АНУ-д Аманда Тодд гэх 15 настай канад охин фэйсбүүкээр бусдад доромжлуулснаасаа болж өнгөрсөн жил амиа хорлосон тохиолдол гарсан нь дэлхий нийтийг цочирдуулж, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ цахим хуудсанд анхаарал хандуулах болсон. Амандагийн эцэг, эх “Бид охиноо өөр сургуульд шилжиж орсон цагаас нь цахим хаягуудаа түр ч болов устгахыг зөвлөдөг байсан ч охин маань зөрүүдэлдэг байсан” хэмээн ярьж байжээ. Аманда охин орчин цагийн олон нийтийн сүлжээний хохирогч болсон юм.
Өсвөр насныхан онлайн гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байна
Тэгвэл манай улсад ийм байдлаар эрхээ зөрчүүлж, сэтгэл санаа болоод бие манбодиороо хохирсон охид хэд байгаа бол. Тухайлбал, өнгөрсөн жил нэгэн өсвөр насны охин гар утсаа хулгайд алдсанаас болж түүний нүцгэн зураг олон нийтийн сүлжээгээр тархсан явдал болсон. Үүнээс болж охин хичээл сургуульдаа ч явж чадахгүйд хүрч, сэтгэл санаагаар ихээхэн хохирсон гэдэг. Цагдаагийн байгууллагаас ч цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэгт хүүхдүүд хохирогч болох магадлал өндөр байгааг хэлж байгаа юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Ор сураггүй алга болсон, мөлжлөгт өртсөн хүүхдийн төлөө төвийн захирал “Интернэт орчинд үйлдэгдэх гэмт хэрэг нэмэгдэж байгаа бөгөөд Азийн бүс нутагт илүүтэй нэмэгдэж байгаа нь анхаарал татаж буй. Интернэт хөгжсөнтэй холбоотойгоор хүүхэд оролцуусан садар самууны хэрэг, сурталчилгаа материал ихсэж байгаа” хэмээжээ. Ер нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг жагсаахад цахим орчны гэмт хэрэг нь гуравдугаарт эрэмбэлэгддэг байна.
Интернэт ашиглан хэрэг үйлдэгч нь нэр усгүй, хуурамч хаяг нээж болдог тул та “10 хүнтэй тогтмол харьцдаг байх уу, заавал 2000 найзтай байх шаардлагатай юу” гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Тэд эмзэг, өсвөр насны хүүхдийг ангуучилж, интернэтээр хэсүүчилж байдаг. Нэгэнт тавьсан таны зураг, сэтгэгдэл эргээд таных болох ямар ч боломжгүйгээр хил хязгааргүй тархдаг. Устгасан ч интернэтэд мөнх үлддэг гэдгийг бодох хэрэгтэй болов уу. Тиймээс та ямар нэгэн зүйл нийтэлж болно. Ингэхийнхээ өмнө сайтар бодох хэрэгтэй болохыг тус төвөөс анхааруулмсан юм. Судалгаанаас харахад хүүхдүүд технологийн хөгжлийг даган байнга өсч, хөгждөг. Тиймээс хүүхэд чинь интернэтээр юу хийж байна гэдэгт эцэг эхчүүд тодорхой хэмжээгээр хяналт тавьж байх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

“Зургийг чинь зөвшөөрөлгүй авсанд уучлаарай”
Сэтгүүлч миний бие энэ талаар бяцхан судалгаа явуулж үзлээ. Ингэхдээ 13-21 насны нийт 200 хүүхдийг сонгон судалгаанд хамруулсан юм. Тэд өдөрт дунджаар 2-3 цагийг Фэйсбүүкт өнгөрүүлдэг байна. Бүр бүхэл өдрийн турш ч цахим ертөнцөд цагийг өнгөрүүлдэг. “Энэ сайт бидэнд найз нөхөдтэй болох, хүмүүст өөрийгөө зөвөөр ойлгуулахад хэрэгтэй” гэсэн хариултыг ихэнх нь өгсөн юм. Мөн тэдний 40 хувь нь “Шал хэрэггүй, цагийн гарз, хичээл хйихэд саад болдог, сөрөг талтай” гэв. Фэйсбүүкээр танилцаж, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон, эсвэл бусдын нэр хүндэд халдсан тохиолдол мэдэх үү?” гэсэн асуултад “Мэднэ, “Сонсож байсан” гэх хариулт цөөнгүй ирсэн юм. Монголд нэг хэсэг бичлэг хийж Фэйсбүүк хуудсанд тавих “моод” дэлгэрсэн. Бичлэгт хараал хэлж, бие биенээ доромжлох нь энүүхэнд байгаа нь үнэхээр том эмгэнэл байлаа. Мөн Фэйсбүүк сайтаар “Монголын хөөрхөн охид, царайлаг залуус” зэрэг группууд шил шилээ даран гарч, “Зургийг нь зөвшөөрөлгүй авсанд уучлаарай, таалагдвал нэмэх нэг” гэх зэрэг тайлбар хийн тавьдаг болсон. Хэдий үг хэлээр доромжлохгүй байхыг хүссэн ч хүмүүс хүссэнээрээ тэр хүнийг доромжлон гоочилно.
Иймэрхүү зүйлсээс тэдний сэтгэл санаанд ямар хохирол учирч байгааг хэн ч анзаардаггүй. Судалгаанд оролцсон хүүхдүүдээс үүний талаарх үзэл бодлыг нь асуухад: “Хүүхдүүдийг ингэж хөөрхөн муухайгаар нь ангилах нь зохисгүй юм, мөн энд маш олон хараал байдаг учир хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө” гэсэн юм.

