- Манай улсад жилд дунджаар зүрхний гажигтай 500-600 хүүхэд төрж байна -
Ганцхан жилд зүрхний төрөлхийн гажигтай 200-300 хүүхэд хагалгаа хийлгэхээр харь орныг зорьж буй гэсэн харамсалтай мэдээ бий. Яагаад гэвэл манай эмч нар ийм эмгэгтэй хүүхдүүдэд бие даан хагалгаа хийж чадахгүй байгаад асуудлын гол оршиж байгаа хэрэг. Үүнээс ч олон хүүхэд гаднын улсыг зорих нь байтугай, эх орондоо тусламж, үйлчилгээ авч чадалгүй бурхны оронд залрах байсан байж мэдэх юм. Ийн хэлэх болсон нь АНУ, БНСУ, Японы эмч нарын баг манай улсад 2000 оноос хойш жилд нэгээс хоёр удаа ирж, зүрхний хавсарсан, хүнд хэлбэрийн гажигтай хүүхд үүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, бяцхан иргэдэд маань амьдрал бэлэглэж буй. Гэхдээ бид хэдий болтол гаднын эмч нарыг царайчлах билээ. Түүнээс гадна манай орны эдийн засаг өсөж буйтай холбоотойгоор япон, америк, солонгос эмч нар манай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж өгдгөө болих гэж байгаа гэсэн сураг дуулдав. Тэгэхээр бид зүрхний гажигтай хүүхдүүдээ яах вэ гэсэн маш том асуудал гарч ирнэ. Харин манай эмч нарын хамгийн ойрын төсөөллөөр таван жилийн дараа л зүрхний эмгэгтэй хүүхдүүдээ эмчлэх боломжтой болно гэж үзэж байгаа.
Одоогоос 40 жилийн өмнө П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт Зүрхний мэс заслын тасаг байгуулж, төрөл бүрийн эмгэгтэй хүүхдүүдийг асарч тойлж ирсэн. Тэд өнөөдрийн байдлаар зүрхний мэс заслын, унтуулгын, зүрх, уушги орлох аппаратны эмч, хагалгааны сувилагч нийлсэн 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголын зүрхний мэс заслын салбарын хүнд ачааг нуруундаа үүрч яваа. Өөрөөр хэлбэл, зүрхний төрөл бүрийн гажгийн мэс засал, эмчилгээг дагнан хийдэг ганцхан байгууллага нь эднийх юм. Аль ч улс орны жишгээр зүрхний төрөлхийн янз бүрийн эмгэг, гажгийг зөвхөн мэс заслын аргаар эмчилдэг. Амьсгалын замын үрэвсэл, уушгины хатгалгаа шиг эм уугаад эдгэдэг өвчин биш учраас тэр. Өдгөө манай эмч нар тосгуур хоорондын таславчны цоорхойг бөглөж, ховдол хоорондын таславчийг нөхөх зэргээр зүрхний хөнгөн хэлбэрийн гажгийг өөрсдөө эмчилж дөнгөж байгаа. Гэхдээ хүнд хэлбэрийн буюу хавсарсан гажигтай хүүхдүүдийг эмчлэх хэмжээнд хараахан хүрээгүй тул 10 гаруй жил гаднын эмч нарын тусламж горилж, хүүхдүүдээ анагааж буй. Тодруулбал, тус эмнэлгийнхэн жилд 200 орчим хүүхдэд мэс засал хийж буйгаас тэн хагас нь зүрхний төрөлхийн гажигтай өвчтөнүүд байдаг аж. Тиймээс Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасаг АНУ-ын эмч нартай 2005 оноос хамтран ажиллаж, өнгөрсөн хугацаанд зүрхний хавсарсан гажигтай нийт 70 хүүхдэд үнэ төлбөргүй, мэсийн бус аргаар 77 өвчтөний гажгийг засаж, 68 хүүхэд оношилсон байна. Тэд манай улсад хэдхэн хоногийн дараа ирж, зүрхний цоорхойтой хүүхдүүдийг мэсийн бус аргаар эмчилнэ.
