Холоос харахад хоёр хурууны хооронд багтах миний сургууль, дээгүүр доогуур хувцас шунгинасан иргэний дайны талбар өлгүүр, ирц бүртгэгчийн ууртай мөртлөө энэрэнгүй зан, хоцорсон унтаахайнуудын нэрийн жагсаалт, формгүй ирсэн нөхдийн пооз авч даруулсан фото зураг онц сурлагатнуудын нэрсийн жагсаалттай нэг самбар дээр. Нүдээрээ ярилцах шалгалтын анги, нуугдаж явдаг сургуулийн камер, дэлхийн III-р дайн өрнөдөг жижигхээн цайны газар, загвар өмсөгчдийн фракцалж алхдаг коридор, хосуудын уулздаг хоёр давхрын цонх хүүхдийн шугиантай сургуульд минь үлдсэн. Нийслэлийн тэргүүний 24 дүгээр дунд сургуулийн үүдээр ороход энэ бүх дурсамж амилсан мэт мэдрэмж төрсөн юм. Тус сургуулийн зургаан настнуудтай нэг өдрийн хичээлд нь хамт суусан юм. Хэсэгхэн хором байсан ч хүүхэд насны галт тэргэнд суучихаад буугаад ирсэн мэт сэтгэл догдлол, инээд хөөр дүүрэн хичээл өнгөрлөө.

Нийслэлийн 24 дүгээр дунд сургуульд зургаан настны найман бүлгийн 345 хүүхэд суралцдаг байна. Нэг ангидаа 40 гаруй хүүхэдтай аж.
24 дүгээр сургуулийн сургалтын менежер Т.Нарантуяа “Ер нь нийслэлийн дунд сургуулиудын зургаан настнууд ачаалал ихтэй ажиллаж байгаа. Тэдэнд математик, дуу хөгжим, сэтгэлгээ сайжруулах зэрэг бэлтгэл хөтөлбөрийн 60 цагийн хичээл орно. Үүний дараа сургалтын хөтөлбөрийг гүнзгийрэх юм. Багш нарын хувьд 10-аас дээш жил ажилласан туршлагатай” гэв.
Хүүхдүүд өмнөх жилүүдэд хүргэж өгсөн ээж, аавыгаа явахаар уйлдаг байсан бол одоо инээгээд л гүйгээд орж ирдэг болжээ. Өглөө 08.00 цаг болоход сургуулийн үүдэнд хөл тасрахгүй хүүхдээ хөтөлсөн аав ээж, дүүгээ дагуулж яваа ах эгч нартай таарлаа. Ихэнхдээ аав нар хүүхдээ хүргэж харагдсан нь их сайхан санагдаж байлаа.
“Зургаан настайгаасаа хичээлд суух нь зүгээр санагдаж байгаа. Манай хүү өглөө хичээлдээ их дуртай явдаг. Харин сэрээх гэж нэлээд юм болно доо. Хичээлээсээ ирэнгүүтээ сурсан мэдсэнээ харуулахад хүүгээрээ онгирмоор санагддаг шүү” хэмээн 1а ангийн хүүгийн ээж хуучиллаа.
Хонх дуугарч Баянзул багшийн 1в ангийн хүүхдүүд ар араасаа жагсан анги руугаа орсон юм.
Багш нь зөв суухыг бяцхан шавь нартаа сануулаад эхний хичээлдээ орлоо.
Эхний хичээл номон дээр байх ойн сургуулийн зураг дээрх самбар дээр дөрвөлжин, гурвалжин дүрсийг зурах байлаа. Зурж дуусчихаад дэвтэр дээрээ мөн хоёр мөр зурахыг даалгалаа.
Тэндээс нэгэн сэргэлэн гэмээр хүү нүд нь бүлтийж ирээд л “Багш аа, миний бал дуусчихлаа” гэвэл нөгөө талаас “Багш аа, надад дөрвөлжин дэвтэр байхгүй гэсээр шуугицгаав.

