихаад байсан юм даг. Би байж байсан. Аварга ер нь жил болгон ирж золгодог байж л дээ. Аав цонхоор харж байснаа “Алив малгай аваад аль. Б.Бат-Эрдэнэ ирж байна” гэсэн. “Аан, тийм үү” гээд малгайг нь аваад өгсөн. Манай байрны цонхоор угаасаа харагдана л даа. Гадаа ирээд л зогссон. Орж ирдэггүй. Манай хажуу орцонд Д.Бямбасүрэн гуайнх байдаг байсан. Бодвол тэр хүнтэй золгосон байх. АН ялчихсан үе. Тэр өдөр аав маань хүнтэй золгоогүй. Малгайгаа авч тавьчихаад л дуугүй болчихсон. Ийм юмнуудыг хүн мартаж болдоггүй юм аа. Мартах ч ёсгүй. Миний хувьд нам маань юу гэх бол гэх нь сонин биш байна. Миний сэтгэлийг хөндсөн дурсамжууд учраас би мартдаггүй. Энэ бол миний л эцгийнхээ дэргэдээс харж, мэдэрч, таньсан түүх. Тэгэхээр хүмүүс хүнийхээ хувьд ямар хүн Төрийн тэргүүн байх ёстой вэ гэдгийг л сайн бодох ёстой юм. Улс төрд зан араншин нь ямар ч байж болно. Гагцхүү энэ зүрхээрээ, дотоод хүнээрээ жинхэнэ “хүн” мөн үү, биш үү гэдгээр л хэмжиж баймаар байгаа юм даа, манай ард түмэн.
Б.ГАНЧИМЭГ