Монгол орон байгалийн асар их баялагтай. Ой хөвчдөө ан амьтны нөөцтэй хөрсөн дороо эрдсээр баян орныг өвөг дээдэс минь бидэнд ариун дагшнаар нь үлдээсэн. Харамсалтай нь өнөө цагт амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, хэдэн халтар төгрөгийн төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахаа байсан шуналтнууд байгаль, ан амьтнаа сүйтгэж, харийнханд хямд үнээр өгч байна. Үүний гороор байгалийн тэнцэл алдагдаж, ургамал, амьтан мөхөлд хүрэв. Манайд дэлхийн зах зээлд өндөр үнэ хүрдэг, нэн ховордод буй 130 гаруй овгийн 660 гаруй төрлийн 300 орчим төрлийн эмийн ургамал ургадгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон. Дэлхийн зах зээлд байгалийн ургамлаар бэлтгэсэн эмийн түүхий эд өндөр үнэтэй учраас ил, далд хэлбэрээр хил давуулж байна. Зах зээлд өртөж, арилжаа наймааны золиос болж, хомсдож болзошгүй 102 зүйлийн ургамлын жагсаалтыг судлаачид гаргаснаас чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамлыг Монгол орны ховор ургамлын жагсаалтад оруулсан байна. Тэдний нэг дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk) гэх ургамлыг манайхан түүж, түүхийг нь ч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зөвшөөрчээ.
Энэ ургамал ямар ач холбогдолтой, хэрхэн хэрэглэдэг талаар эмзүйч, ургамал судлаачид “Дэрэвгэр жиргэр үүг хүн орхоодойтой дүйцэх үйц ач холбогдолтой гэж үздэг. Олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхт бодис агуулдаг болохыг энэ ургамалд судалгаа хийсэн гадаадын судлаачид тогтоосон. Өнөөдөр манай эмийн үйлдвэр үүдэд үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашиглаж байгаа. Ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүүг хилээр гаргахыг бүрмөсөн хориглосон юм шиг байна лээ. Энэ монголчууд бидэнд л ашигтай. Судалгаа шинжилгээ хийх, тарималжуулах боломж нээж өгч байгаа гэсэн үг” гэлээ. БОНХЯ-наас энэ жил эмийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, тарималжуулах зориулалтаар 75 тн дэрэвгэр жиргэрүү түүх зөвшөөрөл олгожээ. 2012-2013 онд нэг ч аж ахуйн нэгжид уг ургамлын үндсийг түүх зөвшөөрөл олгоогүй бөгөөд нэгэн эмэгтэй хоёр жил хөөцөлдөж, ургац, тархалтыг нь судлаад түүж болохуйц хэмжээнд очсон учраас зөвшөөрөл өгөөч гэж хүссэний дагуу С.Оюун сайдын гарын үсэгтэй, Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгаас түүх зөвшөөрөл олгосон юм байна.Уг ургамал нь газар тариалангийн бүсэд түлхүү ургадаг аж.
ТҮҮХ АРГЫГ НЬ ХЯТАД ЭР ЗААЖ ӨГЧ БАЙНА
БОНХЯ-наас түүх л зөвшөөрөл олгосон болохоос хилээр гаргахыг хориглосон хэвээр байгаа. Гэсэн хэдий ч өмнөд хөршийн иргэд манайд ирж, иргэдээр түүлгэн авч байна. Хэдийгээр хилээр гаргасан баримт, үйлдэл илрээг үй ч дэрэвгэр жиргэрүүг хил давуулж болзошгүй байгаа юм. Ингэж хардаж буйн шалтгаан нь ДарханУул аймагт хятад иргэн нэг кг-ийг нь 5000 төгрөгөөр худалдаж авч буйтай холбоотой. Бидэнд энэ тухай мэдээлэл ирсний дагуу газар дээрээс нь буюу Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Хушаат, Номгон, Шаамар, Орхон сум Дулаанхаан тосгоноор сурвалжлахаар явсан юм. Эхний очсон газар маань Дархан-Уул аймгийн Дархан сум, “Батальон” гэж нэрлэгддэг хороолол дунд байх хуучин байшин. Батальоны гудамж дунд оршдог “Хаан” банкны салбар тооцооны төвийн хойд талд нэгэн сараалжин төмөр хаалга байна. Дотор нь нэг гэр, Зөвлөлтийн цэргийн анги байрлаж байсан цэргийн зориулалттай барилгатай аж. Хашааны хаалга нээлттэй, айхтар сүрхий дайрдаг нохойг нь хуцуулан дотогш ороход өндөрдүү нуруутай, 30 гаруй насны хятад эр гарч ирэв. Хүрч ирээд нохойгоо хорилоо. Монголоор муухан ярих юм. “Өвс байна айн?” гэсэн нь дэрэвгэр жиргэр үү өгөх гэж байна уу гэж асууж байгаа бололтой.