Төд удалгүй “Багш аа , багш аа дуусчихлаа” гээд л нэг нь гүйгээд ирэв. Багшийн ажил амаргүй. Ялангуяа зургаан настай хүүхдүүдтэй ажиллахад тоглоомын аргаар хичээлээ заах хэрэгтэй тухай Баянзул багш ярьсан юм.
Хүүхэд бүрийг дотночилж ирээд л толгойг нь илэх багшаас тэд урам авч байгаа нь илт. Нэгэн бондгор хүү байсхийгээд л хойшоо эргэн харж хойно суух охиныхоо хацарыг өхөөрдөн чимхэх юм. “Багшид хэлнэ дээ” гэх охины үг түүнийг улам л сахилгагүйтмээр санагдуулдаг бололтой. Хоёрдугаар салааны хамгийн ард суух охин үзгээ барьж сурах гэж хичээж байхад хажуу талын найз нь зааж зөвлөнө. Тэд нийгэмд бусадтай харьцаж, суралцсаар л явна.
Хажууд суусан Г.Сүмбэр хүү их л цовоо юм. Дөрвөн зураг харуулаад тохирох хоёрыг сонгох даалгавар өгөхөд:
- Аниа малгай, зүү хоёр тохирно, тийм ээ?
-Яагаад?
-Яагаад гэвэл зүүгээр малгай оёдог байхгүй юу. Бөмбөг, аркит хоёр тохирох юм байна. Энэ арай том бөмбөг нь харин бөмбөгний хашаатай тохирно гэсээр хамгийн түрүүнд хийгээд дуусгачихав.
-Хичээл ямар байна. Гоё байна уу?
-Гоё байна. Зөндөө олон хичээл ордог.
-Ямар ямар хичээл ордог вэ?
-Зураг зурж байгаа, тоо бас боддог...
-Ямар хичээлд хамгийн дуртай вэ?
-Зурах дуртай...хэмээн инээв.
Зүү товч хоёр тохирох уу гэхэд нэг хүү довч гэж хэлчихээд хамгийн түрүүн гараа өргөв. Багш нь товч гэж засаж хэлэхэд довч довч багш аа гээд л дахин дахин шулагнана. Тэдний хичээл тоглоомын аргаар орж байгаа нь хүүхдүүдийг улам ч идэвхтэй болгоно.
Өнөөх бондгор хүү гэнэт эргэн харсанаа арын охиндоо надад аймар том пелитка байгаашдээ гэв.
Өнөөх охин надад бал байгаа хэмээн гайхуулав. .Хүүг хэсэг харж сууснаа цаасыг нь булаагаад инээгээд урагш харлаа...Өг л дөө өг гэсээр охин араас нь дуудах нь хөгжилтэй.

Бүгдээрээ босоод биеийнхээ чилээг гарган шүлэг уншиж, хэний ч өхөөрдлийг төрүүлэхээр бүжиглэцгээв.
. Хүнхэр том биетэй
Хүч чадал сайтай
Хөл нь майжиг майжиг
Хөвч ойд нутагтай
Халдсанаас айхгүй
Хагас жил унтдаг
Хар хүрэн баавгай... хэмээн бүгд баавгайны хөдөлгөөөнийг эгдүүтэй нь аргагүй дуурайчихаад хонх дуугарч завсарлалаа.
Хэсэг чимээгүй байсан ангид төд удалгүй хүүхдийн цовоо дуугаар хөгжим нэмж, тэнд нэгээхэн гэрэл гэгээг буй болгоно. Тэнд ч байлдаж, энд ч хөөцөдөнө.
Б.Тэнгис нойрмоглож сууж байгаад хонхны дуунаар ухасхийн босон сахилгагүйтэж эхлэв. Гар ариутгах бодисоо буу болгоод нэгнийгээ хөөлөө. Энэ чинь хортой байхгүй юу гэж тэндээс нэг нь болиулна
Солонго гүйж ирээд “аниа энэ хажуу ангид манай эгч байдаг.
-Ээж , аав нь хаана байгаа вэ?
-Ажил дээрээ байгаа
-Чи эгчдээ шүлэг уншаад өгөөч гэхэд
-Урнаагийн зурсан зураг
Учиргүй том толгойтой гэснээ ичингүйрээд гүйгээд явчихав.
Тэд ингэж завсарлан гар нүүрээ угаасны дараа үдийн цайндаа орцгоосон юм. Бүх зүйл дээр л эгнэж жагсаад, хамгийн сүүлд багш нь ариун цэврийн өрөөнд хүүхэд үлдсэн эсэхийг шалгахад нэгэн охин уйлж зогсов. Багш нь аргадсаар дагуулаад орлоо.
Өнөөдрийн хоол будаатай хуурга.
Энэ өдөр хамгийн мундаг байсан хүүхдээр гэрийн даалгавраа хүртэл ангидаа хийсэн Т.Одчимэг шалгарч урмын сайхан үгийг багшаасаа хүртлээ
Өглөө найман цагт орсон хичээлд нойрмоглон суух ч хүүхэд цөөнгүй байлаа. Ямартай ч сонирхолтой өнгөрсөн энэ цаг хугацаанд их л хоргодон байж ангиас нь гарлаа. Сургуулийн үүдэнд шинэ зүйлс сурч мэдсэн алдрай үрээ гарч ирэхийг тэсэн ядан хүлээсэн эцэг эхийн цуваа үүссэн байв.
М.Болорцэцэг