Агаарын бохирдлын дараа орох нийслэлчүүдийн толгойн өвчний нэг бол хог. Угаасаа аль ч газар хамгийн их хуримтлагддаг зүйл нь ахуйн хог хаягдал байдаг. Нийслэлийн удирдлагууд үүнийг шийдэхийн тулд хогны уут тарааж, 3.2 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнгүй, хий мөнгө үрсэн ажил болсон. Тэгвэл ийм хэмжээний мөнгөөр хог боловсруулж, баялаг болгох боломж байсныг “Ахуй мандал” дахиврын үйлдвэр харуулж байна. “Алтан оршихуй” ХХК-ийнхан Багахангай дүүрэгт хуванцар сав, хаягдал дугуй, автомашин техникт ажилласан тосоор шатахуун үйлдвэрлэх “Ахуй мандал” дахиврын үйлдвэрийг хоёр тэрбум төгрөгөөр өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан. Ингэхдээ БНХАУ-ын ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн туршлагыг судалж, тоног төхөөрөмжөө авчээ. Анх тоног төхөөрөмжөө өөрсдөө буруу угсарч, дахин угсрахад чанарын шаардлага хангаагүй бол гурав дахь удаагаа угсарсан нь амжилттай болсон байна. Тоног төхөөрөмж нийлүүлсэн хүмүүс нь хуванцар сав, дугуй, ажилласан тосоор шатахуун үйлдвэрлэх боломжтой гэж итг үүлсэн учраас тэд түүхий эдээ бэлтгээд байж. Үнэхээр ч үйлдвэрийн хашаанд автомашины том дугуй олныг хураажээ. Гэвч төхөөрөмж нь зөвхөн ажилласан тосоор л шатахуун үйлдвэрлэх зориулалттай байж. Үүнийг тэд сүүлд мэдэж, хууртсанаа ойлгосон байна. Иймээс одоо зөвхөн ажилласан тосоор түлш үйлдвэрлэж буй. Монголд ийм төрлийн хэд хэдэн үйлдвэр байдаг ч өвөл үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр эднийхээс өөр байдаггүй юм билээ. Өдөрт 5-8 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч гол түүхий эд болох ажилласан тос нийлүүлдэг уул уурхайн компаниудынх нь үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа учраас тосны хомсдолд орж, хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, өдөрт 2-2.5 тонн түлш үйлдвэрлэж байгаа гэнэ. Эдийн засаг хямраагүй бол тэд өдөрт 15-20 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай өргөтгөл барихаар төлөвлөж байжээ. Ингэвэл импортын түлшийг бага ч гэсэн хэмжээгээр орлох боломж байгааг тэд онцолсон. Уул уурхайн компаниудтай гэрээ байгуулаад, түлшээр хангая гэхээр түүхий эдийн нөөц хангалтгүй байгаагаас чаддаггүй гэнэ. Иймээс ойр орчмынхоо хувь хүн, уул уурхайн компаниудад бага хэмжээгээр түлш нийлүүлдэг. Ажилласан тосоо “Энержи ресурс”, МАК компаниас литрийг нь 250-300 төгрөгөөр авч, түлшээ 1500 төгрөгөөр борлуулдаг юм байна. Өдгөө өвөлд бэлтгэн, тосоо нөөцөлж эхэлжээ. Үйлдвэрийн үйл ажиллагааг сурвалжлахаар биднийг очих үед ээлж солигдож байв. Нэг ээлжинд мастер, туслах, дулааны оператор гурван хүн ажилладаг. Ээлжийн мастер Ц.Чимэддорж “Хоёр тогоо галлагаатай, нэг тогоо хөргөлттэй байгаа. Ажиллах хугацаандаа 4.4 тонн түлш гаргаж авлаа” гэв. Эднийх 40 орчим ажилчинтай, олонх нь Багахангай дүүргийн оршин суугчид. Манай улс ийм төрлийн үйлдвэрт ажиллах мэргэжилтэн бэлтгэдэг ч ажлын туршлагагүй байдаг учраас шаардлага хангадаггүй аж. Иймээс тэд өөрсдөө сурган, үйлдвэр дээрээ дадлага хийлгэн ажилчдаа шалгаруулж авдаг гэнэ.

