Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй цагаар зүүн бүсийн аймгуудын дэд бүтэц, улсын болон орон нутгийн чанартай авто зам, барилга, инженерийн шугам сүлжээ зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцахаар энэ сарын 5-нд хүлгийн жолоо залав. Эдийн засгийн хөгжлийн яамны Салбарын хөгжлийн бодлогын зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяраар ахлуулсан багийн бүрэлдэхүүнд тус хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Намжилмаа, Хөгжлийн банкны Зээлийн газрын эдийн засагч Б.Батхөлөг, зураглаач, сэтгүүлчид нийлсэн 15 хүн Хөгжлийн банкны болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, гүйцэтгэж буй ажлуудтай долоо хоногийн хугацаанд танилцав. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас гадна БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро чайна дачин Тамсаг” ХХК, Бичигт авто замын боомтын үйл ажиллагааг сонирхсон юм. “Петро чайна дачин Тамсаг” ХХК сэтгүүлчдийг барагтай бол оруулдаггүй, хаалттай газар. Бид дотор нь орж, газрын тос хэрхэн олборлож, уурхай ямар шат дамжлагаар ажиллаж байгааг үзсэн. Бичигт боомтоор өдөрт, сард хэчнээн хүн, машин хөлхдөгийг ч харлаа. Нүүрс, зэс молибдений баяжмал, бусад ашигт малтмал экспортолж байгаагаас энэ оны эхний есөн сарын байдлаар 482.4 сая тонн түүхий тос хилээр гаргасан байх юм. Биднийг очиход тоолж барамгүй олон том тэрэгнүүд эгнээд зогсчихсон байсныг хараад гол харлаж байснаа нуух юун. Хэвлий дорх баялагт маань харь хүн эзэн суучихаад тонн тонноор зөөж байгааг үзсэн хэн ч ундууцах байсан нь биз ээ.
ХЭНТИЙЧҮҮД 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА
67000 орчим хүн амтай, 80 мянган шоо метр газар нутагтай, Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтийд хөл тавилаа. Өнөө жил аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойгоо тэмдэглэсэн энэ нутгийнхан бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийж, эхлүүлж, үргэлжлүүлж байна. Аймгийн төвөө Чингис хот болгон нэрийг нь өөрчилснөөс хойш эзэн хааныхаа түүх, ёс заншлыг хадгалж, харуулахуйц хороолол, хотхон, цогцолбор барьж байгаа аж. Тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар биднийг угтан авч, аймгийн төвдөө хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудтайгаа танилцуулсан юм. Чингис хот 15 км хатуу хучилттай авто замтай. Жил болгон 2.5 км авто зам тавьж, өргөтгөл шинэчлэл хийдэг аж. Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2014 онд “Гудамж” төслийг гурван аймагт хэрэгжүүлж буй нь нэг нь Хэнтий. Үүний хүрээнд тус аймгийн төвд 11 км шинэ зам барихаар зураг төслөө гарган, 2015 онд барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ жил тус аймагт Улсын болон Орон нутгийн хөгжлийн сангаас нийт 30 тэрбум төгрөг төсөвлөн зам, барилга ,сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж эхлээд байгаа гэнэ. Д.Эрдэнэбаатар “Энэ жил 2.5 км авто зам, явган хүний гурван км зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, автобусны буудал барьсан. Орон нутгийн удирдлагуудын санаачилгаар хувийн хэвшлийн хөрөнгөөр 300 айлын “Хэрлэн” орон сууцны хороолол барьж байгаа. Барилгын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Ирэх арванхоёрдугаар сарын 25- нд комисст хүлээлгэж өгнө. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга юм. Энэ жил 40-50 хувийг нь барьж, 2015 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулна. Нийт 12.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 4.5 тэрбум нь шийдэгдсэн. Манай Нэгдсэн эмнэлгийн барилга хуучирсан. МХЕГ-ынхан дүгнэлт гаргаж, акталсан байгаа. Тоног төхөөрөмжийн хувьд сүүлийн үеийн техник хэрэгсэлтэй. 11 аймагт Оношилгооны төв байгуулсны нэг нь манайх. Одоогоор аймгийн хэмжээнд царцаасан 15 барилга бий” гэж ярилаа. Аймгийн хойд дэнж дээр 60 айлын “Тэмүүлэл” орон сууцны хаус хороолол барихаар инженерийн шугам сүлжээ татаад эхэлжээ. Барилга барихаасаа өмнө инженерийн шугам сүлжээгээ шийдэж буй тэдний жишгээс манай хотын компаниуд үлгэр дуурайл авмаар санагдсан шүү. Тус хорооллыг “Хөх бүрдийн эх” ХХК барьж байгаа аж. Уг компанийн талбайн инженер Ж.Отгонцэцэг “8.4 мВт уурын зуух, уурын зуухны 42х18 хэмжээтэй барилга, бохирын 4.7 км шугам, насос станцын барилга, цэвэр усны 2.7 км шугам, халуун, хүйтэн усны 780 метр шугам тавина. Шугам хоолойн материалаа 100 хувь татсан. Ажлаа эхлээд сар болж буй гэхэд шугам хоолойн ажил гэхэд 70 орчим хувьтай явж байна. 2015 онд хорооллоо ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Улсын төсвөөс манайд мөнгө шилжүүлээгүй байгаа. Гэсэн ч бид мөнгө байхгүй гээд хойш суухгүй. Энэ жил өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан ажлаа шахахаар төлөвлөж байна. Тендер нь орой зарлагдсаны улмаас барилгын ажил оройтож эхэлсэн” гэв. Үүнээс гадна Чингис хотод таван давхар 12 барилга, 276 айлын арван давхар хоёр барилга (хамгийн өндөр нь), “Шинэ Өндөрхаан” орон сууцны хороолол, 928 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн дотуур байр, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барьж байна. Ямартай ч аймгийн төвөө Чингис хэмээн өөрчилж, өнгө үзэмжийг нь сайжруулахаар удирдлагууд нь чармайж байгаа нь хийж, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтаас нь харж болохоор байлаа.
ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМЭЭ 100 МВТ-ААР ӨРГӨТГӨНӨ
Нарны эртэд газар дөхөхөөр Дорнод аймгийн зүг хөдөллөө. Замдаа Чингис-Чойлбалсан чиглэлийн авто зам тавьж буй “Хансуун зам” ХХКийн ажлын талбайгаар ороод гарсан юм. Хоёр аймаг холбосон 288 км авто замыг 4-5 компани барьж байв. Хамгийн наад зах нь ирэх сарын 1-нд, цаадах нь арванхоёрдугаар сарын 30-нд замаа хүлээлгэж өгөхөөр ажлаа хийж байна. Орон нутгийн зам харилцаа сайжирч байгаа нь талархууштай. 6-ны шөнөдөө Чойбалсанд нүдний хор гаргаж аваад өглөө нь тус хотын “Дорнод бүсийн эрчим хүчний систем” (ДБЭХС) ТӨХК-аар орлоо. Биднийг очихын өмнө Дорнодод 30 градус хүртэл халж байсан гэнэ. Тэгтэл бид хүйтэн бороо асгаж, хүчтэй салхилж байх үеэр нь очиж таарав. “Та нар намар дагуулан ирлээ” гэж аймгийн удирдлагууд хошигнож байсан. ДБЭХС нь зүүн бүсийн гурван аймгийн 196.900 хүн, 30646 айл өрх, 2856 аж ахуйн нэгж, уул уурхайн 15 хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангаж буй. 36 мВт хүчин чадалтай тус станцын цахилгааны оргил ачаалал нь 2013-2014 онд 32-38, 2014- 2015 онд 40-45 мВт болж станцын суурилагдсан хүчин чадлаас давсан тул цаашид бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжгүй болжээ. Өнгөрсөн онд тус станц 164.5 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч боловсруулсан бол 213 мянган ккал дулаан үйлдвэрлэжээ. Одоогоор 588 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Чойбалсан хотын дулаан хангамжид 110 градус халуунтай 1210 тн/цаг ус явж байгаа бол хоногт 1450 тонн нүүрс зарцуулж, 490 мянган кВт цаг цахилгаан, 1050 Гкал дулаан түгээж байгаа аж. Зүүн бүсэд 2020 он гэхэд цахилгааны хэрэгцээ 224.5 мВт-д хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. Иймийн тулд станцаа 100 мВт-аар өргөтгөх зайлшг үй шаардлага тулгарснаа бидэнд учирласан юм. ТЭЗҮ-ээ ч боловсруулсан байна. ДБЭХС-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат “Үйлдвэрийн боломжит хүчин чадлаас цахилгаан эрчим хүчний ачаалал хэтэрсэн, ямар ч нөөц байхгүй. Бид өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгр өгийн алдагдалтай ажиллаж байгаа. Иймээс станцыг өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Өргөтгөх боломжтой талбай нь байна. Нүүрс тээвэрлэлт, үнс зайлуулах систем, үйлдвэрийн усан хангамж, цахилгаан дамжуулах дэд станцуудтай. 2016 онд 100 мВтын өргөтгөл бүрэн хүчин чадлаараа ажиллана гэж төлөвлөж байгаа. Одоогоор концессийн гэрээ хийж, Ажлын хэсэг талбайд ажиллаж байна. Ирэх хавар барилгын ажлаа эхлүүлнэ. Ингэснээр зүүн бүсийн гурван аймаг, өсөн нэмэгдэж буй уул уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангаж чадна” гэж ярив. Дорнод аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Дашням нутагтаа хийж буй томоохон бүтээн байгуулалттай танилцуулсан. Энэ онд тус аймагт орон нутгийн болон улсын төсвөөс 22 тэрбум төгрөг төсөвлөн олон ажил хийж, эхлүүлжээ. Хоёр сургууль, гурван цэцэрлэгийн барилга, 15 туслах зам өргөтгөж, автомашины 18 зогсоол шинээр барьсан байна. Аймгийн ЗДТГ төвөө ногоон хот болгохоор уриалга гаргаж, 2.9 га газрыг зүлэгжүүлж, 122.000 цэцгийн үр суулгаж, 2000 гаруй гоёлын модыг нийтийн эзэмшлийн зургаан газарт тарьжээ. 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 535 айлын “Залуус” хороолол барьж байгаа юм байна. Мөн 200 айлын амины орон сууц барьж, энэ жил ашиглалтад оруулах аж. Харин сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муутай гэнэ. Аймгийн төвд цэцэрлэгийн насны 3500 хүүхэд байдгаас гуравны нэг нь гэртээ өнждөг аж.