Америк эмч нар манай улсад арав гаруй жил ирэн очин ажиллахдаа олон улсын стандартын дагуу хийгддэг зүрхний хоёр төрлийн мэс заслын шинэ технологи нэвтрүүлсэн юм билээ. Нэг нь мэсийн бус аргаар буюу мэргэжилтнүүдийн хэлж заншсанаар зоондын аргаар зүрхний цоорхойг бөглөх, нөгөөх нь зүрх, уушги орлох машинаар хөнгөн хэлбэрийн гажгийг нөхөх арга нэвтрүүлсэн нь том дэвшил болжээ. Хамгийн сүүлд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмч нар манайд ирж, хүнд хэлбэрийн хавсарсан гажигтай долоон хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийсэн нь амжилттай болсон юм. Тэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн таван эмч, сувилагчийг “Ёнсей” эмнэлэгт жил гаруйн хугацаанд мэргэшүүлснээр өнөөдөр бид гаднын эмч нарын өмнө нүүр улайхааргүй болоод байгаа нь үнэн. Гэсэн ч дутагдалтай, шийдэхээр асуудал олон буйг эмч нар хэлсэн юм. Манай улсад 100 хүүхэд тутмын нэг нь зүрхний гажигтай төрдөг гэсэн судалгаа бий. Статистикаас харахад 2005 оноос хойш манай улсад жилд дунджаар 50-70 мянга, 2013 он хүртэл 570 мянга орчим хүүхэд төржээ. Тэгэхээр сүүлийн есөн жилд Монголд зүрхний гажигтай 5700 орчим хүүхэд оношлогдсон байх учиртай. Үүний 1400 гаруй нь ЭХЭМҮТийн эмч нарын хяналтад, цөөн хэд нь гадаадад, үлдсэнийг нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар асарч байна. Тус эмнэлэгт зүрхний катетрийн хоёр лаборатори байдгийн нэгийг нь Монголын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар жил гаруйн өмнө байгуулсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэлтэй аж.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд зүрхний төрөлхийн гажгийг эмчлэх арга технологи өндөр хөгжиж буй. Тэр ч утгаараа мэс заслын төлбөр нь бусад хагалгааг бодвол харьцангуй өндөр үнэтэй. АНУ-д л гэхэд нэг үе шаттай хагалгаа 50 мянган ам.доллар, хоёр, гурван дамжлагатай нь 100 мянган ам.доллар хол давдаг. Гэтэл манайхан хэтэрхий баян улс болохоор ийм төрлийн хагалгааг 0-18 насны хүүхдэд үнэ төлбөргүй хийдэг. Мэдээж гаднын эмч нарын буянаар шүү дээ. Тийм болохоор л өнөөдрийг хүртэл зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай хүүхдүүдээ өөрсдөө эмчилж дөнгөхгүй байгаа хэрэг. “Манай эмч нар хоорондоо уялдаа холбоотой ажиллахгүй байна. Тухайн өвчтөнийг хамгийн богино хугацаанд яаж эмчлэхээ мэддэггүй. Манайх шиг гурван сая хүрэхтэй, үгүй хүн амтай улсад стандартын дагуу зүрхний төвлөрсөн нэг төв байхад хангалттай. Тэгтэл ЭХЭМҮТ зүрхний мэс заслын тасаггүй хэрнээ катетрийн лаборатори нээнэ гээд хөөрцөглөж байгаад үнэхээр гайхаж байна. Хүн бүр браво гэх ч дараа нь гарах эрсдэлийг ухаж харахгүй байгаад нь эмзэглэж байна. Одоохондоо тэд мэсийн бус аргаар зүрхний хөнгөн хэлбэрийн гажиг засна гэж байгаа. Гагцхүү яаж вэ. Аль ч оронд зүрхний гажгийг мэсийн бус аргаар эмчлэхэд хүндрэл гардаг. Тиймээс л зүрхний мэс заслын тасгийг хажууд нь байгуулах ёстой. Ямар нэгэн хүндрэл үүслээ гэж бодоход ЭХЭМҮТ-ийнхөн манайх руу өвчтөнөө тэврээд гүйх болж байна уу. Зүрхний өвчтэй хүмүүсийн амь нас минут, секундээр хэмжигддэг. Катетрийн өрөөнөөс мэс заслын тасаг руу өвчтөнийг шилжүүлэхэд л асуудал үүсдэг шүү дээ. 2013 оны гуравдугаар сард Энэтхэг улсад болсон олон улсын томоохон хурлын үеэр манайд ирж ажилладаг нэгэн япон мэргэжилтэн надаас асууж байсан юм.
“Мэс заслын тасаггүйгээр катетрийн лаборатори байгуулах ямар хэрэгтэй юм бэ” гэж. Учир шалтгааныг нь би мэдэхгүй ч эрсдэлийг нь сайн мэднэ. Санаа минь их зовниж байна” гэж Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн их эмч Э.Ариунцацрал ярьсан юм. ЭХЭМҮТ-ийн өргөтгөл буюу Ажиа гэгээний эмнэлэгт байгуулж буй катетрийн лабораторид Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр 2.5 тэрбум төгрөгийн үнэтэй ангиографийн аппарат суурилуулсан юм. Харин мэргэжлийн хүмүүс үүнийг буруу газар суурилуулсанд харамсаж буйгаа нуугаагүй. Энд зөвхөн катетрийн оношилгоо хийхээс эмчилгээ хийнэ гэдэгт итгэхгүй байгаа юм. Гэтэл зүрхний мэс заслыг хөгжүүлэхийн төлөө 40 жил зүтгэж яваа энэ эмнэлэгт эрчим хүч орлуулах цахилгаан үүсгүүр ч алга. Гаднын эмч нартай хийж байсан хагалгааны үеэр нэг бус удаа цахилгаан тасарч хөгөө чиржээ. Эмч нар нь арга ядахдаа зүрхний аппаратыг гараараа эргүүлж байснаа хэлж байсан юм. “Дараа нь гарах эрсдэл, хүндрэлийг тооцоололгүй хөрөнгө оруулснаас их хэмжээний мөнгө, олон хүний амь аврах боломжийг үгүй хийж байна” гэж мэргэжлийн хүмүүс халаглалаа.