-Байна, байна. Хэдээр авч байна вэ?
-Таван мянга
-Дээшээгээ хэдээр авах юм бэ?
-Хэдэн кг байна
-100-150 кг
-Бага байна. Хүмүүс 200-300 кг-аар нь түүж ирдэг.
-Авсан өвсөө та нар яаж боловсруулдаг юм бэ. Хилээр гаргадаг юм уу, эсвэл эндээ боловсруулдаг юм уу?
Энд хүрээд мань эрийн мэддэг монгол хэл дуусав бололтой. Орчуулагчтай ярь хэмээн утсанд нь залгалаа.
Орчуулагч эмэгтэйтэй нь ярихад:
-200-300 кг бол 5200-д авч болох байх. Манайх шиг өндөр үнээр авч байгаа газар байхгүй. Бусад газарт дээд тал нь 3500-4200 төгрөгөөр авч байгаа байх шүү. Гэхдээ хэр цэвэрхэн түүсэн, цэвэрлэсэн байдал зэргийг нь харгалзана. Бохир, хаягдал ихтэй байвал тийм үнээр авахгүй. Ер нь өмнө нь түүж байсан уу, ургамлаа таних уу?
-Түүж үзээгүй. Анх удаагаа л түүх гэж байна.
-Анх удаа бол ч тийм ихээр нь түүж барахгүй л байх даа. За юу ч гэсэн түүгээд л үзэхгүй юү. Хэдүүлээ явах юм бэ?
-Нэг микроавтобус хүн л явах санаатай.
-Аан тэгвэл хамт явах хүмүүс дунд чинь өмнө нь түүж байсан хүн бий байлгүй. Мэдэхгүй бол наад хүнээрээ ямар ургамал байдаг, яаж түүдгээ заалгачихгүй юү гэв. Нөгөө хятад нь “Манайхаас Ерөө, Номгон, Хушаат, Шаамар, Орхон суманд микроавтобустай хүмүүс очиж түүж байгаа. Чам шиг чадалтай, бүд үүн, булчинлаг эрчүүд нэг шөнийн дотор 30-40 кг-ийг түүж цэвэрлэж байна гэсэн” гээд намайг дагуулан саарал байшингийнхаа онгорхой хаалгаар орууллаа. Дотор нь нэлээд олон цагаан шуудайтай зүйл хураажээ. Хамгийн захад ам нь онгорхой байгаа тал шуудайнаас ургамлын үндэс гаргаж ирээд “Энэ нөгөө ургамал. Сайн харж аваарай. Ингэж сайн цэвэрлэсэн байх ёстой. Шорооноос нь сайн салга. Дээд иш нь хэрэггүй” гэлээ. Хятад эр ч, орчуулагч эмэгтэй нь ч тэр ямар зорилгоор авч буйгаа хэлсэнгүй, зөвшөөрөлтэй, эсэхээ ч мэдэгдэхийг хүссэнгүй. Магадгүй түүх тусгай зөвш өөрөлгүй, хилээр гаргах зорилгоор нууцаар авч монголчуудын гараар могой бариулж байхыг үгүйсгэхгүй.
ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧИД ШӨНӨ ДӨЛӨӨР АЖИЛЛАЖ БАЙВ
Хятад эрийн хэлсний дагуу гар хөл бологчид нь нэн ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүү түүж байгаа Сэлэнгэ аймгийн зарим сумыг зорьсон юм. Эхний очсон сум бол Дарханд хамгийн ойр орших Хушаат сум. Байгаль орчны байцаагч Лхагвадоржийн хэлснээр тус аймгийн нутгаас зургаан аж ахуйн нэгжид БОНХЯ-наас нэг тонн дэрэвгэр жиргэр үү түүх зөвшөөр өл олгосон гэнэ. Хушаатаас баруун тийш 10 гаруй км-т байх тариан талбай орчмоос тусгай зөвшөөр өлтэй аж ахуйн нэгжийн ажилчид гэр барьж суурьшин, ургамал түүж байгаа аж. Тэнгэр хуйсагнаж бороо, цас холилдон орж байхад тариан талбайн захад буудалласан гэрт очлоо. Тэнгэрийн аяыг харж, ажилд гарсангүй хэмээн тэд унтацгааж байсан юм.