“СҮХБААТАРЧУУД ҮҮНИЙГ Л МАШ ИХЭЭР ХҮЛЭЭСЭН”
“Петро чайна дачин Тамсаг” ХХКийн үйл ажиллагаатай танилцаад, Бичигт олон улсын боомтод очсоноор энэ өдрийн ажил өндөрлөлөө. Маргааш нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумаар ороод орой нь Баруун-Уртад буудаллав. Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг биднийг тосч, салбарынхаа ажлуудтай танилцуулсан юм. Тус аймагт долдугаар сараас хойш бороо ороогүй тул гандуухан байлаа. Аймгийн төв нь цэвэрхэн, тохижилт сайтай юм. Баруун-Уртад улсын төсвөөс энэ жил 10 гаруй тэрбум төгрөгийг нийгмийн салбарт голлон хөрөнгө оруулжээ. Хоёр сургуулийн засвар, өргөтгөл, сумдын соёлын төвүүдийг засварласан байна. Засгийн газрын “100.000 айлын орон сууц” хөтөлб өрийн хүрээнд тус аймгийнхан 1500 айлын орон сууцны хороолол барихаар шугам сүлжээ, дэд бүтцийн ажлуудаа хийгээд эхэлжээ. Тус аймагт орон сууцны үнэ нэг ам метр нь 1.200.000 төгрөг аж. Өвөлжилтийн бэлтгэл ажил ирэх сарын 1 гэхэд дуусна гэж Х.Энхцэцэг ярьсан. Баруун-Уртад барилгын хавтан, боржуур, блок, гурил, гурилан бүтээгдэх үүн, мод модон эдлэл, гар урлалын чиглэлээр бичил бизнес эрхэлдэг хүн олон аж. 2013 онд жижиг, дунд бизнес эрхлэгчдэдээ хөнгөлөлттэй нөхцөлөөр 900 сая төгрөгийн зээл олгожээ. Аймгийн хэмжээнд сүүлийн 20 жил газар тариалан эрхлээгүй байсныг энэ жил сэргээж, 6000 га-д үр тариа тариалжээ. Нэг га-гаас 22 цн ургац авахаар төлөвлөж байгаа аж. Мөн тэжээлийн гурван үйлдвэр сумдад барихаар зорьж байгаагаа аймгийн удирдлагууд ярьсан юм. Эдгээрээс хамгийн том бүтээн байгуулалт нь Баруун-Урт-Чингис хотыг холбосон хатуу хучилттай авто зам юм. “Сүхбаатарчууд үүнийг л маш ихээр хүлээсэн” гэж амтай болгон ярих. Бид замын ажилтай газар дээр нь очиж танилцсан. 136.6 км авто замыг “Арж капитал” ХХК хоёр жил дамнан барьж, ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар талбай дээр ажил ид оволзож байлаа. Сүхбаатар аймгийн Тээвэр, авто замын газрын дарга Ч.Хүрэлсүх “Зам ашиглалтад ороосой гэж ард иргэд олон жил хүсэн хүлээсэн. Замтай болсноор эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай, машины эвдрэл гэмтэл багасна. Хугацаа хожих гээд олон давуу талтай. Цаашлаад улс орны хөгжилд чухал үр нөлөөтэй. Учир нь Бичигтийн боомт далайд гарах хамгийн дөт зам болж буй. Энэ зам үүний залгаа болох юм. Бичигт рүү очих, хил гарахад манай замаар ачаа тээвэр хийгдэнэ” гэж ярив. “Арж капитал” компанийн төслийн захирал Д.Бүрэнчөдөр “Зам, тээврийн яамны захиалга, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 136.6 км авто замыг 2012 оны аравдугаар сарын 30-наас эхлэн барьсан. Ажлын талбайд 510 гаруй ажилтан, 4-5 туслан гүйцэтгэгч компани ажиллаж байна. Газар шорооны ажил 100 хувь дууссан. Хучилт 55 хувьтай байна. Найман метр өргөнтэй, долоон см-ийн зузаантай, орон нутгийн хувьд хамгийн анхны долоон см зузаан, чанартай зам болж байна. Хучилтаа дөрөв, гурав гэсэн хоёр үетэй гүйцэтгэж байгаа. Чанарын хувьд ярих юмгүй” гэв. Үлдсэн 45 км замыг нь “Түм арвижих” ХХК барьж байгаа юм билээ. Ямартай ч сүхбаатарчууд удаан хүлээсэн нь талаар өнгөрсөнгүй. Явж явж хамгийн чанартай авто замтай болох нь.
О.БАТ-УНДРАХ