Монгол Улсын хүн амын талаас илүү хувийг залуу, идэр насныхан эзэлдэг. Эх орныхоо ирээдүйг ид үүрч яваа ийм шижигнэсэн үеийнхэн маань бидний бахархал. Тэдний дунд салбар салбартаа манлайлагч, тэргүүлэгч залуус бий. Бид ийм нэгэн бахархалт залууг зочноор урилаа. Түүнийг Мягмарсүрэнгийн Тэмүүлэн гэдэг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх, үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч. “Хийсэн бүтээсэн зүйлгүй шахуу байж юу ярих билээ” хэмээн даруухан загнах тэрбээр нэлээд үг цөөтэй, заримдаа бүр амаа “татуулан байж” хэдэн үг дуугарах юм билээ. Намуухан дуутай, үе үе нуг нуг инээх энэ залуу гурван хүүхэдтэй айлын өрхийн тэргүүн, өвчтөнүүдийн хувьд бол “Хөөрхөн ааштай эмч хүү”. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Эмч аав, ээжийн хүүхэд энэ мэргэжлийг гарцаагүй сонгохоос өөр замгүй байсан уу, эсвэл өөрөө хүсэж, дурласан уу?
-Эмч болсон нь аав, ээжийн нөлөө гэхээс илүүтэй өөрийн сонголт байсан. Анагаахын дээд сургуулийг 2006 онд төгсөөд, хоёр жил дадлагажигч эмчээр ажилласан. Тэр цагаас эхлэн үе солих мэс засалтай холбогдсон.
-Анагаахын сургууль сонгох нь эрсдэлтэй алхам гэх нь бий. Хүнд хэцүүгийн хажуугаар айж, шантардаг учраас сургуулиа дундаас нь орхих тохиолдол цөөнгүй гардгаас үүдэлтэй яриа байх л даа.
-Бусад салбарыг бодвол анагаах ухааны салбар харьцангуй хүнд л дээ. Тэр утгаараа байнга л уншиж, хичээх хэрэгтэй. Манай сургуулийн номын сан байнга ачаалалтай байдаг. Өглөө, өдөр, орой гэлтгүй сул суудалгүй л өнждөг. Энэ бол оюутнуудын ачаалал, хичээл зүтгэлийг харуулах нэг жишээ байх.
-Цогцост задлан хийхдээ гар нь чичирч, хамаг бие нь салгалж байсан тухайгаа зарим эмч хуучилдаг. Таны хувьд “задлангийн” хэмээх тодотголтой тэр хичээлийг хэр хүлээж авсан бэ. Айж байсан уу?
-Айснаа санахгүй юм. Манай ангийнхан бүгд зүгээр л байсан даа. Жаахан эвгүй санагдах явдал байлгүй яах вэ. Тэрийг айдас гэж болохгүй байх.
-Тэгвэл анх хийсэн мэс заслынхаа талаар ямар сэтгэгдэл, дурсамжтай үлдсэн бэ. Мэс заслын багаж барьсан анхны сэтгэгдэл ямар байв?
-2009 онд дадлагажигч эмчээр ажиллаж байхдаа хамгийн анх мухар олгойн хагалгаа хийсэн. Нэлээд сандарсан даа. Ер нь анхныхаа хагалгаанд сандрахгүй эмч бараг байхгүй биз.
-Тэгвэл тэр цагаас хойш таван жил өнгөрчээ. Өдийг хүртэл илүү туршлагатай болсон байгаа. Гэхдээ мэдрэмжийн хувьд өөрчлөгдсөн үү. Ер нь хагалгаа хийж байхад юу мэдэрдэг бол?
-Эмч болж байсан үеэ одоогийнхтой харьцуулаад үзэхэд илүү мэргэжлийнх болсон байх. Ер нь хагалгаа бүрийн өмнө мартсан санасан зүйл юу билээ гэхчилэн бэлтгэл ажлаа байнга боддог. Сувилагчийн талаас хийх бэлтгэлд хүртэл заримдаа санаа зовж, бодох үе бий.
-Кинонд гардгаар бол мэс засал хийж байгаа эмч нар хоорондоо яриад л, заримдаа бүр хэрэлдээд ч байх шиг. Бодит амьдралд ер нь хагалгааны үед ам зөрөх, маргалдах тохиолдол гардаг болов уу?
-Ерөнхийдөө кинонд гардаг шиг явц тиймэрхүү л дээ. Гэхдээ хүний анхаарал татах үүднээсээ кинонд илүү зүйл их шүү дээ. Дэндүү ургуулсан гэх үү дээ.
-Мэс засал ахална гэж айхтар том хариуцлага. Ахлахаар ажиллах ба багийн эмчийн үүрэг гүйцэтгэхийн ялгаа нь юу байдаг вэ?
