Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл санаачлан анх удаа Улаанбаатар хотод “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй тус форумд 17 орны орон нутаг засаг захиргаа, иргэний нийгэм, судлаачдын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцож байна. Тэд авлигын эсрэг шилдэг санаачилгаа солилцохын зэрэгцээ тэдгээрээс Монголд нутагшуулах боломжуудыг авч хэрэгжүүлэх нь форумын гол зорилго. Авлигатай тэмцэнэ гэдэг эр зориг шаардсан амаргүй ажил. Энэхүү ажлыг цаашид үр дүнтэй явуулж, авлигагүй орон болоход томоохон хувь нэмэр оруулах уг форумыг хотын дарга Э.Бат-Үүл ийнхүү санаачлан зохион байгуулж буй нь өргөн ач холбогдолтой төдийгүй цаашлаад Монгол Улсын эрүүл хөгжилд ч томоохон түлхэц болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Зочид төлөөлөгчдөөс нэгэн эрхмийг онцлохыг хүслээ. Тэр бол АНУ-ын Стэнфордын их сургуулийн Фрийманэ Спогли олон уос судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, Ардчилал, хууль эрх зүйн төвийн захирал, Хүүвэр хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Ларри Даймонд юм. Түүний тавьсан “Авилгад хяналт тавих-Институцийн шинэчлэл ба иргэний нийгмийн дайчилгаа” илтгэл нь өнөөгийн Монголын нийгэм дэх авлигын зүй тогтлыг илтгэхүйц байлаа. Түүний илтгэлээс онцлох ишлэлүүдийг уншигчдадаа товчлон хүргэж байна.
• Авлига нь нийгэмд учруулах хор хөнөөлөөрөө хар тамхитай ижил.
• Авлига нь эдийн засгийн боломжийг бууруулж, санхүүгийн хямралыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл.
• Авлигатай засаглалд жирийн иргэд эдлэх ёстой эрхээ мөнгөөр худалдаж авдаг гэсэн үг юм.
• Ардчилалд хамгийн их хор хөнөөл учруулж, саад болдог зүйл бол авлига.
• Авлигаас болж төрийн өндөр албан тушаалд байгаа цөөхөн хүн үлэмж хэмжээгээр баяждаг. Ялангуяа, газрын баялаг ихтэй улсад энэ нь илүүтэй мэдрэгддэг.
• Авлига иргэдэд айдас төрүүлдэг. Засгийн эрхэнд байгаа хэн нэгэн эрх мэдэлтэн албан тушаалаа ашигладаггүй гэсэн итгэл иргэдэд үгүй болдог.
• Төрийн түвшинд хэмжээлшгүй эрхийг хязгаарлах ёстой.
• Авлигачид сонгуулийн үед донор болж, тухайн хүнийг улс төрд гарсны дараа өөрт нь үйлчлэхийг шаарддаг.
• Сонгуулийн хороо хараат бус, бие даасан байх ёстой. Хэрэв нууцаар санхүүжилт авбал тэрийг Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх хэрэгтэй.
• Төвийг сахисан, чадвартай, үр дүнд суурилсан мэргэжлийн төрийн алба байх ёстой.
• Төрийн алба улс төрөөс ямагт ангид байх ёстой.
• Гүйцэтгэл муу байгаа оронд дээр дурдсан бүх зүйлс зөвхөн цаасан дээр “хэрэгждэг”.
• Ялангуяа, цагдаа, тагнуулын байгууллага төвийг сахисан, улс төрөөс ангид байх ёстой. Албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй ямар нэгэн хэрэг гарахад хүчээ нэгтгэж, авлигын эсрэг тогтвортой тэмцэх ёстой.
• Цагдаа, тагнуулын байгууллага улс төрийн хүчнүүдийн өшөө авах хэрэгсэл байж болохгүй.
• Шүүгч, өмгөөлөгч, прокурорууд хууль дээдлэх хэм хэмжээг тогтоох чухал субъект.
• Авлигад банкны салбар заавал холбогддог тул туйлын хараат бус, бие даасан Төвбанктай байх ёстой. Төвбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллага улс төрөөс заавал ангид байх ёстой.
• Авлига бол хөгжилд хүргэх богино зам бус, Ардчиллыг боогдуулагч юм.
Ингээд үзэхээр манай улсад дээр анхааруулж, сануулсан түүний үгс бүгд л өдөр тутмын амьдралд хэвшсэн мэт. Авлигын эсрэг “Нээлттэй Улаанбаатар” форум хоёр өдөр үргэлжилж, ирсэн төлөөлөгчид өөр өөрийн орны туршлагуудыг хуувалцах юм. Тэндээс хэрэгжүүлж болох саналуудыг Монголд нутагшуулах ажлыг цаашид зохион байгуулах юм. Хотын дарга Э.Бат-Үүлийн гол зорилго нь зүгээр нэг форум зохион байгуулаад дуусах бус, Авлигын эсрэг олон улсын байгууллагын төв юм уу салбар байгуулах саналтай байгаа. Түүний энэ санал биелээ олж, авлигагүй орон болохын эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Р.Оюунцэцэг