БОНХЯ, Сумын байгаль орчны байцаагчаас тусгай зөвшөөрөл авч, улсын төсөвт багагүй хэмжээний мөнгө тушаасан тэд зөвшөөрөлгүй хүмүүст дургүйцэж байв. Биднийг ч мөн л зөвшөөрөлгүйгээр түүх гэж яваа гэж ойлгосон бололтой. Тэндээс хөдлөөд Номгон, Шаамар, Орхон сумаар очиход зөвшөөрөлтэй түүж байгаа хүмүүс ч байна. Хятадуудын захиалгаар түүж, кг-ийг нь 5000 төгрөгөөр тушаадаг хүмүүс ч явж байгаа. Хятадуудын гар хөл болсон хүмүүс аймгийн хэмжээнд олгосон зөвшөөрлийн хэмжээнээс хэд дахин илүүг түүсэн байх шиг байна. Дархан руу оруулж тушаана гээд явж байсантай нь таарсан гэж малчид, тариаланчид хэлсэн юм. Гэхдээ шөнө, харанхуй болсны дараа гар чийдэн тусгаад тариан талбайн захад хүмүүс тонголзоод байдаг болсон гэнэ. Та нар шөнө болтол хүлээвэл ирэх байх хэмээн Шаамар сумын нэг иргэн бидэнд газарчлан явахдаа хэлсэн юм. Биднийг тариан талбайн захад үлдээгээд энэ хавиас л түүгээд байсан гээд мотоциклоо хөлөглөн буцлаа.
20.00 цаг өнгөрч байхад машины гэрэл гарснаа нэг микроавтобуснаас 10 гаруй хүн буув. Тэд гартаа нэг метр орчим урттай, угольник болон машины нум төмөрний хоёр талд чих гарган гагнасан багаж ашиглан газарт 30-40 см хэртэй гүн шааж, хажуу тийш нь хөшин, ургамлын үндэс гаргаж ирж байлаа. Улмаар газрын хөрснөөс дээш гарсан хэсгийг нь тасдан, үндсийг нь сайтар цэвэрлэн шуудайндаа хийв. Баяраа гэж өөрийгөө танилцуулсан эр “4-5 жил түүж байна. Хятадууд л авдаг юм ш дээ. Манайхнаас арай л өндөр үнээр авдаг. Энэ жил гэхэд 5000 төгрөгөөр авч байгаа. Хятадууд их маяглана аа. Шороо ихтэй байна, сайн цэвэрлээгүй гээд л миалах гээд байдаг юм. Тиймээс шороог нь сайн цэвэрлэх хэрэгтэй. Нэг найз маань өчигдөр 30 кг-ийг түүж өгсөн. Өнөөдөр ирээгүй л байна. 30 кг бол нэг шөнийн л ажил ш дээ. Ургац сайн талбайд орвол 40 кг-ийг ч түүх нь бий. Энэ микротой гурван айл хүнс хоолтойгоо яваа. 150-200 кг-ыг өнөө шөнөдөө түүчих санаатай, чадах нь уу, үгүй юү бүү мэд. Сэлэнгийн хойд талын хэд хэдэн суманд микротой хүмүүс түүж яваа л гэсэн. Хушаатаас хэдэн хүн урьд шөнө Орхон руу явж байгаа сурагтай байсан. Тэд наашаа ирэхийг үгүйсгэхгүй. Ирэхээс нь өмнө түүж амжих юм шүү. Бид Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авна гэж мэдэхгүй ш дээ. Уг нь авдаг л юм гэсэн. Шөнөөр ирээд түүчихдэг болохоор хүн ирж шалгаад байхгүй амар. Өдөр бол сумын Байгаль орчны байцаагч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч ирээд ядаргаа болно. Биеэ зовоож, нойр хоолоо хасан байж олсон хэдэн төгрөгийг маань торгууль нэрээр хамаад авчихаж магадг үй. Тийм болохоор л шөнө орой сууж байна шүү дээ. Уг нь энэ жил овоо л ургаж. Бид хятадуудад өгдөг. Тэд цааш нь яадгийг мэдэхгүй. Бодвол хил давуулж, нутаг руугаа л авч явдаг байлгүй. Байгальд зүгээр ургаж байгаа ургамлын үндсийг мөнгө болгож авахгүй гээд яахав. Нэн ховор ургамал гэж сонсоогүй” гэж ярилаа.