АЖИЛЛАСАН ТОСЫГ БОЛОВСРУУЛАХАД НЭГ Ч ХАЯГДАЛ ГАРАХГҮЙ
Ажилласан тосыг ил хаях буюу шатаавал байгаль орчинд сөрөг нөлөөтэй учраас уул уурхайн компаниуд нүх ухан булдаг аж. Харин түүнийг боловсруулахад 80 хувь нь түлш, үлдсэн нь шингэн мазут болдог бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй. “Ахуй мандал”-ынхан мазутаа ШУТИС-ийн багш нартай хамтарч судлахад, Дулааны цахилгаан станцын галлагаанд ашигладаг М100 маркийнх гэдэг нь тогтоогджээ. Үүнийгээ борлуулахаар судалж байгаа гэнэ. Мөн ажилласан тосоор бензин, хөдөлгүүрийн тос үйлдвэрлэх боломжтой аж. Түүнчлэн тэд хуванцар сав, дугуй дахин боловсруулах үйлдвэрийнхээ төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулжээ. Хэрэв дэмжигдвэл ийм үйлдвэр удахгүй ашиглалтад орох нь. Дугуй, хуванцар савыг боловсруулахад түлш 50 хувь, мазут 50 хувь гардаг гэнэ. “Ахуй мандал” үйлдвэр нь агуулах, мөн дулааны болон боловсруулах гэсэн хоёр цехээс бүрддэг. Бүх үйл ажиллагаа автомат учраас гар ажиллагаа шаардлагагүй. Агуулахаас тусгай шугамаар тосоо татаж, хэмжээд тогоондоо хийнэ. Тогооноос нэрэгсэд буюу түлш болох шингэнээ дээшээ, хийгээ нөгөө тийшээ ялгана. Нэрэгсдийг цэвэрлэж, түлш үйлдвэрлэдэг бол хийгээр нь зуухаа галладаг. Зөвхөн эхний галлагаанд л нүүрс түлдэг бөгөөд үүнд л гар ажиллагаа шаардлагатай. Түлшнээсээ өдөр бүр дээж аван, шинжилгээ хийж, чанар, стандартыг нь шалгаж, шаардлага хангавал агуулах руу гаргадаг юм билээ.

ЭНГИЙН ТҮЛШНЭЭС 10 ХУВИАР БАГА УТАА ЯЛГАРУУЛДАГ
“Ахуй мандал”-ынхны үйлдвэрлэж байгаа түлш нь стандартын шаардлагад нийцсэн, тохирлын гэрчилгээтэй. Одоо мазутынхаа тохирлын гэрчилгээг авахаар хөөцөлдөж байгаа гэнэ. Мөн тэд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр амрах өрөө, гал тогоо бүхий өргөтгөлийг өнгөрсөн долдугаар сараас барьж эхэлжээ. Тус үйлдвэрийн үйлдвэр хариуцсан инженер, лабораторийн эрхлэгч Ж.Нямцэрэн “Манайх лабораторитоо түлшнийхээ 19 үзүүлэлтээс 11-ийг нь хэмждэг. Үлдсэн найм нь төдийлэн шаардлагатай биш, судалгаа шинжилгээний үзүүлэлт. Бид “Амбер” итгэмжлэгдсэн лабораторитой хамтарч ажилладаг. Сард нэг удаа бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулдаг. Манайх нано технологийн 80 тоннын шүүлтүүртэй. Эхний 60 тонн нь тунгалаг, дараагийн 20 тонн нь шар өнгөтэй түлш гардаг. Энэ нь өнгөөрөө ялгаатай болохоос чанарын хувьд ялгаагүй. Дахин боловсруулж гаргасан түлш хүчилтөрөгчийн агууламж ихтэй, хүхэр, усны агууламжгүй, зарцуулалт бага. Энгийн түлшнээс 10 хувиар бага утаа ялгаруулдаг давуу талтай гэсэн судалгаа гарсан. Үнийн хувьд ч хямд” гэв.
Гадаадын орнуудад ажилласан тос боловсруулж гаргасан түлшээ савлаж зардаг аж. Түүнчлэн энгийн түлштэй холивол түлш зарцуулалт багасдаг, өвөл нь царцдаггүй гэнэ. Тус үйлдвэрийнхэн түлш чанаржуулагч, царцах температур дээшлүүлэгч үйлдвэрлэх бүрэн боломжтой юм билээ. Үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэл учруулдаг нэг зүйл нь нутгийн иргэд гэнэ. Учир нь тэд “Бензин үнэртээд байна”, “Агаар бохирдууллаа” гэх мэтээр байнга гомдол гаргана. Учир байдлаа хэлээд, шинжилгээний хариу эерэг гарсныг үзүүлдэг ч итгэдэггүй аж.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