-Ахлах эмч бүх шийдвэрийг гаргана. Тэр хүний үйлдэл, шийдвэрийг бусад нь дагах журамтай. Тухайн хүний амьтай холбоотой шийдвэр гаргах нь асар их хариуцлага л даа. Гэхдээ хагалгаа ахалж байгаа эмч гээд дан ганцаар шийдвэрлэхгүй, бусадтайгаа ярьж зөвлөх нь бий.
-Мэс заслын эмч шийдвэр гаргах чадвар өндөр байдаг. Тэгвэл Тэмүүлэн амьдралд хэр шийдэмгий бол?
-Шийдэмгий талдаа шүү.
-Ер нь гаргасан шийдвэр үүд тань байнга онодог уу?
-Дандаа зөв шийдвэр гаргахгүй л дээ, алдаа, оноотой л байдаг. Гэхдээ жил ирэх тусам зөв шийдвэр гаргах чадвар суугаад, сайжраад л яваа.
-Гэр бүлийн хүн тань эмч гэсэн. Нэг мэргэжлийнхэн амар ойлголцдог болов уу?
-Мэргэжил нэгтэй байхын давуу тал нь бие биенээ илүү ойлгох явдал юм болов уу. Манай хүн одоогоор хүүхдүүдээ хараад гэртээ байна. Манайх гурван хүүхэдтэй. Одоогоор бүгд л жаахан байна.
-Цагдаа, эмч нарыг хүмүүс муулдаг. Тэгсэн хэрнээ тэдэнгүй бол үнэндээ амьдрал юу болох билээ. Хамгийн муу нэртэй, тэгээд нийгмийн асуудал нь ард хаягдсан хүмүүс бол эмнэлэг, хүчний байгууллагынхан байдаг. Нэмэлт орлого байхгүй. Тийм боломж байсан ч хүмүүсийн хараанаас айгаад илүү хөдөлгөөн хийж чаддаггүй. Ийм олон зүйл нуршсан учир нь, өнөөдөр тодорхой хэмжээнд танигдсан эмчийн хувьд таны цалин хэд вэ. Гурван хүүхэдтэй залуу аав тэр мөнгийг амьдрал ахуйдаа яаж хүргэж байна вэ?
-Цалин маань 700 гаруй мянган төгрөг байгаа. Ер нь ийм хэмжээний мөнгө одоо үед хаанаа ч хүрэхгүй л дээ. Тэглээ гээд яах билээ.
-Яавал эмчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх вэ, энэ талаарх таны бодол?
-Энэ салбарыг, тэнд ажилладаг хүмүүсийн нийгмийн хангамжийг яаж сайжруулах вэ гэвэл миний бодлоор барууны хөгжилтэй орнуудын зөв туршлагыг хэрэгжүүлж, системээр нь өөрчлөх хэрэгтэй. Эс бөгөөс яагаад ч нэмэргүй л дээ. Зарим нэг улсад туйлын зорилгоо эмч болохоор тодорхойлсон хүн байдаг. Ердөө тэр л зорилго нь биелбэл амьдралын баталгаагаа олно гэсэн үг. Эмчийн нийгмийн хангамж, цалин тийм л өндөр байгаа учраас тэр. Харин манайд бол баяжих сэтгэлээр анагаахын сургуулийг сонгодог хүн бараг байхг үй дээ. Голдуу л хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгддөг байх. Эрүүл мэндийн салбар их эмзэг шүү дээ. Нэг эмч, сувилагчийн эвгүй харилцаа, алдаанаас болоод бусад нь адилхан буруутдаг. Ер нь эмч, сувилагчийг хэн нэгэн хөн өөчих өд бараг өөрсдийн буруугаас болсон гэж үзэх уур амьсгал нийгэмд бий болжээ. Эмнэлгүүд болон эмч, ажилтнуудыг нь муулаад байхаар хүмүүсийн итгэл алдарч, хялайх болсон байна.
-Хамгийн муу нэртэй хэрнээ бас хамгийн сайн нэртэй хүн бол гарцаагүй эмч байдаг. Тэд сайхан хүндлэл хүлээдэг, насны хязгааргүй бүгд л эмчийг гуайлж харилцдаг шүү дээ.
-Үнэхээр эмч нарыг хүмүүс их хүндэлдэг нь сайхан санагддаг шүү. Настай хүмүүс хүртэл “Эмч ээ, Та” гэдэг юм.
-Барууны системд эмнэлгийн үйлчилгээний менежмент гэж бий. Манайд хамгийн их хоцрогдсон асуудал бол энэ. Эмнэлэг бол үйлчилгээний газар. Тэр дундаа өвдөж, шаналсан, сэтгэл санаа нь тавгүйрхсэн хүмүүстэй харилцдаг. Тэгэхээр угтах, үдэхээсээ эхлээд менежмент хамгийн чухал.