ХЯТАДУУД ТАВАН ТОННЫГ ЦУГЛУУЛСАН МЭДЭЭ БИЙ ГЭВ
БОНХЯ-наас нэн ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэр үүг 75 тн-ыг түүх зөвшөөрөл олгосны дийлэнх хэсгийг Дорнод аймгийн нутагт олгожээ. Харин Сэлэнгэ аймагт зургаан аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон аж. Түүний нэг нь Хушаат сумын нутгаас хэдэн хүн хөлслөн ажиллуулж байгаатай таарсан юм. Тэднийг ахалж яваа Миеэ гэх хүн “Бид БОНХЯ-нд тодорхой хэмжээний мөнгө төлж зөвшөөрөл авсан. Энд ирэхэд Хушаат сумын Байгаль орчны байцаагч нь бас орон нутгийн төсөвт мөнгө хураасан. Хууль журмынхаа л дагуу хурааж байгаа байлгүй. Ингэж арай гэж авсан зөвшөөрлөөрөө эрэвгэр жирэвгэрээ түүж байна. Уг нь албан ёсны нэр нь дэрэвгэр жиргэрүү юм шүү дээ. Иргэд л эрэвгэр жирэвгэр гээд байгаа болохоос. Бидэнтэй зэрэгцээд зөвшөөр өлг үй, хятадуудад тушаадаг микротой хүмүүс энэ хавиар их явж байна. Өчигдөр өглөө (2014.10.02-ны өглөө) гэхэд Дарханы дугаартай микротой дүүрэн хүн энэ хавиар эргэлдэн түүсэн. Биднийг явж очиход бүгд зугтаад явчихаж байгаа юм. Дарханд хятадууд 5000 авч байгаа юм гэсэн. Бид энэ хэдэн хүнээсээ 3300 төгрөгөөр тооцож авч байна. Ямар ч ашиг алга. Гэтэл хятадууд ингэж өндөр үнээр авч байгаа нь ямар нэг зөвшөөрөл байхгүй, нууцаар хил давуулдаг учраас л өндөр үнээр авч монголчуудаар түүлгэж байгаа байх. Зарим хүний хэлж байгаагаар хятадууд Дарханд Сэлэнгэ аймагт өгсөн зөвшөөрлөөс илүү хэмжээгээр буюу таван тн-ыг цуглуулсан гэх мэдээ байна. Хятадуудыг яаж ч чадахгүй атлаа судалгаа шинжилгээний зориулалтаар, тарималжуулахаар зүтгэж байгаа мань мэтээ БОНХЯ-ныхан их зовоох юм. Тус яамнаас бидэнд зөвшөөрөл өгөхдөө дэрэвгэр жиргэр үүгийн үр цуглуул гэсэн үүрэг өгсөн. Хятадуудын гар хөл болж буй хүмүүстэй зэрэгцээд энэ оготно бас дайсан юм аа. Үндсийг нь юу ч үгүй идчихдэг юм байна. Дээр нь өвс нь байгаад байдаг. Доош нь ухахаар үндэс нь гарч ирэхгүй юм” гэлээ.
Монгол орны нэн ховор ургамлын жагсаалтад багтсан, эмчилгээний өндөр ач тустай дэрэвгэр жиргэрүүг хэрхэн түүж, хэн авч байгааг газар дээрээс нь сурвалжлахад ийм байна. Хилээр гаргахыг хориглосон хэмээн бид тайвшран сууж болохгүй нь. Ар хударгаар өмнөд хөршийн ашиг хонжоо хайгчид хил, гаалийнхантай хуйвалдан өөр ургамлаар бүрдүүлэлт хийх, эсвэл хатааж нунтаглаад хэн ч танихааргүй болгоод хил давуулахыг үгүйсгэхгүй. Эсвэл төмрийн хүдэр, жонш, ОХУ-аас реэкспорт хийж гарч буй модон дунд нуун гаргаж болзошгүй юм. Тиймээс хил гаалийн ажилтнуудыг нэн ховорт тооцогддог дэрэвгэр жиргэрүүг таньдаг болгох, хилээр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй болжээ.
• Дорнод аймагт 2008 онд нэг кг энэ ургамлын үндсийг хятадууд 750 төгрөгөөр авч байсан гэнэ.
• 2009 онд эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх дэрэвгэр жиргэрүүний хэмжээ нь Хөвсгөлд 10, Дорнодод 30, Сэлэнгэд 10 тн байхаар тусгаж байжээ.
• Дархан-Уул аймагт 2009 онд нэг кг дэрэвгэр жиргэрүүг 1000 төгрөгөөр авч байжээ.
• УИХ-ын 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэлд баримтлалын 3.5.3-т “Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг экспортод гаргахыг бүрэн хориглох” тухай заажээ. Гэтэл тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх энэхүү заалтыг зөрчин 2010 оны долдугаар сарын 27-нд А-252 дугаартай тушаал гарган, 73 тонн дэрвэгэр жиргэрүү экспортлох зөвшөөрөл өгч байв.
• 2012-2013 онд дэрэвгэр жиргэрүүгийн үндэс түүх нэг ч зөвшөөрөл олгоогүй. Гэвч хууль бусаар түүж байсан 10 гаруй тохиолдлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан илрүүлсэн ч прокурорын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ.
Г.ЦОЛМОН