Хэдийгээр Монголын зүрхний мэс заслын хөгжлийг 40 жил гэж тодорхойлох ч үнэндээ төгс биш гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгддэг. Ялангуяа зүрхний хавсарсан гажигтай хүүхдүүдийг эмчлэх арга технологи, эмч нарын ур чадвар хангалтгүй байна. Тиймээс ойрын хэдэн жилдээ гаднын эмч нарын тусламж манайд зайлшгүй шаардлагатай. Ямартай ч 2015 он гартал АНУ, БНСУ-ын эмч нар манайд жилд нэгээс хоёр удаа ирж, хагалгаа хийх юм билээ. Гэхдээ тэд нэг удаа ирэхдээ 10, жилд 20 хүүхэд л аврах боломжтой. Тэгтэл манайд жилд 60 гаруй мянган хүүхэд төрж, зүрхний эмгэгтэй 600 гаруй хүүхэд оношлогдож байна. Үлдсэн хүүхдүүдээ яах билээ. Боломжтой нэг нь гадаадад эмчлүүлэх ч хэр олон гэдэг нь бас л эргэлзээтэй. “Гаднынхны тусламж дэмжлэг зогсчихвол өвчтэй хүүхдүүдэд хэрхэн туслахаа мэдэхгүй байна” гэж эмч нар ярьж байсан. Бас болоогүй ээ, гуймтгай мөртлөө голомтгой гэгчээр гаднын эмч нарыг тусалъя, дэмжье гээд ирэхээр нь лицензийн болон хил гаалийн маргаанаас болоод нэлээд асуудал гаргадаг гэнэ.
Эмчлэх эрхийн лиценз олгохын тулд тэднийг түмэн цаасаар “булж”, авчирсан багаж тоног төхөөрөмжийг нь хүртэл хураах нь энүүхэнд аж. Түүнээс нь болоод нэг ч хагалгаа хийлгүй буцсан эмч ч бий гэнэ. Өөрсдөө чадахгүй юм байж ядаж тусалъя гээд ирсэн нэгнээ хөөгөөд явуулчихмааргүй л байх юм. Тиймээс энэ салбарт зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай. Мэргэжилтнүүдээ хэрхэн бэлтгэх, эхний ээлжинд хөнгөн хэлбэрийн гажигтай хүүхдүүдээ эмчлэх, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Даатгалын сангаас өвчтөнүүдийн эмчилгээний өртгийг тооцож, хувь ногдуулах зэргээр эмнэлэгт төсөв хуримтлуулдаг болгомоор байна. Гаднын эмч нарыг хүлээх биш, өөрсдөө бие даан мэс засал хийдэг болоход төрөөс, даатгалын сангаас ч их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай гэж салбарын эмч нар ярина лээ. Учир нь зүрхний цоорхойг нөхдөг шүхэр л гэхэд нэг ширхэг нь 5000 ам.долларын үнэтэй. Эмч нарын хөлс, техник хэрэгсэл гээд маш их хөрөнгө шаарддаг аж. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд олон, цөөн төрлөө гэж дүгнэх өрөөсгөл аж. Ийм гажигтай хүүхдүүдийг хөхрөлттэй, үгүй гэж хуваадаг юм байна. Хөхрөлтгүй хэлбэрийн зүрхний гажигт голдуу цоорхой, хавхлагын нарийслууд, дутуу хаагдал ордог бол хөхрөлттэй өвчтөний нүүр, бие нь хөхөрдөг. Ийм шинж тэмдэгтэй хүүхдүүдийн олонх нь зүрхний хавсарсан гажигтай байдаг аж. Тодруулбал, гол хоёр судас солигдсон, артерийн судас буруу байрласан, түүний хэт нарийсал зэрэг өвчин багтдаг байна.
Манай улсад 2000 онд зүрхний төрөлхийн гажгийг оношилдог өнгөт ЭХО аппарат оруулж ирснээс хойш оношилгоо сайжирч, эрт үед нь илрүүлэх болжээ. Гэвч энэ өвчний шалтгааныг дэлхий дахинаа тогтоож чадахгүй, түүнээс хэрхэн сэргийлэхээ ч мэдэхгүй байгаа нь асуудал үүсгэж буй. Гэхдээ таамаг төдий олон онол байдаг юм билээ. Хамгийн оновчтой нь удмынх, жирэмсний эрт үеийн халдварууд ялангуяа, халдварт улаанууд өвчин, түүний дараа агаар, хөрсний бохирдол, эмийн замбараагүй хэрэглээ, архи, тамхи хэрэглэх нь гажиг үүсгэх эрсдэлтэй гэнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ төрснийх нь дараа сайтар ажиглаад, амьсгаадан, хөхрөх шинж тэмдэг илэрч, шээс нь ховордож, жин нь нэмэгдэхгүй байвал эмчид яаралтай хандаарай. Эрт үед нь илрүүлж, цаг алдалгүй эмчилгээ хийлгэснээр таны хүүхэд эрүүл өсөн торних боломжтой.
О.БАТ-УНДРАХ