-Энэ тал дээр манай эмнэлэг ажил хийгээд л байгаа. Гэхдээ төдийлэн хүмүүсийн сэтгэлд нийцэхгүй, хүрэхгүй байх шиг. Яваандаа сайжирна л даа. Түрүүн хэлээд байсан энэ салбарыг системээр нь өөрчлөх хэрэгтэй. Америк, БНСУ зэрэг оронд сургалт нь хүртэл шатлалтай байдаг. Жишээ нь, сувилагчдыг үүрэгт ажлынх нь дагуу мэргэшүүлдэг. Даралт үздэг, боолт хийдэг, бүртгэлийнх гээд тэд нэг л зүйлээ хийдэг. Харин манайд бол сувилагч бүхнийг хийдэг. Тэгэхээс өөр арга алга. Манай өрхийн эмнэлгүүд баахан төслийн бичиг цаастай зууралдаад л дуусаж байна. Хүн үзэхээс илүүтэйгээр бичиг цаасны ажилд даруулдаг. Эмч уг нь тийм юмтай зууралдах ёсгүй л дээ.
-Энэ хугацаанд санааг тань хамгийн их зовоосон хагалгаа юу байсан бэ?
-Гэмтлийн эмнэлэгт Францын эмч нартай хамтран үений хагалгаа хийж эхэлж байсан үе л дээ. Нэг настай эмэгтэй хиймэл үенээсээ халдвар авч, тэрнээсээ болж 10 гаруй удаа жижиг хагалгаанд орсон байсан. Тэр хүнд манай эмнэлэг хагалгаа хийсэн. Одоо эрүүл саруул явж байгаа. Энд гэлтгүй, гадаадад үений хагалгаанд ороод, хүндэрч манайд хандсан тохиолдол бий.
-Би мэргэжлээ маш зөв сонгожээ гэж бахархах үе гарч байв уу?
-Хагалгааны дараа сэтгэл уужраад сайхан байдаг. Гэхдээ л өөрөөрөө бахархах сэтгэл төрж байснаа санахгүй байна. Ер нь хагалгааны өмнө санаа үргэлж зовнидог. Юу гэмээр юм бэ, жаахан “нээрэвтдэг”. Хагалгаагаа дуусгаад, тухайн өвчтөний биеийн байдал тогтворжтол санаа зовно оо.
-Нийгмийн идэвх, манлайлал гэхчилэн залуучуудын ухамсар, зорилго нэлээд өөрчлөгдөх хандлага бий болжээ. Үүний хажуугаар ямар ч зорилгогүй нэгэн ч байна. Иргэн хүний хувьд юу бодож, бас юу хүсэж, зорьж байна вэ?
-Ер нь бол бүгдээрээ л эх орноо хөгжүүлсэн нь дээр л дээ. Мэргэжлийн хувьд гэвэл хоорондоо өрсөлдөх бус, гаднынхантай эн зэрэгцэхийн төлөө л явах хэрэгтэй. Мэдлэг, чадвартай залуу боловсон хүчнүүдийг гадагш нь алдахгүй баймаар санагддаг. Тэгээд чадах зүйлээ дор бүрнээ хийгээд явахад болмоор. Санаа зовоодог зүйл гэвэл ядуурал, өнчин хүүхдүүд, гэр бүлийн салалтын асуудал байна. Төлөвлөөгүй байж амьдрал зохиогоод, хүүхдээ өнчрүүлээд орхидог хүмүүсийг ойлгодоггүй. Өөр нэг зүйл гэвэл архины тухай хатуу хуультай болмоор юм. Томчуудын мөнгөний холбоо энэ тэр асуудал байгаа учраас болохгүй байх шиг. Уг нь тамхины хууль гарснаас хойш нэлээд хумигдлаа шүү дээ. Бас нэг асуудал, манайхан бие биенээ дэмжих тал дээр үнэхээр муу, бүр дургүй гэж болно. Болж өгвөл доош нь татах юм. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээ дэмжмээр санагддаг. Уг нь нэгнийгээ дэмжээд, өөдлөөд явбал монгол түмэн генийн хувьд илүү чадвартай нь олон жишээнээс харагддаг. Гурван сая хүрэхгүй бидний дундаас дэлхийн хэмжээний мундаг амжилтууд гараад л байна. Том гүрнүүдтэй зарим талаараа зэрэгцээд байгаа биз дээ.
-Ген гэснээс танай удамдорос цус байна уу. Анххараад орос хүн байна гэж бодсон?
-Орос удам байхгүй дээ. Гэхдээ нэлээд дээхнэ үедээ байсан ч юм бил үү, мэдэхгүй.
-Чөлөөт цагийн тухай асуулт илүүц гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ л залуу хүн, гурван хүүхдийн аав, айл гэрийн тэргүүний хувьд цаг заваа хэрхэн зохицуулж байна вэ?
-Ерөнхийдөө завгүй, ажилтай л өнгөрдөг. Гэхдээ яаж ийж байгаад зав гаргаад хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж, бас өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Нэг хэсэг бялдаржуулах спортоор хичээллэдэг байсан. Одоо тийм зав байхгүй учраас орхисон доо.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