Г.Сарантуяа: Олон нийтийн сүлжээ хүүхдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөтэй
МУИС-ийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх тэнхимийн эрхлэгч доктор, профессор Г.Сарантуяагаас өсвөр насныхны олон нийтийн сүлжээнд хандаж буй сэтгэл зүйн онцлогийн талаар тодрууллаа. Тэрбээр “Өсвөр насны хүүхэд аливаад сониуч байдаг. Юмыг туршиж үзэх, олны анхаарлын төвд байх, мундаг гэдгээ харуулах зэрэг сонирхол их байдаг учир олон нийтийн сайт болох Фэйсбүүк, twitter-т донтох нь сүүлийн үед түгээмэл болоод байна. 12-13 настай хүүхдүүд ямар ч мэдээллийг хяналтгүй үзэж байна. Бичиж байгаа сэтгэгдлүүдийг харахад хараалын шинж чанартай байгаа нь хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаагын илрэл юм. Үүнд нэгдсэн хяналт хэрэгтэй. Олон цагаар интернэтэд өнгөрүүлж буй шалтгаан нь тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэдтэй холбоотой соёл урлагийн арга хэмжээ зохиогдохгүй байгаатай холбоотой юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ ямар мэдээлэл хүлээж авч байгаа зэрэгт хяналт тавих шаардалагатай байгаа” гэв.
Фэйсбүүк амьд харилцааг устгаж байна


Өсвөр үеийн хүүхэд залуусын сэтгэлгээ болоод хүмүүжилд маш сөргөөр нөлөөлж байгаа “Facebook” гэх энэ аварга том сүлжээг Марк Цукербэрг анх зохиохдоо ирээдүйд бий болох энэ мэт сөрөг нөлөөг тооцоолж үзээгүй биз ээ. Техник технологи хөгжихийн хирээр хүмүүсийн амьд харилцаа улам бүр бүдгэрсээр...
Олон нийтийн сүлжээ “Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг”, “Үзэл бодлоо илэрхийлж, хоорондоо чөлөөтэй ярилцах, сэтгэлээ онгойлгох талбар” болсон гэдэг нь нэг бодлын үнэн. Гэхдээ үүний нөгөө талд “ойрыг холдуулдаг” болох нь сүүлийн үед нотлогдсоор байна. Зөвхөн монголчууд гэлтгүй, дэлхий нийт мэдээ, мэдээллийн энэхүү аварга том орон зай, “нүүр-ном”-д донтчихоод байна. Хичээл, сургууль, гэр, тэр ч бүү хэл хооллож байхдаа фэйсбүүк сүлжээнд байж л байдаг. Өөд өөдөөсөө харж суучихаад comment-оор хоорондоо харилцдаг болжээ. Энэ мэтээр фэйсбүүк, твиттер гэх зэрэг олон нийтийн сүлжээ хүмүүсийн амьд харилцааг цаг минут тутам үгүй хийж байна. Тэр хэрээрээ амьд бус, “компьютерлэг” болсон хүмүүс гэмт хэрэг үйлдэх болсон гэх нь оргүй зүйл биш юм. Сургуулийн сурагч буу бариад, багшийгаа буудан хороох болсны цаад шалтгааныг олон нийтийн сүлжээ, хэт цахимжсан ертөнц гэж сэтгэл зүйчид дүгнэх болсон билээ.
Үнэндээ тэнд салхи салхилах чимээ, шаагин урсах гол, шувуудын жиргээ, хонь мал майлалдах дуу огт байхгүй. Зөвхөн “like, comment, share, mention” л бий.
М.Болорцэцэг